Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0306/з |
Дугаар | 427 |
Огноо | 2018-11-05 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 427
“Э Ю Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
З.Ц, Б.Х нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Х.Батсүрэн,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, З.Ц нарын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 250021359 дүгээр актыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0382 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0460 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Б.Х хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0382 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Э Ю Э Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, З.Ц нарын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 250021359 дүгээр актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0460 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0382 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Ю Э Д” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, Б.Х нарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х, З.Ц нарын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 250021359 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “Э Ю Э Д” ХХК-ийн захирал Э.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “С с” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, НӨАТ шингэсэн бараа материалыг худалдан авсан талаарх баримт хэрэгт байгаа баримтуудын 80 хувийг эзэлж байхад давж заалдах шатны шүүхээс бараа “материал худалдан аваагүй..татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь прокурорын тогтоолоор дүгнэгдсэн” гэж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй. “С с” ХХК-ийн НӨАТ-ын падаанаар нэхэмжлэгч компанид НӨАТ шингэсэн бараа материал худалдсан болохыг бүрэн нотлох бөгөөд НӨАТ-ын падаан нь харъяа татварын хэлтсээсээ бүртгэлийн дугаараар нь бүртгүүлэн авч, буцаан тайлангаа гаргаж, татвараа төлдөг баримт юм.
4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т зааснаар “С с" ХХК-ийн оролцоогүйгээр тус компанийн НӨАТ-ын падааныг ашиглах, тус компанийн татварын тайланд оруулах боломжгүй. Худалдан авсан бараа материалынхаа үнийг төлсөн баримт, төлсөн үнийг нь хүлээн авсан баримтууд нь үнийн дүнгээрээ яг таарч байхад тэдгээрийн хооронд ямар ч харилцаа үүсээгүй гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна.
5. Давж заалдах шатны шүүхээс “хариуцагчаас “С с” ХХК-ийн захирал бодитой борлуулалт хийгээгүй болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгснийг Прокурорын тогтоолд бичсэн гэх гомдол үндэслэлтэй” гэж хариуцагчийн гомдолд огт дурдаагүй асуудлыг дүгнэсэн, мөн “хий бичилттэй падаан зардаг газрууд их хэмжээний өр үүсгэдэг гэх боловч тэр дотор нь “С с” ХХК ийм замаар өр үүсгэдэг” гэдгийг тогтоосон баримт байхгүй байхад үндэслэлтэй гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
6. Хариуцагч нарын хувьд маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар нэхэмжлэгчийг ямар төрлийн татвар төлөх ёстой гэж үзэж нөхөн татварыг тавьсан нь тодорхойгүй, актад тусгаагүй, шүүх хуралдааны үеэр асууж тодруулахад НӨАТ-ыг нөхөн төлүүлэхээр акт тавьсан гэж тайлбарладаг. Гэтэл эрх зүйн харилцаанд ороогүй гэж үзээд байгаа “С с” ХХК нь нэхэмжлэгч компанийн худалдан авалтад ногдох НӨАТ-ыг төлнө гээд тайлангаа гаргаад хуулийн дагуу уг татварыг төлөх үүрэг нь тус компанид үүссэн, нэхэмжлэгч компанийн хувьд заавал НӨАТ шингэсэн бараа материалыг худалдан авах ёстой гэсэн хуулиар хүлээсэн үүрэг байхгүй, НӨАТ- гүйгээр худалдан авалт хийсэн байлаа гэхэд НӨАТ заавал төлөх үүрэг хүлээх ёстой гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.
7. Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаас үзэхэд бараа материалыг худалдаж авсан бус, борлуулсан этгээд нь НӨАТ-ыг төлөхөөр хуульчилсан байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.
8. Нэхэмжлэгч компанийн захирал болон нягтлан бодогч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд ийм нөхцөл байдал үүссэн, 10 дугаар зүйлийн 10.7-д заасны дагуу хэрэг хаагдсан хэдий ч мөн хуулийн 10.8-д заасны дагуу хохирлын асуудлаар буюу нөхөн татварын асуудлаар маргах эрхийг энэ хуулиар хязгаарлаагүй байхад ийнхүү дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх үндэслэлтэй.
9. Нэхэмжлэгч компани нь НӨАТ шингэсэн бараа материалыг худалдан авч, төлбөрийг нь төлж, тайлангаа гаргасан, НӨАТ шингэсэн бараа материалыг зарсан “С с” ХХК нь тайлангаа гаргаж, төлбөрийг хүлээн авсан гэдгээ нотолсон баримтыг өгсөн, мөн худалдаж авсан бараа материалаараа бүтээн босголтын ажил хийсэн болохоо нотолсон байхад одоо яагаад дахиж НӨАТ төлүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэрэв манай компани НӨАТ-ыг хүлээн зөвшөөрч төлөх юм бол “С с” ХХК НӨАТ төлөхөөр тайлан гаргасан байгаа нь хүчингүй болсон эсэх нь тодорхойгүй, нөгөө талаар нэг барааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсны төлөө бараа материалыг худалдаж авсан болон худалдсан 2 компани хоёулаа НӨАТ төлөх нөхцөл бүрдээд байгааг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
10. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
12. Маргаан бүхий актаар “хий бичилттэй падаан ашиглаж, татвар ногдох орлогыг бууруулсан” гэх үндэслэлээр 18,573,936 төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчээс “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт бодитоор хийсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон” гэж, хариуцагчаас “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийгээгүй болох нь эрүүгийн журмаар тогтоогдсон” гэж тус тус маргажээ.
13. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “Э ю э д” ХХК нь 2012, 2013 онуудад “С с” ХХК-иас бараа материал худалдан аваагүй атлаа нийт 7 ширхэг хий бичилттэй, хууль бус падаанаар нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийсэн нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 250000805 дугаар дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 924 дүгээр тогтоолоор тогтоогдсон, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал болон нягтлан бодогч нараас “татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч”, хохирол нөхөн төлөхөө илэрхийлснээр тэдгээрт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.
14. Шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг хэн нэгнээс бараа, материал худалдаж аваагүй гэж дүгнээгүй, харин “С с” ХХК-иас бараа материал худалдан авахдаа борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу албан татварыг хасч тооцохгүй, энэ үндэслэлээр гаргасан маргаан бүхий акт хуульд нийцсэн тухай давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
15. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан зэрэг санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөнөөр хийгдсэн нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.
16. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь “С с” ХХК-иас бараа материал худалдан авсан гэх боловч “С с” ХХК нь дугаар бүхий 7 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг зориуд хуурамчаар үйлдсэн, үнийн дүн, утгыг өөрчилсөн болохоо хүлээн зөвшөөрсөн байх тул худалдан авалт бодитоор хийгдсэн, санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн “худалдан авалт хийсэн талаар баримтууд хавтаст хэргийн 80 хувийг эзэлж байхад бараа, материал худалдан аваагүй, татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь прокурорын тогтоолоор дүгнэгдсэн гэж нотлох баримтыг буруу үнэлсэн” тухай гомдол үндэслэлгүй.
17. Гэтэл анхан шатны шүүх “худалдагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдсон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, бараа материал худалдсан болон худалдан авагч талууд өөр өөр тайлбар гаргасан, зөрүүтэй буюу бараа материал худалдсан “С с” ХХК-иас борлуулалтыг бодитоор хийгээгүй болох нь Прокурорын тогтоолоор тогтоогдсон байхад уг үйл баримтад ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн, эргэлзээгүй үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.
18. Гомдолд дурьдсан бусад үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах шаардлагад хамааралгүй учир дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
19. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2018/0460 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ