Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 580

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч Б.Ц  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц ад холбогдох 1705013920259 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Луйбинчин ХХК-д Чулууны үйлдвэрт ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, Ц .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц  2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч С.Сосорбурамыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц  мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Ц ын мэдүүлсэн:

            “... 2017 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө ... Сосорбурам Амартүвшин хоёр муудалцаад гэрээс гарсан. Би араас нь гартал Сосорбурам шатан дээр байсан ба би хажуугаар нь зөрөх гэтэл Сосорбурам гараа над руу далайсан. Тэгэхээр нь би өрсөөд гараараа Сосорбурамыг цохисон. ... Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Сосорбурамыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч С.Сосорбурамын өгсөн:

            “... 2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө цагийг нь сайн санахгүй байна ... Амартүвшин байрны нэг танихгүй хүнтэй маргалдах гэхээр нь би болио гэж хэлтэл Амартүвшин чи хэзээ ийм болсон юм гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. ... Амартүвшин бид 2 зодолдоогүй. ... Тэгээд би гараад шатаар бууж байтал Ц  надтай шатан дээр таараад миний шүд рүү гараараа нэгээс хоёр удаа цохисон. Мөн миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлын 400,000 төгрөгийг гаргуулж авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Амартүвшиний өгсөн:

            “... Гадаа гарахад Бааска манай ангийн Цээпилмааг уйлуулчихсан сууж байсан. Би Бааскад огт гар хүрээгүй. Сосоо Ц  2 шатан дээр таараад маргалдсан. Ц  Сосоо хоёр маргалдаж байгаад нэг нэгнийгээ цохиод байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Отгонбаатарын өгсөн:

 “... 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой ... Баасанжаргал идэж ууж байгаад манай ангийн Цээпилмааг авч явах гээд байсан. Тэр үед Амартүвшин ангийн охин авч явах гээд байна гээд Цээпилмааг өмөөрөөд Баасанжаргалтай  маргалдсан. Сосорбурам Баасанжаргалыг өмөөрөөд Амартүвшинтэй маргалдаад чанга чангаар орилоод байсан. ... Сосорбурам Амартүвшин 2 гараад шатан дээр заамдалцсан байж байтал Ц  хажуугаар нь орж ирээд Амартүвшинг өмөөрөөд Сосорбурамыг 1 удаа гараараа цохисон. Тэр үед Сосоорбурам шүд хугарчихлаа гээд байсан. ... Гадаа гараад Сосорбурам Ц  2 нэг нэгнийгээ цохиод байсан. ... Ц  Сосорбурам хоёр л харилцан зодолдсон ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 14157 тоот: 

1. Сосорбурамын биед 2 зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1-р шүдэнд хугарал, зүүн 1-р шүдэнд эмтрэл, дээд уруул дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

 

- Хохирлын баримт /хх-н 11/,

- Хохирогч С.Сосорбурамын “Ц аас хохирлын 400,000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-н 33/

- Шүүгдэгч Б.Ц ын “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 37/

 - Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-н 38/

 

Шүүгдэгч Б.Ц ын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

-  АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

- Луйбинчин ХХК-ийн тодорхойлолт /хх-н 27/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Ц ад холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, дрокуророос Б.Ц ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналаа бичиж, яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Ц  2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч С.Сосорбурамыг зодож,  эрүүл мэндэд нь 2 зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1-р шүдэнд хугарал, зүүн 1-р шүдэнд эмтрэл, дээд уруул дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Ц ын мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... Сосорбурам шатан дээр байсан ба би хажуугаар нь зөрөх гэтэл Сосорбурам гараа над руу далайсан. Тэгэхээр нь би өрсөөд гараараа Сосорбурамыг цохисон. ... Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Сосорбурамыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч С.Сосорбурамын мэдүүлсэн “... 2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө цагийг нь сайн санахгүй байна ... би гараад шатаар бууж байтал Ц  надтай шатан дээр таараад миний шүд рүү гараараа нэгээс хоёр удаа цохисон. Мөн миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон ...” гэх,

            гэрч Г.Амартүвшиний “... Сосоо Ц  2 шатан дээр таараад маргалдсан. Ц  Сосоо хоёр маргалдаж байгаад нэг нэгнийгээ цохиод байсан ...” гэх,

            гэрч Б.Отгонбаатарын “... Сосорбурам Амартүвшин 2 гараад шатан дээр заамдалцсан байж байтал Ц  хажуугаар нь орж ирээд Амартүвшинг өмөөрөөд Сосорбурамыг 1 удаа гараараа цохисон. Тэр үед Сосоорбурам шүд хугарчихлаа гээд байсан. ... Гадаа гараад Сосорбурам Ц  2 нэг нэгнийгээ цохиод байсан. ... Ц  Сосорбурам хоёр л харилцан зодолдсон ... ” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 14157 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч С.Сосорбурам нь нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 34/, “Ц аас хохирлын 400,000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-н 33/,  мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/ зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Б.Ц ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ц ыг охиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ц ад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

         

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн дуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Ц  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц ыг торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ