| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 142/2017/0404/э |
| Дугаар | 000008 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 000008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О-т холбогдох эрүүгийн 1725000000258 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Боржигон овгийн С О, Монгол Улсын иргэн, 1958 оны 06 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, дэвтэрлэгч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, зээ нарын хамт , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: /
Шүүгдэгч С.О нь 2017 оны 11 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-14-18 тоотод төрсөн дүү С.Цэцэгмаатай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч С.Цэцэгмаагийн “2017 оны 11 сарын 30-ны өдөр том эгч Оюунчимэгийн гэрээс куртикээ авах гэж очоод би ажил ихтэй байна, та хүүхэд сахиад өгөөч гэхэд Оюунчимэг эгч Зоригоо ах чинь эмнэлэгт хэвтчихсэн байгаа, чиний ажил ямар хамаатай юм бэ гэсэн. Би Оюунчимэг эгчид надад ажил их байхад намайг ойлгосонгүй гэж хэлээд Оюунчимэг эгчийг би өөрөө нэг удаа алгадсан. Тэгээд цай ууж байсан аяга шидэхэд Оюунчимэг эгч уурлаад над руу аяга шидсэн намайг оноогүй. Оюунчимэг эгч их уурлаад намайг гутлаар толгой, мөр, гар нуруу хөл хэсэг рүү олон удаа цохисон. Оюунчимэг эгчийн урдаас би зодолдоход Оюунчимэг эгч гэрээсээ гаргаад хаалгаа цоожилчихсон. Хэсэг хугацааны дараа Оюунчимэг эгч хүү Эрдэнээгийн хамт орж ирээд надад дахиж уурлаад миний толгой, нуруу, хөл хэсэг рүү дахиад цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-13-р хуудас/
2.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтийн “С.Цэцэгмаагийн биед зүүн гар, нуруу, зүүн гуя, баруун шилбэ, нүүрэнд 10 тооны цус хуралт үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нийлээд гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/
3. Шүүгдэгч С.Оюунчимэг яллагдагчаар мэдүүлсэн “Тэр үед миний уур их хүрээд би Цэцэгмаа руу бас аяга шидсэн. Цэцэгмаа их уурлаад над руу дайраад байхаар нь алийн болгон хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож өрөвддөг юм бэ, эгч нь юм чинь нэг удаа хашраагаад өгнө гэж бодоод гутал бариад Цэцэгмааг цохисон. Би Цэцээгмаагийн хөл, гар, нуруу, цээж, толгой зэрэг рүү олон удаа цохисон. Цэцэгмаа бас намайг цохиод авахаар нь би гэрээс ганцаараа гараад хүү Эрдэнийг утсаар дуудсан. Эрдэнэ их хурдан хүрээд ирсэн. Тэгээд би Эрдэнээгийн хамт гэрт ороход Цэцэгмаа над руу дахиад дайрахад Эрдэнэ дундуур ороод салгах явцад би дахиад гутлаар Цэцэгмааг 3-4 удаа цохисон. Эрдэнэ намайг та болиоч ээ та яагаад игээд байгаа юм бэ гэж хэлээд холдуулсан. Яг тэр үед гаднаас том хүү Энхбаатар орж ирж таарсан. Энхбаатар Цэцэгмааг дагуулаад манай гэрээс гараад явсан. Сүүлд нь гэрт нь хүргэж өгсөн гэдгийг мэдсэн. Цэцэгмаа нь миний төрсөн дүү байгаа юм. Анх төрөхдөө хэлгүй, дүлий төрсөн, хэл ярианы бэрхшээлтэй, хөгжлий бэрхшээлтэй, гэдэг утгаар нь бид нар Цэцэгмааг их эрхлүүлж өгсөсөн болохоор их ааштай, дураараа зантай болчихсон. Уг нь миний ганц хайртай дүү минь байгаа юм. Аавыг насбарснаас хойш Цэцэгмаад их тусалж байгаа, тэр байтугай Цэцэгмаагийн гэр бүлийг би өөрөө авч явдаг, бүх зүйлийг нь бэлдэж өгдөг юм. Тэрэнд Цэцэгмаа их давраад намайг 2 удаа зодож байсан. Тэр болгонд нь би чэмээгүй өнгөрч байсан. гэрт ирээд таалагдахгүй болохоороо намайг зодчихоод яваад өгдөг юм. 2017 оны 11 сарын 30-ны өдөр эгчийнхээ хувьд нэг хашраагаад өгье гэж бодоод зодчихсон юм. Эгчийн зангараг нэг удаа гаргасан юм. Гэтэл буруу зүйл хийчихсэн байна. Тэрнээс биш санаатайгаар Цэцэгмааг цохиж зодсон, ад үзсэн зүйл байхгүй .” гэсэн мэдүүлэг /хх 32-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 35-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч С.Оюунчимэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Оюунчимэг нь 2017 оны 11 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-14-18 тоотод төрсөн дүү С.Цэцэгмаатай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Цэцэгмаагийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 23 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч С.Цэцэгмаа нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, би шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигонхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.О-т оногдуулсан 450 00 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-т урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС