Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 152/ШШ2024/00462

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: УДС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МЗ цайны газарт холбогдох,

Дулааны төлбөр 2,636,696 төгрөг, алданги 1,318,348 төгрөг, нийт 3,955,044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч УДС ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: УДС ХХК нь Увс аймаг, Улаангом сумын 3-р багт байрлан үйл ажиллагаа явуулдаг. УДС ХХК нь 2002302 регистрийн дугаартай, ......хувийн хэргийн дугаартай, Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1511001102 гэрчилгээтэй. УДС ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд Увс аймгийн Улаангом сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг хэвийн явуулж, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. МЗ цайны газар нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Дулааны эрчим хүч хэрэглэсэн 2,636,696 төгрөгийг төлөхгүй байгаагаас шалтгаалж УДС ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.дүгээр зүйлийн 6.1.11. халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тогтоосон. Нэхэмжлэгч УДС ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй хугацаандаа явуулж ирсэн болно. УДС ХХК нь МЗ цайны газрын эзэн Алтаннард 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/72 дугаартай Албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлж 2024 оны 04-р сарын 15-ны дотор дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхийг хүсэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5% хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. Иймд Хариуцагч МЗ цайны газраас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 2,636,696 төгрөг, алданги 1,318,348 төгрөг, нийт 3,955,044 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч УДС ХХК, хариуцагч МЗ цайны газар нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч “УДС” ХХК-ний захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би, хариуцагч “МЗ” цайны газрын захирал Г.А бид дараахь нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

            1. Нэхэмжлэгч “УДС” ХХК нь хариуцагч “МЗ” цайны газраас 2024 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 2,636,696 төгрөг, алданги 1,318,348 төгрөг нийт 3,955,044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “МЗ” цайны газар нь “УДС" ХХК-ний охин компани болох “ХТ" ХХК-ний ажилчдын хүнс хоол цай хийж өгсөн зардлыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 2,636,696 төгрөгний дулааны төлбөрт оруулан тооцож талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.

            2. Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч “МЗ” цайны газраас 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 1,318,348 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

            3. Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “УДС” ХХК нь хариуцагч “МЗ” цайны газарт холбогдуулан дулааны төлбөр 2,636,696 төгрөг, алданги 1,318,348 төгрөг, нийт 3,955,044 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч “МЗ” цайны газрын захирал Г.А нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:  “МЗ” цайны газар нь “УДС” ХХК-ийн охин компани болох “ХТ” ХХК-ийн ажилчдын хүнс хоол цай хийж өгсөн зардлыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 2,636,696 төгрөгний дулааны төлбөрт оруулан тооцож талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 1,318,348 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлжээ.

3. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч “УДС” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 78,251 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 2,636,696 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57,137 төгрөгийн тал хувь 28,568 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 49,683 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “МЗ” цайны газраас 28,568 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “УДС” ХХК олгох нь зүйтэй. 

5. Хариуцагч МЗ цайны газрын дансны зарлагын хөдөлгөөнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1689 тоот хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч “МЗ” цайны газрын захирал Г.А нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: “МЗ” цайны газар нь “УДС" ХХК-ийн охин компани болох “Хар тарвагатай" ХХК-ийн ажилчдын хүнс хоол цай хийж өгсөн зардлыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 2,636,696 төгрөгийн дулааны төлбөрт оруулан тооцож талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,251 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 2,636,696 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 57,137 төгрөгийн тал хувь 28,568 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 49,683 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “МЗ” цайны газраас 28,568 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “УДС” ХХК олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хариуцагч МЗ цайны газрын дансны зарлагын хөдөлгөөнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1689 тоот хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             П.БОЛОР