| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00359/И |
| Дугаар | 152/ШШ2024/00465 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 152/ШШ2024/00465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б-ийн,
Хариуцагч: А.С-д холбогдох,
Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Б
Хариуцагч: А.С
Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.С-д холбогдуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Д.Б нь худалдаа наймаа эрхлэн амьдардаг. Би Улаангом сумын 12 дугаар багт байрлах Итгэлт худалдааны төвд В1-а тоот хаягт байршилтай 46,2 м2 талбайтай, мөн В1-б тоот хаягт байршилтай 45,1 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус хуулийн дагуу худалдан авч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг гаргуулан авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн төлбөрийг төлсөн. Гэтэл худалдан авсан талбайнууддаа лангуу хийлгэж тохижилтын ажил хийж, бараагаа худалдан борлуулах гэтэл А.С нь үндэслэлгүйгээр надаас зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулах ёстой гэж хэлээд миний худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүдэд давхар цоож хийж хаалгыг нь цоожлоод түлхүүрийг нь өгөхгүй намайг үл хөдлөх хөрөнгүүдээ ашиглах боломжгүй болгож хохироогоод байна. Миний бие өөрийн худалдан авсан 2 павильон дээрээ худалдан борлуулахаар 100,000,000 төгрөгийн өртөг бүхий хавар намрын болон зуны улирлын бэлэн хувцас худалдан авсан бөгөөд тус бараагаа одоо болтол худалдан борлуулж чадахгүй агуулахад хурааж байна. Би өмнө нь бас худалдаа наймаа эрхэлдэг байсан бөгөөд манай лангуунуудын тогтмол орлого нь өдрийн 500,000-1,000,000 төгрөг байдаг. Би үл хөдлөх хөрөнгүүдээ өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж албан ёсны өмчлөгч нь болсон атлаа хариуцагчийн буруугаас үйл ажиллагаа явуулж, татсан бараагаа худалдан борлуулж чадахгүй ашигласан талбай байхгүй, орсон орлого байхгүй бараагаа түгжиж хохирсоор байна. Иймд А.С-гаас миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, хаасан хугацааны олох байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Б-ийн нэхэмжлэлд хариуцагчаар татагдах субъект биш, нэхэмжлэгчийн объектыг цоожлоогүй. Би Итгэлт худалдааны төв болон Их барилга Увс ХК-г төлөөлөх эрхтэй этгээд биш тул хариуцагч байх үндэслэлгүй болно гэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч А.С нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээг Их барилга Увс ХК-ийн гүйцэтгэх захирал А.Б-тай хийсэн байна. А.С нь тухайн нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлах Их Барилга Увс ХК-г төлөөлж, итгэмжлэлгүйгээр шийдвэр гаргах, хариуцагчаар татагдвал зохих хүн биш гэдэг нь шинээр гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байгаа. Хариуцагч тухайн талбайд өөрөө хаалга, цоож хийсэн гэсэн мөн тухайн худалдаж авсан талбайнаасаа тусдаа тухайн компани талбай болох шатны доор байрлах хонгилд зөвшөөрөлгүйгээр шат хийх гэх зэрэг барилгын аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн асуудал байгаа, албадан чөлөөлүүлэх асуудал А.С-д холбогдолгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, 001206680 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 001206721 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн даалгаврын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2 хуудас фото зургийн хуулбарыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Их барилга Увс ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн лавлагаа, Их барилга Увс ХК-ийн 000055 дугаартай худалдаа, үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, Их барилга Увс ХК-ийн 000054 дугаартай худалдаа, үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 001247331 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч А.С-д холбогдох өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Би үл хөдлөх хөрөнгүүдээ өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж албан ёсны өмчлөгч нь болсон атлаа хариуцагчийн буруугаас үйл ажиллагаа явуулж, татсан бараагаа худалдан борлуулж чадахгүй ашигласан талбай байхгүй, орсон орлого байхгүй бараагаа түгжиж хохирсоор байна. Иймд А.С-гаас миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, хаасан хугацааны олох байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Миний бие Д.Б-ийн нэхэмжлэлд хариуцагчаар татагдах субъект биш, нэхэмжлэгчийн объектыг цоожлоогүй. Би Итгэлт худалдааны төв болон Их барилга Увс ХК-г төлөөлөх эрхтэй этгээд биш тул хариуцагч байх үндэслэлгүй болно гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Их барилга Увс ХК-ийн захирал нь А.Б болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаагаар тус тус тогтоогджээ.
Нэхэмжлэгч Д.Б нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг Их барилга Увс ХК-иас худалдан авсан, тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь Итгэлт худалдааны төвд байрладаг болох нь хэрэгт авагдсан 000054 дугаартай худалдаа, үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээ, 000055 дугаартай худалдаа, үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээнүүдэд гүйцэтгэгч Их барилга Увс ХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал албан тушаалтай А.Б, захиалагч Б нар гарын үсгээ зуржээ.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан ба дээрх нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй буюу тухайн маргааны хариуцагч нь А.С биш харин Их барилга Увс ХК гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч А.С-д холбогдуулан гаргасан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч Ш.Ц-д холбогдох өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлогод 75,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР