| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 2219000000095 |
| Дугаар | 2022/ДШМ/42 |
| Огноо | 2022-10-24 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | М.О |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2022/ДШМ/42
А.Эод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: М.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор М.Оын эсэргүүцлээр шүүгдэгч А.Эод холбогдох 2219000000095 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **** овогт А.Э *********** гэх газарт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Боос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн прокуророос шүүгдэгч А.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
Шүүгдэгч Хутаг уул овгийн А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эод оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тооцож, жолоочийн үнэмлэхийг хурааж, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн газрын лицензийн төвд хүргүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр заазуур 1 ширхэг, CANTI нэртэй дарсны шил 1 ширхэг, MERLOT нэртэй дарсны шил 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон 2 метр 60 см урттай бент 1 ширхэг, хөх өнгийн даавуун пудволк 1 ширхэг, ноосон цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор М.О эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч А.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзлээ. А.Э нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******гэх газарт хохирогч Ж.Оын биед заазуураар хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Гэтэл шүүх А.Эод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага, нэмэгдэл ялд байхгүй буюу Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялыг хэрэглэсэн.... Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийг хууль тогтоогчоос тайлбарлахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол гэдэг гэмт хэргийн шинжийг тодорхойлж хуульчилсан.
Хэргийн үйл баримтын тухайд Э нь 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө гэртээ ахуйн хүрээнд архидан согтуурч байхдаа хүний эрүүл мэндэд заазуураар хүнд хохирол учруулсан байдаг. Энэ гэмт хэргийг шүүхээс болгоомжгүй гэмт хэрэг гэж зүйлчилсэн дээр бол прокурорын зүгээс маргаагүй. Харин зөвхөн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй.
... Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхээс Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Ингэж оногдуулахдаа энэ зүйлчлэлд заасан эрх хасах ял дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж шийдвэрлэсэн.
Тэгэхээр Э ямар эрхтэй юм бэ гээд судлаад үзэхээр эмчлэх эрх алга, төрийн албанд ажиллах эрх алга, өөр бусад эрх алга. Ганцхан лиценз нь жолоодох эрх байдаг. Энэ зүйл заалт эрх хасах гэдэг нэмэгдэл ялтай учраас Э тухайн өдөр үйлдсэн үйлдлийнхээ улмаас өөрийнхөө ганц эзэмшиж байгаа жолоодох эрхээ хасуулж байна гэж ойлгосны үндсэн дээрээс шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс энийг хүлээн зөвшөөрсөн.
... Харин прокурорын эсэргүүцлийн агуулгыг харвал энэ жолоодох эрх гэдэг нь зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбоотой эрх хасах ял, үүнийг өөр хэрэг дээр хэрэглэх ёсгүй гэдэг байдлаар хандаж байх шиг байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл дээр ямар нэгэн эрхийг нь хасахаар заасан байгаа. Жишээлбэл, эмчлэх эрх, төрийн албанд томилогдох эрх гэх мэт. Эын одоогоор эзэмшиж байгаа ганц эрх нь л жолоодох эрх. Энэ эрхийг нь л хасаж байгаа. Э тухайн өдөр хийсэн үйлдлийнхээ улмаас ганц эзэмшиж байгаа жолоодох эрхээ хасуулж байгаа нь гэм бурууд нь тохирсон шийтгэл болжээ гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Прокурор зүйлчлэл дээр ямар нэгэн байдлаар маргаагүй, эрх хасах нэмэгдэл ял дээр нь эсэргүүцэл бичиж байгаа... Э тухайн өдөр хийсэн үйлдлийнхээ улмаас ганц эзэмшиж байгаа жолоодох эрхээ хасуулж байгаа тул прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
1. Дорноговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч С.Боос шүүгдэгч А.Эод холбогдох согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед ******* гэх газарт өөрийн гэртээ ахуйн хэрэглээний заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Ж.Оын нуруун тус газарт хүнд гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
2. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч А.Эод холбогдох хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байх ба хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж зохицуулжээ.
Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд болох хохирогч Ж.Оын мэдүүлэг /1хх 11-12/, гэрч Б.Бын мэдүүлэг/1хх 7-8/, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч А.Эыг өөр бусадтай маргалдаж байх үедээ ахуйн хэрэглээний заазуурыг авч далайх явцад хохирогч түүнийг тэвэрч авснаас нуруун тус газар нь хутгатай гараараа цохисны улмаас хохирогчид цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралт, нурууны шарх, зүүн 10 дугаар хавирганы хугарал гэмтлүүд учрахад хүргэж, уг үйлдлээс гарах үр дагаварт хайхрамжгүй хандсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасныг зөв хэрэглэсэн гэж үзэв.
Шүүгдэгч А.Эод холбогдох хэрэгт хохирогч Ж.Оын биед учирсан гэмтлийн талаар нийт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарч ...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02/0129 дугаар /1хх 78-79/, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 551 дугаартай /1хх 176-178/ шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/0147 дугаар /1хх 107-108/, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 668 дугаартай /2хх 25-28/ шинжээчийн дүгнэлтээр хүнд зэргийн гэмтэл учирсан гэж тогтоосон байх боловч анхан шатны шүүх 02/0147, 668 дугаартай шинжээчийн дүгнэлт болон гэрч Х.Э /1хх 97, 104-105/, Д.Г /1хх 101-102/ нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч А.Эыг хохирогч Ж.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
3. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 –т заасан эрх хасах ялын зорилгод нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т 2 жил хүртэл хугацаагаар эрх хасах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулахаар заасан боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчид тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, тохироогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг хасахаар заасан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй...” гэсэн гэмт хэргийн шинжид илүү хамааралтай байж болох боловч тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах тул энэхүү хуульд нийцүүлэн нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг оногдуулах нь зүйтэй.
Иймд прокурор М.Оын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоод өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1,1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж...” гэснийг,
“нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор М.Оын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
А.БАТЧИМЭГ