Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 595

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Шүүгдэгч Л.Н  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Лхайсүрэнгийн Н т холбогдох эрүүгийн 1705010520188 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 005-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн бизнес санхүүгийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, Н .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н  мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

  

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Н ын өгсөн:

“... би “та нар яагаад байгаа юм бэ” гээд уурлаад орилоход хохирогч гэх залуу алалцах уу гээд газраас чулуу авахаар нь би машины ард сольсон амаржиныг аваад “та нар юм авч байгаа бол би бас юм авна” гэж хэлэхэд над руу чулуугаа шидэхэд миний зүүн мөр рүү 1 чулуу ирээд оносон. Нөгөө чулуу шидсэн хохирогч залуу цаашаагаа зугатаагаад 2 давхар руу орсон. Дүү Өсөхбаяр нь миний утас алга болсон байна гэхээр нь ... 2 давхар руу Өсөхбаярын хамт ороход нэг баар байсан. Нөгөө залуу ширээн дээр нэг хүүхэнтэй хамт суугаад пиво ууж байхаар нь би тэр залууг гараад ир гэж хэлээд очиход тэр залуу ууж байсан пивоны шилээ бариад намайг цохих гээд далайгаад босоод ирэхээр нь би шил барьсан гарнаас бултаад гарыг барьж аваад зүүн талын хацар руу нь 1 удаа гараараа цохиход тэр залуу газар унасан. Тэгэхээр нь толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэр залуу мөлхөөд байхаар нь гараад ир гээд өмссөн байсан малгайтай цамцны захнаас нь татаад баарны хаалга буюу шат руу гаргасан. ... Надаас өөр хүн тэр залууг цохиж зодоогүй.  Би дунд зэргийн согтолттой, өөрийнхөө үйлдлийг ойлгож мэдэж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/

 

   Мөрдөн байцаалтад хохирогч Г.Батбаатарын өгсөн:

   “... 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлын хамт олон гээд гурвуулаа хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “New Orange” гэх нэртэй бааранд орсон. ... Тэгтэл гаднаад 3 залуу орж ирээд өндөр нуруутай залуу намайг татаж босгож ирэхээр нь би ууж байсан пивоны шилийг аваад нөгөө залууг цохих гэж далайхад хоорондоо зууралдсан. Би тэр хүнийг цохиж амжаагүй. Тэгтэл миний хойшоос нэг хүн үсдэж татсан. Тэгтэл нөгөө өндөр залуу миний зүүн талын эрүү рүү 1 удаа цохисон. ... Би нилээн согтсон байсан ба өөрийнхөө үйлдлийг санаж байгаа. Миний баруун талын нүд хөхөрсөн, баруун талын шанаа зулгарсан, 2 шүдний булан нь эмтэрсэн ... Н  нь уучлалт гуйж эмчилгээний 1,300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бид 2 сайн дураараа эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 11 дүгээр хуудас/

 

   Мөрдөн байцаалтад гэрч Г.Өсөхбаярын өгсөн:

   “... хохирогч гэх залуу нь миний унаж байсан машин руу хөлөөрөө өшиглөсөн. Би буудал руу орох гэж байхдаа яагаад машин өшиглөөд байгаа юм гэж хэлэхэд над руу 2 залуу ирээд юу уначихаад томроод байгаа гөлөг вэ гээд зодох гээд байхаар нь би хойшоо зугтаагаад ах Н  руу залгаад “хүмүүс машин руу хөлөөрөө өшиглөөд байна, гараад ир” гэж хэлсэн. Над руу дайрарад байсан 2 залуу нөгөө зодолдож байсан 2 залуугаа салгах гээд машины хаалга болон ар гуперийг зурсан. Тэр үед Н  ах гарч ирээд “юу болоод байгаа юм” гээд хэлсэн чинь “яасан гэнээ алалцах юм уу” гээд хэрүүл өдөөд зодолдох гээд эхэлсэн. Хохирогч гэх залуу чулуу аваад Н  ахын мөр рүү чулуу оносон. Тэгснээ зугтаагаад 2 давхарт байдаг баар руу орсон. ... Н  ах бид 2 баар руу ороход нөгөө залуу 1 ширээнд сууж байсан. ... хохирогч залуу ууж байсан пивоны шилээ бариад цохих гээд далайхаар нь Н  ах бултаад нөгөө залуугийн баруун шанаа руу 1 удаа цохиход тэр залуу газар унасан. Тэр үед Н  ах нөгөө залуугийн нуруу дал орчим руу 2-3 удаа өшиглөхөөр нь би Н  ахыг татаж салгаад “нохой минь утас гаргаад ир” гэхэд тэр залуу яаая гээд хэвтээд байсан. Н  ах тэр залууг баарнаас чирээд кордорт гаргасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Энх-Амгалангийн өгсөн:

“... гаднаас 2 өндөр залуу орж ирсэн. Батбаатар нь тэр 2 залуугийн бор царайтай залууг цохих гэж далайсан. Гэхдээ цохиж чадаагүй. Тэгтэл тэр залуу Батбаатарын нүүр рүү цохиход Батбаатар газар манараад унасан ... цохиж унагаасан залуу нь дээрээс дэвсээд чирээд шатаар доошоо буусан. Тэгэхээрнь би болиулаад буцааж өргөж оруулж ирсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

 

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Уранлхагвын өгсөн:

“... Батбаатар гаднаас ганцаараа нэлээн согтуу орж ирээд тайгер пивоны шил аваад 1 хүний суудалтай буйдан сандал дээр сууж байсан эмэгтэйгийн хажууд сууж юм ярьж байсан. ... их чимээ гарахаар нь харахад гаднаас 2 залуу орж ирээд өндөр бор залуу Батбаатарыг газар унагаачихсан дээрээс нь хөлөөрөө дэвсэж харагдсан. ... Өндөр бор залуу нь Батбаатарыг өшиглөж, өмсөж явсан подволкноос нь татаад шат руу чирээд буусан. Тэр үед Батбаатар ухаан алдсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Бат-Эрдэний өгсөн:

   “... Өсөхбаяр залгаад хажуу машины хүмүүс хоорондоо зодолдоод машин өшиглөөд, над руу дайраад байна гэхээр нь буудлаас Жамъян, Н  бид 3 гарахад 5-6 залуучууд хоорондоо маргалдаж байхаар нь бид нар “та нар яагаад машин өшиглөөд байгаа юм” гэж хэлсэн. ... зодуулсан гэх залуу газраас чулуу аваад чи ямар машин унасан болоод томроод байгаан гэхэд Н  машиныхаа араас сольсон амаржинаа гаргаж ирсэн. Тэгтэл нөгөө залуу Н  руу чулуугаа шидээд 2 давхарт байдаг караоке руу гүйгээд орсон. Тэр залуугийн араас Н , Өсөхбаяр нар орсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 12991 тоот:  

1. Г.Батбаатарын биед тархи доргилт, баруун дээд, доод 1-р шүдний эмтрэл, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний гадна булан, хамрын нуруун, хамрын үзүүрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

 

  - Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 3/,

  - Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4/,

  - Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 65/,

 

 

Шүүгдэгч Л.Н ийн хувийн байдалтай холбоотой:

- АСАП сангийн лавлагаа /хх-н 50-52/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

-  Л.Н ийн Нийгмийн даатгалын шимтгэл  төлөлтийн лавлагаа  /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Л.Н  нь 2017 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Монгол цонх төвийн 2 давхарт байрлах “Нью Оранж” гэх шөнийн цэнгээний газарт Г.Батбаатарыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд, доод 1-р шүдний эмтрэл, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний гадна булан, хамрын нуруун, хамрын үзүүрт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Н ийн мэдүүлсэн “...тэр залуу ууж байсан пивоны шилээ бариад намайг цохих гээд далайгаад босоод ирэхээр нь би шил барьсан гарнаас бултаад гарыг барьж аваад зүүн талын хацар руу нь 1 удаа гараараа цохиход тэр залуу газар унасан. Тэгэхээр нь толгой руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тэр залуу мөлхөөд байхаар нь гараад ир гээд өмссөн байсан малгайтай цамцны захнаас нь татаад баарны хаалга буюу шат руу гаргасан. ... Надаас өөр хүн тэр залууг цохиж зодоогүй ...” гэх мэдүүлэг,

   мөрдөн байцаалтад хохирогч Г.Батбаатарын мэдүүлсэн    “... 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлын хамт олон гээд гурвуулаа хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “New Orange” гэх нэртэй бааранд орсон. ... Тэгтэл гаднаад 3 залуу орж ирээд өндөр нуруутай залуу намайг татаж босгож ирэхээр нь би ууж байсан пивоны шилийг аваад нөгөө залууг цохих гэж далайхад хоорондоо зууралдсан. Би тэр хүнийг цохиж амжаагүй. ... Тэгтэл нөгөө өндөр залуу миний зүүн талын эрүү рүү 1 удаа цохисон. ... Би нилээн согтсон байсан ба өөрийнхөө үйлдлийг санаж байгаа. Миний баруун талын нүд хөхөрсөн, баруун талын шанаа зулгарсан, 2 шүдний булан нь эмтэрсэн ...” гэх,

   гэрч Г.Өсөхбаярын мэдүүлсэн “... хохирогч гэх залуу нь миний унаж байсан машин руу хөлөөрөө өшиглөсөн. Би буудал руу орох гэж байхдаа яагаад машин өшиглөөд байгаа юм гэж хэлэхэд над руу 2 залуу ирээд юу уначихаад томроод байгаа гөлөг вэ гээд зодох гээд байхаар нь би хойшоо зугтаагаад ах Н  руу залгаад “хүмүүс машин руу хөлөөрөө өшиглөөд байна, гараад ир” гэж хэлсэн. Над руу дайраад байсан 2 залуу нөгөө зодолдож байсан 2 залуугаа салгах гээд машины хаалга болон ар гуперийг зурсан. Тэр үед Н  ах гарч ирээд “юу болоод байгаа юм” гээд хэлсэн чинь “яасан гэнээ алалцах юм уу” гээд хэрүүл өдөөд зодолдох гээд эхэлсэн. Хохирогч гэх залуу чулуу аваад Н  ахын мөр рүү чулуу оносон. Тэгснээ зугтаагаад 2 давхарт байдаг баар руу орсон. ... Н  ах бид 2 баар руу ороход нөгөө залуу 1 ширээнд сууж байсан. ... хохирогч залуу ууж байсан пивоны шилээ бариад цохих гээд далайхаар нь Н  ах бултаад нөгөө залуугийн баруун шанаа руу 1 удаа цохиход тэр залуу газар унасан. Тэр үед Н  ах нөгөө залуугийн нуруу дал орчим руу 2-3 удаа өшиглөхөөр нь би Н  ахыг татаж салгаад “нохой минь утас гаргаад ир” гэхэд тэр залуу яаая гээд хэвтээд байсан. Н  ах тэр залууг баарнаас чирээд кордорт гаргасан ...” гэх,  

гэрч Б.Энх-Амгалангийн мэдүүлсэн “... гаднаас 2 өндөр залуу орж ирсэн. Батбаатар нь тэр 2 залуугийн бор царайтай залууг цохих гэж далайсан. Гэхдээ цохиж чадаагүй. Тэгтэл тэр залуу Батбаатарын нүүр рүү цохиход Батбаатар газар манараад унасан ... цохиж унагаасан залуу нь дээрээс дэвсээд чирээд шатаар доошоо буусан ...” гэх,

   гэрч Б.Уранлхагвын мэдүүлсэн  “... Батбаатар гаднаас ганцаараа нэлээн согтуу орж ирээд тайгер пивоны шил аваад 1 хүний суудалтай буйдан сандал дээр сууж байсан эмэгтэйгийн хажууд сууж юм ярьж байсан. ... их чимээ гарахаар нь харахад гаднаас 2 залуу орж ирээд өндөр бор залуу Батбаатарыг газар унагаачихсан дээрээс нь хөлөөрөө дэвсэж харагдсан. ... Өндөр бор залуу нь Батбаатарыг өшиглөж, өмсөж явсан подволкноос нь татаад шат руу чирээд буусан ...” гэх,

гэрч М.Бат-Эрдэний мэдүүлсэн     “... Өсөхбаяр залгаад хажуу машины хүмүүс хоорондоо зодолдоод машин өшиглөөд, над руу дайраад байна гэхээр нь буудлаас Жамъян, Н  бид 3 гарахад 5-6 залуучууд хоорондоо маргалдаж байхаар нь бид нар “та нар яагаад машин өшиглөөд байгаа юм” гэж хэлсэн. ... зодуулсан гэх залуу газраас чулуу аваад чи ямар машин унасан болоод томроод байгаан гэхэд Н  машиныхаа араас сольсон амаржинаа гаргаж ирсэн. Тэгтэл нөгөө залуу Н  руу чулуугаа шидээд 2 давхарт байдаг караоке руу гүйгээд орсон ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 12991 тоот дүгнэлт, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Н т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Батбаатар “Н  уучлалт гуйж эмчилгээний 1,300,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Бид 2 сайн дураараа эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Л.Н ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Н т торгох ял оногдуулсан болно.

 

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  ирсэн бичлэг бүхий си-ди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Н ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Н ийг торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Н т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ