Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/01002

 

Б.Хосбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03413 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1206 дугаар магадлалтай,

Б.Хосбаярын нэхэмжлэлтэй

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн Дархан салбарын захирал Ж.Мөнхцацрал нарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болон урамшууллыг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Хосбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмарсүрэн, Б.Ананд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт борлуулалт мэдээллийн ажилтан албан тушаалд дадлагажигчаар ажиллаж, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр захирлын тушаал гарч үндсэн ажилтан болж, 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс Дархан салбарын данс хариуцсан ажилтны албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралт намайг дуудаж данс хариуцсан ахлах ажилтан П.Баатарчулуунтай санал зөрсөн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 30 минутын дотор бичиж өгөхийг шаардсан. Энэ шаардлага нь ямар ч үндэслэлгүй байсан бөгөөд миний хувьд ажил үүргийн алдаа зөрчил гаргасан зүйл огт байгаагүй тул уг шаардлагыг зөвшөөрөөгүй. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа уламжилж, хүсэлтээ менежер П.Зоригтод бичгээр өгсөн. Данс хариуцсан ахлах ажилтан П.Баатарчулуун нь надтай харилцахдаа басамжлах, дорд үзэх, ялгаварлах хандлага удаа дараа гаргаж, ажлаас гадуурх үйл ажиллагааны үед дур зоргоороо аашилж, дарамт шахалт үзүүлдэг байсан. Миний зүгээс хийх ёстой ажлаа хийдэг байснаас өөр ямар нэгэн алдаа дутагдал гаргасан зүйл байхгүй. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хийгээд сууж байтал ажлын программд хандах бүх эрхийг маань менежер П.Зоригт хааснаар ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон. Энэ талаар Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралттай уулзахад "... бид цаашид чамтай хамтарч ажиллах боломжгүй" гэж хэлсэн. Ажлын программын бүх эрхүүдийг маань хааснаас ажиллах боломжгүй болохоор зогсохгүй ажлын цагаа бүртгүүлэх, е.майлээ шалгах зэрэг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх нөхцөл боломж бүрэн хаагдсан учраас би ажлын байрнаасаа явахаас өөр аргагүй болсон.

Улаанбаатар хотын Худалдаа хөгжлийн банкны Хүний нөөцийн хэлтсийн захирал Б.Мөнхжавхаа над руу утасдаж "... 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан салбарын захиралд чамайг цаашид ажиллуулж үүрэг даалгавраа өгөөд яв гэсэн чиглэл өгсөн. Гэтэл Дархан салбарын удирдлагаас өөрийг чинь хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан тухай мэдэгдсэнийг үндэслээд гүйцэтгэх захирлын ажлаас халах тухай тушаал гарсан" гэж хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралт, ДХАА П.Баатарчулуун, хуучин Дархан тооцооны төвийн менежер П.Зоригт, Эрсдэлийн шинжээч Х.Руда нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж намайг ажлаас халах талаар хэлэлцсэн ба тус хуралд 2015 оны 12 дугаар сарын 14-нд захиралтай уулзах үед ярьсан ажлаас халах үндэслэл, шалтгаан нь агуулгын хувьд өөрчлөгдсөн байсан тул миний зүгээс баримт нотолгоонд тулгуурласан бодит, үндэслэлтэй тайлбар хүссэн. Би 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд холбогдох дээд шатны удирдлагуудын хариуг хүлээж байснаас санаатайгаар ажил тасалсан зүйл байхгүй. Б.Мөнхжавхаа захиралтай утсаар ярихад тушаал гарахаас нааш ажлын байраа орхиж явж болохгүй гэсэн чиглэл өгсөн. Хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр гаргасан Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/2006 дугаартай ажлаас халах тухай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байх тул намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 3 846 762 төгрөг, урамшуулалд 935 800 төгрөг, нийт 4 782 562 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Дархан салбарын данс хариуцсан ажилтан Б.Хосбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй болно. Б.Хосбаяр нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.20-д заасан үүргээ биелүүлээгүй буюу ажилдаа ирэх боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаанаа мэдэгдээгүй болно. Ажил олгогчтойгоо маргалдсанаас болоод ажил үүргээ хаясан бөгөөд хөдөлмөрлөх үүргийг нь бид хаагаагүй. Б.Хосбаярын ажил тасалсан энэхүү үйлдэл түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.7-д "энэхүү гэрээний 6.1.20-д заасан үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажлаас хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь 16 цаг буюу түүнээс дээш болсон" гэж заасан ноцтой зөрчилд хамаарах тул гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/2006 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.3-т заасныг тус тус үндэслэж Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халсан болно. 15/2006 дугаар тушаал нь дээр дурдсан хууль зүйн үндэслэл бүхий, холбогдох хууль тогтоомж, Б.Хосбаяр болон Худалдаа хөгжлийн банкны хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэл, зохицуулалтын дагуу гаргасан эрх бүхий этгээдийн шийдвэр тул тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Хосбаярын Ж.Мөнхцацралтад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03413 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1.-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болон урамшуулалд 4 782 562 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.Хосбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1206 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хосбаярын "Худалдаа хөгжлийн банк" ХХК-д холбогдох Дархан салбарын данс хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болон урамшуулалд 4 782 562 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  шимтгэл  нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, хэт нэг талыг барьсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

1. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Худалдааны хөгжлийн банкны Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралт Б.Хосбаярыг дуудаж 30 минутын дотор өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгөхийг шаардахад Б.Хосбаяр би 30 минутын дотор амьдралаа шийддэг хүн биш ээ гээд шаардсан хүсэлтийг нь бичиж өгөхөөс татгалзсан. Гэтэл тухайн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Хосбаярыг ажлаа хийгээд сууж байхад нь бүх программын эрхүүд нь урьдчилан мэдэгдэж сануулалгүйгээр хаагдсанаар Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Б.Хосбаярын ажлын байрны тодорхойлолтын 11.3-т: “энэхүү ажлын байранд ажиллаж байгаа ажилтан шаардлагатай программ хангамж, сүлжээ, телефон утас болон шаардлагатай бусад зүйлсээр хангагдана” гэж заасан байтал Худалдааны хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд шалтгаангүйгээр буюу хувийн сэдэлтээр энэ үүргээ ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл ажилтныг ажиллах хэвийн нөхцөлийг Худалдаа хөгжлийн банк хангах үүрэгтэй талаар заасан байтал энэ үүргээ биелүүлээгүйгээс ажилтан Б.Хосбаяр ажиллах боломжгүй болсон. Ажилтан тус ажлын байранд ажиллаж байгаа тохиолдолд ажлын байрны тодорхойлолтонд заасан аль ч ажил үүргийг хэвийн гүйцэтгэх бүрэн боломжоор Худалдааны хөгжлийн банк хангах үүрэгтэй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад үүргүүдийг гүйцэтгэх боломжтой байсан гэж хийсвэр дүгнэлт хийсэн. Бусад ажил үүргүүдийг гүйцэтгэх боломжтой байсан эсэхийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй.

“Худалдааны хөгжлийн банк” ХХК Дархан салбарын менежер П.Зоригт ажилтан Б.Хосбаярыг халах тухай тушаал гараагүй байхад үндэслэлгүйгээр программын бүх эрхүүдийг нь хаалгаж ажиллах боломжгүй болгосон, мөн Ж.Мөнхцацралт захирал 2015 оны 12 дугаар сарын 15, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “цаашид хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн” болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байхад анхан шатны шүүх үүнийг нотлох баримтаар үнэлээгүй мөртлөө шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Б.Хосбаярын шүүх хуралдаанд өгсөн 17, 18, 21, 22-ны өдөр ажилдаа очоогүй” гэх тайлбараар ажлаа тасалсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байхад давж заалдах шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Мөн Худалдааны хөгжлийн банкны Хүний нөөцийн захирал Б.Мөнхжавхаа 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу ажлаас халах тушаал гаргасан талаар мэдэгдэхээр Б.Хосбаяр руу утсаар залгасан. Энэ утсаар ярьсан ярианы бичлэгийг нэхэмжлэгч нотлох баримтаар шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр нотлох баримтаар шинжлэн судлаагүй. Давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулаагүйд гомдолтой байна. Тэрхүү 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Худалдааны хөгжлийн банкны Хүний нөөцийн хэлтсийн захирал Б.Мөнхжавхаагийн 9909-3138 дугаараас ДХА Б.Хосбаярын 9907-6619 дугаар руу холбогдож ярьсан 8 минут 37 секундын ярианы бичлэгийн:

01:26 - 01:35 Б.Мөнхжавхаа - “...Хосбаяраа чамайг бид нар ажлуул гэдэг шаардлага тавьсан. Нэг дэх өдөр танай ахлахууд чинь захирлууд чинь тантай ажиллахаар хэд хэдэн ажлуудаар бас ярьсан байх ёстой.” /Нэг дэх өдөр гэдэг нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бөгөөд 12 дугаар сарын 23-ны өдөр намайг хариу өгөхийг хүссэн е.майл илгээх хүртэл Б.Хосбаярт энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.

07:43 - 07:59 Б.Мөнхжавхаа - “...Хосбаяраа чи ямар ч гэсэн тантай Дархан салбарын хүмүүс ахлахуудын чинь уулзалтууд хийгдэж ажлаа хийх боломжийг чинь ханга гэдэг чиглэл өгөөд та нар уулзалтууд хийсэн гэдгийг би сайн мэдэж байгаа. Тэрийг бол мэдээж дандаа хүний нөөцийн төвөөс чиглэл өгсөн.”

Бичлэгийн яриаг нягталж үзэхэд ХНХ-ийн захирал Б.Мөнхжавхаа нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан салбарын захирал, ахлахуудад Б.Хосбаярыг ажлуул гэдэг шаардлага тавьсан, хамтарч ажиллах талаар хэд хэдэн ажлуудаар тантай ярьсан байх ёстой гэсэн. Харин Дархан салбарын зүгээс Б.Хосбаярт энэ тухай мэдэгдээгүй нь Дархан салбарын удирдлагууд Төв салбарын ХНХ-с өгсөн чиглэл, үүрэг шаардлагыг үл ойшоож биелүүлээгүй нь нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл Дархан салбарын удирдлагууд хувийн ашиг сонирхлоор Б.Хосбаярыг ажлаа хийх ямар ч боломж нөхцөлгүй болгож, программын бүх эрхүүдийг хаалгаж, компьютер техник хэрэгслүүд, ширээ сандал дээр нь данс хариуцсан ажилтан Э.Ариунжаргал гэх хүнийг суулган ажлуулж, Б.Хосбаярыг ажлын байрнаас нь хөөж явуулсан нь нэхэмжлэгч Б.Хосбаярын хувьд ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан болсон.

Төв салбараас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй Дархан салбарын удирдлагууд ДХА Б.Хосбаярын эрэлт хүсэлт, ажлын бүх программын эрхийг хаасан тухай гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэхгүй байсан гэдэг нь дээрх баримтаар баталгаажиж байгаа юм. Тийм учраас зайлшгүй ажлын байрыг түр орхин холбогдох дээд шатны удирдлагуудын албан ёсны хариуг хүлээхээс өөр аргагүй байдалд орсон шалтгаан нь дуу бичлэгийн ярианаас батлагдаж байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, нотлох баримтыг үнэлээгүй.

Түүнчлэн Худалдааны хөгжлийн банкны систем аюулгүй байдлын хэлтэст хийсэн үзлэгийн тэмдэглэлд: “... Аll web программ нь web программ учраас хаасан огноо Grabe bank программ шиг харагдахгүй гэв” гэж бичсэн байтал Аll web программын эрхийг хаагаагүй гэж нотлогдоогүй үйл баримтыг анхан шатны шүүх шууд дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Тодруулбал үзлэгээр Grabe bank программын эрхийг хаасан болох нь тогтоогдсон болохоос бусад  программын эрхүүдийг хаагаагүй болохыг тогтоогоогүй. Хаасан эсэхийг Grabe bank программ шиг харж болохгүй гэж Систем аюулгүй байдлын ажилтан Ц.Батболд тайлбарласан байхад анхан шатны шүүх хариуцагч нарт ашигтайгаар үзлэгийн тэмдэглэлийг тайлбарлаж дүгнэснийг давж заалдах шатны шүүх нотлох баримт шинжлэн судлахдаа анхаарч үзээгүй шийдвэр гаргасан.

Тус банкны эдийн засагчаар ажилладаг данс хариуцсан ажилтан байсан Б.Хосбаярыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан салбарын удирдлагууд хөөж, цаашид хамтран ажиллахгүй, ойлголцохгүй юм байна гэж мэдэгдсэн. Энэ талаарх хурлын дуу бичлэгт үзлэг хийлгэх, гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хангахаас татгалзаж нэхэмжлэгчийн нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах эрхийг ноцтой зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн гомдолтой байна.

Программын бүх эрхүүдийг нь үндэслэлгүйгээр хаалгаснаар /программын бүх эрхийг нь хаасан учраас түүнийгээ нотлохоор Худалдаа хөгжлийн банкны Систем аюулгүй байдлын хэлтэст үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч үзлэгээр хариуцагч байгууллагын зүгээс хаасан эсэх нь харагдахгүй гэсэн тайлбар хэлж тухайн үед байсан бодит байдлыг нуун дарагдуулсан/ Б.Хосбаяр нь ажлаа хийх боломжгүй, мөн ажлын цагаа бүртгүүлэх боломжгүй болсон. Иймээс уг өдрөө буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөө цуг ажилладаг Э.Ариунжаргалын е.майл хаягнаас:

1.Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралт,

2.Данс хариуцсан ахлах ажилтан П.Баатарчулуун,

3.Хуучин Дархан тооцооны төвийн менежер П.Зоригт,

4.Улаанбаатар төв салбарын Хүний нөөцийн хэлтсийн захирал Б.Мөнхжавхаа,

5.Захиргаа хүний нөөцийн хэлтсийн захирал Л.Нямсүрэн нарт программын эрхүүд хаагдсанаас ажиллах боломжгүй байгаа тухайгаа мэдэгдэж “цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг илгээсэн. Уг хүсэлт нь ямар нэгэн салаа утгагүйн дээр Б.Хосбаяр өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож бичсэн хүсэлтээ тайлбарласаар байтал анхан болон давж заалдах шатны шүүх бодит байдлаас гуйвуулан тайлбарласан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй” гэж зааснаас үзэхэд Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг талууд харилцан тохиролцож, гэрээний чөлөөт эрхийн зарчимд үндэслэн байгуулдаг болохыг харуулж байна. Мөн энэ нь гэрээ учраас гэрээний биелэлтэнд талууд харилцан хяналт тавих ёстой. Гэтэл энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэгдэх үед тайлбар нотолгоо шүүхэд гаргаж өгөөгүй байхад Б.Хосбаярын дээрх хүсэлтийг Хөдөлмөрийн гэрээний 6.1.20-д заасан агуулгад нийцэхгүй гэж хөндлөнгөөс нэг талыг барьж дүгнэсэн.

2. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15/2006 дугаартай Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Б.Хосбаярыг ажлаас халах тухай тушаалын үндэслэл нь: 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.3, ОН-ДА 15/41 тоот Хөдөлмөрийн гэрээний /цаашид Хөдөлмөрийн гэрээ гэх/ 10.2.7-д заасныг тус тус зөрчсөн гэж үзжээ. Эдгээрийг судалж үзвэл: Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.3-т /2 өдрөөс дээш ажил тасалсан/, Хөдөлмөрийн гэрээний 10.2.7-д энэхүү гэрээний 6.1.20-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, тасалсан цагийн нийлбэр 16 цаг буюу түүнээс дээш болсон, Хөдөлмөрийн гэрээний 6.1.20-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд ажлын 2 хоногийн дотор хариуцсан газар, хэлтэс, нэгжийн захирал болон Захиргаа. хүүний нөөцийн газарт бичгээр мэдэгдэж, холбогдох баримтыг хавсаргана гэж заасан байна. Ажилтан Б.Хосбаяр эсрэгээрээ Хөдөлмөрийн гэрээний 6.1.20-д заасны дагуу хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон шалтгаан нөхцөлийнхөө талаар мэдэгдэж, цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн болох нь үзлэгийн тэмдэглэлүүд, е.майл илгээсэн талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэсэнгүй.

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.15-д “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд ажлын 2 хоногийн дотор хариуцсан газар, нэгжийн захирал болон Захиргаа, хүний нөөцийн газарт бичгээр мэдэгдэж, холбогдох баримтыг хавсаргана гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн гэрээний 11.6-д “... харин аль нэг тал нөгөө талдаа факс, эсхүл е.майлээр бүхий л баримт бичиг, материалыг илгээсэн тэр даруй нөгөө тал уг баримт бичиг, материалыг хүлээн авсанд тооцно” гэж заасан байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7-д Ажил олгогчийн үүргийг заасан ба 6.2.7-д “... ажилтнаас тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх” үүргээ Дархан салбарын захирал Ж.Мөнхцацралт, Улаанбаатар төв салбарын Хүний нөөцийн хэлтсийн захирал Б.Мөнхжавхаа зэрэг е.майл хүлээн авсан удирдлагууд биелүүлээгүйгээс ажилтан Б.Хосбаярыг ажил тасалсан гэж, ажлаас халах сахилгын шийтгэл хүлээхэд хүргэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “зохигч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгохоор хурлын бичлэг болон өөрийн утсаар ярьсан яриаг бичсэн утсан дээрх бичлэгтээ шүүх хуралдаан дээр үзлэг хийлгэх, түүнтэй холбогдуулаад гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй нь шүүх талуудын тэгш эрхийн зарчим, мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөнөөр зогсохгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд сидинд буулгасан 2 дуу бичлэгийг шинжлэн судалж сонссон. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн төгсгөлд Б.Хосбаяраас өгсөн сиди бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй тухай шүүх дурдсан атлаа мөн хэсэгт “...Б.Мөнхжавхаа “ямар нэгэн тушаал гараагүй байхад ажлын байраа орхиж болохгүй” талаар Б.Хосбаярт хэлж байсан байна” хэмээн Б.Хосбаяр, Б.Мөнхжавхаа нарын хоорондоо утсаар ярьсан ярианы бичлэгийг шийдвэр гаргахдаа үндэслэл болгон тусгасан нь сиди бичлэгүүдийг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг бүхэлд нь хянаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, зохигчдын хоорондох хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан тодорхой зохицуулалт, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт маргааны үйл баримтад тохирох эсэхийг нарийвчлан тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Харин хоёр шатны шүүх хуулийн этгээд, хуулийн этгээдийн салбарын эрх зүйн байдалд дүгнэлт хийж, хариуцагчийг зөв тодорхойлсон байв.

Нэхэмжлэгч Б.Хосбаяр нь Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/2006 тоот тушаалаар тус банкны Дархан салбарт данс хариуцсан ажилтны ажлаас халагджээ. Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаанд шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, мэтгэлцсэн байна.

Б.Хосбаярыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд түүнийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, ажил тасалсан зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.3, хөдөлмөрийн гэрээний 10.2.7 дахь заалтыг  үндэслэжээ. Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.3-т “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажлаас хоцорсон, хөдөлмөрийн гэрээний 10.2.7-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан...” бол ноцтой зөрчилд тооцно гэж тус тус заажээ.

Зохигчид нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдөр хүртэлх хугацаанд ажилтан ажилдаа ирээгүй үйл баримтыг маргаагүй, харин ирээгүй шалтгаан нөхцөлийг маргасан байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан салбарын захирал дуудаж ажлаас гарах хүсэлтээ өг гэж тулган, ажлын программд хандах бүх эрхийг хаасан учраас ажиллах боломжгүй болсон, банкны удирдлагуудад энэ талаар е.майл бичиж, хариу хүлээсэн гэсэн бол хариуцагчийн зүгээс е.майлээр хүсэлтийг нь хүлээж аваад тушаал гартал ажлаа хийж бай гэсэн хариу өгсөн байхад ажлаа тасалсан гэсэн үндэслэл заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Хосбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Худалдаа хөгжлийн банк болон салбарын удирдлагад хандан “...миний бие ажлын байранд алдаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх шалтгаан үндэслэл байхгүй, удирдах ажилтны шүүмжлэлийг зөвөөр хүлээн авч данс хариуцсан ахлах ажилтан П.Баатарчулуунтай санал зөрсөн алдаа дутагдлыг залруулж цаашид хамтран санал нэгтэй ажиллах болно.” /хх-8, 75, 76 / гэж хүсэлт гаргасан, уг хүсэлтийг хүлээн авч Худалдаа хөгжлийн банкны хүний нөөцийн хэлтсийн захирал Б.Мөнхжавхаа хариу өгсөн үйл баримтыг зохигчид маргаагүй байна.

Уг хариуг бичгээр бус амаар өгсөн байх ба нэхэмжлэгчийн зүгээс намайг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг даалгаврыг Дархан салбарын захиралд өгсөн гэж тайлбарласан бол хариуцагч ажлаа хий гэсэн хариу өгсөн байхад өөрөө ирээгүй гэжээ.  Дээрх тохиолдолд ажиллах нөхцөлөөр хангасан болохоо ажил олгогч буюу хариуцагч нотлох үүрэгтэй бөгөөд энэ байдлаа нотлоогүй байна. Нөгөө талаар ажилтан ажилдаа эргэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаагаас үзэхэд ажил таслах зөрчил гаргах нь эргэлзээтэй юм. Ажлаас чөлөөлөх талаар маргаан үүссэн, уг асуудлыг шийдвэрлэсэн дээд байгууллагын хариу бичгээр гараагүй, зохигчид маргасан тохиолдолд ажиллах нөхцөлөөр хангасан эсэхийг нотлох нь ажил олгогч буюу хариуцагчийн үүрэг болно. Иймд хариуцагч энэ талаар нотлоогүй тул ажилтанг ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй, улмаар ажил олгогчийн тушаалыг хуульд нийцээгүй гэж үзнэ.

Б.Хосбаяр нь тус салбарт данс хариуцсан ажилтнаар, ажилтан Э.Ариунжаргалыг  ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар, сарын 935 800 төгрөгийн цалинтай нөхцөлөөр ажиллаж байсан нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажлын 196 хоног, нэг өдрийн хөлс 43 525 төгрөгөөр бодоход 8 530 900 төгрөгийн олговрыг гаргуулж олгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1206 дугаар магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1. дэх хэсгийг баримтлан Б.Хосбаярыг Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт данс хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8 530 900 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж нэхэмжлэгч Б.Хосбаярт олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид үүрэг болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар Худалдаа хөгжлийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд 151 445 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтын хэвээр үлдээсүгэй. 

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА