Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1309

 

 

 

 

 

 

 

 

 

 

МҮОНРТ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01252 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч МҮОНРТ-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3 000 000 төгрөг, томилолтын зардал 1 670 500 төгрөг, нийт          4 670 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захиалгаар бүтээл туурвих гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу урьдчилгаанд өгсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай. Б.Б- нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр МҮОНРТ-тэй 229 тоот “Захиалгаар бүтээл туурвих гэрээ” байгуулж, “Эрт нахиалсан сарнай” олон ангит уран сайхны кинонд найруулагчаар ажиллаж, МҮОНРТ-эд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тус бүтээлээ хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний 5.1-т заасны дагуу МҮОНРТ- нь Б.Б-д ажлын хөлсөнд нийт 25 000 000 төгрөг төлөхөөр тохирч, ажлын хөлсийг дараах журмаар өгөхөөр заасан. Гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт 3 000 000 төгрөг, МҮОНРТ- зохиолыг баталснаас хойш ажлын 5 хоногт 5 000 000 төгрөг, кино үйлдвэрлэл эхлэх үед 10 000 000 төгрөг, кино үйлдвэрлэл дуусаж, бэлэн болсон киног хүлээн авч, акт үйлдсэнээс хойш ажлын 5 хоногт 7 000 000 төгрөг байхаар тогтоосон. МҮОНРТ- нь гэрээнд заасны дагуу гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор буюу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа 3 000 000 төгрөгөөс холбогдох татварыг суутган 2 700 000 төгрөгийг Б.Б-гийн Төрийн банкны 102200318125 тоот дансанд шилжүүлсэн. Гэвч Б.Б- нь гэрээний дагуу хийгдэх ёстой ажлаас ямар ч ажлыг хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бид гэрээнээс татгалзаж, Б.Б-гаас гэрээт ажлын төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймээс МҮОНРТ- нь хариуцагч Б.Б-гаас тус 2 700 000 төгрөг болон түүнд хамаарах татварт төлсөн 300 000 төгрөг буюу нийт 3 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Бид гэрээний 6.2-т заасны дагуу торгуулийг нэхэмжлээгүй болохыг дурдав. Мөн Б.Б- нь МҮОНРТ-ийн уран сайхны удирдаачаар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд ОХУ-ын Москва болон Санкт Петербург хотуудад томилолтоор явж, тухайн хотуудад байрлах Монгол Улсын түүхтэй холбоотой түүхэн эд зүйлийн тухай баримтат кино бэлтгэхээр ажилласан. Ийнхүү томилолтоор ажиллахдаа МҮОНРТ-ээс томилолтын зардалд 5 784 050 төгрөгийг авсан ба томилолтоос ирснээс хойш 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр томилолтын тайланг бичиж, тайлангийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр МҮОНРТ-ийн нягтлан бодогчтой тооцоо нийлсэн. Тооцоо нийлэхэд томилолтын зардлын гүйцэтгэл 4 113 500 төгрөг болж, харин зөрүү 1 670 500 төгрөг гарсан. Энэхүү томилолтын зардлын зөрүүг Б.Б- нь МҮОНРТ-эд буцаан олгоогүй байна. Б.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр МҮОНРТ-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож, ажлаас чөлөөлөгдсөн. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын 2015 оны 319 дүгээр тушаалаар батлагдсан “Ажилтнуудын гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах журам”-ын 5.2-т заасны дагуу санхүүгийн баримт бүрдүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүй тул томилолтын зардлын зөрүү 1 670 500 төгрөгийг, мөн гэрээний урьдчилгаа төлбөр болгон авсан 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Найруулагч Б.Б- нь МҮОНРТ-тэй 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Захиалгаар бүтээл туурвих гэрээ”-г байгуулж, “Эрт нахиалсан сарнай” олон ангит кинонд найруулагчаар ажиллахаар тохиролцсон. Гэвч бодит байдал дээр тухайн үеийн МҮОНРТ-ийн удирдлага энэхүү олон ангит кинонд найруулагчаар ажиллах санал, даалгаврын гэрээг байгуулагдахаас өмнө буюу 2015 оны сүүлээр найруулагч Б.Б-д өгч, тухайн киноны зохиол дээр 2016 оны 02 дугаар сараас эхлэн ажилласан. Энэхүү ажил нь ажлын байрны тодорхойлолтод байхгүй, албан үүргээс гадуур ажил гэдгийг дурдах нь зүйтэй. Кино найруулагчийн ажил нь тухайн бүтээл олны хүртээл болох хүртэл нууцын өндөр зэрэглэлтэй хийгддэг бөгөөд эх зохиолыг бүтээл болгохын тулд зохиолд олон засвар, өөрчлөлт оруулах, найруулга нэмэх, кино сценүүдийг урьдчилан хар зургаар цаасанд буулгаж, найруулагчийн зохиол, төлөвлөгөө /раскадровк/ гаргах зэрэг цаг, мөнгөөр хэмжигдэхгүй оюуны их хөдөлмөр шаарддаг ажил юм. “Эрт нахиалсан сарнай” олон ангит киноны найруулгад Б.Б-гийн олон шөнийн нойр, хоолгүй ажилласан хөдөлмөр шингэсэн. Тухайлбал, кино зохиол бичсэн зохиолчтой уулзах, найруулагчийн заавар зөвлөгөөний дагуу зохиолд оруулсан засваруудаа хянуулахаар найруулагчид явуулсан олон и-мэйлүүд нотлохоос гадна киноны сценүүдийг хар зурганд буулгасан олон хуудас гар зургууд нотлох юм. Түүнчлэн “Эрт нахиалсан сарнай” олон ангит киноны зохиолч, раскадровк зураач нарыг гэрчээр оролцуулж, найруулагчийн тухайн үед хийсэн хөдөлмөрийг гэрчлэх бүрэн боломжтой. Б.Б- нь нийт 30 гаруй кино, 20 гаруй нэвтрүүлэг найруулж, эдгээр нь бүгд үзэгчдийн хүртээл болж, өндөр үнэлгээ авсан. Нэг баримтат кино найруулах гэрээний үнийн дүн хамгийн багадаа 20-30 сая төгрөг байдаг. Б.Б- найруулагч нь тухайн киноны найруулга дээр ажиллаж байх хугацаандаа захиалагч талын “санхүүжилт орж ирэхгүй байна, санхүүжилт орж ирмэгц төлбөрийг төлнө” гэх шалтгааныг ойлгон хүлээн авч, 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл аливаа төлбөргүйгээр ажиллаж байсан ба 2016 оны 6 дугаар сард “Багахан хэмжээний санхүүжилт орж ирсэн тул ядаж урьдчилгаа болгон 3 000 000 төгрөгийг өгье” гэж тохиролцоод хэлцлээ баталгаажуулан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулснаар 6 сар ажилласны эцэст урьдчилгаа нэртэй 3 000 000 төгрөг авсан. Үүний дараа 2016 оны 9 дүгээр сар хүртэл уг төсөл дээр ажилласан ба “Дахин санхүүжилт орж ирэхгүй бололтой, цаг багатай, үнэтэй найруулагчийг төлбөргүй ажиллуулахаас санаа зовж байна” гээд захиалагч болон найруулагч харилцан тохиролцож, гэрээг цуцалсан. Захиалагчийн гэрээг цуцалсан үйлдэл нь дараагийн найруулагчийг томилсон үйлдэл болон өнөөдрийг хүртэл тус гэрээтэй холбоотой аливаа маргаан аль ч талаас гаргаагүй байгаагаар нотлогдоно. Харин гэрээний дагуу шилжүүлсэн хөлс нь найруулагчийн хийсэн бодит ажилтай харьцуулахад маш бага төлбөр бөгөөд хийсэн бодит ажилдаа тохирсон хөлсийг МҮОНРТ-ээс нэхэмжлэх боломжтой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон А.Сарантуяа, А.Амарсайхан нарын мэдүүлгээр МҮОНРТ- нь гэрээг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан ба үүнээс хойш гэрээний урьдчилгаа шаардах эрхтэй байсан боловч уг эрхээ захиалагч алдсан тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.1-т заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Б.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба энэ хугацаанд түүнээс томилолтын зардлыг нэхэмжлэн гаргуулж авах эрхээ алдсан. Хэрэв МҮОНРТ-эд ажиллаж байх хугацаанд ямар нэгэн томилолтын зардлын өр, төлбөр үүссэн бол цалингаас нь суутгал хийх байдлаар бүрэн барагдуулан авах боломжтой байсан. Гэтэл үйл явдал болсноос хойш 4 жилийн дараа энэ мэтчилэн зохиомол хэрэг үүсгэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-д холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3 000 000 төгрөг, томилолтын зардал 1 270 550 төгрөг, нийт 4 270 550 /дөрвөн сая хоёр зуун далан мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч МҮОНРТ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар МҮОНРТ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 678 /наян есөн мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үнэлэхгүйгээр зөвхөн гэрч А.Амарсайханы мэдүүлэг болон и-мэйлд үндэслэн талуудын хооронд байгуулсан “Захиалгаар бүтээл туурвих гэрээ”-г 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цуцалсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Гэрээний 4.5-д “Захиалагч дараах тохиолдолд найруулагчид олгосон урьдчилгаа төлбөр болон захиалгат ажлын гүйцэтгэлийг тооцож, гэрээний дүгнэлтэд үндэслэн төлбөр тооцоог барагдуулж гэрээг цуцлах эрхтэй”, 4.5.1-д “Гэрээний 2.4-д заасан хугацаанд зохиол өгөөгүй... ” бол гэсэн үндэслэлээр захиалагч гэрээг цуцлах эрхтэй талаар тодорхой заасан. Гэрээний 2.4-т “Найруулагчийн зохиолыг захыалагчыд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хожимдуулахгүйгээр 3 хувь өгнө” гэсэн заасан. Уг гэрээ нь 2016 он 9 дүгээр сарын 15-ны өдөр цуцлагдаж нэхэмжлэгчийн шаардах эрх мөн өдрөөс эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2019/13243 дугаартай захирамжид Б.Б-гийн эсрэг нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан тухай биш харин 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн тухай дурдсан. Өөрөөр хэлбэл, МҮОНРТ- нь Б.Б-гийн эсрэг нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/03249 дугаартай шийдвэрээр нотлогдоно. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс Б.Б-тай холбогдуулан гомдлын шаардлага гаргах хугацаа 2016 он 9 дүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусах байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Тус шүүхээс хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 101/Ш32019/13243 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамж гаргасан боловч нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6 дахь хэсгийн дагуу анхны шаардлага гаргасан өдрөөс буюу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Хэрэгт авагдсан “Мөнгө урьдчилгааны тайлан”-аас Б.Б- нь томилолтын зардлын тооцоог МҮОНРТ-тэй 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хийсэн бөгөөд томилолтын зардлын 5 784 050 төгрөгөөс 4 113 500 төгрөгт ногдох баримтыг санхүүд хүлээлгэн өгч 1 670 550 төгрөгийг дутуу төлсөн нь нотлогдоно. Дээрх нотлох баримтаас харахад МҮОНРТ-ийн эрх зөрчигдсөн өдрийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэж үзэх үндэслэлтэй. Б.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 3 cap болоогүй байхад ажлаас гарсан тул Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Б.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас гарснаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул томилолтын зардлын үлдэгдэл 1 270 550 төгрөгийг Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно. Дээрх үндэслэлүүдээр Б.Б-гаас 4 270 550 төгрөг гаргуулах МҮОНРТ-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч МҮОНРТ-ээс хариуцагч Б.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 3 000 000 төгрөг, томилолтын зардал 1 670 500 төгрөг, нийт 4 670 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 229 дугаартай “Захиалгаар бүтээл туурвих гэрээ”-гээр хариуцагч Б.Б- нь захиалагчийн хүсэлтийн дагуу бичигдсэн залуусын хүмүүжил, төлөвшилд тулгамдаж байгаа асуудал, залуусын амьдрах ухааны боловсрол, харилцааны соёл, нөхөрлөл, нийгмийн ухамсар хариуцлагын сэдэвтэй “Эрт нахиалсан сарнай” нэртэй бүрэн хэмжээний 30 ангит уран сайхны киноны эх зохиолыг баримтлан кино үйлдвэрлэлийн технологийн үе шатлалын дагуу ажиллаж, киноны эх зохиолыг найруулагчийн зохиол, төлөвлөгөө, раскадровкийг гарган, киног өндөр түвшинд найруулан туурвиж, МҮОНРТ-эд эх хувиар нь хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний дагуу найруулагчид нийт 25 000 000 төгрөгийн ажлын хөлсийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт 3 000 000 төгрөг, захиалагч найруулагчийн зохиолыг баталснаас хойш ажлын 5 хоногт 5 000 000 төгрөг, кино үйлдвэрлэл эхлэх үед 10 000 000 төгрөг, кино үйлдвэрлэл дуусаж, бэлэн болсон киног хүлээн авч, акт үйлдсэнээс хойш ажлын 5 хоногт 7 000 000 төгрөг тус тус олгохоор харилцан тохиролцжээ. /хх8-11/

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Захиалгаар бүтээл туурвих гэрээ”-г 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цуцлагдсан гэж үзэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч МҮОНРТ- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2019/13243 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон баримт хэрэгт авагджээ. /хх67-69/

 

            Дээрх захирамжид нэхэмжлэлийг шүүх 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан талаар тусгагдсан байх ба хариуцагч хаягтаа байгаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдалд хамаарах эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.  

 

            Түүнчлэн хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээнээс татгалзаж, өгсөн, авсан зүйлээ буцаахаар шаардлага гаргасан гэх боловч хариуцагч нь урьдчилгаагаар олгосон хөлсний хэмжээнд дүйцэхүйц ажлыг хийсэн, 3 000 000 төгрөг нь гэрээг цуцлах хүртэл хийсэн ажлын хөлсөнд тооцогдоно гэж маргадаг.

 

            Гэрч А.Амарсайханы “...хамгийн сүүлд Б.Б- найруулагч руу би 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн и-мэйл байна. Хэрэгт авагдсан и-мэйлийг би явуулж байсан нь үнэн. Үүнээс хойш Мягмар гэдэг найруулагчийг томилсон” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан А.Амарсайханаас Б.Б-д 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн “6-10 дугаар ангийн зохиолууд илгээлээ” гэх и-мэйл зэргээс үзвэл захиалагч нь гэрээг цуцалж, дараагийн найруулагчтай шинээр гэрээ байгуулсан уу, Б.Б-гийн гэрээг цуцлах хүртэлх хугацаанд хийсэн ажлын хэмжээ, түүнд тохирох хөлс хэдэн төгрөг болох буюу уг ажлыг дараагийн найруулагч үргэлжлүүлсэн эсэх үйл баримтыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

            Тодруулбал, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлох, энэ нь урьдчилгаанд төлсөн хөлсний хэмжээнд тохирсон эсэхэд болон талуудын тайлбар, татгалзал үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/01252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 279 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХТӨР

 

                                           ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ