Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 589

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч М.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т д холбогдох эрүүгийн 201726021260 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суудаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т  .

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

   Шүүгдэгч М.Т  нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 52 дугаар байрны гадна М.Азжаргалын Самсунг галакси эс 7 edge загварын гар утсыг нь “яриад өгье” гэж хуурч аван залилан мэхэлж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хохирогч М.Азжаргал мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 22:00 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо 18А байрны гадна арван жилийн ангийн найз Т тай уулзсан. ..Т  би ээжрүүгээ утсаар яриадахъя гээд миний гар утсыг гуйж авсан. Тэгээд бид хоёр 52-р байрны ар талын мини маркет дэлгүүр орох үед Т  миний гар утсаар яриад явж байсан ба дэлгүүрийн үүдэнд очоод би дэлгүүр орчихоод гараад иртэл Т  миний гар утсыг аваад явчихсан байсан...” гэжээ. /хх 20,23-24/

Гэрч Б.Бат-Оюун мэдүүлэхдээ: “...тэгээд би Азжаргал, Ганзаяа 2-той ойр зуурхан юм яриад зогссон ба нөгөө залуу нь гар утсаар оролдоод зогсоод байсан. Тэгэхээр нь би энэ хэн юм гээд Азжаргалаас асуусан чинь манай 10 жилийн ангийн залуу гэж хэлсэн. Тэгээд би эртхэн хариарай гэж хэлчихээд явсан. Тэгтэл тэр орой нь Азжаргал надруу яриад манай ангийн нөгөө Т  гээд залуу миний утсаар ээжтэйгээ ярьчихаад өгье гээд аваад алга болчихлоо гэж хэлж байсан...” гэжээ. /хх 26/

 

Яллагдагчаар М.Т  мэдүүлэхдээ: “...би 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 10 жилийн ангийн найз Азжаргалтай гэрийнхэн гадаа уулзаж байгаад хамтдаа Ганзаяа гэдэг хүүхэдтэй уулзая гээд 52 дугаар байрны хажуу талд суудаг дэлгүүрлүү нь явж очиж тэнд уулзаж байгаад Азжаргалын Самсунг Галакси Эс 7 Эйджи маркийн гар утсаар нь фэйсбүүк орж байгаад Азжаргалд гар утсыг нь өгөлгүйгээр аваад явчихсан. Тэгээд маргааш нь найз Анужингийн нэрээр модны 2-т байдаг Монген сургуулийн хажуу талд байдаг ломбарданд барьцаанд тавиулаад орой нь буцааж аваад найз Баасанбатын нэрээр модны 2-ын автобусны буудлын хойно байдаг ломбарданд барьцаанд тавиулаад буцааж авалгүй тэнд нь орхисон...” гэжээ. /хх 40-41/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх 17/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44,45,47/

Хохирогч М.Азжаргалын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх 67/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Т  нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 52 дугаар байрны гадна М.Азжаргалын Самсунг галакси эс 7 edge загварын гар утсыг нь “яриад өгье” гэж хуурч аван залилан мэхэлж 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Азжаргал /хх 20,23-24/, гэрч Б.Бат-Оюун /хх 26/, С.Номуундалай /хх 29-30/ нарын мэдүүлэг,

Эд зүйлийн үнэлгээ /хх 17/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44,45,47/,

Хохирогч М.Азжаргалын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх 67/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч М.Т ыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Т ы үйлдсэн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ба мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй талаар зохицуулсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид  1,500,000 төгрөгийн хохирол төлсөн /хх 67/ болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т  нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дэлдгэр галзууд овогт Мөнхнарангийн Т ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

           

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ