Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/45

 

  

 

Р.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Р.Бийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Р.Бт холбогдох 2219000000196 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *** овогт Р.Б ******оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.  

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 05 сарын 28-ны өдөр ***заалны гадна *** цагдаа ажилтай Б.А, тус *** цагдаа Д.О нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх, Б.Аийг заамдах, энгэрийн камерыг цохих, Д.Оийн цээж рүү цохих зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Аөөс шүүгдэгч Р.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч *** овогт Р.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Р.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар **** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Шүүгдэгч Р.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Б давж заалдсан гомдолдоо: “...Р.Б би Дорноговь аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №165 тоот шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна. Тус шийтгэх тогтоолоор миний бие нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн юм. Мөрдөн байцаалтын шатанд миний бие холбогдсон хэргээ ухаарч тухайн үед хууль сахиулагчтай үүсгэсэн харьцаагаа буруу хэмээн үзэж байсан тул гэм буруугаа сайн дураар хүлээж хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан юм. Тухайн үед би өөрийн холбогдсон хэргээ ойлгож байсан ба мөрдөгч, прокурорын зүгээс эрүүгийн хариуцлага ялын талаар тайлбарлахад дутуу ойлгож Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь зорчих эрхийг л хязгаарладаг гэж ойлгож миний гэм бурууд зорчих эрхийг хязгаарлах ял тохирно гэснийг хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагын талаар прокурортой санал зөрөхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтээ гаргасан болно. Ингээд шүүхийн шийтгэх тогтоол гарч намайг гэм буруутайд тооцож прокурорын саналын хүрээнд надад 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. ... Миний хувьд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өмгөөлөгч аваагүй бөгөөд холбогдсон хэргээ ойлгож байсан учраас өмгөөлөгч авах шаардлагагүй гэж тухайн үедээ шийдсэн болно. Одоо шийтгэх тогтоолоор намайг *** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн бөгөөд миний хувьд өөрийнхөө болон найз нөхдийнхөө хурдан морийг уяж орлого олж аж амьдралаа залгуулдаг бөгөөд энэ ажил маань ганц *** сумаас гадагш явахгүйгээр хийгдэх ажил биш юм. Миний хувьд хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргахдаа зорчих эрхийг хязгаарлах ялын үр дагаврыг сайн ойлгоогүйгээс цаашдын ажил, амьдрал, орлого олж амьдралаа залгуулдаг бөгөөд энэ ажил маань ганц *** сумаас гадагш явахгүйгээр хийгдэх ажил биш юм. Р.Б миний хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа бөгөөд харин эрүүгийн хариуцлагын хувьд миний гэм бурууд тохирсон цаашдын аж амьдрал ажил төрлийг минь тасалдуулахгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...  Р.Б нь прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан... Гэхдээ 17.4 дүгээр зүйлийн 4.3-т прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх гэдэг дээр Р.Б нь өөрөө өмгөөлөгч аваагүй, тиймээс мөрдөн байцаагч, прокуророосоо мэдээлэл аваад, “чиний гэм бурууд ийм ял тохирох  юм байна” гээд хэлэхээр нь “надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж байвал болоо” гэдэг байдлаар хандаад зөвшөөрсөн байдаг. Энэ дагуу 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорын саналын хүрээнд шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Р.Б давж заалдсан гомдол дээрээ бичсэн байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялын үр дагаврыг ойлгоогүйгээс болоод хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нь хохиролтой болсон. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулж, орлого олж, гэр бүлээ тэжээн аж амьдралаа авч явахад нь хохиролтой болсон. Харин үүнээс гадна торгох ял байдаг юм байна. Энэ нь надад тохирох юм байна гэсэн байдлаар хандаж, ялыг хөнгөрүүлж өгөөч гэж давж заалдах гомдол гаргасныг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Яагаад гэвэл зорчих эрхийг хязгаарлах ял бол үр дагавар сайнтай ял биш. Их хатуу ял. Өөрөөр хэлбэл **** суман дээр хоригдоно гэсэн агуулгатай ял. Өөрийн гэм буруугаа хүлээсэн хүний хэргээ шийдвэрлүүлэх явцыг хурдасгаж байгаа боловч үр дагаврыг нь ойлгоогүй, өшөө цаана нь ийм боломж байдаг гэдгийг ойлгоогүйгээс болоод энийг зөвшөөрсөн асуудал байгаа юм байна. Давж заалдах шатны шүүх 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж шийдэх боломжтой учраас энэ хүний хувийн байдалд тохирсон торгох ялыг сонгож хариуцлага оногдуулж өгнө үү. Торгох ял бас хариуцлагатай. Биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар сольдог. Эдгээрийг маш сайн ухаарч ойлгосны үндсэн дээр надад энэ торгох ял тохирох юм байна гэдэг байдлаар хандаж байгаа давж заалдсан гомдол нь үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Прокурор Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “....Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан ажиллагаа тогтоогдоогүй болно. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан, мөн шүүгдэгч Б нь прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокурортой ял тохиролцсон тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Бийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуульд заасан шаардлагад нийцсэн байх тул оролцогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улмаар шүүгдэгч болон хохирогч нараас гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн аваад прокурорын хяналтын шатанд Бтэй уулзаж 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн ялын сонгох санкцуудыг өөрт нь танилцуулсан. 2,700,000 төгрөгөөс 14,000,000 хүртэл төгрөгөөр торгуулах, мөн 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих, зорчих эрхийг хязгаарлах гээд тус тусад нь шүүгдэгчид танилцуулсан. Шүүгдэгч бол “миний хувийн байдлын хувьд би өөрөө морь уядаг” гэж хэлсэн. Яллах дүгнэлт үйлдэхэд шүүгдэгч хэсэг хугацаанд ирээгүй. Яасныг нь асуухад “*** аймагт найзынхаа морийг уяад явж байсан, одоо зуны улирал дуусаж байгаа учраас би морь мал унаж ийш тийшээ явахгүй, та надад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн. Би бас торгох ялын санал тавьсан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохиролцсон хэмжээнд нь ялыг сонгож, анхан шатны шүүхэд хэргийг хүргүүлсэн. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэсэн прокурорын тайлбар болон дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Р.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Аөөс шүүгдэгч Р.Б нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр **** заалны гадна *** цагдаа ажилтай Б.А, тус *** эргүүлийн цагдаа Д.О нарыг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан “...тээврийн хэрэгсэл саатуулсан байна...” гэж эсэргүүцэх, Б.Аийг заамдах, энгэрийн камерыг цохих, Д.Оийн цээж рүү цохиж зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт буюу  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

Мөн шүүгдэгч Р.Б нь Дорноговь аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг 2022.08.01-ны өдрийн Б/75 дугаартай  Прокурорын тогтоолоор хангаж, улмаар прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгч Р.Б зөвшөөрснөөр прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Тодруулбал шүүгдэгч Р.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.А /хх 12-14/, Д.О/хх 18-20/, гэрч Г.Б/хх23-25/ нарын мэдүүлэг, хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 56-57, 63-64/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх 3-4/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх 6-7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 106-107, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх 5, 8 / зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журамд нийцсэн.

3. Шүүгдэгч Р.Бээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг эс зөвшөөрч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдсан гомдол гаргасан байх боловч түүний гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Учир нь шүүгдэгч Р.Бийн хүсэлтийг үндэслэн прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, шүүгдэгчид прокуророос санал болгосон ялыг оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилго, үр нөлөө, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял нь сонгох боломжтой буюу торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулж болохоор боловч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь  прокуророос санал болгосон ялыг яллагдагч зөвшөөрснөөр шүүхээс түүнд прокурорын энэхүү ялын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг онцлогтой.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Р.Бийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үр дагавар, учир холбогдлыг ойлгоогүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг зөвшөөрөөгүй давж заалдсан гомдол гаргаж байгаа явдлыг шүүгдэгчийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтээсээ татгалзах эрхтэй боловч энэ нь анхан шатны шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай бөгөөд нэгэнт хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг энэ хүсэлтээсээ татгалзсан гэж дүгнэх нь агуулга, цаг хугацааны хувьд боломжгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Бт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 4.3, 4.6, 5 дахь хэсэгт тус тус заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”, “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”, “прокурорын саналын хүрээнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэх” зэрэг шаардлагад нийцсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Р.Бийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Бийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                               ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                  Н.БАТЧИМЭГ