| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00509/И |
| Дугаар | 152/ШШ2024/00457 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2024/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь Г.Б-ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Г.Б нь Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дугаартай тушаалаар тус Худалдаа бэлтгэл ангид Үйлдвэр бригадын агентаар ажилд орж, тасралтгүй ажиллаж байгаад мөн даргын 1987 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн 49 дугаартай тушаалаар орон тооны цомхотголоор уг ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх байгууллагад ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй байгаа тул дээрх онуудад Увс аймгийн Тэс сумын худалдаа бэлтгэл ангид агентаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид Г.Б-тай хамт ажиллаж байсан Ж.Э, М.И нарыг гэрчээр асууж, түүнийг Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал агентаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Г.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Г.Б-ын Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 12, 1987 оны 1-6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 245 дугаар тодорхойлолт, Г.Б-ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архиваас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, цэргийн батлахын хуулбар, Ж.Э-ын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.И-ын иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 618 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, иргэний хаягийн хуудас №7, гэрч Ж.Э, М.И нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б-ын Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал агентаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Г.Б-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Б нь ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Г.Б-ийн Увс нефть баазын даргаас нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 01. 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Тэс сумын ХБА-д Үйлдвэр бригадын агентаар авч ажиллуулав, 2. 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр орон тооны цомхотголоор Үйлдвэр бригадын агентын үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилт хийгдэж, тамга дарагдсан байх тул үнэлэв.
Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Г.Б-ын Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 12, 1987 оны 1-6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
3.1. Шүүхээс гэрч Ж.Э, М.И нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Э Би 1982 онд Улаанбаатар хотын хүнсний техник мэргэжлийн сургуулийг төгсөөд 1984-1990 он хүртэл Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид худалдагч, мастер зэргээр ажиллаж байсан. Г.Б Тэс сумын сургуульд манай доод төгсөлт мөн Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид хамт ажиллаж байсан тул сайн мэднэ. Г.Б колонкийн түгээгч хийж байгаад 1986 оноос Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид агентаар ажиллаж 1987 он хүртэл ажилласан. Тухайн үед Тэс сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар Б.Б, Д.Б нар ажиллаж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсан болох нь түүний түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч М.И Би 1984-1991 он хүртэл Увс аймгийн Тэс суманд Худалдаа бэлтгэл ангид худалдагчаар ажиллаж байсан. Г.Б-тай Увс аймгийн Тэс сумын арван жилийн дунд сургуульд нэг анги байсан тул сайн мэднэ. Г.Б 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд 1986 онд Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажилд орж, 1987 онд орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөж байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч Г.Б нь Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал агентаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Г.Б-ын Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 12, 1987 оны 1-6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, 01. 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Тэс сумын ХБА-д Үйлдвэр бригадын агентаар авч ажиллуулав, 2. 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр орон тооны цомхотголоор Үйлдвэр бригадын агентын үүрэгт ажлаас чөлөөлөв гэх бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ж.Э, М.И нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.Б-ын Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал агентаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Б-ын Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарыг дуустал агентаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР