Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0778

 

2017 оны 11 сарын 08 өдөр

 Дугаар 221/МА2017/0778 

Улаанбаатар хот

    Н.П-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Н.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Ж.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0644 дүгээр шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.П-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0644 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П-ын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/39 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын өмнө эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бүртгэлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалын хавсралтын Н.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.П-ыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх буюу ажилгүй байсан хугацааны 12 922 751 /Арван хоёр сая есөн зуун хорин хоёр мянга долоон зуун тавин нэг/ төгрөгийн цалин хөлсийг нэхэмжлэгч Н.П-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “ … Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлээр агентлагийг өөрчлөн байгуулах. татан буулгахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсан. Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоол гарч үүний дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар байгуулагдсан.

Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог нь 7-оос доошгүй байх чиглэл баримтлахыг үүрэг болгосон.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаалаар тус байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн чиг үүргийг баталсан.

Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын Хяналтын хэлтэс болон Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсүүд нэгдэн газрын зохион байгуулалтад орж, нэгжийн чиг үүрэг өөрчлөгдөн өргөжиж өмнө байсан 2 хяналтын хэлтсийн даргын албан тушаалын 2 орон тоо хасагдсан.

Н.П нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд уг бүтцийн өөрчлөлтөөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалаар батлагдсан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн 4.7-д Хяналтын асуудал хариуцсан нэгжийн 10 чиг үүргийг тусгаснаас 4 үйл ажиллагаа нь улсын бүртгэлтэй холбоотой, үлдэх 6 чиг үүрэг нь оюуны өмчтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлж: оюуны өмчийн болон улсын бүртгэлийн хяналтын ажлын чиг үүргийг нэгтгэн шинэчлэн тогтоосон.

Уг тушаалын хоёрдугаар хавсралтын 13-д Хяналтын газар газрын дарга 1, эрхэлсэн түшмэл ТЗ-10, Хяналт-шинжилгээ.үнэлгээ, дотоод аудитын газар дарга 1 эрхэлсэн түшмэл ТЗ-10 байхаар баталсан. Хяналтын хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-9 ангилал, зэрэглэлийн албан тушаал бөгөөд 2 хэлтсийн даргын ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй шинээр бий болсон Хяналтын газрын даргын албан тушаал нь ТЗ-10 ангилал зэрэглэлд хамаарна.

Өмнө Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Э, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний, газрын Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.П нарыг ажлаас чөлөөлж, Хяналтын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу нээлттэй зарлан явуулж, сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч, ажлын байранд тавигдах шаардлага хангасан Ч.Э-ийг Хяналтын газрын даргаар томилсон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан. эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах. эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 8 дугаар тогтоолын 15-д “... мөн зүйлийн 27.2.4-д заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1,2-т зааснаар тус тус ойлгоно”; Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тaйлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн хэсэгт заасан “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил. албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тус тус тайлбарласан байна. Гэтэл анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хяналтын газрын даргын ажлын байранд тавигдах үндсэн шаардлага нь боловсролын хувьд хууль зүйн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй туршлагын хувьд Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс салбарт 10 жил, хяналтын улсын байцаагчаар 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасны дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/39 дүгээр тушаалаар Н.Пыг мэргэжил мэргэшлийн дагуу сул байгаа хамгийн боломжтой ажлын байр болох нийслэлийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаар, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Э-ыг Хяналтын газрын хяналтын улсын байцаагчаар тус тус томилж, орон тоо нь хасагдсан төрийн албан хаагчийн эрх ашгийг хангасан.

Байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Н.П-ын мэргэжил, мэргэшлийн дагуу ТЗ-9 ангилал, зэрэглэл бүхий хэлтсийн даргын албан тушаал шинээр бий болоогүй тул хуулийн дагуу Н.П-ын цалин хөлсийг бууруулахгүй хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хөндөхгүйгээр зэрэг дэв, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг дээд хязгаараар тогтоож, ажлын байраар хангасан.

Н.П-ыг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаар томилсон байхад томилгоо хийгээгүй мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Н.П-ыг Хяналтын газрын даргын албан тушаалд томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/39 дүгээр тушаалын хавсралтын Н.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь уг сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч томилогдсон Хяналтын газрын дарга Ч.Э-ийг шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, хэргийг шийдвэрлээгүйн улмаас хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа Ч.Э-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна”, 56.1.6-д “шаардлагатай бол гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0644 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шийдвэрт хэрэглэсэн хуулийн зүйл, заалт болон найруулгын өөрчлөлт оруулав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... Хяналтын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг өргөжиж өөрчлөгдөн нэхэмжлэгч болон Оюуны өмчийн Хяналтын хэлтсийн даргын албан тушаалын орон тоо хасагдсан учраас хоёуланг нь чөлөөлж, ажлын байраар хангаж, Хяналтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан” гэжээ.

Нэхэмжлэгч Н.П-ын ажиллаж байсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын бүтэц өөрчлөгдөж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болсонтой холбоотой Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн болон Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсүүд нэгдэн, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газар болжээ.

Үүнтэй холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн 4.7-д заасан Хяналтын асуудал хариуцсан нэгж буюу Хяналтын газрын чиг үүргээс үзвэл улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үндсэн чиг үүрэг нь хэвээр үлдэж, ажлын байрны зорилтын хүрээнд хийгддэг байсан статистиктай холбоотой чиг үүргүүд хасагдаж, оюуны өмчтэй холбоотой хяналтын чиг үүрэг нэмэгдэж өөрчлөгдсөн байна.

Хяналтын асуудал хариуцсан нэгжийн чиг үүрэг ийнхүү өөрчлөгдсөнийг зөвхөн уг асуудлыг хариуцсан нэгжийн даргын албан тушаалын чиг үүрэгтэй холбож, орон тоо хасагдсан гэж шууд үзэх үндэслэл болохгүй. Учир нь уг нэгжийн чиг үүргийг тухайн нэгжид ажиллаж байгаа албан хаагч нар хэрэгжүүлдэг.

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргын болон шинээр баталсан Хяналтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд улсын бүртгэлийн хяналтын чиг үүрэг хэвээр үлдэж, статистикийн хяналтын чиг үүрэг хасагдаж, оюуны өмчийн хяналтын асуудал нэмэгдсэн гэж агуулгаар нь ойлгох үндэслэлтэй. Гэвч тухайн албан тушаалын улсын бүртгэлийн хяналтын үндсэн чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, нэмэгдсэн оюуны өмчийн нэмэгдсэн чиг үүрэгтэй холбоотой тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн болон бусад шаардлага /туршалагаас бусад/ өөрчлөгдөөгүй байхад “албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан” гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хяналтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод “Төрийн албанд 5-аас дээш жил ажилласан байх” шаардлагыг өөрчилж, “төрийн албанд 14-өөс дээш жил, тухайн байгууллагад 10-аас дээш жил ажилласан байх” шаардлага заасан нь оюуны өмчийн хяналтын чиг үүрэг нэмэгдсэнтэй огт холбоогүйгээс гадна Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар шинээр байгуулагдсан тул тухайн байгуулагад ажилласан жилийн шаардлага хангагдах боломжгүй, нэхэмжлэгч Н.П-ын хувьд 2003 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт мэргэжилтэн, паспортын байцаагч, архивын мэргэжилтэн, Бүртгэлийн хяналтын хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагчаар, нийт улсын бүртгэлийн байгууллагад 13 жил ажилласныг  Хяналтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллах туршлагагүй гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Оюуны өмчийн Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Э-ыг тухайн нэгж буюу Хяналтын газарт мэргэжилтнээр томилсноос үзвэл тухайн нэгжид нэмэгдсэн оюуны өмчтэй холбоотой чиг үүргийг гүйцэтгэхээр байх бөгөөд уг нэгжийн даргаар ажиллах талаар маргаагүй байна.

Давж заалдах гомдолд “... Ч.Э-ийг гуравдагч этгээдээр татаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ...” гэх боловч нэхэмжлэгч нь Ч.Э-ийг томилсон тушаалтай маргаагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-т зааснаар зохицуулагддаг тул Ч.Э-ийг гуравдагч этгээдээр зайлшгүй оролцуулах шаардлагагүй юм.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцүүлж, мөн хуулийн 27.2.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй, өөр албан тушаалд томилсон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангасан нь зөв байх бөгөөд хариуцагч талын дээрх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн нэг болон гурав дахь хэсэгт шийдвэрлэсэн асуудалтай хамааралгүй хуулийн заалт баримталсан, найруулгын хувьд алдаа гаргасныг засах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнээс гадна нэхэмжлэгч Н.П нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заагаагүй асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж хугацаа алдсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байхад уг хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус актын улмаас учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар заасан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7 дахь заалтад нийцэхгүй тул энэ хэсгийн цалинтай тэнцэх олговрыг хасаж шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс тооцож гаргуулахаар шийдвэр өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0644 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Н.П-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Н.Пыг төрийн жинхэнэ албан хаагчийн “төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед үргэлжлүүлэх ажиллуулах” нэмэгдэл баталгааг хангаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын даргын албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгасугай” гэж, хоёр дахь заалтын “2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс” гэснийг “2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс” гэж, мөн заалтын “12,922,751 төгрөгийн цалин хөлсийг” гэснийг “10 877 545 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг” гэж, гурав дахь заалтын “51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1” гэснийг “48 дугаар зүйлийн 48.1” гэж тус тус өөрчлөн,  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ