Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 147/ШШ2024/00277

 

 Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 48/1, Капитал Хаусын 3-р давхарт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах, ******* ******* ******* дугаар ******* ангид холбогдох  

Автобензин, дизель түлш бэлтгэн нийлүүлэх гэрээний үндсэн төлбөр 27,169,535.85 төгрөг, алданги 13,584,767.925 төгрөг, нийт 40,754,304 (Дөчин сая долоон зуун тавин дөрвөн мянга гурван зуун дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

******* ******* ******* дугаар ангиас Автобензин, дизель түлш бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үндсэн төлбөр 27,169,535.85 төгрөг, алданги 13,584,767.925 төгрөг, нийт 40,754,304 (Дөчин сая долоон зуун тавин дөрвөн мянга гурван зуун дөрөв) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч ******* ******* ******* дугаар анги шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

******* ******* ХХК-аас нэхэмжилсэн үндсэн төлбөр, алданги нийт 40,754,304 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Манай байгууллага нь улсын батлагдсан төсвийн дагуу санхүүжиж ******* алба хаагч, ажилтан алба хаагчдынхаа цалинг олгодог, цалингийн зардлаас бусад зардал төсөвт тусгагддаггүй тул ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлд тусгагдсан мөнгөн төлбөрийг нэг дор төлөх боломжгүй. Иймд тус анги нь ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн төлбөр 27,169,535.85 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор багтаан төлж, гэрээний алданги болох 13, 584, 767.925 төгрөгийг Монголын төмөр зам ТӨХК-ийн үлдэгдэл санхүүжилт шийдэгдэхээр бүрэн төлж барагдуулна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* дугаар ангид холбогдуулан автобензин, дизель түлш бэлтгэн нийлүүлэх гэрээний үндсэн төлбөр 27,169,535.85 төгрөг, алданги 13,584,767.925 төгрөг, нийт 40,754,304 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 40,754,304 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үндсэн төлбөр 27,169,535.85 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, алданги 13,584,767.925 төгрөгийг Монголын төмөр зам ТӨХК-ийн үлдэгдэл санхүүжилт шийдэгдэхээр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361,722 төгрөгийн тал хувь 180,861 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 180,861 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* дугаар ангиас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн автобензин, дизель түлш бэлтгэн нийлүүлэх гэрээний үндсэн төлбөр 27,169,535.85 төгрөг, алданги 13,584,767.925 төгрөг, нийт 40,754,304 (Дөчин сая долоон зуун тавин дөрвөн мянга гурван зуун дөрөв) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* дугаар анги төлөхийг зөвшөөрч, үндсэн төлбөр 27,169,535.85 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, алданги 13,584,767.925 төгрөгийг Монголын төмөр зам ТӨХК-ийн үлдэгдэл санхүүжилт шийдэгдэхээр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361,722 төгрөгийн тал хувь 180,861 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 180,861 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* дугаар ангиас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ П.БОЛОРМАА