Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 539

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн д*******ж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д*******” ТББ

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: “Г*******” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс хууль зөрчиж “Г*******” ХХКд олгосон ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Бээжин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д*******” ТББ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:  “...Д******* ТББ нь Байгаль орчныг хамгааах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг эрх үүргийн дагуу Монгол орныг байгаль орчныг хамгаалах чиглэлээр 2013 оноос хойш тасралтгүй ажилласан билээ. 

Хэнтий аймгийн Биндэр, Батширээт сумын нутаг, Бурхан халдун уулнаас эх аван урсдаг Онон голын сав газар, ойн сан бүхий газарт Г******* ХХК-д 779 га талбай бүхий ашигт малтмал олборлох MV-******* тоот тусгай зөвшөөрлийг Уул уурхайн яам Ашигт малтмалын газраас 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олгожээ. MV-******* тусгай зөвшөөрлийг олгохдоо Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль зөрчсөн тул тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших “Шургадагийн гол” нэртэй нэртэй 1502,55 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын******* тоот тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн Кадастрын албаны даргын шийдвэрээр иргэн О.Ж*******д анх 2003 онд олгосон бөгөөд улмаар иргэн О.Ж*******ын хүсэлтийн дагуу Геологи уул уурхайн Кадастрын албаны даргын 2003 оны 1262 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын******* тоот тусгай зөвшөөрлийг Ю******* ХХК-д шилжүүлсэн. Геологи уул уурхайн Кадастрын албаны даргын 2008 оны 583 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын******* тоот тусгай зөвшөөрлийг Ю******* ХХК-аас Г******* ХХК-д шилжүүлсэн байна. Г******* ХХК нь Хэнтий аймгийн Батширээт Биндэр сумын нутагт орших Шургадагийн гол нэртэй газрын 1502.55 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын******* тоот тусгай зөвшөөрлийн талбай дээрээ хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн дугаар ХХ тоот Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсныг Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн нөөцөд хүлээн авч бүртгэх тухай 445 дугаар тушаалаар тус дүгнэлтийн дагуу ашигт малтмалын улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн байна. 

Г******* ХХК-ийн захирал Ц.Ц нь Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхайг барьж байгуулах, бүтээгдэхүүн гарах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ гэж заасны дагуу өөрийн талбай дээрх нөхцөл шаардлагуудыг тооцсоны үндсэн дээр гэрээ байгуулах хүсэлт гаргаж Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай тоот гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ашигт малтмалын газрын уул уурхайн судалгааны дарга Ц.Дтэй байгуулсан бөгөөд талууд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ дүгнэсэн тухай акт 2015/09 тоотоор гэрээг дүгнэсэн байна. Улмаар Г******* ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Кадастрын хэлтэст ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байна. Өргөдлийн материалыг хянаж үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 621 дүгээр шийдвэрээр тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1-т “”захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна” гэсэн хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. 

Иймд Д******* ТББ-ын гаргасан Байгаль хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан эрх үүргийн дагуу хууль бусаар олгосон MV-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шнжлэн судалж үнэлээд дарахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс хууль зөрчиж “Г*******” ХХКд олгосон ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг зөрчсөн гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашигт малтмалын тухай” “Ойн тухай” “Усны тухай” “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг зөрчсөн тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 13ны өдрийн 621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.

Хэнтий аймгийн Батширээт Биндэр сумдын нутагт орших Шургадагийн гол нэртэй 1502,55 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын******* тоот тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр иргэн О.Ж*******д анх 2003 онд олгосон ба Иргэн О.Ж*******ын хүсэлтийн дагуу Кадастрын албаны даргын 2003 оны 1262 дугаар шийдвэрээр “Юу энд Би ХХК”-д, мөн Кадастрын албаны даргын 2008 оны 583 дугаар шийдвэрээр******* тоот тусгай зөвшөөрлийг “Юу энд Би” ХХК-иас Г******* ХХК-д шилжүүлсэн байна.

“Г*******” ХХК нь дээрхи ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн 2012 оны 7 дугаар сарын 05ны өдрийн тоот дүгнэлт гаргасныг Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 13ны өдрийн Нөөц хүлээн авч бүртгэх тухай 445 дугаар тушаалаар Ашигт малтмалын улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн байна. 

Түүнчлэн Г******* ХХКийн захирал Ц.Цаас өөрийн компанийн эзэмшлийн талбайд Уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлт гаргасныг үндэслэн 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр № тоот гэрээг Ашигт малтмалын газрын Уул уурхайн судалгааны хэлтсийн дарга Ц.Дтэй байгуулж улмаар 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр талууд дээрхи гэрээг дүгнэн №2015/09 тоот акт үйлджээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 13ны өдрийн 621 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2т заасныг үндэслэн дугаартай өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Батширээт Биндэр сумдын нутагт орших Шургадагийн гол нэртэй 779.32 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24.1д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн  26.3.2т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж заажээ.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл “Г*******” ХХК нь уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байх ба энэ нь зөвхөн тус компанид хуулиар олгогдсон давуу эрх гэж үзэхээр байна. Иймд “Г******* ХХК”-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь хууль  болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахад хавсаргах баримтуудыг жагсаасны дотор 25.1.7д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1д “энэ хуулийн 24.1д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэнэ” гэж тус тус заасан байна. 

“Г******* ХХКомпани нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа 2012 оны 7 дугаар сарын 02ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан.”Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ”-г хавсаргаж өгсөн нь хуулийн дээрхи заалтад нийцсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллагад тухайн үнэлгээг ямар журмаар яаж хийлгэсэн, уг үнэлгээг хийхэд олон нийтийн оролцоог хангасан эсэхийг хянах эрх хуулиар олгогдоогүйн дээр хуульд ерөнхий эсхүл нарийвчилсан үнэлгээ гэж тухайлан заагаагүй байх тул “хуурамч баримт бичгийг үндэслэж шийдвэр гаргасан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй юм.

  Нэхэмжлэгч “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийхэд олон нийтийн оролцоог хангах тухай” Байгаль орчны сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06ны өдрийн тушаалаар батлагдсан журмын дагуу хийх ёстой” гэж тодорхойлон маргаж байх боловч уг журмыг батлагдахаас өмнө буюу 2012 онд “Г*******” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэлийн шаардлагын бусад үндэслэл болох “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг зөрчсөн гэх тухайд, “Г*******” ХХКийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай байсан боловч уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ойн сан бүхий газарт тодорхой нөхцөлтэйгээр тусгай зөвшөөрөл олгохоор зохицуулсан байна. 

Тухайлбал, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”ийн 2 дугаар зүйлийн 2.1д “Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь...ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд...Үйн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30ны өдрийн 120 дугаар тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”ын 1 дүгээр хавсралтын 2.9д Ойн сан бүхий газарт ашигт  малтмал хайх ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа Ойн тухай хуулийн 8.6, 29, 30.2, 42.1.5д заасныг мөрдөж ажиллахаар заасан ба Ойн тухай хуульд ашигт малтмалын ашиглалтыг хамгаалалтын бүсийн ойд хориглосноос гадна ойг устгасан бол учруулсан хохирлыг арилгах үүргийг тус тус заажээ. Мөн дээрхи журмын 3.4д “далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорхи усны нөөц бүхий давхаргаас дээш орших байгаль орчинд сөрөг нөлөөгүй болох нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны нөөцийн дүгнэлтээр баталгаажсан бол тухайн хэсэгт олборлолт явуулж болно” гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 05/3939 дугаар албан бичигт “Г*******” ХХК-д хүргүүлсэн албан бичигт “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3д  заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүтэн давхцалтай гээд Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталан журмын 3.4 дэх заалтын дагуу далд уурхайгаар олборлох нөхцөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг х*******зан шийдвэрлэх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй” гэж дурдсанаас үзвэл хариуцагч байгууллагаас гаргасан захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25.1 ,  26.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Д*******” ТББ-аас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс хууль зөрчиж “Г*******” ХХКд олгосон ******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДУЛАМСҮРЭН