Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 137/ШШ2024/00064

 

 

 

 

 

 

    2024       03         29

                          137/ШШ2024/00064

 

 

Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

 

Нэхэмжлэгч: Д аймгийн З сумын ........ дугаар баг  Б .... тоотод оршин суух, Д овогт С-ын С /РД:/ утас:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Д аймгийн З сум ...... дүгээр баг ...-р хэсэг .....-р байрны .... тоотод оршин суух, Х.М овогт Б-ын Г /РД:, утас:/-д холбогдох

 

“зээлийн гэрээний үүрэг 18,705,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 сарын 22ы өдөр хүлээн авч хянаад,  2024 оны 02 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “С овогтой С миний бие нь Д аймгийн З сумын ...-р баг “Х.О” үйлчилгээний төвд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /ломбард/ ажиллуулдаг. Танил н.Ч нь “Б.Г-г манай найз байгаа юм Т.б-ны З салбарт эдийн засагч хийдэг юм. Та манай найзад мөнгө зээлээч найдвартай хүн зээлсэн мөнгөө 2, 3 хонуулаад л өгнө” гэж гуйсны дагуу 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгийг Б.Г нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр буцаан төлсөн ба тухайн өдрөө 19,800,000 төгрөгийг дахин зээлж, 2023 оны 12 дугаар сарын 11, 19-ний өдрүүдэд хувааж төлсөн. Яаралтай дахин мөнгөний хэрэг гараад байна мөнгө зээлээч 3-5 хоногийн дотор төлнө гэж гуйсны дагуу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Х.б ХХК-ын ....... тоот харилцах данснаас Б.Г-ийн Х.б ХХК-ны .......... тоот харилцах данс руу “саруул 3. Haalt” гэх утгатайгаар 2,000,000 төгрөгийг, 20,000,000 төгрөгийг,  6,000,000 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр "С-с 35 say" гэх утгатайгаар 2,520,000 төгрөгийг нийт 30,520,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлсэн мөнгөө төлөх хугацаа дуусч, мөнгөө шаардахад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1,915,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 900,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 11,815,000 төгрөгийг буцаан өгсөн боловч үлдэгдэл 18,705,000 төгрөгийг Б.Г нь яг одоо шилжүүлэх гэж байна, банкны харилцах дансны лимит хэтэрчихлээ маргааш шилжүүлье гэж худал хэлсээр өнөөдрийг хүрээд байна. Миний бие нь бага хэмжээний эргэлтийн хөрөнгөөр барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг Б.Г-д эргэлтийн бүх хөрөнгөө зээлснээс үүдэн эргэлтийн хөрөнгөгүй болж цаашид барьцаалан зээлдүүлэх газраа ажиллуулах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Иймд Б-ын Г-гаас зээлийн төлбөрийн үлдэгдэл 18,705,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн талбартаа: Миний бие нэхэмжлэгч С-тай уулзаж өгч, авсан  мөнгөн дүнг банкны хуулгаар  нэг бүрчлэн тулгаж шүүсний үндсэн дээр түүнд 9,530,500 төгрөгийн өглөгтэй байна. Тиймээс нэхэмжлэгч С.С-д 9,530,500 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд буюу 1 жилийн хугацаанд  багтаан төлж барагдуулахаар, санхүүгийн боломжтой болсон үедээ тохиролцсон хугацааг хүлээхгүйгээр  бүгдийг нь төлж барагдуулахаар  харилцан тохиролцож эвлэрсэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Миний бие шүүхэд гаргасан 18,705,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,174,500 төгрөгийг хасч хариуцагч Б.Г-гаас  9,530,500 төгрөг гаргуулахаар харилцан тохиролцсон бөгөөд Б.Г нь төлбөрийг 2024 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын  25-ны өдрийн хооронд буюу 1 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож  эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан  журмаар шийдвэрлэж улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж өгнө үү гэжээ.                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Б.Г-д холбогдох 18,705,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.С- нь нэхэмжлэлийн шаардлагын 9,174,500 төгрөгнөөс татгалзаж, зохигчид 9,530,500 төгрөгөнд эвлэрсэн бөгөөд хариуцагч Б.Г- нь 9,530,500 төгрөгийг 2024 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын  25-ны өдрийн хооронд буюу 1 жилийн хугацаанд нэхэмжлэгч С.С-д бүрэн төлж барагдуулах талаар тайлбараа шүүхэд тус тус ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.С нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 251,475 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, уг төгрөгийн 50 хувь болох 125,737.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 9,530,500 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 167,438 төгрөгнөөс 50 хувь болох 83,719 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

                                               

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч С.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-ад холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,705,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.С нь 9,174,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзаж, хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 9,530,500 төгрөгийг 2024 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын  25-ны өдрийн хооронд буюу 1 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 251,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 167,438 төгрөгийг, хариуцагч Б.Г-аас 83,719 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

  ШҮҮГЧ                                            Б.Н