| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00547/И |
| Дугаар | 152/ШШ2024/00468 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 152/ШШ2024/00468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.Э-ны,
Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Э нь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие 1969 онд төрсөн 55 настай. Би Бөхмөрөн сумын, жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн. Илгээлтээр Бадрал нэгдэлд саналаа өгч 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1 дүгээр бригадад хоньчноор томилогдон ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн зарлан авч цэрэгт татагдан явсан. 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэлх Бадрал нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад гарсан тушаал байхгүй ба 1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл 0119 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан боловч халагдсан тушаал байхгүй тул одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний бие Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэл хоньчноор ажиллаж байсан мөн 1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл цэргийн алба хаагаад халагдсан тушаал зэргийг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан П.Э, Ц.О нарын гэрчээр асууж өгнө үү гэжээ. тайлбарлав.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Э нь миний аав тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байна. Тэрээр Увс аймгийн Бөхмөрөн сумын дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Бадрал нэгдэлд малчин болсон. 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1 дүгээр бригадад хоньчноор томилогдон ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд явсан. Гэтэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлээс 1988 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул энэ хугацааны ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Мөн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан боловч халагдсан бүртгэл байхгүй тул цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор шаардлага гаргасан. Иймд Ш.Э-ны Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг нь тус тус тогтоож өгнө үү гэж тайлбарлав.
3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2 ширхэг, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дүгээр тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 08/2040 дугаартай лавлагаа, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ш.Э-д өгсөн зөвлөмжийн хуудас, Д.Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Бөхмөрөн сумын Намын үүрийн товчооны 1977 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр Бригадын дарга томилох тухай тогтоол, Увс аймгийн Бөхмөрөн сумын Намын үүрийн товчооны 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11 дүгээр Бригадын даргаас чөлөөлөх тухай тогтоол, Ц.О-ийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Ц-ийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийн хуулбар, итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 647 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягтын хуулбар, гэрч Ц.О, Д.Ц нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ш.Э нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг нь тус тус тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус зохицуулсан байх тул Ш.Э-ны ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ш.Э нь ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, мөн цэргийн албанд татагдсан бүртгэл байгаа боловч халагдсан талаарх бүртгэл байхгүй тул ажиллаж байсан байдлыг болон цэргийн алба хаасан болохыг нь тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалаар Бөхмөрөн сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р анги төгсгөж, илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд саналаа өгсөн нэр бүхий 13 хүүхдийг 1985 оны 7 дугаар сарын 2-ноос эхлэн хавсралт ёсоор томилон ажиллуулсугай гээд уг тушаалын хавсралтын 2-рт Ш.Э, 1-р бригадад хоньчноор томилжээ.
Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан, Ш.Э-ны БНМАУ-ын хүн амын регистрийн картад Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл, Гурван жигэртэй бригадад хоньчин, 1986 онд ажилд орсон бүртгэгджээ.
Шүүхээс гэрч Ц.О, Д.Ц нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.О Би 1979-1990 оны хооронд илгээлтээр Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн нэгдүгээр 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Ш.Э манай багт 8 төгсөөд илгээлтээр ирж ажиллаж байсан тул мэднэ. Ш.Э 1985 оноос эхлэн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1988 он хүртэл ажиллаж байгаад 1988 оны 10 сард цэргийн албанд татагдаж 1990 онд цэргээс халагдаж ирсэн. Ш.Э цэргээс халагдаж ирээд хувийн малаа маллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл Бөхмөрөн суманд мал малладаг гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 195 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Д.Ц Би 1980-1983 оны хооронд Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр төгссөн. 1983-1995 оны хооронд Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад малын эмчээр ажилласан. Ш.Э бид нэг нутгийн нэг бригадад ажиллаж амьдардаг тул нэгнээ мэднэ. Ш.Э 1985 онд 8 дугаар анги төгсөж илгээлтээр Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1988 он хүртэл ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн халагдаж ирээд хувийн малаа маллаж одоог хүртэл Бөхмөрөн суманд мал малладаг гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийн хуулбараар тус тус нотлогдож байна.
4. Нэхэмжлэгч Ш.Э нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаал, Бөхмөрөн сумын Бадрал нэгдэл, Гурван жигэртэй бригадад хоньчин, 1986 онд ажилд орсон бүртгэгдсэн ХААТР-1 маягт, гэрч Ц.О, Д.Ц нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ш.Э-ны Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаанд Ш.Э Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангийн 1990 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивд шилжүүлж ирүүлээгүй тул Ш.Э цэргийн халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно гэжээ.
Гэрч Ц.О...Ш.Э 1985 оноос эхлэн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1988 он хүртэл ажиллаж байгаад 1988 оны 10 сард цэргийн албанд татагдаж 1990 онд цэргээс халагдаж ирсэн гэж, Д.Ц ...Ш.Э 1985 онд 8 дугаар анги төгсөж илгээлтээр Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1988 он хүртэл ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдаж 1990 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн гэж тус тус мэдүүлжээ.
7. Нэхэмжлэгч Ш.Э нь Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргаж ирүүлсэн Ш.Э Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангийн 1990 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Ш.Э цэргийн халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно гэх архивын лавлагаа, гэрч Ц.О, Д.Ц нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогджээ.
8. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, нэхэмжлэгч Ш.Э-ыг Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Э-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Э Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ш.Э-ны Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Э-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР