Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 133/ШШ2024/00386

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 133/ШШ2024/00386

Есөнбулаг сум

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч М ББСБ ХХК

хариуцагч: Б.А-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 922,748 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.А нь М ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 04 сарын 05-ны өдөр ........ тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.А нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 07 сарын 13-ны өдөр сарын 2,9% хүүтэй 260,000 төгрөгийг, 2022 оны 07 сарын 17-ны өдөр сарын 3,4% хүүтэй 50,000 төгрөгийг, 2022 оны 07 сарын 17-ны өдөр сарын 2,9% хүүтэй 200,000 төгрөгийг тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б.А нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Б.А-н зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар:

Үндсэн зээл

Үндсэн зээлийн үлдэгдэл

Зээлийн хүү

Нэмэгдүүлсэн хүү

Нийт

260,000

260,000

174,510

33,075

467,585

50,000

50,000

38,665

7392

96,057

200,000

200,000

133,570

25,536

359,106

510,000

510,000

346,745

66,003

922,748

 

М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.А-с зээлийн гэрээний үүрэгт 922,748 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М ББСБ ХХК нь хариуцагч Б.А-ас зээлийн гэрээний үүрэгт 922,748 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 922,748 төгрөгийг М ББСБ-ийн Х банк дахь .......... тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 922,748 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 922,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд биелүүлжээ.

Энэхүү үйл баримт нь М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-н хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 922,748 төгрөгийг М ББСБ-ийн Х банк дахь ....... тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр тогтоогдож байх тул М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.А-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,696 төгрөгийн тал хувь 13,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,348 төгрөгийг улсын орлогоос, 13,348 төгрөгийг хариуцагч Б.А-с тус тус гаргуулж, М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А нь нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 922,748 төгрөгийг гаргуулах тухай М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,696 төгрөгийн тал хувь 13,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,348 төгрөгийг улсын орлогоос, 13,348 төгрөгийг хариуцагч Б.А-с тус тус гаргуулж, М ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН