Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2023/0052/З |
Дугаар | 125/ШШ2024/0006 |
Огноо | 2024-01-17 |
Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 125/ШШ2024/0006
2024 01 17 125/ШШ2024/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн А/410 дугаартай захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Мон Лун хөгжил” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/179 дугаар захирамжаар Ховд аймгийн Баатархайрхан баг Шинэ суурьшлын бүсэд амины орон сууцны хороолол барих зориулалттай 29.2 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон, Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/358 дугаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар Баатархайрхан багт байрлах Шинэ суурьшлын бүсэд амины орон сууцны хороолол барих зориулалттай ******* нэгж талбарын дугаар бүхий 29.2 га газраас 15 га газрыг ******* ХХК-нд, үлдсэн 14.2 га газрыг хүчингүй болгон газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан, 15 га газрыг 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтаар олгож ******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ байгуулсан.
1.2. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээ “*******” ХХК-ны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2015 онд “Мон Лун хөгжил” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ховд аймагт шинэ суурьшлын бүс барих, сонгон шалгаруулалт зарлаж өөрийн хөрөнгөөр уг газарт инженерийн шугам сүлжээ барилга барих шалгаруулалтад орж 29,9 га газрыг сонгон шалгаруулалтаар авч байсан. Манай компани нь 2015 оноос хойш газрын төлбөрт нийт 19,280,000 төгрөгийн татварыг Ховд аймгийн газрын албанд төлж байсан.
Дансаар газрын төлбөрөө хийдэг байх үед цаг тухайд нь хийдэг байсан. 2019 онд Газрын төлбөрийн хуульд өөрчлөлт орж тухайн газрын төлбөрийн нэхэмжлэл нь заавал системээр үүсэж төлбөр төлдөг болсон. Манай компанийн хувьд Хятадын хөрөнгө оруулалттай компани учраас төлбөрийн даалгавар нь үүсдэггүй юм шиг байна лээ. Миний хувьд газрын алба дээр өөрийн компанийн эзэмшиж байгаа газрын төлбөрийг төлөх гээд очтол танай компанийн нэр дээр төлбөр үүсээгүй байна. Төлбөр үүссэн үед нь мэдэгдэнэ гэж хэлж байсан. Манай компани нь өмнө нь цаг тухайд нь газрын төлбөрөө төлөөд явдаг байсан гэв.
2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/58 тоот захирамжаар газрын хэмжээ талбайг багасгаж 15 га газар болгож, газрын зориулалтыг 9 давхар ба түүнээс дээш барилга барих гэж өөрчилсөн. Тиймд өмнө гаргаж байсан барилгын зургийг шинэчлэх шаардлагатай болсон.
2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-тай гэрээ байгуулсан. Мөн талбайн инженер геологийн судалгааг ******* ХХК-иар, Барилгынхаа зураг төслийг ХХК-иар, 2021 онд гадна төв дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээгээ татах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2019 оноос хойш Корона вирус гарсны улмаас манай ажил зогссон үүний улмаас манай компани ажил хийж чадалгүй байж байгаад 2021 онд цахилгааны 380-ын дэд станцыг ашиглалтад оруулж, комисс хүлээн авсан. Мөн 2022 оны ХХК-тай барилгын эскиз зураг гаргуулах гэрээ байгуулж, зургийг гаргуулсан. “Вивид Идеа” ХХК нь тус зургийг 2022 онд хийх гүйцэтгэх гэрээтэй байсан боловч 2023 оны 05 сард бэлэн болгож бидэнд хүлээлгэн өгсөн. Ингээд тус зургийг Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулах гэж байтал манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тул Барилгын хөгжлийн төвд өгөлгүй хүлээж байгаа. “Вивид Идеа” ХХК-наар 115,603,600 төгрөгөөр зураг гаргуулсан гэв.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлая.
Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамж нь хуульд нийцэж хуульд үндэслэж гарсан. Тухайн захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй”, мөн хуулийн 40.1.6 дах хэсэгт “тухайн газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэх заалтуудыг үндэслэн “*******” ХХК-нийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Нэгдүгээрт: Анх Газрын харилцаа барилга хот, байгуулалтын газраас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны гэрээ дүгнэсэн акт гарсан байдаг. Уг актын дүгнэлт хэсэг дээр “ газраа зориулалтын дагуу ашиглаагүй, ямар нэгэн байдлаар хамгаалалтын хашаа татаагүй, орон сууц баригдаагүй, газрын төлбөр төлөгдөөгүй гэх дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр “*******” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг нь тогтоогдож байна.
Хоёрдугаарт: Гэрээ дүгнэсэн акттай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй байгаа. Хэрэв ямар нэгэн байдлаар гэрээг дүгнээд гэрээтэй холбоотой маргаан явагдсан тохиолдолд уг гэрээ дүгнэсэн акт нь хүчин төгөлдөр байгаа шүү дээ.
Гуравдугаарт: Ховд аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын саналыг харгалзан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамж гарсан.
Уг захирамжийг гарахаас өмнө сонсох ажиллагаа явагдсан. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр сонсох ажиллагааг явуулж уг сонсох ажиллагаанд гэдэг хүн оролцсон. Н.Отгонбаяр нь ******* гуайн хүү гэж ойлгосон. Манай зүгээс сонсох ажиллагааг мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж ойлгож байгаа. Сонсох ажиллагаа хийгдсэн, хийгдээгүй талаар нэхэмжлэгч талын зүгээс маргахгүй байх гэж бодож байна. Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсний дагуу тусгасан захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулан авсан.
2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “*******” ХХК-тай газар ашиглах, гэрээ дүгнэх ажлын хэсгийн хуралдаан болсон. Тухайн хуралдаан дээр нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас тухайн эзэмшиж байсан газраас нь хасалт хийж 2019 онд 15 га газар үлдээсэн байдаг. “*******” ХХК-нийн хувьд өмнө нь гэрээний үүргээ биелүүлээгүй асуудал арга хэмжээ явагдаж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Газрын төлбөрийн асуудлын тухайд нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагын буруутай үйлдэл байсан юм гэж ярьж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь тайлбартаа ”*******” ХХК-ийн захирал нь Хятад улсын иргэн байсан учраас татварын албанд бүртгүүлэх боломжгүй байсан гэх зүйл ярьж байна. Тухайн газрын татварын талаар бүртгүүлэх үүрэг нь “*******” ХХК-нд байгаа. Гэтэл татварын албанд гадаадын иргэн учраас төлбөрийн даалгавар үүсгэх боломжгүй гэдэг зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн газрын төлбөр төлөгдөөгүй гэдэг асуудал дээр нэхэмжлэгч маргахгүй байгаа гэж ойлгож байна.Өнөөдрийн байдлаар “*******” ХХК нь газрын төлбөрөө төлсөн үү гэвэл төлөөгүй байгаа. Иймд захиргааны байгууллага юун дээр үндэслэх юм бэ? гэхээр нотлох баримт дээр үндэслэнэ шүү дээ ...
Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд “*******” ХХК нь татвар төлөгдөөгүй байсан. Тухайн өдрөөр газрын төлбөр төлөгдөөгүй байсан учраас захирамж гаргах үндэслэл болж байгаа юм.
Дөрөвдүгээрт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ дурдсан байдаг. Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/358 тоот захирамжаар шинэ суурьшлын бүсэд байрлалтай 15 га газрыг 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц барих зориулалтаар эзэмших эрхтэй болсон гэж.
Өнөөдрийг хүртэл “*******” ХХК-нийн 5 га газар дээр 9 давхар барилга баригдаагүй, суурь байхгүй, уг газрыг хашаалаагүй, цахилгаан дамжуулах нэг трансформатор байрлуулах ажил хийгдээгүй байгаа нь зориулалтын дагуу тухайн газрыг ашиглаж байгаа гэдэг нь тогтоогдохгүй байна.
Дээр нь ажил гүйцэтгэх гэрээ хавтаст хэрэгт авагдсан байна. Уг гэрээнд эрх бүхий албан тушаалтнууд нь гарын үсэг зурж, тамга дараагүй хэрэгт авагдсан байна. Эдгээр баримтуудыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх гэж ойлгож байна. Яагаад гэвэл захиалагч нь гарын үсэг зураагүй, тамга тэмдэг байхгүй учраас нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх гэж бодож байна. Мөн нэхэмжлэгч манай компанийн барилгын зураг байгаа уг зургийг баталгаажуулаагүй байгаа гэж хэлж байна. Зүгээр захын хүн ч гэсэн гараад зураг зурчхаад би ажил хийгээд байгаа шүү гэж хэлэх нэг өөр хэрэг шүү дээ...
Зураг зуруулсан бол тухайн барилгын зураг нь эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн ерөнхий архитектур баталгаажуулж, онцгой байдлын дүгнэлт, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсээр хянагдсан байх ёстой. Дараа нь Барилгын хөгжлийн төв гэдэг газар дээр очсон экспертизээр батлуулснаар уг зураг нь нотлох баримтын шаардлага хангах ёстой. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна. Тийм учраас уг зургийг зуруулсан гэж үзэхгүй. “*******” ХХК-ийн газарт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл байдаг.
Уг тэмдэглэлд 9 давхрын барилга байтугай суурь байхгүй байна. Мөн Техникийн нөхцөлүүд гэдэг зүйл харагдахгүй байна. барилга барих гэж байгаа бол техникийн нөхцөлийн заавал авсан байх шаардлагатай. “*******” ХХК-ийн хувьд зураг нь гараагүй нөхцөл байдалтай байгаа учраас техникийн нөхцөл олгогдохгүй. Мөн тухайн барилга барих гэж байгаа бол дулааны техникийн нөхцөл, цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөл, бохир цэвэр усны техникийн нөхцөл, холбоо дохиоллын техникийн нөхцөл гэх мэт техникийн нөхцөл алга байна шүү дээ. Хэрэгт н.Гантөмөр гэх хүн дүгнэлт гаргасан байдаг. Уг дүгнэлт дээр техникийн нөхцөл олгогдоогүй байсан. Галын байцаагч н.Ганжаргал гэх хүний дүгнэлт гарсан байдаг. уг дүгнэлт дээр тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой гэж тусгасан байсан.
Ийм учраас уг газрыг хүчингүй болгосон нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж ойлгохгүй байгаа. Дээр нь 2019 оны 05 сарын 06-ны өдөр “*******” ХХК-нд 15 га газрыг шинэчлэн олгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд ямар ч ажил хийгээгүй. “*******” ХХК-ийн зүгээс 2019, 2020 онуудад ковид гарсан учраас ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадаагүй гэж байна. Гэтэл 2021, 2022, 2023 онуудад яагаад ажлаа хийгээгүй юм бэ? ер нь төрийн байгууллага аль болох аж ахуйн нэгжүүдийг дэмждэг, дарамталсан зүйл байхгүй. Хангалттай хугацааг өгсөн гэж үзэж байна. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн А/410 дугаартай захирамжийг өөрийн эрх мэдлийн хүрээнд хуульд нийцүүлж гаргасан. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь дэмжиж байна. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжид “*******” ХХК-ийн эзэмшлийн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудаар хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэгдүгээрт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “газрын төлбөрийн хугацаанд нь төлөөгүй гэх” үндэслэлээр хүчингүй болгосны үндэслэлгүй байна.
Учир нь “*******” ХХК-ийн захирлын хувьд гадаадын иргэн байгаа. Мөн *******гийн хувьд тухайн хүний өмнөөс ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй. Гадаадын иргэн Су Ху жун гэдэг хүний хувьд “*******” ХХК-ийн 85%-ийг эзэмшдэг. 2019 оноос хойш цар тахал гарсантай холбогдуулан Монгол улсад ирээгүй. “*******” ХХК-ийн хувьд тухайн газрыг эзэмших болсон цагаасаа газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан.
Үүнд Газрын төлбөр төлөлтийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан газрын төлбөр төлөгдөөгүй асуудал гарсан. Гэрч М.Батсайханы мэдүүлэгт тодорхой байгаа. Газрын төлбөрийг “*******” ХХК-ийн төлөөгүй асуудал нь өнөөдрийн нөхцөл байдлын хувьд “*******” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа биш. Тухайн Газрын албанаас нэхэмжлэл үүсгээгүй тохиолдолд “*******” ХХК төлөх боломжгүй гэдгийг гэрч хэлсэн байдаг. Газрын харилцаа хот байгуулалтын газраас нэхэмжлэл үүсгээд татварын албаны татварын систем рүү шилжүүлдэг. Шилжүүлсэн тохиолдолд татварын хэлтэс татвар төлөлтийн асуудлыг хариуцдаг. Газрын төлбөрийн ногдуулалт хийгдээгүй тохиолдолд “*******” ХХК газрын төлбөр төлөх боломжгүй.
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т зааснаар Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” заасны дагуу Газрын албаны буруутай үйл ажиллагаатай холбоотой асуудлаас болж газрын төлбөрийг төлөөгүй.
Иймд “*******” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байхгүй. “*******” ХХК-нийн хувьд газрын татварыг хугацаандаа төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр ******* ХХК-ийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь мөн хууль зүйн үндэслэлгүй байгаа.
Учир нь тухайн газрыг ашиглаж эхлээд “*******” ХХК-нийн хувьд он болгонд тодорхой хэмжээний ажлуудыг хийгээд явж байсан. 2018 онд 2 тэр тэрбумын төгрөгийн барилгын төсөв хийлгэсэн, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тодорхой ажлуудыг хийсэн. 2020 онд ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2021 онд Ховд Цахилгаан түгээх сүлжээ компанитай техникийн нөхцөлийн гэрээ байгуулсан, мөн 2021 онд барилгын инженер хайгуулын Хан хошууд ХХК-тай Ховд аймаг шинэ суурьшлын бүсэд барих хаус хорооллын орон сууцны барилгуудын талбайн инженер геологийн судалгаа, ажлын дүгнэлт гэх ажлуудыг хийсэн. 2021 онд Алтайн газрын Хүч ХХК-тай гэрээ байгуулж, 2022 оны 06 дугаар сарын 19-нд ХХК-тай барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ байгуулсан. Уг барилгын ажлын зураг 2023 оны 05 дугаар сард бэлэн болж ирсэн.
Мөн 2023 оны 12 дугаар сарын 11-нд шүүхээс үзлэг хийсэн байдаг. Уг үзлэгээр 1-9 давхрын барилгын зураг хийгдсэн. Мөн халаалт агаарын сэлгэлтийн эскиз зураг хийгдсэн. Цэвэр бохир усны эскиз зураг, гэрэлтүүлгийн эскиз зураг зэрэг хийгдсэн байна гэдэг нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн “*******” ХХК-нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК-наас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн хавсралтын “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Маргаан бүхий акт болох Ховд аймгийн засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/41 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн 2 дахь заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэхийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэсэн ба Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-т үзлэг хийхэд Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 368 дугаар албан бичгээр маргаан бүхий актыг нэхэмжлэгч “*******” ХХК-нд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
4. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
5. Анх нэхэмжлэгчид Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/179 дугаар захирамжаар Ховд аймгийн Баатархайрхан баг Шинэ суурьшлын бүсэд амины орон сууцны хороолол барих зориулалттай 29.2 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байна.
6. Улмаар газар ашиглах хугацаа дууссан тул Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/358 дугаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар Баатархайрхан багт байрлах Шинэ суурьшлын бүсэд амины орон сууцны хороолол барих зориулалттай ******* нэгж талбарын дугаар бүхий 29.2 га газраас 15 га газрыг “*******” ХХК-нд, үлдсэн 14.2 га газрыг хүчингүй болгон газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан, 15 га газрыг 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтаар олгож ******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ байгуулжээ.
7. Харин маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй Жаргалант сумын Шинэ суурьшлын бүсэд газар эзэмшигч хавсралтад нэр дурдсан 13 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба А/410 захирамжийн хавсралтын 1-т “*******” ХХК бичигдсэн байна.
8. Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ “*******” ХХК нь захирамж гарсан өдрийн байдлаар газрын төлбөрөө төлөөгүй, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 9 давхар орон сууцыг өнөөдрийн байдлаар барьж эхлээгүй, мөн 15 га газраа хашаалж хамгаалаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон гэж тайлбарладаг.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... газрын төлбөрийн хувьд газрын Татвар дээр очихоор танайд газрын төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй тул газрын төлбөр төлөх боломжгүй гэдэг, Газрын албанд очихоор ногдуулалт хийхээрээ хэлнэ гэдэг. Энэ байдлаас газрын төлбөрөө төлж чадахгүй байгаа. Өмнө нь банкин дээр төлдөг байхад газрын төлбөрийг жил бүр хийдэг байсан.
Анх амины орон сууцны хороолол барих зориулалттай захирамж гарсан. Гэтэл хугацаа сунгахдаа 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц гэж зориулалтыг өөрчилсөн. Үүнтэй холбоотой өмнө гаргаж байсан барилгын баримт бичгүүдийг дахин шинээр гаргах шаардлагатай болсон. Ингээд дахин шинээр гаргуулаад явж байгаа. Сүүлд 2023 оны 5 сард ХХК-наас барилгын зургийг ирүүлсэн. Ингээд Барилгын хөгжлийн төвд хандах гэж байтал газрыг хүчингүй болгосон. Мөн 2020 оноос хойш ковидын хорио цээрийн нөхцөл байдал барилгын баримт бичиг бүрдүүлэхэд мөн нөлөөлсөн гэж маргаж байна.
10. Анх нэхэмжлэгч нь амины орон сууцны хороолол барих зориулалттай газар ашиглуулах шийдвэр гарснаас хойш 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн “” ОНӨААТГ-ын дарга Д.Нямлхагва баталж “Техникийн нөхцөл олгох” техникийн нөхцөл олгосон,
2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын орлогч болон “*******” ХХК-ны захирал нар Ховд аймгийн Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд “Амины орон сууцны /хаус / хорооллыг иж бүрэн барьж ашиглалтад оруулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан,
Ховд аймгийн Дулааны станц, дулааны шугам сүлжээний АӨЗ-ны дарга оор “Техникийн нөхцөл” батлуулсан,
“Жаргалант хийц” ХХК-ны захирал тай “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ байгуулж, 2019 онд “Шинэ суурьшлын бүсийн 40-н айлын орон сууцны барилга” холболтын ажлын зураг болон “ Шинэ суурьшлын бүсийн 40-н айлын орон сууцны барилга” загвар зургийг “Жаргалант хийц” ХХК-наар гүйцэтгүүлж, Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын хэлтсийн дарга , Ховд аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар зөвшөөрсөн,
“Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн шинэ суурьшлын бүсэд баригдах 40 айлын орон сууцны А барилгын ажлын төсөв” 01/2018 Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Ө.Энхтогтохоор хийлгүүлсэн,
“Жаргалант хийц” ХХК-наас Ховд аймгийн Онцгой байдлын газар хандан Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт баригдах 40-н айлын Шинэ суурьшлын бүсийн орон сууцны барилгын зураг төсвийг 2019 оны 1 сард хянуулахаар хүсэлт гаргасан ба Ховд аймгийн Онцгой байдлын газрын Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаар дүгнэлт гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
11. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/358 дугаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар Баатархайрхан багт байрлах Шинэ суурьшлын бүсэд амины орон сууцны хороолол барих зориулалттай ******* нэгж талбарын дугаар бүхий 29.2 га газраас 15 га газрыг “*******” ХХК-нд, үлдсэн 14.2 га газрыг хүчингүй болгон газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан, 15 га газрыг 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтай, ******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ байгуулжээ.
12. Өөрөөр хэлбэл хариуцагч нь анх амины орон сууц барих зориулалттай олгогдсон газрын зориулалтыг 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалттай болгон ашиглах зориулалтыг өөрчилсөн байна.
13.Нэхэмжлэгч нь газар ашиглах зориулалт өөрчлөгдсөнөөс буюу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ” байгуулагдсанаас хойш дараах ажлуудыг хийсэн байна.
Үүнд: 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХХК-ны захиралтай 1:1000-ын маштабтай байр зүйн дэвсгэр зураг 15 га хийлгэх гэрээ байгуулж, “*******” ХХК-наас 1:1000-ын маштабын байр зүйн зургийг хийсэн,
Гүйцэтгэгч “” ХХК-ны гүйцэтгэсэн Ховд аймгийн Жаргалант суманд баригдсан “*******” ХХК-ны Чингис хаан хорооллын барилгын түр цахилгаан хангамжийн 6/0.4 кв-ын 400 ква дэд станцыг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад оруулсан,
2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ”-г “*******” ХХК нь “” ХХК-ны захирал тай 2 давхар амины орон сууц болон 9 давхар хотхоны барилгын эскиз болон дотор ажлын иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан,
“” ХХК-наас “*******” ХХК-ны орон сууцны хотхоны барилга” ажлын зураг /цэвэр бохир усны хэсэг/, “*******” ХХК-ны орон сууцны хотхоны барилга” ажлын зураг / халаалт агаар сэлгэлтийн хэсэг/, “ *******” ХХК-ны орон сууцны хотхоны барилга” загвар зураг боловсруулж “” ХХК-ны захирал болон архитектор нар хуудас бүрт гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
14. Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.4-д Зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийн дарга (захирал) Барилгын тухай хуулийн 38.1.3-т заасны дагуу иж бүрэн зураг төслийн нүүр хуудсанд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна, 5.5-д Зураг төслийн холбогдох хэсгийн зохиогч боловсруулсан зураг төслийг мэргэшлийн зэрэг бүхий архитектор, инженерээр хянуулж, шалгуулсан байна, 5.6-д Зураг төслийн холбогдох хэсгийн хуудас тус бүрийг зохиогч болон хянаж шалгасан инженер, архитектор гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулсан байна гэж заасны дагуу “” ХХК-ны гэрээний дагуу гаргасан “*******” ХХК-ны орон сууцны хотхоны барилга” зурагнууд нь баталгаажсан байна.
15. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” заасныг зөрчсөн тухайд:
15.1. Газрын тухай хуулийн 40.1-д “Аймаг, ...-ийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд энэхүү хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.
15.2. Дээрх заалт нь нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх”-ыг шаардана.
15.3. Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.
15.4. Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эдгээр үйл баримтыг шинжлэн судлаагүй, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
15.5. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1. 1-д “"барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг”, 4.1.4-д “"барилга байгууламжийн баримт бичиг" гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, ил далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг”, 4.1.20-д барилгын үйл ажиллагаа гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэх” гэж заасан.
15.6. Маргаан бүхий газар “9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны” зориулалттай байх тул нэхэмжлэгчээс зориулалтын дагуу ашиглахад Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийн баримт бичгүүд шаардахаар байна.
15.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актаар газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг тогтоосон гэж тайлбарлах боловч “9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны” зориулалттай барилга барих тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг авч үзэхдээ Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийн баримт бичгүүдийг авахаар нэхэмжлэгчээс эрх бүхий этгээдэд хандаж байсан эсэх, эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гаргасан эсэх, уг баримт бичиг бүрдүүлэхэд 2 жил түүнээс дээш хугацаа шаардагдсан эсэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэв нэхэмжлэгчээс шалтгаалахгүй шалтгаанаар хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрсөн байвал үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлтэй юм.
15.8. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заажээ.
15.9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.
15.10. Гэтэл хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг нягтлан шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.
15.11. Нэхэмжлэгчийн хувьд 2019-2023 онуудад хийсэн дээрх ажиллагаанууд нь цаашид үргэлжлэх, улмаар газар ашиглагч газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж үзэхээр байна.
15.12. Мөн “Ковид-19” цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн нь нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах бөгөөд хариуцагч байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа мөн харгалзан үзэх ёстой байсныг дурдах нь зүйтэй байна.
16. Газрын тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “ эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:
16.1. Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд энэхүү хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.
16.2. Хариуцагч нь маргаан бүхий акт гарах өдрийн байдлаар газрын төлбөрөө төлөөгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оноос өмнө банкин дээр дансанд тушаадаг байхад газрын төлбөрийг хугацаанд нь төлдөг байсан. 2019 оноос хойш нэхэмжлэлээр төлдөг болсноос хойш газрын төлбөр төлж болохгүй байгаа. Учир нь нэхэмжлэл үүсээгүй гээд газрын төлбөр төлж болохгүй байгаа гэж маргаж байна.
16.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.
16.4. Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нотлох баримт цуглуулах, нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
16.5. Энэ тохиолдолд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлсэн бол хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх байсан буюу нэхэмжлэгч төлбөр төлөх хүсэлтэй байсан, гагцхүү 2019 оноос хойш нэхэмжлэлийн дугаараар газрын төлбөр төлдөг болсонтой холбоотой Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгчийн газрын төлбөрийн ногдуулалт хийгдээгүй болох нь тогтоогдох байсан байна.
16.6. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлэхээр заасан.
16.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгчийн ашиглалтын газрын тухайн жилд ногдох татварын ногдуулалтыг хийж Татварын хэлтэст шилжүүлснээр нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх нэхэмжлэл үүсэх ба нэхэмжлэл үүссэнээр нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэх эрх нь үүсэхээр байна.
16.8. Гэвч нэхэмжлэгч “*******” ХХК-ны 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын газрын төлбөрийн ногдуулалт хийгдээгүй болох нь Ховд аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 343 дугаартай албан бичиг,
Шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын кадастрын мэдээллийн системд нэхэмжлэгч “*******” ХХК-ны 2019-2023 оны газрын төлбөр төлөлтийн байдалд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл,
Ховд аймгийн Татварын хэлтсийн “Татварын удирдлагын нэгдсэн систем”-д хийсэн үзлэгийн тэмдэглэл,
Гэрч М.Батсайханы “...2020 оноос хойш газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгэх гэхээр “*******” ХХК-ныг татвар төлөгчийн дугаар бүртгэлгүй байна эсвэл татвар төлөгч тодорхойгүй байна гэсэн мэдээлэл гарч ирээд байгаа. Ийм учраас газрын төлбөрийн ногдуулалт хийж, нэхэмжлэл үүсэх боломжгүй юм. Яагаад ийм мэдээлэл гарч ирээд байна гэхээр Татварын нэгдсэн систем, манай төлбөрийн систем хоёрын дундын баазад асуудал байгаа гэж бодож байна. Татварын хэлтэс дээр очиж татвар төлөгчөөр бүртгүүлсэн тохиолдолд манай программд нэхэмжлэл үүсгэх боломжтой. ...Манай байгууллагаас ногдуулалт хийгдэж нэхэмжлэл үүсээд татварын систем рүү шилжүүлдэг. Манайхаас ногдуулалт хийж, нэхэмжлэл үүсээгүй тохиолдолд татварын хэлтэс дээр нэхэмжлэл үүсэхгүй, татвар төлөх боломжгүй... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
16.9. Ховд аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 559 дугаар албан бичигт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тохиолдолд манай газрын кадастрын нэгдсэн систем төлбөрийн нэхэмжлэл үүсгэдэг” гэх боловч шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Татварын хэлтсийн “Татварын удирдлагын нэгдсэн систем”-д хийсэн үзлэгээр “*******” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар төлөгчийн дугаарын гэрчилгээтэй болох нь тогтоогдож байна.
16.10. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн дээрх онуудад газрын төлбөр төлөөгүй үйлдэлд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй” гэх хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын үндэслэл үндэслэлгүй байна.
17. Дүгнэвэл хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
18. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
19. Маргаан бүхий актад нэхэмжлэгчийн нэрийг “” ХХК гэж буруу бичигдсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
20. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ