Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/43

 

 

Л.Б, Г.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: М.О,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Х,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурор М.Оын эсэргүүцлээр шүүгдэгч Л.Б, Г.Н нарт холбогдох 2219002510203 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Шүүгдэгч: *** овогт Л.Б ******* оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2017/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, хэрэг хариуцах чадвартай.

 

2. Шүүгдэгч: **** овогт Г.Н ******** оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Б, Г.Н нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд ****нутаг дэвсгэрт хохирогч Г.М-ын эзэмшлийн 27 тооны алдуул шүдлэн ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 3,240,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Л.Б, Г.Н нар нь бүлэглэн бусдын алдуул 27 тооны шүдлэн ямааг завшиж, гэмт хэргийн улмаас олсон мал болохыг мэдсээр байж, **** нутаг дэвсгэрт О.Б-ы гэрт аваачиж ямааны ноолуурыг самнан авч ашиглан бусдад 925,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокуророос шүүгдэгч Л.Б, Г.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч *** овогт Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Энэ хэрэгт **** маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 5/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирог, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.О эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн дээрх шийтгэх Г.Нийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 тогтоолоор шүүгдэгч дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоод заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.М-ын мэдүүлэг /1хх6-7,9/, гэрч О.Б-ы мэдүүлэг /1хх13-14/, Ц.Ч-ын мэдүүлэг /1хх34-35/, Т.С-гийн мэдүүлэг /1хх28-29/, Л.Цгийн мэдүүлэг /1хх32/, ***ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх67/, яллагдагч Л.Бийн  мэдүүлэг     /1хх16-17,30/ гэсэн бичгийн нотлох баримтуудаар Г.Н нь Л.Бийн 2022 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд ****нутаг дэвсгэрт хохирогч Г.М-ын эзэмшлийн 27 тооны алдуул шүдлэн ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, түүнтэй бүлэглэн бусдын эзэмшлийн хашаанд хашиж, улмаар гэрч буюу О.Б-ы байрлах гэрт зөөвөрлөн аваачиж ноолуурыг самнаж авсан болох нь хөтөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

 Гэтэл анхан шатны шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийгээгүй буюу Г.Н үйлдлийг гэмт хэргийн шинжийг хангаагүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь шүүгдэгч Л.Б бусдын эзэмшлийн алдуул малыг өөрийн өмчлөлд оруулж тухайн малын түүхий эд болох ноолуурыг самнаж авсан үйл баримтаар түүний гэмт үйлдэл төгссөн.

 

 Өөрөөр хэлбэл Л.Б нь хохирогч Г.М-ын ямааг өөрийн өмчлөлд оруулсан үйл баримт нь тухайн ямааны ноолуурыг самнаж авсан үйл баримтаар төгссөн буюу 925.600 төгрөгийн үнэ бүхий ноолуурыг самнаж авсан үйлдлээр төгссөн болох нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул прокуророос энэ үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийсэн болно. Шүүгдэгч Л.Бийн гэмт үйлдэлд шүүгдэгч Г.Н анхнаас нь буюу Л.Б бусдын эзэмшлийн ямааг хашсан болохыг мэдсэн, үүний үндсэн тэд өөрсдийн өмчлөл, эзэмшилд оруулахын тулд ямааг О.Б-ы гэрт зөөвөрлөн аваачсан, түүхий эд болох ноолуурыг самнаж авахад үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь хөтөлбөргүй нотлогдсон.

 

 Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Нт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Нийг Бтай бүлэглэж бусдын алдуул малыг завшсан үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хохирогч М-, гэрч Б-, Ц, Ч- нарын мэдүүлгээр Н нь Бтай бүлэглэсэн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй. Алдуул малыг хойд талынхаа хашаанд аваачаад хашиж байгаа Бийн үйлдэл нь төгсөөд алдуул малаа өөрийнхөө эзэмшилд оруулчхаж байгаа юм. Тэгээд цаашаа яваад айлд аваачин самнаж байгаа үйлдэлд нь Н ямар нэгэн байдлаар оролцоогүй. Зөвхөн нэг машинд хамт явсан гэдэг нь тогтоогдож байгаа боловч энэ нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн ноолуурыг нь самнаж байгаад ашиг олж байгаа үйлдэл нь мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Л.Б Г.Н нарыг бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд **** нутаг дэвсгэрт хохирогч Г.М-ын эзэмшлийн 3,240,000 төгрөгийн үнэ бүхий 27 тооны алдуул шүдлэн ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу алдуул мал завших гэмт хэрэгт,

 

Мөн Л.Б, Г.Н нар нь  бүлэглэн бусдын алдуул 27 тооны шүдлэн ямааг завшиж, гэмт хэргийн улмаас олсон мал болохыг мэдсээр байж, **** нутаг дэвсгэрт байх О.Б-ы гэрт аваачин ямааны ноолуурыг самнан авч ашиглан бусдад 925,600 төгрөгөөр худалдсан  үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг болон шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байх ба хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтууд болох шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч О.Б/1хх 13-14/, Л.О /1хх 21/, Т.С /1хх 28/ нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан ...” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байх ба түүний үйлдсэн энэхүү гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч, улмаар энэ төрлийн гэмт хэргийн сэдэлт нь шунахай зорилгоор үйлдэгддэг.

 

Мөн завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулахыг хэлэх бөгөөд шүүгдэгч Л.Бийн хохирогч Г.М-ын алдуул 27 тооны ямааны ноолуурыг самнаж авч захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжид хамаарна.

 

3. Харин прокуророос шүүгдэгч Г.Нийг шүүгдэгч Л.Бтай бүлэглэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, түүний үйлдэлд гэмт хэрэгт хамтран оролцсон буюу гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ нь гэрч О.Б-ы “ ... Тээврийн хэрэгсэлтэй 27 ширхэг зөв нь араараа ганзага буруу нь үзүүрээсээ онь чихлээстэй бүгд ноолууртайгаа шүдлэн ямаануудыг эхнэр Н, Л.Б, дүү Заяа нар ачиж ирсэн. ...” гэсэн мэдүүлэг, Л.О-ийн “...Н эгч Б ах бид 3 хөдөө явсан. Ямаагаа Б- ахын гэрт аваачиж малд нь нийлүүлсэн. ... Н эгч бид хоёрыг аргалд яваад ирэх үе Б самнасан ноолуурыг нь машины ард хийж байсан. ...” гэсэн мэдүүлэг, Т.С-гийн “...Ямар ч байсан дуу О-г Б хөдөө гэрээс нь дуудаад урагшаа айлд очиж ямаа самнана гэж байсан. ...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Г.Н нь Л.Бтай хамт явж байсныг үгүйсгээгүй боловч тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд ба тэдний мэдүүлгээр шүүгдэгч Г.Нийг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж хамтран оролцсон нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй байна.

 

4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, үр нөлөө, шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-т 27 тооны ямаа буюу 3240000 төгрөгийн хохирол учирсныг 26 тооны ямааг биет байдлаар буцаан өгч, ноолуурын үнэ, ямааны үнэ, зардалд нийт 1405000 төгрөгийг анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан байна.

 

Иймд прокурор М.Оын гаргасан “... шүүгдэгч Г.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгуулах ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Оын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

                                               ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                    Н.БАТЧИМЭГ