Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар  2022/ДШМ/44

 

 

 

Б.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: М.О,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЗ/496 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор М.Оын эсэргүүцлээр яллагдагч Б.От холбогдох 2109015650219 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: ***овогт Б. О ***** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.О нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ч.У-ын Улаанбаатарт гээгдүүлсэн 1,425,000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy note-20 маркийн гар утсыг 2021 оны 08 дугаар сарын 15-наас 20-ны хооронд **** олж, бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж бусдад худалдаж, гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.   

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас яллагдагч Б.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу 1. ...Улаанбаатар хотод алга болсон утас ямар шугамаар Сайншанд суманд ирсэн болох талаар шалгаагүй. 2. ....Хохирогчийн ангийн хүүхдүүдээс Б.Отэй хамаарал бүхий этгээд байгаа эсэх, эсхүл Дорноговь аймгийн харьяат хүн байсан эсэхийг шалгаагүй. 3. ...Үүрэн телефоны газраас уг утас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ямар нэгэн дугаар ашиглагдсан эсэхийг тодруулаагүй. 4. ...Хохирогчийн ангийн хүүхдүүдтэйгээ уулзсан гэх газрыг тогтоож тухайн газарт камер байсан эсэх, түүнд ач холбогдолтой зүйл бичигдсэн эсэхийг шалгаагүй. 5. ...Улаанбаатарт 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр алга болсон утас 2021 оны 08 дугаар зүйлийн 15-наас 20-ны хооронд гээгдэл хөрөнгө олж ашигласан гэх Б.Оийн үйлдэл хоёрын хооронд ямар шалтгаант холбоо байгааг олж тогтоогоогүй. 6. ...Уг утсыг хууль бус эзэмшигчээс олсон даруйд устгасан зүйлийг сэргээж болох талаар ажиллагаа хийгээгүйгээс утсанд байгаа хэрэгт ач холбогдолтой зүйлийг олж авах, цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч ***овогт Б. От холбогдох эрүүгийн 2109014550219 дугаартай хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор М.О эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Ч.У-ын мэдүүлэг /хх 7-8, 55/, гэрч Д.Бы мэдүүлэг /хх 15-16/, *** ХХК-ийн хохирогч Ч.У-ын Samsung galaxy note-20 маркийн гар утсыг 1,425,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 9-10/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 17, 25/, *** ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05-01/6906 дугаартай албан бичиг /хх 24/, яллагдагч Б.Оийн /хх 16-17, 30/ гэсэн бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Б.О нь 2021 оны 08 дугаар 12-ны өдөр хохирогч Ч.У-ын гээгдүүлсэн 1,425,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг нөүт-20” маркийн гар утсыг 2021 оны 08 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд **** олж, бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж бусдад худалдаж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

… О нь 8 дугаар сард тухайн утсыг **** талаас асаалттай байхад нь олоод өөрийн гэртээ хадгалж байгаад 2021 оны 10 дугаар сард бусдад худалдан борлуулсан асуудал ярьдаг. *** ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгийн дагуу утсыг гэрч Б тухайн үед ашиглаж байсныг олж тогтоосон. Б-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авч тодруулахад Оээс тухайн үед Дорноговь аймгийн Сайншанд суманд байхад нь худалдан авсан гэж хэлдэг. Хэргийн нөхцөл байдал яллагдагчид ашигтай байдлаар тогтоогдсон. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан нөхцөл байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу яллагдагчид ашигтай байдлаар зүйлчилсэн. Хэдийгээр хохирогч Улаанбаатар хотод гар утсаа алдсан гэж мэдүүлээд байгаа боловч хохирогч өөрөө тухайн үед Дорноговь аймагт ажиллаж байсан юм байна лээ. Хэрэв хотод гээгдүүлсэн бол энд асаалттай байж байх байсан уу гэсэн асуудал яригдах ёстой.

… Шүүгчийн захирамжид заагдсан хохирогчийн Улаанбаатар хотод ангийн хүүхдүүдтэйгээ уулзсан газар, тухайн этгээдүүдээс мэдүүлэг авах, гар утасны устгасан гэх мэдээллийг сэргээх ажиллагааг шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хийх боломжтой гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн ... энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэсэн, мөн зүйлийн 6 дахь хэсэг “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ зүйлийн 33.1-р зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ.” гэж заасны дагуу яллагдагч Б.От холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг хойшлуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас шүүгдэгч Б.О нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ч.У-ын гээгдүүлсэн 1,425,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг нөүт-20” маркийн гар утсыг 2021 оны 08 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд *** олж, бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж бусдад худалдаж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж 1. ...Улаанбаатар хотод алга болсон утас ямар шугамаар Сайншанд суманд ирсэн болох талаар шалгаагүй. 2. ....Хохирогчийн ангийн хүүхдүүдээс Б.Отэй хамаарал бүхий этгээд байгаа эсэх, эсхүл Дорноговь аймгийн харьяат хүн байсан эсэхийг шалгаагүй. 3. ...Үүрэн телефоны газраас уг утас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ямар нэгэн дугаар ашиглагдсан эсэхийг тодруулаагүй. 4. ...Хохирогчийн ангийн хүүхдүүдтэйгээ уулзсан гэх газрыг тогтоож тухайн газарт камер байсан эсэх, түүнд ач холбогдолтой зүйл бичигдсэн эсэхийг шалгаагүй. 5. ...Улаанбаатарт 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр алга болсон утас 2021 оны 08 дугаар зүйлийн 15-наас 20-ны хооронд гээгдэл хөрөнгө олж ашигласан гэх Б.Оийн үйлдэл хоёрын хооронд ямар шалтгаант холбоо байгааг олж тогтоогоогүй. 6. ...Уг утсыг хууль бус эзэмшигчээс олсон даруйд устгасан зүйлийг сэргээж болох талаар ажиллагаа хийгээгүйгээс утсанд байгаа хэрэгт ач холбогдолтой зүйлийг олж авах, цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаажээ.

Анхан шатны шүүх ийнхүү дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2-т нийцээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

3. Дээрх шүүгчийн захирамжинд заасан хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх тухай агуулгаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дугаар зүйлд заасан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 6.13 дугаар зүйлд заасан асуудлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэрэг хянан хэлэлцэхийг 60 хоногоор хойшлуулж шийдвэрлэх боломжтой болно.

Тодруулбал шүүгчийн захирамжинд заасан агуулга нь хохирогчийн гээгдүүлсэн гэх гар утас буюу эд хөрөнгө нь хаана алга болсон талаарх яллагдагч, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, энэхүү нөхцөл байдлыг тодруулах зорилготой, энэ нь  хэргийн талаар нотолбол зохих асуудал буюу гэмт хэрэг гарсан газар, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тус тус тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд энд дурдсан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтооход ач холбогдол бүхий ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулахаар шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулж прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/496 дугаартай шүүгчийн захирамжийн  захирамжлах хэсгийн

1 дүгээр заалтын “Шүүгдэгч ***овогт Б. От холбогдох эрүүгийн 2109014550219 дугаартай хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.” гэснийг

“Яллагдагч Б.От холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, шүүхээс тогтоосон энэ хугацаанд шүүгчийн захирамжинд заасан асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгасугай.” гэж өөрчлөн,

3 дугаар заалтыг хүчингүй болгож, 3 дугаар заалтад “Энэхүү шүүх хуралдаан хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй.” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор М.Оын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                               ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                  Н.БАТЧИМЭГ