Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 125/ШШ2024/0008

 

 

 

 

 

  2024      02          14                                           125/ШШ2024/0008

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн *******д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Хандмаа, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн өмгөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгч ******* Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/65 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүсэд байрлалтай 10000 кв метр талбай бүхий газрыг эрх шилжүүлэн авч, мод үржүүлгийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших болсон ба Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/194 дүгээр захирамжаар тус 10000 кв метр талбай бүхий газраас 5000 кв метр талбай бүхий газрын газар эзэмших эрхийг Т.т шилжүүлснээр 5000 кв метр газрыг 9 жилийн хугацаатай, мод үржүүлгийн зориулалтаар эзэмших болсон.

1.2. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдон...” гэх үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд газар эзэмшиж буй нийт 36 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч ******* багтсан байна.

1.3. Улмаар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг байрлах Ойн бүсийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн 32.6 га газарт Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

 

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутагт байрлах ойн бүсэд 0.5 га газрыг иргэн эрх шилжүүлэн авч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 9 сарын 21-ний өдрийн А/194 дүгээр захирамжаар тус газрыг мод үржүүлгийн зориулалтаар 9 жилийн хугацаатай эзэмших болсон. Тус газартаа 50 гаруй жимсний мод, 200 гаруй хайлаас мод тарьж мод үржүүлгийн зориулалтаар хүлэмж байгуулан үржүүлсэн модны суулгацаа аймаг орон нутаг болон аж ахуйн нэгж байгууллагуудад өгч Ховд аймгийн моджуулах ажилд гар бие оролцон ажиллаж ирсэн.

Мөн тухайн газарт амралтын газар ажиллуулах талаар аймгийн Засаг даргын Тамгын газарт хүсэлтээ хүргүүлсний дагуу зөвшөөрөл авч нийгмийн сайн үйлс бүтээх зорилгоор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувиллын газар ажиллуулахаар тус газартаа сувиллын газар нээсэн.

Гэтэл Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Газрын төлбөрөө бүрэн төлж тус газартаа мод үржүүлгийн зориулалтаар ашиглахаар хүлэмж байгуулж модны үрсэлгээ суулгац суулган мод үржүүлж ирсэн ба нийгмийн сайн сайхны төлөө ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сувиллын газар ажиллуулж ирсэн.

Бидний зүгээс аймаг орон нутаг нэгэнт том ажил хийх гэж байхад эсэргүүцээд байхгүй. Өөр заасан газарт нь нүүлгэн шилжүүлэлт хийе гэж хэлсэн. Өөрсдийн хийсэн бүтээн байгуулалтаа аймагт бага хэмжээний өртгөөр нь өгөх санал гаргасан. Мөн тус газар дээрх амралтын газраа тодорхой хэмжээгээр үнэлээд аймаг орон нутагт өгье. Үүний нөхөн төлбөрийг аймаг орон нутгаас шийдээд өгвөл заасан газарт нь шилжүүлэх боломжтой байгаа гэв.

 

2.2. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сум, 12-р баг, Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, нэгж талбарын дугаар бүхий 1 га талбай газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/65 дугаар захирамжаар 12 жилийн хугацаатай, мод үржүүлгийн газрын зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2015 оны 03 сарын 25-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор Жаргалант сумын газрын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2-р заалтаар шинэчлэн газрын төлбөр ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2018/0065 тоот гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

 1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 сарын 13-ны өдрийн А/65 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", 4.5-т “Газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан.Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2018/00065 тоот гэрээний 2.3-т Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно гэж тус тус заасан.

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага..." газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах ..."газарт" төлбөр ногдуулна" гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2021, 2022, 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд 2021 онд 80000 төгрөг 2022 онд 200000 төгрөг, 2023 онд 220000 төгрөгийг маргаан бүхий захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна. Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй талаар: Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/262 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ******* газар эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж улсын байцаагчийн 2023 оны 6 сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтээр “... нэгж талбарын дугаартай мод үржүүлгийн зориулалттай газарт үндсэн зориулалтын дагуу модны үрсэлгээ хийх, мод тарих, суулгац бэлдэх зэрэг мод үржүүлгийн ажил хийгээгүй...” гэсэн дүгнэлт гарсан тул нэхэмжлэгч нь газраа мод үржүүлгийн зориулалтаар ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, газар эзэмшүүлэх гэрээний 3.1, 4.1-д заасныг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүрэг"-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.5-т "Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх", 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т "Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" үүргийг “Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно.

Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй.

Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд тусгайлан заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй болно.

Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаяг байрлалтай, 84147251 тоот нэгж талбарын дугаартай 0.5 га талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 65 дугаар захирамжаар Цамбагарав багт ойн бүсэд 1 га газрыг эзэмшүүлсэн. Улмаар нэхэмжлэгч хэсэгчлэн буюу 5000 кв метр газрын газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Үлдсэн 5000 метр квадрат газрыг эзэмшиж байсан.

Эзэмшигчийн газар эзэмших гэрээ байгуулж эзэмшиж байсан. Эзэмшигчийн газар эзэмших гэрээг Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгосон. Жаргалант сумын Засаг даргаас нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Гэрээнд газрын төлбөрийг улирал бүрийн эхний 25-нд төлнө. Засаг даргын шийдвэр гарснаас хойш төлбөр төлөх хугацааг тооцно, хугацаанд нь бүрэн төлнө гэж зааж өгсөн. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хуваана. Дараа улирлын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасан. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг төлнө, дараа улирлын төлбөрийн дараа сарын 20-ны дотор төлнө гэж заасан байгаа. Үүний дагуу гэрээнд тусгаж өгсөн байдаг. Гэтэл газар эзэмшигч нь гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй буюу 2021, 2022, 2023 оны төлбөрөө төлөөгүй байсан.

Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон дараагийн үндэслэл нь Засаг даргын 2023 оны А/62 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ******* газар эзэмшлийн байдалд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар буюу улсын байцаагчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь мод үржүүлгийн ажил хийгээгүй гэсэн дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35.1.4, 35.1.5-д зааснаар газар эзэмших гэрээг тус тус зөрчсөн байх тул эрх бүхий байгууллага газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзсэн.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн хуулийн 40.1.6 дугаар зүйлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Гэрээний үүргийг жил бүрийн 6 дугаар сард дүгнүүлэх ёстой. Нэхэмжлэгч гэрээгээ дүгнүүлээгүй. Газрын төлбөрөө бүрэн төлөөгүй байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээний гэрээний заалтыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн учраас гэрчилгээг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талаас эвлэрэх санал гаргасан. Энэ асуудлаар манай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга тэй ярилцсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөр газар санал болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс бидний санал болгосон газрын өөрөө ирж хармаар байна гэсэн. Хэрвээ зөвшөөрөх юм бол гэрээ байгуулаад маргаанаа дуусгавар болгох боломжтой байсан.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлийн тухайд газар эзэмшигч нь газар эзэмших гэрээгээ жил бүр дүгнүүлэх ёстой. ******* нь 2016 онд анх газар эзэмших гэрээ байгуулсан. 2022 онд гэрээг шинэчлэн байгуулсан гэв.

2.5. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан “Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд Ховд аймгийн Цамбагарав багийн ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байдаг.

Тус шийдвэрийг гаргах үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйл гэх мэт заалтуудаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаас “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай болон 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хэлэлцэн баталсан.

Дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн заалтуудыг хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээг багасгах, иргэдийн чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэх орчны нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх, ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэрүүд юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.6. Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Хандмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөх ёстой. Газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлд нэхэмжлэгч хамаарахгүй байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д газрын төлбөр төлөх талаарх үндсэн үүргийг хуульчилж, газрын төлбөртэй холбоотой харилцааг зохицуулсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ” гэж заасан. Газрын тухай хуульд заасны дагуу улирал бүрийн 20-ны дотор газрын төлбөрийг төлөхийг хуулиар зохицуулж өгсөн нь газар эзэмшигч төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй.

 Газрын төлбөрийг төлөх хугацааг зөвхөн гэрээ болон хуульд зааснаар хойшлуулах ёстой. Нэхэмжлэгч нь газрын төлбөрөө хэрхэн төлөх талаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд тусгасан. Газрын төлбөрийг төлж байсан талаар 200,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлсөн байна. Үүнээс харахад нэхэмжлэгч газрын тухай хуулиа биелүүлээгүй байна. Газрын төлбөрийг хойшлуулах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар мод үржүүлгийн зориулалтаар ашиглах ёстой газрыг амралт сувиллын зориулалттай ашиглах зөвшөөрөл авсан гэж байгаа боловч тийм тусгай зөвшөөрөл хэрэгт байхгүй. Хэрвээ өөр зориулалтаар ашиглах хүсэлт гаргасан бол түүний дагуу захирамж гарах ёстой байтал тийм захирамж гараагүй нь газрыг зориулалтыг зориулалтын бусаар ашигласан байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар 2019 оноос хойш байшин барилга барьсан гэж байна. Газрын гэрээнд тусгайлан заасан ямар нөхцөлтэйгээр эзэмшиж ашиглах вэ гэдгийг гэрээнд тусгасан боловч гэрээг биелүүлээгүй зөрчлийг гаргасан үндэслэлээр газар эзэших гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий байна. Маргаан бүхий актыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын сайтанд байршуулсан байсан.

Иймд хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна. Мөн эрх бүхий байгууллагын дүгнэлтүүд хэрэгт авагдсан энэ дүгнэлтүүдэд тодорхой тусгагдсан байгаа. Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэдэг нь тогтоогдсон тул маргаан бүхий актыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

2.7. Хариуцагч, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.8, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасны дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэх асуудлаа нэгтгэсэн. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-д заасны дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийнхээ дагуу Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг ирүүлсэн.

Тус санал дотор Ховд аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах санал байсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хурал хуралдаж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 35.1.17-д тус тус зааснаар, мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.3-д заасны дагуу тухайн ойн бүсийн газрыг нийтийн эзэмшилд авахаар хууль ёсны акт гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн  Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 захирамжийн хувьд нэхэмжлэгч ******* 2021, 2022, 2023 оны газрын төлбөрүүдээ 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдөр төлсөн болох нь хавтаст хэрэг болон татварын хэлтсийн санд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрийг тухай бүр төлнө гэж заасан бөгөөд төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэснээр тухайн ондоо багтааж төлөх ёстой байсан боловч 2021, 2022 оны төлбөрийг 2023 онд төлсөн байгаа нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг нь харагдаж байна.

Жаргалант сумын Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон гэж тайлбарласан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газрыг 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэж үзэж байгаа нь талуудын байгуулсан гэрээгээр мод үржүүлгийн зориулалтаар авсан хэрнээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар мод үржүүлгийн зориулалтаар бус ойжуулалтын зориулалтаар ашигласан гэдэг нь тогтоогдож байна. Хэн нэгэнд мод зарсан талаар гэрээ хэрэгт авагдаагүй байна. Газар эзэмшигч гэрээгээ 2021, 2022 онд дүгнүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон үндсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж  хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар 24-ний өдөр шүүхэд гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Жаргалант сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байхад аймгийн Хурлын тогтоолоор маргаан бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн байх ба Хурлаас маргаан бүхий газрыг хэн нэгний эзэмшил бус гэж үзсэн учраас нэхэмжлэгчид тогтоолыг мэдэгдээгүй, гардуулаагүй байх тул  нэхэмжлэгчийг уг тогтоолтой маргаж шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй гэж дүгнэлээ.

4. Нэхэмжлэгч  нь  Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/65 дугаар захирамжаар мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж,   2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/194 дугаар захирамжаар 05 га газрыг Т.т шилжүүлснээр 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 0.5 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшихээр гэрээ байгуулж, мөн өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий газрыг эзэмшсэн байна.

5. Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг  2021 оны газрын төлбөр 80000 төгрөг  /наян мянга/ 2022 оны газрын төлбөр 200000 төгрөг /хоёр зуун мянган / 2023 оны газрын төлбөр 220000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийг төлөөгүй, газар эзэмших гэрээний  нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн буюу гэрээний үүргийн биелэлтийг тайлагнаагүй, газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгажээ.

6. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж зааснаар газар эзэмшүүлэгчээс нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.  Үүнд:

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар гэрээний  Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2 Газрын төлбөрийн хэмжээ: нэгжийн үнэ 30 төгрөг бүгд 75000 үүнээс улирал бүр 18750 төгрөг гэж, 2.3-т Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Ховд аймаг Төрийн сан банкин дахь 160000943 тоот дансанд шилжүүлсэн байна гэж, 

2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дугаар гэрээний  Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2-т Газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн хуульд заасны дагуу газрын төлбөрйиг тооцож ногдуулна. 2.3-т Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. гэж тус тус заасан байх тул газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.    

 7. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан.

8. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2021-2023 оны газрын төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.

9. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн   гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор Жаргалант сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.”гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

10. Шүүхээс газрын кадастрын  мэдээллийн  системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн маргаан бүхий газрын 2021 онд 80000 /наян мянган/ төгрөг, 2022 онд 100000 /нэг зуун мянган/ төгрөг, 2023 онд 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийн газрыг төлбөрийн ногдуулалт тус тус үүсч бүрэн төлөгдсөн төлөвтэй харагдана.

11. Харин татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгээр 2021 оны газрын төлбөр 80000 төгрөгийг 2 хувааж, 32000, 48000 төгрөгөөр,  2022 оны газрын төлбөр 100000 төгрөг 2023 оны газрын төлбөр 200000 төгрөгийг тус тус 2023 оны 7 дугаар сарын 21-ний төлсөн болох нь харагдах ба Татварын хэлтээс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 377 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар мөн нодлогдон тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбарт маргаан бүхий акт гарахаас өмнө дээрх төлбөрөө төлөөгүй байсан гэх тайлбар нь     үндэслэлтэй байна.

12. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.” гэж заасан ба газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн 2021, 2022, газрын төлбөрийн ногдуулалт хийгдсэн байх ч нэхэмжлэгч нь тухайн ондоо төлөөгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

13. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан ба хуульд заасан хугацаа гэдэгт Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасныг ойлгоно. 

14. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”, 4- д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны “хугацаанд нь бүрэн төлнө” гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө тухайн жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай байх тул нэхэмжлэгчийг 2021, 2022 оны газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

15. Газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж гэрээний үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Гэрээг  2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр  бичгээр байгуулжээ. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тусгайлан зохицуулсан.

16.Нэхэмжлэгч нь 2021, 2022 онд гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа хүргүүлсэн талаар баримт байхгүй ч газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдэхгүйгээр зөвхөэ тайлан ирүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.   

17. Учир нь гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх асуудал зөвхөн нэг талын бус 2 талын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хамааралтай бөгөөд аль нэг тал дангаараа шийдвэрлэх боломжгүй.    

18. Мөн нэхэмжлэгчийг 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэдэгт хамаарахгүй гэж үзлээ.

19. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Хариуцагчаас ирүүлсэн баримтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай   дүгнэлтийн хавсралтын 2-т “... газрын тодорхой хэсэгт амралт сувиллын зориулалтаар барилга объект барьсан  нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж..”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн  2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтэд “... газрын зориулалтын дагуу модны үрсэлгээ хийх, суулгац бэлтгэх, мод тарих зэрэг мод үржүүлгийн ажил хийгээгүй, сүүлийн 3 жил газрын төлбөрөө төлөөгүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1, 35.3.3 дахь заалтыг тус тус зөрчсөн...”гэж тус тус дүгнэсэн байх  ба дүгнэлттэй маргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. 

20. Шүүхээс маргаан бүхий газарт хийсэг үзлэгээр хашаалсан газарт байшин барьсан, цементэн суурь цутгасан буурь бүхий 3 гэр барьсан, нэхэмжлэгч талаас  2019 оноос мод тарьсан гэж тайлбарласан ч хашаанд шар хуайс, үхрийн нүд, алим, бөөрөлзгөнө жимсний цөөн мод, хүлэмжид өргөст хэмх тарьсан байдалтай байсан.

21. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл мод үржүүлэгийн зориулалтаар газраа ашигласан нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар тайлбарлаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа мод үржүүлгийн зориулалтаар ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

22. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын  Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.

23. Хариуцагчаас маргаан бүхий тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.

24. Аймгийн Засаг дарга болон хурлын төлөөлөгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон иргэд, хуулийн этгээд шүүхэд хандан маргаан үүсгэсэн байгаа талаар мэдээлэлтэй байсан, хуралдаан дээр зарим иргэдийн төлөөлөгч нар

 

 

 

 

 

 

 

асууж тодруулахад захирамж хүчин төгөлдөр болсон тул тогтоол гаргах боломжтой талаар тайлбарлаж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.           

25. Нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 3 үндэслэлээс газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх 2 үндэслэл нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

26. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамж үндэслэлтэй болох нь тогтоогдож байх тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч ******* “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамжийн холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв .

27. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн  40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гантулгы-н ”Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ