Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/41

 

   

 

  Ц.Н, Д.Б, М.Э,

 Ц.А, Э.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: М.О,

Хохирогч: Б.Г /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Ц.Н,

Шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч: Э.Э, Ж.Х,

Шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч: М.Э,

Шүүгдэгч Ц.А, Д.Б, М.Э нарын өмгөөлөгч: С.Ш,

Шүүгдэгч Д.Б, М.Э нарын өмгөөлөгч: Ж.Т,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 23-ны  өдрийн 2022/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор М.Оын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Э, С.Ш, Ж.Х нарын давж заалдсан гомдлоор, шүүгдэгч Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А, Э.М нарт холбогдох 2140000220234 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Шүүгдэгч: ***овогт Ц.Н , Монгол Улсын иргэн, ******* оршин суух, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

2. Шүүгдэгч: *** овогт Дашийн Б /********* оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

3. Шүүгдэгч: **** овогт М.Э ******** оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

4. Шүүгдэгч: **** овогт Ц.А ******** оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

5. Шүүгдэгч: **** овгийн Э.М ****** оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А, Э.М нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын дундуур ******* нэршилтэй газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Гын эзэмшлийн 36,200,000 төгрөгийн үнэ бүхий 23 тооны адууг ***** орчимд хулгайлж аваачин 10 тооны адууг бусдад худалдан борлуулж мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.О-аас шүүгдэгч Э.М, Ц.А, Д.Б, М.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч Э.М-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хөнгөрүүлэн өөрчилж,

 

Шүүгдэгч *** нар овогт Д.Б, *** овогт М.Э, *** овогт Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***овог Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** овогт Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Э.Мид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Н-ыг 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Э-ийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Б, Ц.А нарыг тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Б, Ц.А нарт оногдуулсан тус бүрийн 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-т оногдуулсан тус бүрийн 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд тус тус зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх хугацаанд шүүгдэгч Д.Б, М.Э нарыг ***сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Ц.Аг **** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон, хорих ялаар солихыг анхааруулж, энэ хугацаанд хяналт тавихыг *** шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Ц.А, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Э.М-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-аас 4.850.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б-гөөс 2 550.000 төгрөгийг, шүүдэгч М.Эээс 2.350.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.А-гээс 3.350.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч *** тоот Б.Г-д олгож, мал эрж хайсны зардал 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ц.Нын эзэмшлийн Хаожи маркийн, 250.000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг хураан авч улсын орлого болгож,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичвэр бүхий цаасыг хэрэгт үлдээж,

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.Г нь мал эрж хайсны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                

Шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Э.Э давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолын "Тогтоох" хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзээд давж заалдах гомдол гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс... анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ц.Н ... гэм буруугаа мөрдөн байцаалтанд хүлээн зөвшөөрч, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн байсан шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 500.000 төгрөгийг нөхөн төлсөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Прокуророос анх 4 хүнийг яллагдагчаар татаж, харин 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5/30 дугаар тогтоолоор Э.Мийг нэмж яллагдагчаар татсан, хэдий хэмжээний хохирол хариуцаж нөхөн төлөх нь тодорхойгүй, шүүх яллагдагч нарын хариуцах хохирлын хэмжээг тогтоох хуулийн зохицуулалт зэргээс шалтгаалан хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлөх боломжгүйгээр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгч анхан шатны шүүхээс нөхөн төлүүлэхээр тогтоосон 4.850,000 төгрөгийн хохирлыг хохирогч Б.Гын ХААН банкны ****тоот дансанд 2022 оны 09 дүгээр сарын 01 ний өдөр шилжүүлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 1 дэх хэсгийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хохирол нөхөн төлөгдсөн гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлүүлэх, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн үйлчлэлд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны тухайд хамаарч байгаа тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өршөөлд хамруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Ц.Нт оногдуулсан жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өөрчлөлт оруулах үндэслэл бүхий давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэнэ үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Ж.Х давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын оролцоо тэдний хувийн байдал, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан болон гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан ял оногдуулахаар шийдвэрлэжээ. Харин Ц.Нт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 4.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх...”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ... гэсэн заалтад нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2 жилээс жилээс жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Ц.Н-т 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж заасан заалтад хамаарахгүй болж эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудаар Ц.Н нь анхнаасаа буюу мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм бурууг ухамсарлаж хэргээ хүлээн мэдүүлж хохиролд 500 000 төгрөг төлж цаашид хохирлыг төлөхөө илэрхийлж байжээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх дэх хэсэгт заасан хуулийн зорилтод “...зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино... гэж заасан.

Ц.Н-ын хувьд гэм буруугийн хувьд маргаагүй, мөрдөн байцаалтын шатанд хохирлын тодорхой хэсгийг төлсөн анхан шатны шүүхээс тогтоосон хохирлын өөрт ногдох хэсгийг бүрэн төлсөн зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.4 дугаар зүйлд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Б, М.Э, Ц.А нарын өмгөөлөгч С.Ш давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүгдэгч Д.Б, М.Э, Ц.А нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрсдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байсан ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Б 2,800,000 төгрөгийг, М.Э 3,000,000 төгрөгийг, Ц.А 2,000,000 төгрөгийг хохирогч Б.Г-д төлсөн. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүгдэгч Д.Б 2,550,000 төгрөгийг, М.Э 2,350,000 төгрөгийг хохирогч Б.Г-д хохирогч Б.Г-д төлж, шүүгдэгч Д.Б, М.Э нар нь анхан шатны шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Иймд миний үйлчлүүлэгч Д.Б, М.Э, Ц.А нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрсдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. *** аймагт мал маллан амьдардаг хувийн байдлуудыг харгалзан үзэж, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

            Прокурор М.О эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол", 1.3 "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна.

Шүүгдэгч Ц.Н, Д.Б, М.Э, Ц.А, Э.М нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын дундуур **** газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Г-ын эзэмшлийн 36.200.000 төгрөгийн үнэ бүхий 23 тооны адууг **** орчимд хулгайлж аваачин 10 тооны адууг бусдад худалдан борлуулсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Мийн үйлдлийг шүүгдэгч Ц.Н, М.Э, Ц.А нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн яллагдагч нарын харилцан зөрүүтэй мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлгийг үндэслэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.

Учир нь прокуророос Э.М дээрх нэр бүхий яллагдагч нартай бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ийнхүү шийдвэрлэсэн үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-11-12/, Эд зүйл 3.000.000 төгрөг Э.Моос хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-22. гэрч Д.Ц-н мэдүүлэг /1-р хх-81-82/, гэрч Н.Э-н мэдүүлэг /1-р хх-60/. Гэрч Б.О-н мэдүүлэг /1-р хх-63/, Гэрч Г.Г-н мэдүүлэг /1-р хх-66, 2-р хх-бог, Гэрч М.А-н мэдүүлэг /1-р хх-69/. Гэрч Д.Г-н мэдүүлэг /1-р хх-72/, яллагдагч Д.Б-гийн мэдүүлэг /1-р хх-43, 160-161/. яллагдагч М.Э-ийн мэдүүлэг /1-р хх-46-47, 91-92, 171-172/, яллагдагч Ц.Агийн мэдүүлэг /1-р хх-51, 181/, Яллагдагч Ц.Нын мэдүүлэг /1-р хх-36-37, 87, 149/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт "шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт... дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл" гэж заасан хуулийн шаардлагын дагуу анхан шатны шүүх, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй, шүүгдэгч Э.Мийн үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоос шүүгдэгч Э.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ... Шүүгдэгч нар гэм буруугийн шүүх хуралдааны дараа зарим хохирлоо нөхөн төлсөн байдаг. Тэгэхээр ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх бас анхаарч үзсэн юм болов уу гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 5.1 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч анхан шатны шүүх хуралдаан дээр энэ асуудлаа тавиад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Тиймээс дахиж ял хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Бусад өмгөөлөгч нарын гомдлыг дэмжиж байна. ... Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад шүүгдэгч Мийн хувьд 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Н юм уу Эийн хэн нэгнийх нь ярьснаар дуудагдаж ирсэн байдаг. Хэн дуудсан гэдэг нь зөрүүтэй байсан боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамжигчаар оролцох гэдэг нь урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзнэ. Гэмт хэрэг үйлдсэний дараа хамжигчаар оролцсоныг мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх боломжгүй гэж үзсэн. Прокурорын зүгээс малыг тууж ирээд алсны дараа энэ гэмт хэрэг төгсөнө гэж тайлбарласан.

Миний хувьд тэр адууг бэлчээр дээрээс нь туугаад айлын гадаа ирснээр энэ гэмт хэрэг төгссөн гэж ойлгож байгаа. Ингээд төгссөний дараа өчнөөн хоног ээлжлээд маллаад, малын гарал үүслийн бичиг аваад өгөөч гээд гуйгаад байсан гэдгээ шүүгдэгч нар анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлдэг. Өчнөөн олон хоног өнгөрсний дараа хэн нэгнийх нь дуудсанаар ирээд хамт явж борлуулж байгаа үйлдэл нь мал хулгайлах гэмт хэрэг биш, харин гэмт хэргийн улмаас буруу гарын аргаар орж ирсэн мал гэдгийг мэдсэн хэрнээ борлуулж байгаа үйлдэл нь, мөн 3 сая төгрөгийг аваад өөртөө байлгаад байсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэсэн үндэслэлээр шүүхээс шийдсэн. Энэ нь үндэслэлтэй зөв шийдвэр болсон гэж үзэж байна.

... Шүүгдэгч Мийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар татсан буюу хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 6 сарын дараа яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Д.Б, М.Э нарын  өмгөөлөгч Ж.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу доод хэмжээг нь 1 жил, дээд хэмжээг нь 4 жил хүртэл ял оногдуулах боломж давж заалдах шатны шүүхэд байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан хохирол төлбөрийг төлсөн байдлаар орж ирсэн юм байна. Тийм учраас энэ хүмүүсийн гомдлыг дэмжиж байна.

... Прокурорын бичсэн эсэргүүцэл бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхээс Мид холбогдох үйлдэл Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, зүйлчлэлийг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. ... Шүүхээс шийдэхдээ А, Э, Б нарын хулгайн гэмт хэрэг дээр бас адилхан зүйлчлэлийг сольж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2021 оны 11 дүгээр сарын 30, 2022 оны 06 дугаар сарын 17, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолуудыг бүгд үндэслэлгүй гэж үзэж байна. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/118 дугаартай яллах дүгнэлтийг ч гэсэн би үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 5.3-т заасныг зөрчсөн, яллах дүгнэлтийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Хэрэгт холбогдогч нараас хэд хэдэн удаа мэдүүлэг авсан. ... Гэтэл энэ нотлох баримтууд нь нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасныг зөрчсөн.

...Н 2020 оны 11 дүгээр сарын үед Э-ийнд өөрийн адууг оторлож ирээд 10-аад хоног харж байгаад өөрийн ахынд очоод ирнэ гэж явахдаа 2-3 хоног явсан байдаг. Энэ хооронд Э, Б гэдэг хүмүүстэй уулзаагүй. Үгсэн тохиролцсон хэлбэр байхгүй. Ингээд 2-3 хоног яваад ирэхдээ 23 тооны адууг Э-ийн гэрт тууж ирсэн. Тууж ирэх үйл ажиллагаанд Э болон Б нар үйлдлээрээ нэгдсэн, үйлдэл хийсэн зүйл байхгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийг хэн үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг прокурор болон шүүхийн зүгээс хийж чадаагүй гэж үзэж байна. Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар мөн дүгнэлт хийж чадаагүй.

...Хулгайн гэмт хэргийг Н гэдэг хүн ганцаараа үйлдсэн. Э-ийн гадаа 23 тооны адууг авчраад өөрийнхөө адуутай нийлүүлээд маллаж эхэлснээр хулгайн гэмт хэрэг төгссөн. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Захиран зарцуулах эрх Н-т үүссэнээрээ энэ гэмт хэрэг төгссөн.

... Н мотоцикл ашиглан 23 тооны адууг хөөж ирснээс хойш 10 тооны адууг зарж борлуулах буюу хулгайн гэмт хэргийн хууль бус эх сурвалжийг нуун далдлах зорилгоор 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн зүйлчлэлүүдийг зөв ялгаж салгахгүйгээр анхан шатны шүүхээс шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. ... Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцохдоо прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1.3, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг заавал журамлах шаардлагагүй гэсэн дүгнэлт бол зөв зүйтэй байсан. ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б, Э нарт холбогдох хулгайн гэмт хэргээр тооцож, ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э, С.Ш, Ж.Х нарын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Ц.Н, М.Э, Д.Б, Ц.А, Э.М нарыг  бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын дундуур ***** гэх нэршилтэй газарт бэлчээрлэж байсан хохирогч Б.Гын эзэмшлийн 36,200,000 төгрөгийн үнэ бүхий 23 тооны адууг *** орчимд хулгайлж аваачин 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 24,400,000 төгрөгийн үнэ бүхий 10 тооны адууг алж бусдад худалдан борлуулж, энэ гэмт хэргийг шүүгдэгч Ц.Ныг мотоцикл хэрэглэж буюу машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт  холбогдуулан, шүүгдэгч М.Э, Д.Б, Ц.А, Э.М нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 39.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Д.Б, С.Э, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Ц.Н, Д.Б, С.Э, Ц.А нарт хорих ял оногдуулж, шүүгдэгч Д.Б, С.Э, Ц.А нарт оногдуулсан ялыг 2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байх ба хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон хохирогч Б.Гын мэдүүлэг /1хх26-28, 30-31, 2хх22/, гэрч О.С-н /1хх74-76/, Ч.Б-н /1хх78-79/, Л.М /1хх39-40/, Д.Ц /1хх81-82/, Н.Э /1хх59-60/, Б.О /1хх62-63/, Г.Г /1хх65-66, 2хх60/, М.А /1хх68-69/, Д.Г /1хх71-72/ нарын мэдүүлэг, хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /1хх250, 2хх1-6/ зэрэг нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

3. Прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлаж, гэмт хэрэгт хамтран оролцсон буюу тэднийг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хэргийг зүйлчилсэн, анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэсэнд нийцсэн гэж үзнэ.

 

4. Прокуророос шүүгдэгч Э.Мид холбогдуулан 2022.06.08-ны өдрийн 2140000220234 дугаартай тогтоолоор /2хх64/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2022.06.30-ны өдрийн Б/30 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаар дээрх  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж, улмаар энд зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Н, М.Э, У.А нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Э.М-ийг олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд тэдэнтэй хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй, харин түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж малыг худалдан борлуулсан үнээс 3000000 төгрөгийг авсан гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Тодруулбал шүүгдэгч Э.М нь шүүгдэгч Ц.Н адууг хулгайлж авчраад нядлаад дууссаны дараа зарж борлуулах үйлдэлд дэмжлэг үзүүлсэн байх бөгөөд хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд санаа зорилго нэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, улмаар бусад шүүгдэгч нар хулгайн эд зүйлийг зарж борлуулах зорилгоор түүнийг  дуудаж ирүүлснээр тухайн хэргийн талаар мэдсэн байх ба түүний үйлдэлд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хамжигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Түүнчлэн прокурор гэмт хэрэг гарсан цаг хугацааг яллах дүгнэлтэд 2020 оны 11 дүгээр сарын дундуур гэж, мөн адууг худалдан борлуулсан хугацааг 2020.11.29 гэж дурдаж, шүүгдэгч Э.М-ийг 2022.06.08-ны өдөр яллагдагчаар татсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын дээд хэмжээг 1 жил гэж заасан байх ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М-ид холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт тус тус нийцсэн гэж үзнэ.

 

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Н, Д.Б, С.Э, Ц.А нарт хорих ял оногдуулж, шүүгдэгч Д.Б, С.Э, Ц.А нарт оногдуулсан ялыг 2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байх боловч шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилго, үр нөлөө, шударга ёсны зарчимд нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Н, Д.Б, С.Э нарт оногдуулсан ялыг хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр  хөнгөрүүлж оногдуулж, энэ талаарх  шүүгдэгч Ц.Нын өмгөөлөгч Э.Э, Ж.Х, шүүгдэгч Д.Б, М.Э нарын өмгөөлөгч С.Ш нарын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Учир нь шүүгдэгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүйн гадна шүүгдэгч нар нь анхан шатны шүүхээс тогтоосон гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлбөл зохих төлбөрт шүүгдэгч Ц.Н нь 2022.09.01-ний өдөр 4,850,000 төгрөг /3хх 85/, шүүгдэгч Д.Б 2022.09.13-ны өдөр 2,550,000 төгрөг /3хх 94/, шүүгдэгч М.Э 2022.09.13-ны өдөр 2,350,000 төгрөгийг /3хх 94/ тус тус төлж учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан тэдэнд оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Эт 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Бд 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Нт 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялуудыг 2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Ад анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь “...гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар ...”-т нийцсэн тул түүнд оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчлөх шаардлагагүй гэж үзэв.

 

6. Шүүгдэгч М.Э, Д.Б нарын өмгөөлөгч Ж.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэсэн ба давж заалдах шатны шүүхээс түүний энэхүү саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Н гэмт хэргийг үйлдэх талаар санаачилсан байх боловч шүүгдэгч М.Э, Д.Б нар нь гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 –т заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Мөн шүүгдэгч М.Э, Д.Б нар нь шүүгдэгч Ц.Нын тууж авчирсан адууг хулгайн гэдгийг анхнаасаа мэдэж байсан боловч гэмт хэргийг таслан зогсоох талаар үйлдэл гаргаагүй, хулгайн эд зүйлийг захиран зарцуулах буюу нядлах, зарж борлуулах, тээвэрлэх зэрэг үйлдэлд санаатай нэгдэж оролцсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурор М.Оын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Э, Ж.Х, С.Ш нарын давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Ныг 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Эийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Б, Ц.А нарыг тус бүрийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Ныг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Эийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Аг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

 

5 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Б, Ц.А нарт оногдуулсан тус бүрийн 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.” гэснийг

 

“2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Нт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Ц.Ад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.” гэж тус тус өөрчилж,

 

6 дугаар заалтыг хүчингүй болгож,

 

7 дугаар заалтад “ ... шүүгдэгч Ц.Ныг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг ...” гэж нэмж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор М.Оын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Э, Ж.Х, С.Ш нарын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нын цагдан хоригдсон 61 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Ц.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ