| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00448/И |
| Дугаар | 152/ШШ2024/00478 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 152/ШШ2024/00478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.О-ийн,
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.А шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч С.О гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.А-ын эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.О нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин П.С-ыг төрүүлсэн. 2019 онд өөрийн төрсөн ах С.А-ынд охиноо үрчлүүлсэн. Тухайн үед би жирэмсэн, нөхөр аав П маань ходоодны хорт хавдраар өвчилсөн байсан тул нөхрөө асрах шаардлагаар өөрийн ах С.А охин П.С-ыг үрчлүүлэн үлдээсэн юм. Нөхөр маань 2022 онд нас барсан ба тэрээр охиноо л буцааж өөр дээрээ аваарай гэж захиж үлдээсэн юм. Ийм учраас охин С-ыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Охин маань 2022 оноос хойш миний асрамжид хамт амьдарч байгаа. Увс аймгийн Наранбулаг суманд 1-р ангид оруулсан. Сургуульд оруулахдаа П.С нэрээр бүртгүүлж оруулсан. Одоо Улаангом сумын 2 дугаар сургуульд сурч байгаа ба А.С гэсэн албан ёсны бүртгэлтэй буюу бичиг баримтын зөрчил үүсээд байна. Иймд охин С-ыг Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/92 дугаартай захирамжаар үрчлэлт хийгдсэн бөгөөд тухайн үрчлэлтийг бүртгэсэн он сар өдөр 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үүгэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.А шүүхэд гаргасан тайлбартаа: С.А би өөрийн төрсөн дүү С.О, нөхөр Ш.П нарын гэр бүлд төрсөн охин П.С-ыг аав нь өвчтэй байх хугацаанд 2019 онд үрчлэн авсан нь үнэн. Одоо охин С ээж С.О-ийн асрамжид байгаа. Миний хувьд охин С төрсөн эхийнхээ асрамжид байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 291 дүгээр тодорхойлолт, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үрчилсний бүртгэлийн лавлагаа, С.А-ын иргэний үнэмлэхийн хуулбар, С.О, Г.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 352 дугаар тодорхойлолт, өрхийн бүртгэлийн баримт, Увс аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн сургалтын менежер Б.Э-ийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тодорхойлолт, П.С-ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс С.А-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.О-ийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ мөн хуулийн 133.1.4-д хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох-оор тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч С.О-ийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Увс аймгийн Наранбулаг хүүхэд үрчилсний бүртгэлд Тайж Цагаан овогт А.С, үрчилж авсан эцэг Тайж Цагаан овогт С.А, үрчилж авсан эх Д.Б нарт 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн №2-т бүртгэв гэжээ,
Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 352 дугаар тодорхойлолтод Улаангом сумын 11 дүгээр багийн иргэн С.О нь 4 хүүхдийн хамт Өнөр хотхон 4-2 тоотод оршин суудаг гэжээ. Мөн өрхийн бүртгэлд С.О өрхийн тэргүүлэгч, охин П.О, П.Ш, П.С, П.Б нар бүртгэгджээ.
М.П нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болох нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан CVL2485010001004179 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.
А.С нь Увс аймгийн Улсын тэргүүний ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Д.Х багштай 3а ангид суралцаж байгаа болох нь тус сургуулийн сургалтын менежерийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тодорхойлолтоор тогтоогджээ.
4. Дээрх нэхэмжлэгчийн тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд иргэн М.П, С.О нарын гэр бүлд П.С2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрж, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн ах С.А, бэр эгч Д.Б нарт үрчлүүлсэн байх ба одоо охин А.С өөрийн төрсөн гэрт ээж, 2 эгч, дүүгийн хамт ам бүл 5-уулаа Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, Өнөр хотхоны 4-2 тоотод амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, А.С нь хэдийгээр С.А, Д.Б нарт үрчлэгдсэн байх боловч тэдгээр хүмүүстэй хамт амьдраагүй өөрийн төрсөн эх С.О-ийн асран хамгаалалтад өсөн бойжиж байгаа ба хүүхдийг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг илэрхийлсэн байна.
5. Иймд нэхэмжлэгч С.О-ийн хүсэлтийг хангаж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, ОЗ16302800 регистрийн дугаартай, Таргад овогт П.С-ыг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр С.А, Д.Б нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсгүүдэд зааснаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, ОЗ16302800 регистрийн дугаартай, П.С-ыг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр С.А, Д.Б нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР