| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00284/И |
| Дугаар | 152/ШШ2024/00464 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 152/ШШ2024/00464
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УДЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.О төвд холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 78,561,320 төгрөг, алданги 39,280,660 төгрөг, нийт 117,841,980 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн бөгөөд Бид эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй. Зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр, хариуцагч Ц.О төвийн захирал Л.М-т шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн бөгөөд Ц.О төвийн захирал Л.М миний бие УДЦ ХХК-д дулааны төлбөр 78,561,320 төгрөгөөс 42,500,000 төгрөг төлж барагдуулсан ба үлдэгдэл төлбөр 36,210,320 төгрөг төлөхөөр талууд эвлэрлийн гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Иймд шүүх хуралд оролцох шаардлагагүй тул намайг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УДЦ ХХК-ийн ерөнхий захирал Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: УДЦ ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд Увс аймгийн Улаангом сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг хэвийн явуулж, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Хариуцагч Ц.О төв нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дулааны эрчим хүч хэрэглэсэн 78,561,320 төгрөгийг төлөхгүй байгаагаас шалтгаалж УДЦ ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.дүгээр зүйлийн 6.1.11. халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тушаалын б/ Увс аймгийн халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжлэгч УДЦ ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй хугацаандаа явуулж ирсэн болно. УДЦ ХХК нь Увс аймгийн Улаангом сумын Ц.О төвийн эзэн Л.М-т 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/45 дугаартай албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлж 2024 оны 4 дүгээр сарын 15-ны дотор дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхийг хүсэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5% хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. Иймд Хариуцагч Ц.О төвөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 78,561,320 төгрөг, алданги 39,280,660 төгрөг, нийт 117,841,980 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.О төвийн захирал Л.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: УДЦ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн төлөгдөөгүй 78,561,320 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үүний алданги буюу 39,280,660 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь орон нутагт түрээсийн үнэ бага түрээслэгчид гэрээ хийж орчхоод 3-4 сар болоод гарчихдаг мөнгөө хугацаандаа хийдэггүй. Заримдаа түрээслэгчгүй сул өрөөнүүд ч байдаг. Бид энэ оффисдоо орон байраа зарим хөрөнгө оруулаад энэ байрныхаа нэг өрөөнд харуул хамгаалалтаа хийнгээ амьдардаг. Хүлээн зөвшөөрч байгаа 78,561,320 төгрөгийн 35,000,000 төгрөгийг С.Б-аас авах ёстой. Учир нь энэ хүн манай байрны 2018 оны 9 дүгээр сараас эхлэн түрээсэлж өнөөдрийг хүртэл түрээс төлөөгүй болно. Энэ 2 хүн аав хүү учраас би ойлголцон гэж бодож явсан. Энэ хугацаанд С-тай 2 удаа учраа ярилцаж уулзсан. Мөн бага сага тодорхой хэмжээний төлбөр төлж байсан. Баяржаргалын түрээсийн тооцоо 2018 оны 9, 10 сарын мөнгө төлсөн, 2018 оны 11, 12 сар 600,000, 2019 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 сар, 2020 оны 1,2 сарын нийт 16 сар х 300,000=4,800,000, 2020 оны 3 сарын 01-ээс нэмж 1 өрөө авч 2 өрөөний тооцоо 700,000 төгрөг хийнэ. 1 өрөө 350,000 2020 оны 3,4,5,6,7,8,9,10,11,12 сар-7,000,000 төгрөг, 2021 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 сар-8,400,000 төгрөг, 2022 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 сар-8,400,000 төгрөг, 2023 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 сар-4,200,000 төгрөг, 2024 оны 1,2,3,4,5,6 сар 2,100,000 төгрөг=34,900,000 төгрөг С.Баяржаргалаас авах мөнгөн дүн. Хүлээн зөвшөөрч буй 78,561,320-34,900,000 =43,661,320 төгрөг төлнө. Үүний 10,000,000 2024 оны 6 дугаар сарын 13-нд хийв. Үлдэгдэл 33,661,320 төгрөг 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 хувааж төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Л.М нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч УДЦ ХХК-ний захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би, хариуцагч Ц.О төвийн захирал Л.М бид дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Нэг: Хариуцагч Ц.О төв нь 2015 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 12,718,320 төгрөг, 2016 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 9,518,320 төгрөг, 2017 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 28,654,960 төгрөг, 2018 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 5,908,320 төгрөг, 2019 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 5,260,000 төгрөг, 2020 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 5,473,455 төгрөг, 2022 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 8,323,360 төгрөг, 2023 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 13,811,345 төгрөг, 2024 оны 4 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй дулааны төлбөр 8,826,520 төгрөг нийт 78,561,320 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 42,500,000 төгрөг төлж барагдууллаа.
Хоёр: Хариуцагч Ц.О төв нь үлдэгдэл дулааны төлбөр 36,061,320 төгрөг, алданги 149,000 төгрөг нийт 36,210,320 төгрөгийг 2024 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны дотор УДЦ" ХХК-ний Хаан банкны 5800037626 тоот дансруу үл маргах журмаар шилжүүлнэ.
Гурав: Нэхэмжлэгч УДЦ ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч Ц.О төвөөс 2024 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 39,131,660 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Дөрөв: Хэрэв дээрх эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч Ц.О төв нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Ц.О төв зөвшөөрсөн болно.
Тав: Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч УДЦ ХХК нь хариуцагч Ц.О төвд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 78,561,320 төгрөг, алданги 39,280,660 төгрөг, нийт 117,841,980 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.О төв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дулааны төлбөрт 42,500,000 төгрөг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Ц.О төвийн захирал Л.М нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Хариуцагч Ц.О төв нь дулааны төлбөр 78,561,320 төгрөг, алданги 149,000 төгрөг, нийт 78,710,320 төгрөг төлөхөөр, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 42,500,000 төгрөгийг хасч, үлдэх 36,210,320 төгрөгийг 2024 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл УДЦ" ХХК-ний Хаан банкны 5800037626 тоот дансруу үл маргах журмаар шилжүүлэхээр, нэхэмжлэгч УДЦ ХХК-ний захирал Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч Ц.О төвөөс 2024 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 39,131,660 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлжээ.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч УДЦ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747,160 төгрөгөөс 471,409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 275,751 төгрөг, төрийн сангаас 275,751 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч УДЦ ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч УДЦ ХХК нь худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 117,841,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас алданги 39,131,660 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.О төв /Л.М/ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 42,500,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 36,210,320 төгрөгийг 2024 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл нэхэмжлэгч УДЦ ХХК-нд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч УДЦ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747,160 төгрөгөөс 471,409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 275,751 төгрөг, төрийн сангаас 275,751 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч УДЦ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.О төв сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР