Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 125/ШШ2024/0007

 


 

  2024        01          31   

     125/ШШ2024/0007

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Тендерийн үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Багш нарын комьпютер шинэчлэх”  ажлын тендер шалгаруулсан үнэлгээний хорооны  шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн үнэлгээний хорооны  2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ныг Багш нарын комьпютер шинэчлэх  ажлын гүйцэтгэгчээр шалгаруулах, гэрээ байгуулах  эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Үнэлгээний хорооны дарга *******, гуравдагч этгээд “*******” ХХК-ны захирал *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан  Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 шийдвэрийг  хүчингүй болгуулах, манай компанитай гэрээ  хийхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Багш нарын комьпютер шинэчлэх  ажлын тендер шалгаруулах үнэлгээний хорооны  хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, мөн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, манай компанитай гэрээ байгуулахаар шийдвэрлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, өөрчилсөн.

1.3. Шүүх хуралдаан дээр  нэхэмжлэгч нь Багш нарын комьпютер шинэчлэх  ажлын тендер шалгаруулсан үнэлгээний хорооны  шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн үнэлгээний хорооны  2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ныг Багш нарын комьпютер шинэчлэх  ажлын гүйцэтгэгчээр шалгаруулах, гэрээ байгуулах  эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

 

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Ховд аймгийн Дарви сумын Багш нарын комьпютер шинэчлэх”  ажлын тендерт оролцохоор “*******” ХХК, “*******” ХХК  нарын  нэр бүхий 18 компани цахим тендер ирүүлснээс Тендерийн үнэлгээний хороо нь  “*******” ХХК-ны ирүүлсэн тендерээс  Ховд аймгийн Дарви сумд хийгдэж байгаа “*******”-ний ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй гэх  үндэслэлээр татгалзаж, “*******” ХХК-ны  ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлгээтэй тендерээр шалгаруулснаар уг маргаан үүсчээ.

        

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани Ховд аймгийн Дарви сумаас зарласан”Багш нарын комьпютер шинэчлэх” ажлын тендерт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа%, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж болон тендерийн баримт бичигт заагдсан холбогдох шаардлагад нийцсэн тендер илгээсэн төдийгүй шалгаруулсан байгууллагаас бага үнийн саналтайгаар тус тендерт  шалгаруулалтанд оролцсон.

Захиалагчаас Тендер шалгаруулалтын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/219 тоот албан бичгээр мнай ХХК-наас татгалзсан шийдвэрийг  гаргаж дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Монгол Улсын сангийн яаманд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн  46 тоот албан бичгээр гомдол гаргасан.  Сангийн яам манай  гомдлын дагуу захиалагч албан байгууллагад албан бичгээр болон утсаар хуулийн хугацаанд  мэдэгдсэн боловч тус захиалагчаас хугацаандаа  Сангийн яаманд  материалаа хүргүүлээгүй  тул сангийн яам 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/8834 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт Журмын 4.6-д зааснаар захиалагч түр түдгэлзүүлсэн шийдвэрийг утсаар, эсхүл албан бичгээр, эсхүл цахим системээр мэдсэн даруйд тус журмын 5.1-д заасан баримт бичгийг 3 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан гомдол хянан шийдвэрлэх 14 хоногийн хугацааны дотор холбогдох баримт бичиг мэдээллийг ирүүлээгүй байна. Иймд тус яамны таны гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дуусгавар болгосон тул шүүхэд гомдол гаргах нь зүйтэй байна .... гэжээ.

Иймд тус тендер шалгаруулалттай холбоотой асуудлыг хянан үзэж  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн тус зарлагдсан тендерт 18 компани оролцсоноос ******* ХХК нь хамгийн бага хувийн саналтай байсан. Гуравдагч этгээдээр оролцож  байгаа ******* ХХК-ийн захирал ******* нь удаа дараа миний хувийн утас руу залгаж “би чамтай танилцах шаардлагатай байна гээд энэ тендерт оролцсон талаараа хэлсэн” Тендер шалгаруулалт дууссаны дараа 2 компани гомдол гаргасан байна. Чи гаргасан гомдлоосоо татгалзаад өгөөч би чамд хэдэг төгрөг өгье гэж хэлж ярьсан. Энэ хүн ингэж над руу ярьсан юм чинь тус тендерийн хороонд нөлөөлсөн гэж би ойлгож байгаа. Уг асуудлыг шалгуулах бодолтой байгаа гэв.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай “*******” ХХК нь Ховд аймгийн Дарви сумаас зарласан “багш нарын компьютер шинэчлэх” ажлын тендерт “*******” ХХК-ийн зүгээс төрийн худалдан авах тухай хуульд заасны дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хорооноос зарласан тендерийн дагуу шаардлагатай бичиг баримтуудыг цахимаар илгээсэн. Үүний дагуу тухайн үнэлгээний хороо үнэлгээгээ хийсэн байдаг. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг ******* ХХК нь үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзээд Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яамны зүгээс манай гаргасан гомдлын дагуу захиалагч байгууллагад албан бичгээр болон утсаар хуулийн хугацаанд мэдэгдсэн боловч тус захиалагчаас хугацаандаа Сангийн яаманд материалаа хүргүүлээгүй байсан. Иймд Сангийн яам шийдвэрлэх боломжгүй байна. Тухайн хариуцагч буюу үнэлгээний хороо ямар нэгэн тайлбар ирүүлээгүй байгаа тул шүүхэд гомдол гаргах нь зүйтэй гэх хариуг ирүүлсэн учраас бид хуулийн хугацаанд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Тус нэхэмжлэлийн шаардлагадаа нэгдүгээрт Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2-219 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, хоёрдугаарт Ховд аймгийн Дарви сумын 2023 оны багш нарын компьютер шинэчлэх ажлын тендер шалгаруулах үеийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, мөн ******* ХХК-тай гэрээ байгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Яагаад гэвэл тус үнэлгээний хороо нь хуулийн дагуу үнэлгээ хийгээгүй, тухайн тендерийн үнэлгээний хорооноос манай компанид албан бичиг ирүүлэхдээ учир битүүлэг буюу “материалын бүрдэл дутуу” гэх үндэслэлээр тендер олгохоос татгалзсан гэх хариуг ирүүлсэн. Тухайн үнэлгээний хороо нь төрийн худалдан авах тухай хуулийг бүхэлд нь хэрэгжүүлж ажиллах ёстой түүнийгээ маш сайн мэддэг хүмүүс байх ёстой байтал худалдан авах тухай хуулийн ганц ч заалт байхгүй. Тендерийн материал, материалын иж бүрдэл дутуу гэх утгатай албан ирүүлсэн. Хариуцагчийн зүгээс ямар хуульд яаж үндэслэж татгалзсан талаараа нэг ч  үг, өгүүлбэр бичээгүй байсан. Тус тендер нийт 18 компани оролцсон байдаг. Одоо шалгаруулчихсан байгаа ******* ХХК-ийн үнийн санал бага байсан учраас уг компанийг сонгосон гэдэг тайлбарыг мөн хэлж байсан. Гэтэл тус хорооны зүгээс үнийн саналыг огт харж үзээгүй орон нутгаасаа сайн мэддэг компаниа шалгаруулчихлаа гэдэг хардах сэтгэл төрсөн гэв.

3.3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай тендерийн үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тендерийн материалыг хүлээн авсан. ******* ХХК-ны хувьд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр санхүүжилтээ авсан. Уг өдрөөс өмнө буюу өнөөдрийг хүртэл танай компанийн ажил дуусаагүй байгаа. Мөн гэрээний хугацаа дууссан. Хоёрдугаарт Засаг даргын Тамгын газрын тендерийн үнэлгээний хорооноос тендер зарлагдаад тухайн үед 18 компанийн материал ирсэн. Тухайн өдөр 2 тендер дээр зэрэг суугаад 8 хүн зэрэг үнэлсэн тус тендерийг ******* миний бие ахлан ажилласан.

Миний хувьд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр жирэмсний амралт авах хугацаа болчихсон мөн тендер шалгаруулах хуулийн хугацаа дуусах гэж байсан учир мэдэгдлүүдийг гаргаж өгсөн. Тухайн үед 18 компанид нэг бүрчлэн  гарсан алдааг тоочиход хүндрэлтэй байсан учраас тэнцээгүй компаниудыг нь ингээд гаргачихъя гэдэг юмыг би өөрөө шийдвэр гаргасан. Яагаад гэвэл тухайн үед би ахалж ажиллаж байсан учраас ийм ийм компани дээр материал дутуу байгаа учраас шаардлага хангахгүй  байна гэх шийдвэрийг гаргасан.  Миний хувьд тухайн үед дотоод аудит, төрийн аудит гэх 2 давхар шалгалтад орчихсон байсан учраас тэр болгон тухайн 18 компанид тодорхой хариуг өгч чадаагүй.

Танай ******* ХХК-ийн хувьд шаардлага хангаагүй учраас тэнцээгүй тэрнээс биш орон нутгийн компани мөн эдгээр компаниуд нь нэгнийгээ таньдаг учраас Сүлэг өндөр алтай ХХК-д өгсөн гэдэг зүйл байхгүй. Яагаад гэвэл өмнө нь тендер шалгаруулахдаа танай  ******* ХХК-ийг би өөрөө шалгаруулж авсан байдаг. Тухайн үед би танай компанийг таньдаг болоод шалгаруулаагүй гэдгийг мэдэж байгаа байх. Гуравдагч этгээдээр татан оролцуулсан Сүрлэг Өндөр Алтай ХХК-ийн хүмүүсийг хүртэл танихгүй өнөөдөр цахимаар харж байна. Миний хувьд эмнэлэгт хэвтэж байгаад гарсан учраас гарт барьсан баримт байхгүй байна. ******* ХХК-ийн хувьд өмнө нь авсан тендерийн ажлын гүйцэтгэл нь 50%-аас дээшээ гараагүй байхад дараагийн тендерийг өгөхгүй гээд заагдчихсан.

 

3.4. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт ******* ХХК нь өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд “бага үнийн саналтайгаар тендер шалгаруулалт оролцсон” гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 33.2.2-т “техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох”гэсэн заалт бий. Гэхдээ энэ зохицуулалтад “техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа" гэсэн нөхцөл бас байгааг нэхэмжлэгч тал анхаарч үзэх нь зүйтэй юм.

2.Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгч талыг шалгаруулаагүй шалтгаан, үндэслэлээ “******* ХХК нь шаардсан материалын бүрдэл дутуу мөн Дарви суманд “Ёслол хүндэтгэлийн ордон барих тендерт ялж, ажил гүйцэтгэж байгаа, тухайн гүйцэтгэлийн ажлын үр дүн 30 хувьтай явж байгаа, манай шаардлагад 50 хувиас дээш гүйцэтгэл, санхүүжилттэй байх шаардлагатай тул олгох боломжгүй байсан” гэжээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан "бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”үзүүлэхүйц нөхцөл байдал гэж манай байгууллагын зүгээс үзэж байна.

3.Нэхэмжлэгч шаардлагадаа “...манай ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэжөгнө үү" гэжээ. Тус шаардлага нь тодорхой бус, мөн шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлаар шийдвэр гаргуулахыг шаардаж хүссэн байна.

4.Нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2\219 шийдвэрийг хүчингүй болгож.." өгөхийг шаарджээ. Тус захиргааны актыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, ойлгомжгүй байна.

******* ХХК буюу манай байгууллага нь хуульд заасан заавар, журмын дагуу тендер шалгаруулалтад оролцож, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тул сонгогдсон болно.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна.

3.5. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн хэлж байгаатай санал нэг байна. Ховд аймагт тендер өгөхдөө өмнөх  ажлын гүйцэтгэлийг харж байж дараагийн тендерийг өгдөг. Уг багш нарын компьютер шинэчлэх ажлын тендер нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарлагдсан. Тухайн үед ******* ХХК-ийн ажлын гүйцэтгэл 30%-тай байсан гэдэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т зааснаар бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө гэж заалт байдаг. Аливаа тендерийн хувьд эхний ажил дуусаагүй байхад дараагийн ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх нь тодорхой гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь  Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан  Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 шийдвэрийг  хүчингүй болгуулах, манай компанитай гэрээ  хийхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Багш нарын комьпютер шинэчлэх”  ажлын тендер шалгаруулах үнэлгээний хорооны  хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, мөн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, манай компанитай гэрээ байгуулахаар шийдвэрлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, өөрчилсөн.

3. Шүүх хуралдаан дээр  нэхэмжлэгч нь “Багш нарын комьпютер шинэчлэх”  ажлын тендер шалгаруулсан үнэлгээний хорооны  шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн үнэлгээний хорооны  2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ныг Багш нарын комьпютер шинэчлэх  ажлын гүйцэтгэгчээр шалгаруулах, гэрээ байгуулах  эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

5. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/160 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Багш нарын комьпютер  шинэчлэх” ажлыг сонгон шалгаруулах  үнэлгээний хороог байгуулж,  үнэлгээний хороо “Ерөнхий боловсролын багш нарын комьпютер  шинэчлэх” тендерийн баримт бичгийг боловсруулжээ.

6. Тендерт оролцохоор “*******” ХХК, “*******” ХХК  нарын  нэр бүхий 18 компани цахим тендер ирүүлснээс тендерийн үнэлгээний хороо нь  “*******” ХХК-ны ирүүлсэн тендерээс Ховд аймгийн Дарви сумд  хийгдэж байгаа “*******”-ний ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй гэх  үндэслэлээр татгалзаж, “*******” ХХК-ны  ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлгээтэй тендерээр шалгаруулснаар уг маргаан үүсчээ.

7. Хариуцагч нь маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлахдаа “*******” ХХК нь манай суманд ******* барих тендерийн ажилтай байгаа. Уг ажлын гүйцэтгэл нь 50 хувьдаа хүрээгүй тул  шалгаруулахаас татгалзсан гэж,

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  Үнэлгээний хорооноос  бидэнд ирүүлсэн албан бичигт манай компанийг ямар үндэслэлээр шалгаруулаагүй талаараа бичээгүй, тодорхой бус. Шүүхэд ирүүлсэн хариуцагчийн тайлбартай танилцахад “*******” барих ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй гэх үндэслэлийг бичсэн байна. Үнэлгээний хорооны боловсруулсан тендерийн баримт бичигт  хийж байгаа ажлын гүйцэтгэл шаардаагүй байсан. Манай компани “*******” ХХК-наас бага үнийн саналтай байсан гэж маргаж байна.

9. Шүүхээс маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийх ба хариуцагчаас шүүх хуралдаанд маргаан бүхий актын үндэслэлээ “...******* ХХК нь “*******” барих ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18.7-д заасныг  зөрчсөн үзсэн...”  гэж тайлбарласан тул хариуцагчийн тайлбарт үндэслэн шүүхээс  нэхэмжлэгчийг Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 18.7-д заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийлээ. 

10. Тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцохоор ирүүлсэн дээрх  компаниудын  тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл, Тендерт шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-д тавьсан шаардлагын дагуу хянан үзэж “*******” ХХК ирүүлсэн тендер нь ТӨХ-ийн 18.7-д заасан Тендерт оролцогч, түүний түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр авсан гэрээний талаарх мэдээлэл: Шаардана, Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр  эрх авсан гэрээний мэдээллийг Маягт-6 маягтаар  гаргаж ирүүлнэ гэсэн заалтыг  хангаагүй гэж үзсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль бус гэж үзлээ.

11. Учир нь ТӨХ-ийн 18.7-д хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр  эрх авсан гэрээний мэдээллийг Маягт-6-д зааснаар ирүүлэхээр заасан бөгөөд хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэл 50 хувиас дээш байх шаардлага тусгагдаагүй байна.

12. Нэхэмжлэгч “*******” ХХК–ийн  хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр авсан гэрээний мэдээллийг маягт-6-аар ирүүлсэн тендерийн материал нь ТӨХ-ийн 18.7-д заасан шаардлагад нийцсэн  гэж үзнэ.

13. Өөрөөр хэлбэл хариуцагч тендерийн үнэлгээний  хороо нь Тендерийн өгөгдлийн хүснэгтэд заагдаагүй үндэслэлээр “*******” ХХК-ны ирүүлсэн тендерийн баримт бичгийг  шаардлага хангаагүй гэж үзсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байх тул тендерийн үнэлгээний хорооны “*******” ХХК-ныг шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

14. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д  Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг зэрэг хангасан бол шаардлагад  нийцсэн тендер гэж үзэхээр заасан ба нэхэмжлэгч “*******” ХХК-ны ирүүлсэн тендер нь ТӨХ-ийн 18.7-д заасныг зөрчөөгүй байх тул шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.

15. Үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар “*******” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэхдээ “...*******” ХХК-ныг  хийж байгаа ажлын гүйцэтгэл 50 хувиас дээш гараагүй, мөн өөр өөр шалтгаанууд байгаа” гэх байдлаар тодорхойгүй дүгнэлт хийсэн нь мөн өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

16. Мөн хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “*******” ХХК нь *******ний ажлын гүйцэтгэл 50 хувиас дээш гараагүй, мөн өөр бусад зүйл байгаа би одоо хэлж мэдэхгүй байна гэж тайлбарлаж  байгаа, “*******” ХХК-ийг ингэж тодорхойгүй байдлаар дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд ил тод байх зарчимд нийцээгүй байна.

17. “Багш нарын комьпютер шинэчлэх” тендерт “*******” ХХК нь 176.550.000 төгрөг, “*******” ХХК нь 180.100.999 төгрөгний үнийн санал ирүүлжээ. 

18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна, 28.7.4-д  хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэхээр заасан.

19. Дээрхээс үзвэл шаардлагад нийцсэн тендерүүдээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг шалгаруулах ба тус тендерт “*******” ХХК нь “Сүрэг өндөр Алтай “ХХК-наас бага үнийн саналтай байх тул “Багш нарын комьпютер шинэчлэх” ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-ны шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

20. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагабүхэлдээ хангагдсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн  санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Дарви сумын Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч “*******” ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Багш нарын комьпютер шинэчлэх”  ажлын тендер шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, үнэлгээний хорооны  2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг  тус тус хүчингүй болгож, “*******” ХХК-ныг Багш нарын комьпютер шинэчлэх  ажлын гүйцэтгэгчээр шалгаруулах, гэрээ байгуулах  эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн  санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Дарви сумын Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Г.ЯНЖИНДУЛАМ