| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2017/0006/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/06 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, орчуулагч А.Анаргүл, шүүгдэгч Б.Уатхан, Б.Майнбаяр, Т.Аятахан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Уатхан, Б.Майнбаяр, Т.Аятахан нарт холбогдох эрүүгийн 1736000000057 дугаартай, 178/2018/002/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 42 настай,эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Узбек овогт Турдааханы Аятахан,
2.Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 17-39 тоотод оршин суух, Ноён овогт Буянхишигийн Майнбаяр,
3.Монгол улсын иргэн,1985 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, Молхы гайп овогт Билайн Уатхан
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Уатхан, Б.Майнбаяр, Т.Аятахан нар нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чайна Хуанши” ХХК-ний хашаан дотроос машин механизм ашиглан том оврын ачааны автомашины 1 ширхэг дугуйг хулгайлж, 680000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Батхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: би баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам тавьж байгаа “Чайна хуанши” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилладаг.2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө манай захирлын туслах над руу утасдаад урьд шөнө манай байгууллагын хашаанаас ачааны автомашины 1 ширхэг дугуй хулгайд алдагдсан байна гэхээр нь цагдаад хандсан.Тухайн дугуйг манай байгууллагад буцаагаад аваачаад өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх-32-р хуудас/
Гэрч Л.Дашдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 04.40 цагийн үед харуулын цэгээ шалгаад эд зүйлээ бүртгэчихээд 05.30 цагийн үед дахин бүртгэхэд том машины нэг ширхэг шинэ дугуй алга болсон байсан гэжээ. /хх 33-р хуудас/
Гэрч Л.Зоригтбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Маяти маркийн 44-41 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 жилийн өмнө Бибиш гэдэг хүнээс худалдаж аваад өнгөрсөн намар Б.Уатханд зарсан.Энэ машин намайг авахад бичиг баримтгүй байсан. Эвдэрсэн машин янзлаад сэлбэж босгосон гэсэн гэжээ./хх-34-р хуудас/
Шүүгдэгч Б.Майнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манайд Т.Аятахан ирээд миний машин Эрдэнэбүрэн сумын Хонгио гэх газар зам тавьж байгаа компаний хашаанд эвдэрчихлээ янзлаад өгөөч гэсэн.Тэгээд маргааш нь Хонгио гэх газар зам тавьж байгаа компаний хашаанд ирж Т.Аятаханы машиныг янзалсан. Оройхон Хонгиогийн гуанз орж хоол идчихээд хэдэн шил архи уугаад буцаж компаний хашаанд ирж кемп рүү Т.Аятаханыг буулгаад Б.Уатхан бид хоёр бас араас нь дагаж орсон.Тэгээд Т.Аятаханы амардаг байр луу явж байтал замд том оврын автомашины хийтэй дугуй байсныг хараад Б.Уатхан “ авчих уу” гэхэд Т.Аятахан “ ав, ав “ гэсэн. Тэгээд бид хоёр тэр дугуйг түрж гараад Т.Аятахан байр луугаа амрахаар явсан. Уг дугуйг Б.Уатханы Маяти маркийн 44-41 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж аймаг руу орж ирсэн гэжээ. /хх 52-53-р хуудас/
Шүүгдэгч Б.Уатхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Т.Аятахан манайд ирээд Эрдэнэбүрэн сумын Хонгио гэх газар байгаа замын компаний хашаанд миний машин эдвэрчихлээ засаад өгөөч гэсэн. Маргааш нь би Б.Майнбаяртай хамт Эрдэнэбүрэн сумын Хонгио гэх газарт зам тавьж байгаа компаний хашаанд очиж машиныг нь янзалж дуусаад Хонгиогийн гуанзанд очиж хоол идсэн.Тэгээд буцах замдаа Т.Аятаханыг буулгахаар кемп дээр ирсэн. Т.Аятахан нэлээд согтуу байсан болохоор Б.Майнбаяр бид хоёр оруулж өгөхөөр хамт орсон. Тэгээд явж байтал замд том оврын автомашины нэг шинэ дугуйг хийлээд юм түшүүлээд тавьчихсан байсан. Тэгтэл Т.Аятахан та нарт энэ дугуй хэрэгтэй бол ав гэсэн. Тэгээд бид хоёр уг дугуйг түрж авч гараад миний машинд ачиж аймаг оруулсан.2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө Т.Аятахан ирээд дугуй хулгайлж авсныг цагдаа мэдсэн байна гээд нөгөө дугуйг манайхаас авч яваад компанидаа өгсөн гэжээ. /хх 54-55-р хуудас/
Шүүгдэгч Т.Аятахан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би баруун бүсийн босоо тэнхлэгийн зам тавьж байгаа Чайна хуаншин ХХК-д өөрийнхөө микро автобусыг түрээлсэлж өөрөө жолоочоор нь ажилладаг. Миний машины мотор эвдэрчихээд би аймаг орж Б.Майнбаярыг “миний машиныг засаад өгөөч”гэж гуйсан. 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.Майнбаяр, Б.Уатханыг дагуулж ирсэн.Бид гурав машинаа янзалж дуусаад орой нь Хонгиогийн гуанз орж хоол идээд хэдэн шил архи уусан.Тэр хоёр намайг хүргэж ирээд бид гурав компаний хашаанд ороход замд нэг хийлчихсэн ачааны автомашины дугуй байсныг Б.Уатхан хараад “ авчих уу” гэхээр нь би “тэг тэг” гээд хэлчихсэн байсан. Тэгээд тэр хоёр уг дугуйг хашаанаас түрж гаргаад аваад явсан байсан, би шууд ороод амарсан. Би уг дугуйг Б.Уатханаас авчраад компаний харуулд буцаагаад өгсөн гэжээ. /хх-56-57-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-20-р хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-43-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Б.Уатхан, Б.Майнбаяр, Т.Аятахан нар нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чайна Хуанши” ХХК-ний хашаан дотроос машин механизм ашиглан том оврын ачааны автомашины 1 ширхэг дугуйг хулгайлж, 680000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч “Чайна хуанши” ХХК-ний хуулийн зөвлөх Д.Батхуягийн мэдүүлэг, гэрч Л.Дашдорж, Л.Зоригтбаатар нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Уатхан, Б.Майнбаяр, Т.Аятахан нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ /шөнийн 3-4 цагт/ санаатай нэгдсэнээрээ гэмт хэрэгт хамтран оролцох буюу бүлэглэн гүйцэтгэсэн гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч нар нь “...архи уусан байсан согтуудаа ийм гэмт хэрэг үйлдлээ...” гэдэг хэдий ч Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Иймд шүүгдэгч Б.Уатхан, Б.Майнбаяр, Т.Аятахан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Уатхан, Б.Майнбаяр, Т.Аятахан нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-62-64-р/ тус тус тогтоогдож байгаа ч гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нар нь хохирол төлбөргүй болох нь хохирогч Д.Батхуягийн “ хулгайлагдсан дугуйг би буцаан авсан тул манай компани хохиролгүй болсон” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Уатханы эзэмшлийн 44-41 улсын дугаартай Маяти маркийн автомашин битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/39 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Узбек овогт Турдааханы Аятахан, Ноён овогт Буянхишигийн Майнбаяр, Молхы гайп овогт Билайн Уатхан нарыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Узбек овогт Турдааханы Аятахан, Ноён овогт Буянхишигийн Майнбаяр, Молхы гайп овогт Билайн Уатхан нарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аятахан, Б.Уатхан, Б.Майнбаяр нарт оногдуулсан 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.8 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уатханы эзэмшлийн 44-41 улсын дугаартай Маяти маркийн автомашин битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/39 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Т.Аятахан, Б.Уатхан,Б.Майнбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС