Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/40

 

  

 

А.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.С /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: А.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.У,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч А.М-ын давж заалдсан гомдлоор шүүгдэгч А.М-т холбогдох 2219000000196 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ө овогт А.М /РД:****/, Монгол Улсын иргэн, ****-ны өдөр *** аймагт төрсөн, ****, ** настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэрийн хамт **** гэх газарт оршин суух, одоо **** оршин сууж байгаа, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан.   

 

 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө *** тоотод байрлах иргэн Э.Э-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд гэрийн эзэд нь унтаж байх хойгуур онгорхой цонхоор нэвтэрч, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Iphone Х загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

**** прокурорын газрын хяналтын прокурор Б.С шүүгдэгч А.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч *** овогт А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.М шүүхэд бичгээр гаргасан давж заалдсан гомдолдоо: “...А.М миний бие *** сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нь үнэн болно. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байна. Эрхэм шүүгч та миний хэргийг хөнгөрүүлэн өгч гомдлыг минь харгалзан үзнэ үү....” гэв.

 

 Шүүгдэгч А.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гомдолдоо:  Би тухайн үед согтуу байсан учраас яг өөрийгөө цонхоор орж юм авсан гэдгээ сайн мэдэхгүй байгаа. Манай эхнэр намайг 10 цагийн үед гутал хувцасгүй ирсэн гэсэн. Гутал, куртикээ гудманд хаясан байсан гэсэн. 1-2 цагийн үед би гудманд хөл нүцгэн явж байсан. Нэг залуутай явж байсан. Тэр хүн миний араас Мэндээ гэж орилоод гарт минь 1 юм атгуулчхаад зугтаад яваад өгсөн гэж манай эхнэр хэлсэн. Тэр оройжин хөл нүцгэн яваад ирсэн чинь миний хөлөөс цус гарчихсан байсан. Ирэхдээ би гартаа 1 хар утас барьсан байсан гэсэн. Тэгээд өглөө намайг унтаж байхад нэг хүн залгаад “утсаа авъя” гэсэн. Тэгэхээр нь би “өө уучлаарай, би утсыг чинь авчхаж” гээд утсыг эзэнд нь аваачиж өгсөн. Тэгсэн чинь цагдаа дуудаад аваачиж өгсөн. Би эхнэртэйгээ хоёулаа амьдардаг. Эхнэр минь бие муутай. Хүний хараа хяналтад байдаг. Манай эхнэр чинь асрамжийн газраас гарсан. Харж хандах ах дүү, амраг садан байхгүй. Би бас асрамжийн газраас гарсан. Манай эхнэр одоо эмнэлэгт байгаа ... Эрхэм шүүгч нар та бүхэн надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ... Би тухайн гэмт хэргийг үйлдээгүй дахин шалгуулах хүсэлтэй байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “...М нь бичиг үсэг мэдэхгүй, хэргийн материалтай танилцаагүй, гарын үсэг зур гэхэд нь зурсан гэдэг тайлбар хэлдэг. Бичиг үсэг мэдэхгүй гэдэг тухайд хэрэгт М-ыг гэрчээр болон яллагдагчаар асуусан мэдүүлгийн биеийн байцаалт хэсэгт нэгэн дээр нь бүрэн дунд боловсролтой, нөгөөх дээр нь бага боловсролтой гэж бичсэн. Мэдүүлэг дотор буюу хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд 3 дугаар ангид сурч байгаад мал дээр гарсан, бичиг үсэг мэдэхгүй гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч болон түүний нөхрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт тухайн үед ширээн дээр шороо унасан, тэрэн дээр нь гутлын мөр байсан гэж мэдүүлдэг. Энэ нь хэрэг болсны дараа шууд авсан мэдүүлэг. Хэргийн газрын үзлэг хийгээд ямар нэг ч зүйл тогтоогдоогүй байдаг.

 

Мөн хэргийн материалтай танилцаагүй, шууд гарын үсэг зураад оролцсон гэж мэдүүлдэг. Энэ нь анхан шатны шүүх хурлын тэмдэглэл дээр “би ийм мэдүүлэг өгсөн шүү дээ” гэхэд шүүх үргэлжлүүлж өөр асуулт асуугаад явсан байдаг. Эдгээр байдлыг харгалзаад хувийн байдлыг тогтоогоогүй байна гэж үзэж байна. Бичиг үсэг мэдэхгүй хүний хэрэгт заавал өмгөөлөгч оролцох ёстой. ... Иймд энэ эрхийг нь сэргээж өгнө үү гэсэн байдлаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналтай байна ... ” гэв.

 

Прокурор Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “...Шүүгдэгчид холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, мөн прокурор саналаа тавихдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүнчлэн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай. Шүүгдэгч Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах зарчмын хүрээнд шүүхээс хамгийн бага ял оногдуулсан.

 

Иймд М-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ... Мөрдөн байцаалтын шатанд М-ыг дуудаад яллах дүгнэлт гардуулж өгөх талаар танилцуулсан. Өмгөөлөгч авах эрхийг нь бол хэрэг бүртгэлтийн шатанд ч тэр, мөрдөн байцаалтын шатанд ч тэр, шүүхийн шатанд ч тэр танилцуулсан. М өөрөө өмгөөлөгчгүй орно гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Цагдаа, прокурор, шүүхийн шатанд өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг нь тайлбарлаж байсан. Энэ тал дээр шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн гомдол, санал, хүсэлт гаргасан зүйл байхгүй. Өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулсан. Энд бол эрхийг нь хангаагүй гэх зүйл байхгүй гэв. гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.М-ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

1. *** прокурорын газрын хяналтын прокурор Б.С-эс шүүгдэгч А.М-ыг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** тоотод байрлах иргэн Э.Э-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд гэрийн эзэд нь унтаж байх хойгуур нь онгорхой цонхоор нэвтэрч, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ай фоне икс /iphone X/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр ...-д нэвтэрч” үйлдсэн гэм буруутай тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Тодруулбал шүүгдэгч А.М- нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***тоотод байрлах иргэн Э.Э-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд гэрийн эзэд нь унтаж байх хойгуур нь онгорхой цонхоор нэвтэрч iphone X загварын гар утсыг хулгайлан 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх7-8/, хохирогч Э.Э- /хх13-14/, гэрч Э.Ц /хх17-18/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх28-30/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх58/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх60/  зэргээр нотлогдож тогтоогдсон гэж үзэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх болон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

3. Шүүгдэгч А.М нь “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Т.У “шүүгдэгчийг бичиг үсэг мэдэхгүй байдлыг анхаараагүй, өмгөөлөгчгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах” санал гаргасан, мөн шүүгдэгч А.М- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэмт хэргийг үйлдээгүй гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн дээрх санал болон давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Учир нь хэрэгт цугларсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.М нь хохирогч Э.Э-гийн гар утсыг хулгайлан авсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Цонхоор ороход харанхуй байсан би асаагуурын гэрэл тусгаж байгаад харсан чинь цонхны доор байсан ширээн дээр гар утас байхаар цааш явалгүй гар утсыг аваад орсон цонхоороо эргэж гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг нь хохирогч Э.Э-гийн “... үүрийн 04 цаг өнгөрч байхад нойр сэргээд сэрэхэд гар утас байхгүй алдагдсан, өрөөний хойно байрлах цонхны доор байсан ширээн дээр хүн гишгэсэн гутлын шорооны мөр байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан ...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тухай “... ***овогтой М-аас 64gb багтаамж бүхий imei:350304090899066 сериал дугаартай, хар өнгийн iphone X загварын гар утсыг хураан авч тэмдэглэл үйлдэв. ...” гэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар батлагдан тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”  боловч  ийнхүү шүүгдэгч А.М-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.

 

4. Мөн түүний талаар хэрэгт авагдсан биеийн байцаалт болон хувийн байдлыг тогтоосон баримтуудаас үзэхэд түүнийг бичиг үсэг мэдэхгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шийтгэх тогтоол /хх47/ болон ял хэрэг, зан байдал засрал хүмүүжил, суллагдлын тодорхойлолт /хх57/ зэрэг баримтанд түүнийг бага боловсролтой талаар дурдсан, тэрээр бичиг үсэг мэдэхгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт санал гаргаж байгаагүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй талаар санал гаргасан зэргээс үзэхэд түүний өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял буюу хуульд заасан оногдуулж болох хамгийн бага ялыг оногдуулсан байх тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч       А.М-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч А.М-ын цагдан хоригдсон 47 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                               ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                  Н.БАТЧИМЭГ