Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 30

 

Э.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2020/00279  дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  Э.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А.А-т хариуцагдах

“2 649 600 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч А.А-ийн давж заалдах гомдлоор 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М, хариуцагч А.А-ийн өмгөөлөгч Н.Энхбат, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

Нэхэмжпэгч Э.М анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: “Миний аав Э нь М.Б, түүний эхнэр А.А нартай гэр бүлийн найзууд бөгөөд эдгээр хүмүүс нь мөнгө өсгөх боломжийн сүлжээ, бэлэн мөнгөний ажил байна. Бид урьд нь мөнгө хийгээд өсгөж авсан гэж аавд хэлээд нөхөр бид хоёрын хашаа газар авахаар хадгалж байсан мөнгийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А.А 5585708511 тоот дансаар бэлнээр 2 649 600 төгрөгийг М би өөрийн биеэр шилжүүлсэн болно.

Үүнээс хойш мөнгө асууж лавлах үед компани түр зогсолт хийсэн, хөрөнгө царцсан гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл ганц ч төгрөг авч чадсангүй.

Ийм учраас хөрөнгө оруулсан мөнгө эргүүлж авья гэж Fc чатаар холбогдсон боловч сүүлийн 4 сард огт хариу өгсөнгүй тул энэ асуудлыг шийдвэрлэж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжпэгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би мөнгө шилжүүлсэн компанийнхаа нэрийг мэдэхгүй. Мөн А.А эгчтэй гэрээ хийгээгүй, манай аав бас энэ хүнтэй гэрээ хийгээгүй. Яг ямар компанид орсон гэдгээ мэдэхгүй. Би 2018 оны 04 сарын 05-ны өдөр шилжүүлсэн. Энэ хүний оруулж өгсөн групп чат байдаг. Тэр групп чатнаас өөр бас нэг групп чат байдаг. Тэр нь дандаа хохирсон хүмүүсийн чат байгаа. Тэд нартай ярилцахад 2017 оны 12 дугаар сард өвлийн зогсолт гээд хийчихсэн, огт мөнгө төгрөг гаргахгүй байсан. Гэтэл 2018 оны 05 дугаар сард мөнгө төгрөг гаргахгүй байхад гаргахгүй байгаа шүү гэж хэлээгүй чамайг яагаад оруулсан юм бэ гэж байсан.

Ер нь би энэ хүнийг гуйж мөнгөө өгөөгүй. Энэ хүн ч надаас гуйж мөнгө аваагүй. Гол нь манай аав энэ хүнтэй яриад надад тийм санал тавьсан. Тэгээд би ямар ч байсан өөрөөсөө тэр мөнгийг явуулсан баримт байгаа. Тийм учраас одоо 2 649 600 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ талаар олон хүмүүс шүүхэд хандаж байгаа юм байна лээ. Дундговь аймагт, Улаанбаатар хотод, энэ групп дээр бүгд байгаа. Шүүх дээр бүгд хамтдаа явъя, олуулаа явбал арай хүчтэй гэсэн. Гэтэл надад энэ компанитай хийсэн гэрээ байхгүй. Онлайнаар холбосон гээд байгаа. Аккаунт руугаа өөрөө орж үзэж чадаагүй. Ахдаа хэлээд А эгч ингэсэн байгаа, та нэг ороод үзээд өгөөч гээд 2-3 удаа орсон. Тэгэхэд өсөж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй байсан. Энэ яаж байгаа юм бол гээд А эгчээс нэг, ахаасаа нэг асуугаад орсон болоод өнгөрсөн. Одоо бол тийшээгээ орохгүй байгаа.

Тэр хүмүүс нь одоо наад компани чинь эргэж босно гэж байхгүй, одоо бид нар албадан шаардлагаар гаргадаг тийм нэг газар байгаа. 10 хувийг нь өгдөг гэж байна. Тэд нартай нэгдээд явах гэж байна, чи нэгдэх үү гэдэг. Нэг бол Улаанбаатар хотоос юм уу Дундговь аймгаас за яаж байна гээд бүр гадаадаас хүртэл над руу чат бичиж байгаа. Чи бид нартай нэгдэж шүүхээр явах уу гэдэг. Тэр хүмүүс бол компанийг шүүхэд өгөх гэж байгаа. Би тэд нартай хамт шүүхээр явах гэхээр надад ганц А эгч рүү явуулсан мөнгөний баримт байгаа. Би гэрээ хийгээгүй, компанийхаа нэрийг мэдэхгүй.

Тийм учраас тэр хүмүүстэй нэгдэж явж чадахгүй болоод А эгчийг энэ баримтаараа л шүүхдэж байгаа. Би чамайг яагаад надаас нэхэмжпээд байгааг ойлгохгүй байна гээд байгаа. Надад А эгчид мөнгө шилжүүлсэн ганц энэ баримт байгаа учраас Аптанцэцэг эгчийг шүүхдэж байгаа. Би ямар ч байсан мөнгөө гаргуулж авна” гэжээ.

Хариуцагч А.А анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие FWAM /five winds asset managment/ компанид 2017 оны 09-р сараас хөрөнгө оруулалт хийгээд мөн тус компаниас 7 хоног бүр ногдол ашиг авч байсан.

2018 оны 04 дүгээр сарын эхээр нэхэмжпэгч М-ийн аав Э /манай нөхрийн нэг ангийн хүүхэд/ өөрөө манайд ирж “мөнгө өсгөдөг сүлжээнд орсон гэж хүнээс сонслоо, та хоёр надад яагаад хэлээгүй юм бэ би тэр сүлжээнд чинь орьё, намайг оруулаад өгөөч” гэсэн. Би 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл хөрөнгө оруулалтаа ч нэмсэн, мөн 7 хоног бүр ногдол ашиг гэж ийм мөнгө авч байсан гэдгээ ч хэлсэн. Ингээд тохиролцоод Э Цогтцэций сум руу гэр рүүгээ явж хүүхдүүдтэйгээ зөвшилцсөнөөр 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр миний дансанд 2 649 600 төгрөгийг охин М нь шилжүүлсэн нь үнэн.

Би FWAM компанид тэр өдрийн ханшаар Э дээр 90е, М дээр 810е-ийн багцад хөрөнгө оруулалтыг нь бүртгэж аккаунтыг нь нээж өгсөн. М-д бүгдийг нь тайлбарлаад чатаар зургийг нь явуулж харуулсан. М ч өөрөө аккаунт руугаа яаж нэвтэрч орохыг заалгаад, өөрөө нэвтэрч ороод 7 хоног бүрийнхээ ногдол ашгийг хянаад явж байсан.

2018 оны 05 дугаар сарын эхээр компани вэб сайтаа шинэчлэлт хийх, олон улсын карт гаргах зэрэг ажлууд хийгдэнэ гээд бүх хөрөнгө оруулагчдын иргэний үнэмлэхийг баталгаат орчуулагчаар орчуулуулж аккаунтад нь байршуулаад түүний дараахан удаагүй сайт нь хаагдсан, уоиtиbе-р шинэчлэлт хийгдэж байна, удирдлага солигдож байна, компанийг Хятад улс руу шилжүүлж байна гэсэн мэдээллүүд их гарч байсан.

Одоо бол хамгийн сүүлийн мэдээ 2020 оны 05 дугаар сард сайт нээлтээ хийх мэдээлэл ирж байна. М-ийн хувьд хөрөнгө оруулалт хийснээсээ хойш нэг ч удаа ноогдол ашиг аваагүй байхад нь сайт хаагдаад үйл ажиллагаа зогссон учир бухимдах нь зөв. Гэхдээ энэ компани ганцхан Монголд биш дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг, маш олон хөрөнгө оруулагчтай учир миний хувьд хүлээж л байна. Бүх хөрөнгө оруулагчид бүгд хүлээж байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь:

1. Намайг компанид зуучилж аккаунт нээж өгсөнийг М өөрөө мэдэж байгаа,

2. Өөрсдийн хүсэл сонирхолоор хөрөнгө оруулалтаа хийсэн, би тэднийг ятгаагүй, тулган шаардаагүй,

3. Компанид хөрөнгө оруулалтыг нь холбож, аккаунт нээснийг нь мэдсээр байж хөрөнгө оруулалтын мөнгөө надаас нэхэмжпээд байдаг нь ямар учиртайг ойлгохгүй байна,

4. Энэ компани дампуурлаа зарлаагүй. Хэрэв зарлаад алга боллоо гэхэд “би төлнө” гэж амлалт өгөөгүй гэжээ. Ер нь би өөрөө 2008 оноос эхлээд сүлжээний бизнесээр явж байгаа.Тяньши корпарацийн Өмнөговь дахь салбарыг хариуцаад явдаг.

Хүмүүсээс иргэний үнэмлэхийг нь аваад баталгаат орчуулгаар орчуулаад бүртгэл хийхээр өөрийн гэсэн аккаунт код данс гараад ирдэг юм. Тэрэнд нь холбоод Улаанбаатар хотод байдаг оффис дээрээ баталгаа хийгдээд карт нь гарна гээд одоо мөнгө гарахгүй хүлээгдэж байгаа гэдгийг Э-д өөрт нь хэлсэн.

Тэгсэн чинь хамаагүй, хамаагүй, карт нь гарч ирээд мөнгө нь гарч ирэх юм байгаа биз дээ, намайг холбочих, би наана чинь хэдэн төгрөг хийгээд өсгөе, та нар хэлэхгүй яасан юм бэ гээд өөрөө над руу ярьсан. Тэгэхээр нь үнэхээр та нар мөнгөө наана нь нэхэж зовоохгүй л бол яахав би холбоод өгье гээд холбож өгсөн. Гэхдээ би өмнө хүмүүсийг бүртгээд бүртгэлийг нь хийгээд явж байгаа. Онлайнаар гэрээ хийдэг. Энэ компанид бүртгүүлэхэд 365 хоногийн гэрээ хийгддэг. 365 хоног болчихвол энэ хүний гэрээ дууссан байна гээд автоматаар хасагдаад явдаг ийм хөрөнгө оруулалтын компани байгаа. Гэр бүлээрээ шийдчихээд мөнгөө хүүхдээрээ шилжүүлсэн байх гэж ойлгосон. Тэр үеийн ханшаар 900 евро байгаа. 2 944 төгрөгөөр буюу тэр өдрийн ханшаар нь бодоод эд нарын аккаунтад нь мөнгийг нь еврогоор хөрвүүлж байрлуулсан.

Тэр мөнгийг би өөртөө хэрэглээгүй. Яг энэ хүний хүссэнээр нь л хийсэн. Ер нь бол аав нь хүссэн. М бол яахав мөнгө тушаахыг нь тушаасан.

2017 оны намар би өөрөө энэ компанид элсээд эхлээд 810 өврогоор орсон. Би бол аавтай нь л энэ тооцоог хийнэ үү гэхээс М-ийн хувьд анхнаасаа надтай огт хэлцэл хийгээгүй. Тийм учраас энэ мөнгийг би М-д төлнө гэж байхгүй.

Би өөрт нь аккаунт нээчихсэн байгаа учраас компаниасаа нэхэмжлээд явж болно. Би ч гэсэн одоо зээл хийж хөрөнгө оруулалт хийчихээд хүлээгээд сууж байна” гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2020/00279  дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.А-ээс 2 649 600 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Э.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 344 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-ээс улсын тэмдэгтийн хураамж 57 344 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Э.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн зүгээс 2649600 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 492 дугаар үйлд заасан эрх зүйн харилцаа болох “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг”-н харилцаа гэж үзсэн байна. Талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан, үйл баримтаас үзэхэд тухайн харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа гэж үзэх боломжгүй юм. Учир нь:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 4492.1 хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө, шилжүүлсэн этгээд түүхийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасан.

Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэх шинжийг дурдсан байна.

Үүрэг үүсээгүй гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн тайлбараас үзэхэд талуудын санал нэгдсэн нэг үйл баримт бол нэхэмжлэгчийн зүгээс компанийн нэрийг нь мэдэхгүй гэх боловч өөрийн шилжүүлсэн 2649600 төгрөгийг хариуцагчаар дамжуулан гүйлгээ хийлгэж ашиг олох зорилго агуулж байсан нь илэрхий.

Уг харилцаанд нэхэмжлэгч өөрийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн. Шилжүүлэх зорилго нь “Атлантик глобал Ассет Менежмент” ХК-тай харилцах, түүнд хөрөнгө оруулж 2649600 төгрөгийг урьдчилсан нөхцөлийн дагуу өсгөх зорилготой. Үүнд хариуцагч А.А зөвхөн гүйлгээ хийх үүрэг хүлээж байна. Энэ төрлийн гэрээ, хэлцлийг зайлшгүй бичгээр байгуулах гэх мэт хэлбэрийн шаардлага хуульчлаагүй. Шийдвэрт нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн нь тодорхойгүй, нэхэмжлэг тухайн компанийн нэхэмжлэгч болсон эсэх нь тодорхойгүй гэх дүгнэлт хийсэн.

Талуудын хооронд хийгдсэн хэлцэл, харилцааны онцлогоос шалтгаалан компанийн гишүүн болсон эсэхийг А.А би хувьцаа үнэт цаасны хэлбэрээр нотлох боломж байхгүй. Хариуцагчийн данснаас 2649600 төгрөг “Атлантик глобал Ассет Менежмент” ХК-ийн дансанд шилжсэн эсэх нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үйл баримтыг бүрэн тодруулаагүйгээс үүдсэн алдаа юм.

Аливаа мөнгөн хөрөнгө валют нь төрлийн шинжээр тодорхойлогдохын хувьд хариуцагчийн дансанд орж ирсэн 2649600 төгрөгийг зөвхөн тэр л дүн тоогоороо хайрцагт хадгалсан эд зүйл шиг хадгалж байгаад шилжүүлэх ёстой гэж ойлгох нь өрөөсгөл.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг үзэхэд хоёр иргэний хооронд 2649600 төгрөгийн шаардлага бүхий маргаан үүссэн байна. Гэвч үйл баримтыг том зургаар нь харж дүгнэвэл энэ нь цаанаа Монгол улсад хуулиар хориглосон санхүүгийн пирамид хэлбэрийн залилах гэмт хэргийн сүлжээний хоёр хохирогч гэж хэлж болно. Энэ төрлийн гэмт хэргийн гол шинжүүдийн нэг болох эх үүсвэр тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүндрэлтэй, нэг хохирогчийг нөгөө хохирогчийг хохироохдоо өгөөш болгон ашиглах явдал юм. Хэрвээ энэхүү 279 дугаартай шүүхийн шийдвэр хучин төгөлдөр болбол дээрх гэмт этгээдүүдийн урьдчилан төлөвлөсөн зорилго хэрэгжинэ гэсэн үг.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 279 дугаартай шийдвэрийг, хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч А.А-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад  анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч А.А-т сүлжээний бизнест хөрөнгө оруулахаар шилжүүлсэн 2649600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.А нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, мөнгийг FWAM компанид тэр өдрийн ханшаарЭдээр 90е, М дээр 810е-ийн багцад хөрөнгө оруулалтыг нь бүртгэж аккаунтыг нь нээж шилжүүлсэн, М мөнгийг нь шилжүүлсэн, аав нь хүссэн агуулгаар анхан шатны шүүхэд маргаж, энэ үндэслэлээрээ давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

 Нэхэмжлэгч Э.М-ээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2649600 төгрөгийг хариуцагч А.А-ийн Хаан банкны харилцах дансруу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны орлогын мэдүүлэг гэсэн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр хуудас/

Харин А.А нь уг хүлээн авсан мөнгийг  Энхтайван, М нарын нэрээр FWAM компанид шилжүүлж, гишүүнчлэлээр элсүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, тайлбараа нотолж, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг нь хуульд заасан журмын дагуу хангажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар анхан шатны шүүхийн  маргааны талаар тогтоосон үйл баримт, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн холбогдох хэсгийг тайлбарлан хэрэглэсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч А.А-ээс 2649600 төгрөг гаргуулан Э.М-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт “Давж заалдах болон хяналтын шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно” гэж заасан.  Харин хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзээгүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн хураамжийг буцаан олгохгүйгээр, улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 143/ШШ2020/00279 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.А-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57343/тавин долоон мянга гурван зуун дөчин гурав/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ