Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2024/00466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Д.Г-ийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь Д.Г-ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Увс аймгийн Ховд сумын Ачит багийн малчин Д.Г 1970 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 54 настай. Д.Г нь 1986 оны 7 дугаар сарын-01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн Ачит бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан ба 1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 сар хүртэл 2 жил хугацаат цэргийн алба хаасан. Тухайн үед малчнаар ажиллаж байсан тушаал шийдвэр байхгүй. Аймгийн архиваас Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж цалин авч байсан цалингийн тодорхойлолт гарч ирсэн. Одоо тэтгэвэрт гарах нас нь болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан тушаал шийдвэр олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд Д.Г-ийн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, мөн нэгдэлд 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Д.Г-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 298 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан Д.Г-ийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 1-9, 1992 оны 1-6 дугаар саруудад саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Д.Г-т өгсөн зөвлөмжийн хуудас, Т.С-ийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.М-ийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 415 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 617 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1, иргэний хаягийн хуудас №7, гэрлэснийг бүртгэх анкет №033, гэрч Т.С, Ч.М нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Г-ийн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Тэрээр 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болох нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 415 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Г-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Г нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Д.Г-ийн БНМАУ-ын хүн амын регистрийн картад Ховд сумын Хөгжил нэгдэл, 1-р хэсэг хоньчин, 1987 онд ажилд орсон гэж тэмдэглэжээ. Мөн Д.Г-ийн хаягийн хуудас №7-д Ховд сумын Ачит бригадад хоньчин гэж 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдөх бүртгэгджээ.

Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Г-ийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 1-9, 1992 оны 1-6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

Д.Г-ийн гэрлэснийг бүртгэх анкетад 1991 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөгжил нэгдэлд малчин байсныг тэмдэглэжээ.

3.1. Шүүхээс гэрч Т.С, Ч.М нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.С 1980 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн дээд сургуулийг хөдөө аж ахуйн нябо мэргэжлээр төгссөн. 1980 онд сургуулиа төгсөж ирээд Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн Ачит бригадад нярав, тоо бүртгэгчээр тус тус 1988 он хүртэл ажилласан. Д.Г 1986 онд Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн Ачит бригадад мал малладаг байсан. 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд халагдаж ирсэн. 1993 онд Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэл тарсан. Нэгдэл тарах хүртэл Д.Г Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн Ачит бригадад нэгдлийн мал малласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Ч.М Би 1983 оноос 1994 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Ховд сумын Хөгжил нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр ажиллаж байсан. Д.Г-ийг хүүхэд ахуй цагаас нь таньдаг бага боловсролтой багаасаа л аав, ээж дээрээ мал маллаж ирсэн. Ч.Г 1986 оноос Увс аймгийн Ховд сумын Ачит бригадад мал маллаж байгаад 1988 оны 10 сараас цэргийн албанд татагдаж 1990 оны 10 сард халагдаж ирсэн. Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэл 1993 онд тарж нэгдэл тартал Ч.Г мал малласан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч Д.Г нь Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Д.Г-ийн Ховд сумын Хөгжил нэгдэл, 1-р хэсэг хоньчин, 1987 онд ажилд орсон гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Гийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 1-9, 1992 оны 1-6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, 1991 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөгжил нэгдэлд малчин байсныг тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Т.С, Ч.М нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Г-ийн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Д.Г-ийн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1990 оны 11 дүгээр сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР