Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 253

 

 Г.Э, Б.М  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа,  шүүгдэгч Б.М , шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Отгондорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлалтай, Г.Э, Б.М нарт холбогдох 1738000230005 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Э, Б.М, тэдний өмгөөлөгч Л.Отгондорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Х овогт Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Б, М.М нарын амь насыг хохироосон” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд шилжүүлж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан заалтыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Б, М.М нарын амь насыг хохироосон” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Тээврийн прокуророос шүүгдэгч Б.М ыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э, Б.М  нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Э  гаргасан гомдолдоо “...Миний зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Өмгөөлөгч Л.Отгондоржийн гаргасан гомдолтой танилцаж, уг гомдлыг дэмжиж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М  гаргасан гомдолдоо “...Миний зүгээс магадлалыг үл зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Өмгөөлөгч Л.Отгондоржийн хяналтын журмаар гаргасан тухайн гомдолтой бүрэн танилцсан, уг гомдлыг дэмжиж байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Отгондорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг үл зөвшөөрч хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б.М-ы тээврийг хэрэгслийг Г.Э-д шилжүүлсэн үйлдэл, амь хохирогч нарын үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоо буюу гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр магадлал гаргасан. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Э-н үйлдсэн гэмт хэргийн тухайд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон байхад гэм буруугаа хүлээсэн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэсэн нь түүний гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохироогүй,

2. Шүүгдэгч Б.М  нь “хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд шилжүүлсний улмаас хоёр хүний амь нас хохирсон байхад түүнд холбогдох хэргийг жолоо шилжүүлсэн үйлдэл амь хохирогч нарын үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоо буюу гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзээд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд хуулийн зүйл хэсэг заалтыг буруу хэрэглэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, тус хуулийн заалтаас үзэхэд гэмт хэргийн улмаас хоёр болон түүнээс хүний амь нас хохирсон нөхцөлд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн болон хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь хуульд нийцэж байна.

Анхан шатны шүүхийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх хувийн байдлыг тогтоогоогүй байна. Түүнчлэн шүүгдэгч Г.Э-д ял оногдуулахад өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлахыг санал болгоход прокурорын зүгээс хүлээн зөвшөөрсөн атлаа давж заалдах шатны шүүхэд өөр тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс “Г.Э  нь ...2 хүний амь нас хохироосон байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэсэн нь... шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй...” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.М д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэсэн нь Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй...” гэж тодорхой заасан буюу тухай гэмт үйлдлийн объектив талын үйлдлийг тодорхойлсон. Гэтэл прокурорын зүгээс яллах дүгнэлтээ үйлдэхээсээ эхлэн хуулийн үг хэллэг, агуулгыг мушгиж “Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас” хэмээн өргөжүүлэн тайлбарласаар байна.

Үүнийг давж заалдах шатны шүүхийн зүгээс мөн өргөжүүлэн тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “...захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас...” гэж заасан бол 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тус тус ялгаатай байдлаар тодорхойлсноос харахад “акт зөрчих” болон “актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн хоёр үйлдэл тус тусдаа ойлголт болох нь харагдаж байхад давж заалдах шатны шүүхээс уг ялгааг гаргалгүй шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.” гэж заасны дагуу дээрх хоёр ойлголтыг бид захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг ашиглах боломжтой байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2004 оны Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ” гэж зааж, нийт 10 үүргийг хүлээлгэсэн. Гэтэл уг үүрэгт “Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх” гэдэг үүрэг байдаггүй болно. Уг үйлдэл буюу жолоо шилжүүлсэн үйлдэл нь Захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл бус тухайн актыг зөрчсөн үйлдэл байна. Хуулийн аливаа зохицуулалт хоёрдмол салаа утгагүй, нэг мөр, шууд утгаар ойлгогдохоор бичигддэг. Гэтэл тус хууль дээр хоёр өөр агуулгаар тодорхойлсон үйлдлийг нэг үйлдэл болгон эс үйлдэхүй болон идэвхтэй үйлдэл хоёрыг ялгалгүй тайлбарласан нь буруу байна.

Анхан шатны шүүхээс Б.М-ы жолоо шилжүүлсэн үйлдэл нь хоёр хүний амь нас хохирсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон нийгэмд аюултай хор уршиг хооронд тогтсон объектив, дотоод, зайлшгүй харилцан хамаарлыг гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг. Үйлдэл болон хор уршиг хоорондоо цаг хугацааны хувьд дараалсан шинжтэй байх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Гэвч Г.Э  нь жолоо шилжүүлэн авснаас хойш 100 гаруй км замыг ямар нэгэн осол авааргүйгээр 2 цагийн хугацаанд туулсан бөгөөд гагцхүү тухайн осол болох үед зам дээр нохой гарч ирсэн хэмээн тайлбарладаг. Дээрхээс харахад Б.М-ы жолоо шилжүүлсэн үйлдэл нь тухайн осол гарахад шууд нөлөөлсөн үйлдэл гэж үзэхээргүй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд …тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хохирол учирсан бол нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тодорхой заасан байжээ. Гэвч тус гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш болж, зөрчлийн хэрэг болж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг ажээ. Гэвч давж заалдах шатны шүүхээс захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг мөн гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн зүгээс шүүгдэгч Г.Э, Б.М  нарыг адилхан үндэслэлээр буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр өөр, өөр зүйл ангиар яллах боломжтой байхаар шийдвэрлэжээ. Захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг шүүгдэгч нар адилхан зөрчсөн байхад ялгаатай зүйл ангиар шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, ялангуяа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчих гэмт хэргийн хувьд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлд заасан зүйл ангиар зүйлчлэгдэх учиртай. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа тус хуулийн 10.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах нь үндэслэлтэй гэж буруутгаж байгаа нь хууль ёсны зарчимтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Б.М-ыг шүүхийн зүгээс “захиргааны ...акт зөрчсөн үндэслэлээр хүний амь нас хохироосон үйлдэл” гэж үзсэн атлаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 заалтыг зөрчсөн гэх Замын цагдаагийн газрын ослын акт гараагүй болно. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйл, 27.4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бөгөөд тусгай мэргэжлийн байгууллагаар шинжээч томилоогүй буюу гэмт хэрэг хийсэн нь нотлогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлийн дагуу Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э, Б.М, тэдний өмгөөлөгч Л.Отгондорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Г.Э, Б.М  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Э  нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өглөө 07 цаг 30 минутын үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Д с” гэх газарт “Т” загварын 67-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.Б, М.М нарын амь насыг хохироосон нөхцөл байдал хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Шүүх Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял оногдуулсан байна.

Харин шүүгдэгч Б.М-ыг осол гарахаас өмнө өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд шилжүүлж Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасныг зөрчсөний улмаас зорчигч Ц.Б, М.М нарын амь нас хохирсон нь “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл Б.М-ы Г.Э д тээврийн хэрэгслийг шилжүүлсэн үйлдэл нь Ц.Б, М.М нарын үхэлтэй шууд шалтгаант холбоо буюу гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.М-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.

Харин давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх нь Г.Э гийн үйлдлийн улмаас хоёр хүний амь нас хохирсон байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ялыг хөнгөрүүлэх заалт хэрэглэсэн нь буруу, мөн Б.М-ы үйлдэл нь хоёр хүний амь нас хохирсонтой шууд шалтгаант холбоотой тул Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ... хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж...” болохоор заасан бөгөөд Г.Э-н үйлдсэн гэмт хэрэгт энэхүү зүйлийн тохирох хэсгийг хэрэглэхийг хориглоогүй, харин зөвшөөрсөн хэм хэмжээг хууль тогтоогч хуульчилсан байх тул анхан шатны шүүх хуулиар зөвшөөрөгдсөн хэм хэмжээг хэрэглэсэн нь эрх хэмжээг хэтрүүлсэн, урвуулсан шинжгүй, улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь үйлдэл болон эс үйлдэхүйн аль ч шинжээр илэрч болох бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчлан тогтоожээ.

Прокурор болон давж заалдах шатны шүүх энэхүү шинжүүд буюу уг гэмт хэргийн объектив талыг ерөнхийлөн дүгнэж хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Б.М  бусдад жолоогоо шилжүүлсэн үйлдэл нь захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж дүгнэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн эс үйлдэхүйн ойлголттой тохирохгүй, энэхүү шинжийг хангахгүй байна.

Мөн шалтгаант холбооны онолын хувьд энэхүү хэрэг дээр дүгнэлт хийхэд “жолоогоо шилжүүлсэн нь уг ослыг зайлшгүй гарах нөхцлийг бүрдүүлсэн байх”, “уг осол жолоогоо шилжүүлээгүй тохиолдолд гарахгүй байх” гэсэн харилцан хамаарал бүхий шууд холбоог шаардах бөгөөд Б.М жолоогоо Г.Э-д шилжүүлээгүй тохиолдолд осол гарахгүй байсан гэж үзэх үндэслэлтэй нөхцөл байдал энэ хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй тул Б.М-ы үйлдлийг гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.  

Давж заалдах шатны шүүхийн магадлалын шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэл дээрх байдлаар няцаагдаж байх тул магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Э, Б.М, тэдний өмгөөлөгч Л.Отгондорж нарын “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Э, Б.М, тэдний өмгөөлөгч Л.Отгондорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН