Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00997

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00997

Хөвсгөл аймаг

 

                   

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     Хэргийн индекс 155/2024/00326/И/

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************ сумын *********** баг Туртад оршин суух, Х Ж-ийн Б ,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ……. сумын ……. багийн …….. гудамжны ………. тоотод оршин суух, Б  Ш-ын  О  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********* сум ********* багийн ************** байрны  ********** тоотод оршин суух, Б О-ийн Гад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,608,800 (нэг сая зургаан зуун найман мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.О ,

Нэхэмжлэгчийн  төлөөлөгч: Л.С ,

Хариуцагч: О.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Б  нь хариуцагч О.Гад холбогдуулан 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.О-г хамтран нэхэмжлэгчээр оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа 1,608,800 (нэг сая зургаан зуун найман мянга найман зуу) төгрөг гаргуулахаар багасгасан.         

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Ж.Б  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

 Миний бие Ж.Б  нь Хөвсгөл аймгийн Ханх суманд оршин суудаг ба хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Мөрөн сумын иргэн хариуцагч О.Гад түүний хүсэлтийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг ХААН банкны 5890020548 дугаартай дансаар шилжүүлж өгсөн юм. Тухайн үед тэрээр мөнгийг койнд байршуулж байгаад цаг хугацааны дараа буцаагаад өгчихнө гэж надад хэлсэн. Хэдийгээр цаг хугацаа өчнөөн өнгөрсөн боловч тэрээр надаас авсан мөнгөө буцааж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Хариуцагч О.Г миний мөнгийг өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулсан атлаа буцааж өгөхгүй байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Миний бие хариуцагч О.Г мөнгийг хэрхэн яаж захиран зарцуулсныг огт мэдэхгүй байна.

Хариуцагч О.Г нь надаас авч өөрийн дураар захиран зарцуулсан миний мөнгийг буцаан өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзан намайг хохироож байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

Иймд нэхэмжлэгч надад хохирол учруулсан хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн О-ийн Г-аас  2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа

Би тайлбараа хоёр хувь гаргасан. Нэг хувийг нь өгье. Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргах нь: Нэхэмжлэгч Ж.Б  хариуцагч О.Г-аас  2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдсэн. Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн  2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ/2024/00520 дугаартай шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж байгаатай холбоотой нэхэмжлэлийг дэмжин дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа маргааны талууд болох нэхэмжлэгч Ж.Б , хамтран нэхэмжлэгч  Ш.О , хариуцагч О.Г нар нь нэхэмжлэлд дурдагдаад байгаа 2,000,000 төгрөгийг өгч, авалцсан талаар маргаагүй. Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу тэдний хооронд хийгдсэн хэлцэл байгуулагдсан болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл койны арилжаа хийдэг гэх О.Г нь нэхэмжлэгч Ш.О д танилаараа дамжуулан хандсан ба О.Г нь хүсэл зоригийн илэрхийлэл хүлээн авч өөрийн Хаан банкны дансаа өгсөн. Хамтран нэхэмжлэгч Ш.О  нь өөрийн нөхөр болох Ж.Б ийн данснаас түүний дансанд шилжүүлэн өгсөн үйлдэл нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хэлцэл бодит хийгдсэн болохыг нотолж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл нэхэмжлэгч Ж.Б ийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байгаа ба нэхэмжлэгч Ж.Б  нь хариуцагч О.Г-ыг гэр бүлийн болох хамтран нэхэмжлэгч Ш.О гаар дамжуулан түүний мөнгийг хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзсэн учир түүнээс мөнгөө эргүүлж авахаар шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс Ш.О , Ж.Б  нарын хэн нь нэхэмжлэгч болохыг зөв тогтоох хэрэгтэй гэж дүгнэснийг иргэн Ш.О  нь шүүхэд хамтран нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлт гаргасан ба түүнийг нэхэмжлэгч Ж.Б-ийн хамтран нэхэмжлэгчээр тогтоосныг хуульд нийцүүлэн тодруулсан гэж үзэж байна. Хариуцагч О.Г нь нэхэмжлэгч Ж.Б ийн эхнэр Ш.О гийн gmail хаягт аппликейшн суулгасан гэж мэдүүлж байгаа ч тухайн хаягт шүүхээс үзлэг хийхэд түүний мөнгийг хаанаас, хэрхэн байршуулсан талаар мэдээлэл байхгүй байсан ба түүний мөнгийг хаашаа хийсэн нь тодорхойгүй байгаа. Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн харилцаа хуулиар зөвшөөрөгдсөн хэдий ч О.Г нь тухайн үйлчилгээг хийх эрхгүй байж хуулиар хориглосон үйлдэл хийж нэхэмжлэгч нарын хөрөнгийг эзэмшсэн нь тодорхой, тэдгээрийн хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бусад тооцуулах ёстой. Мөн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгч  нар нь хариуцагчаас өөрийн хөрөнгө 2,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд О.Г нь нэхэмжлэгч нарын мөнгийг үндэслэлгүйгээр эзэмшиж авсан байх тул 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

О.Г би хариуцагч биш Хаан банкны теллертэй ижил гэснийг үгүйсгэж байна. Хаан банкны дансанд хийдэг болохоос теллерийн дансанд хийдэггүй. О.Г-ын  дансанд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр бид нар мөнгөө хийсэн байхад Платинкойн компани руу хандуулж байгааг ойлгохгүй байна. О.Г манай компанитай харьц гэж байгаа бол 2021 оны 12 дугаар сард батлагдсан виртуал койны эрхтэй этгээд, эрхгүй этгээд гэдгээрээ ялгагдана. Эрхтэй этгээд байсан бол би ийм эрхтэй, ийм үйлчилгээ үзүүлэх эрхтэй учраас ингэж хийсэн гэх тайлбар өгөх байх. Холбогдох нотлох баримт байхгүй бол эх үүсвэрээсээ хөөж үзэх байх гэж бодож байна. Нэхэмжлэгч Ш.О , Ж.Б  нар хамтран нэхэмжлэгч нар учраас болохгүй зүйл байхгүй байх гэж ойлгож байгаа. Бид мөнгөө шилжүүлсэн.

Энэ мөнгө өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй. Хэлцэл хийхдээ энэ мөнгө арилжаалагдахгүй байлаа ч гэсэн үндсэн мөнгө жилийн дараа орж ирнэ гэж итгүүлсэн. Гэтэл мөнгө  орж ирээгүй учир мөнгөө гаргуулъя гэж байгаа. О.Г нь 2,000,000 төгрөгийг захиран зарцуулаад яваад байгаа. 391,200 төгрөгийг нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгөөс хасна. Хариуцагч койн авахаар 800,000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаас харагдаж байсан. Харин 1,200,000 төгрөгийг өөрийнхөө цахим хэтэвчнээс шилжүүлсэн эсэх нь харагдахгүй байгаа  гэв.

 1.3.Нэхэмжлэгч Ш.О  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Койнд бүртгүүлэхээр мөнгө шилжүүлсэн  нь үнэн. Тэгээд би  буруу үйлчилгээ юм байна гэж дараа нь ойлгосон. Ашиг олохгүй ч гэсэн оруулсан мөнгөө буцаад авах юм байна гэдэг ойлголтыг надад О.Г өгсөн. Тийм учраас би оруулсан мөнгөө  авъя гэж хандаад байгаа юм. н.Мө, н.М хоёроор дамжуулаад хариуцагчид хандсан. Миний утсан дээр апплейкишн байсан байх. н.М надад койны хүү гэж  391,200 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би миний оруулсан мөнгөний ашиг юм байна гэж тухайн үед ойлгож байсан. Ашиг орлого хүү нь өсөж, буурах ч гэсэн оруулсан мөнгө эрсдэлд орохгүй хариуцагчаас хэлж байсан. 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 391,200 төгрөг миний данс руу койны хүү гэх утгатай  орсон. Миний оруулсан мөнгөөр бүтнээр нь хариуцагч платинкойн компаниас койн авсан эсэхэд эргэлзэж байна. Тухайн үед бид хоёр ярилцаад, Ж.Б  зөвшөөрөөд О.Г руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд дараа нь нөгөө шилжүүлсэн мөнгө ирэх болоогүй юм уу гэдэг асуудал бидний хооронд яригдсан. Тийм болохоор Ж.Б  нэхэмжлэгч мөн гэж үзэж байгаа. Платинкойн компанид бүртгэл үүсгэхээр О.Г-аас  өөр хүнд хандаж байгаагүй. Би хэргээс хариуцагчийн дансны хуулгыг нь харлаа. Бидний шилжүүлсэн 2,000,000 төгрөгөөр шууд койн аваад над руу шилжүүлсэн бол хариуцагчтай ярих зүйл байхгүй. Гэтэл 800,000 төгрөгөөр л койн авахаар шилжүүлсэн байна. Үлдэгдэл мөнгийг нь хариуцагч өөрөө хэрэглэсэн байна. О.Г Платинкойн компаний цахим мөнгөний апплейкишн миний утсанд суулгасан. Харин надад нэвтрэх код өгөөгүй. Миний e-майл хаягаар үүсгэсэн бүртгэлд байгаа платинкойн компаний 0,005 РLCU койн нь  800,000 төгрөгт  авсан койн гэж бодож байна. Тэгээд түүний ашиг гэж  391,200 төгрөг миний данс руу  явуулсан байх. 800,000 төгрөгөөр л койн авсан гэдгийг зөвшөөрч байна. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгийг хасахгүй. 391,200 төгрөгийг  би авсан нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  үгүйсгэж  дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

2.1.Хариуцагч О.Г шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: Миний бие энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би энэ хүнийг танихгүй бөгөөд огт харилцаж байгаагүй. Болсон явдал гэвэл миний бие 2022 оны хавар платинкойн компаний РLCU койнд бүртгэл үүсгэж хэрэглэж эхэлсэн. Тухайн үед өөрийн ойрын хүрээллийн цөөн хүнд санал болгож байсан. Ингээд хамт ажилладаг Б.Мө-д санал болгоход тэрээр хүлээж авсан бөгөөд хэд хоногийн дараа түүний найз бүсгүй Ж-ийн М /тухайн үед үерхэж байсан/ манай нэг эгч койн авъя гээд байна. Та бүртгэлийг нь үүсгээд гар утсанд нь суулгаж өгөөч гэж хандсаны дагуу Ш.О  гэх хүн Б.Мөгийн хамт надтай уулзаж бүртгэл хийлгэж, ХААН банк дахь миний дансанд 2 сая төгрөг шилжүүлсэнээр би крипто бирж дээрээс РLCU койныг худалдан авч өөрийнх нь ***************gmail.com и-мэйлаар үүссэн бүртгэлийг нь цэнэглэж, гар утсанд нь 2 аппликишнийг суулгаж өгөөд явуулсан. Үүнээс өөрөөр Ш.О тай харилцаагүй. Харин 2023 оны 11 дүгээр сард Шүүхийн эвлэрүүлэн зуучлахаас намайг дуудаж энэ талаар асуухад би хүний мөнгө аваагүй, аваагүй учраас өгөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлсэн. Б.Мөгийн ярианаас Ш.О гийн найз бүсгүй /тухайн үеийн/ Ж.Мгийн ахын эхнэр юм байна гэж ойлгосон.

1.Б.Мө Ш.О  нартай уулзаад хамт байх үед Ш.О  миний дансны дугаарыг надаас авч миний дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хэний данснаас шилжүүлсэнийг би мэдээгүй /мэдээж өөрийнх нь байлгүй гэж бодсон./

2. Би Ш.О , Ж.Б  нарт /Б той уулзаж байгаагүй танихгүй/ койны талаар огт ярьж санал тавьж байгаагүй.

3. Ш.О гийн өөрийнх нь хүсэлтийн дагуу өөрт нь бүртгэл үүсгэж койн биржээс худалдаж авч өгсөн болохоос би өөртөө 2 сая төгрөгийг нь ашиглаагүй. Учир иймээс би Ш.О , Ж.Б  нарт мөнгө төлөх үндэслэлгүй гэжээ.

2.2.Тэрээр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч тал хариуцагчаа олохгүй яваад байна гэж үзэж байна. Би койнд бүртгэх санал тавиагүй. Энэ хүмүүс өөрсдөө орох гэснийх нь дагуу би бүртгэж өгсөн. Ш.О гийн 2,000,000 төгрөг Платинкойн компанид орсон. Би теллерийн үүрэг гүйцэтгэсэн. Мөнгөө хийсэн хүн банкнаас мөнгөө авдаг. Теллерээс мөнгөө нэхдэггүй биз дээ. Үүнтэй агаар нэг. Хариуцагчаа олохгүй байна гэж би үзэж байна. Тухайн үед цахим мөнгө нь 2,000,000 төгрөгөөс илүү үнэтэй байсан. Би мөн ажлын хөлс авахаар байсан. Оруулж байгаа койны хэмжээнээс шалтгаалаад 50,000-200,000 төгрөг хүртэл үнэ хөлстэй байсан.

н.Мө яриад н.Мгийн эгч оръё гэж байна та бүртгэл хийгээд өгөөч гэсэн. Би зөвшөөрсөн. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ш.О , н.Мө нар надтай уулзсан. Би хоёр QR кодыг н.Мд өгөөгүй. Ш.О гийн утсан дээр суулгаж өгөөд энэ хоёр код чамд хэрэгтэй гээд захиж өгөөд явуулсан. Сарын хүү орж ирэхэд тэр кодыг ашиглаж койноо татсан байх учиртай. н.Мө гуйсан учир би оруулсан. Миний баг учир би тодорхой үнэ хөлсгүй хийж өгсөн. Энэ хүмүүс хариуцагчаа олохгүй яваад байна. Энэ бол луйвар гэж үзэж байна.

Ш.О  2,000,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Койныг нь би худалдаж авч өгсөн. Энэ талаар би ямар нэгэн байдлаар санал тавиагүй. Ш.О  н.Мгаас мэдээлэл авсан гэж ойлгож байгаа. н.М нь тухай үедээ койн авах шилжүүлэх ажиллагааг мэдэхгүй байсан. Богино хугацаанд сурсан. Үйлчилгээ үзүүлэх эрхгүй байсан бол танайх яагаад надад хандсан юм бэ? Платинкойн компаний дүрэм, журамд байгаа. Гишүүнээр орсон хүн олон хүнийг хамруулаад койн үнэ өсөх юм бол бүх талуудад ашигтай байх юм. Ийм учир орсон хүн болгон мэдээлэл хүргэх ёстой гэдэг нь дүрэм, журамд нь тодорхой байгаа. Компанийн веб сайт 10 гаруй орны хэлээр орчуулагдсан байдаг. Мэйлээр харилцахад 2023 оны намраас хойш хугацааны койны талаар Монгол хэлээр харж болно. Ж.Б ийг би харж байгаагүй. Би жилийн дараа мөнгөө гаргаад авчихдаг гэж хэлээгүй. н.Мгаас мэдээлэл авсан байх. Ш.О гийн хувьд 1,000,000 орчим төгрөг гаргаад авсан гэж ойлгож байгаа. Би огт сурталчилаагүй. Би ятгаж байгаад оруулсан бол ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ. Би гарах эрсдэлийг нь тайлбарлаж өгсөн. Койны ханшнаас шалтгаална шүү. 0,005 койн жилийн дараа сулраад гараад ирнэ гэж л тайлбарласан. Би мөнгөө гаргаад авна гэж хэлээгүй.

Би нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөнөөс 800,000 төгрөгийг нь  терд.мн бирж рүү шилжүүлж, койн авсан. Түүний зөрүү нь миний дансанд байгаа койноос гарсан. Би 3 дугаар сарын 5-ны өдөр орсон учир 4 дүгээр сарын 5-ны өдөр надад хүү нь ороод ирсэн байж байсан. Койн шилжигдэх тусам шимтгэл тооцогдож явдаг. 

Би үлдсэн мөнгөнд нь өөрийнхөө дансанд байсан койныг шууд Ш.О гийн дансанд хийсэн. Надад байсан нь хүрэхгүй байсан учир би 800,000 төгрөгөөр нь нэмж койн авсан. Тухайн үеийн ханш нь фейсбүүкт тавигдсан байсан. Өөрсдийнх нь гаргасан шийдэл дээр эрсдэл гарсан. Компаниас нэхнэ биз дээ.

800,000 төгрөг, 2,000,000 төгрөг огт яригдахгүй. 800,000 төгрөг 2,000,000 төгрөг бол тухайн компанид хамаагүй. 110 фарм яригдаж байгаа. Авахын тулд 2,000,000 гаран төгрөгийн мөнгө болж байгаа. 2,000,000 гаран төгрөгийн 20 доллар н.Мөгийн бүртгэлд ордог. н.Мөгийн бүртгэлийг захиран зарцуулж байсан нь Ш.М .

1,200,000 төгрөгийг Терд.мн шилжүүлээд гаргаж авахад 1 хувийн шимтгэл төлдөг. 12000 төгрөг хэмнэх гэж өөрийнхөө койныг  хийснээс, авсан мөнгө байхгүй.

Энэ хүмүүс 110 фарм нь 2,000,000 төгрөг болно гэдгээ судлаад ирсэн хүмүүс. Би энэ хүнийг үнэхээр ойлгохгүй байна. Ш.О гийн гар утсан дээр суулгаж өгөөд чи энэ хоёр QR кодоо хамгаалах ёстой. Энэ чиний мөнгөний бүрэн бүтэн аюулгүй байдал гэж хэлж өгөөд явуулж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нотлох баримт:

3.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банк дахь Ж-ийн Б ийн 5905028999 тоот дансны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Бүртгэлийн дугаар 0306 Итгэмжлэл, Ж.Б , Ш.О  нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримт,

3.2.Хариуцагч нь  хариу тайлбар, Платинкойн компаний РLCU койнд Ganbat Oyuntseren багт Mungunkhuu Baatar, Molormaa Jambaldorl, Oyuntuya Sharav нарын бүртгэл үүсгэсэн тухай баримтын хуулбар хувь, дүүргэлтийн 0,005 РLCU койноо тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож худалдан авах багц гэх бичиглэл бүхий хуулбар хувь, Bibox татан авалт амжилттай болсон тухай мэдэгдэл гэх бичиглэл бүхий хуулбар хувь баримт тус тус гаргаж өгсөн.

3.3.Шүүх хариуцагчийн хүсэлтээр www.platinworld.com сайт дахь ***************gmail.com и-мэйл хаягын бүртгэлд,[email protected] и-мэйл хаягт тус тус үзлэг хийсэн, Б.Мөг гэрчээр асуусан, Ш.О , Ж.Б  нарын эзэмшлийн Голомт банк, Төрийн банк, Хаан банк, Хас банкин  дахь дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан Голомт банк, Төрийн банк, Хаан банк, Хас банкнаас тус тус лавлагаа гаргуулсан, харин нэхэмжлэгчийн хүсэлтээр  О.Г-ын Хаан банкин дахь 5890020548 тоот дансны хуулга гаргуулж, Ж.М-г гэрчээр асууж нотлох баримтыг бүрдүүлсэн.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

4.Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

5.Нэхэмжлэгч Ж.Б  нь хариуцагч О.Гад холбогдуулан 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

     5.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Оюунтуягаас хамтран нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б ийн төлөөлөгч Л.С , нэхэмжлэгч Ш.О  нар оролцож, нэхэмжлэлийг дэмжсэн агуулга бүхий тайлбар гаргасан бөгөөд ингэхдээ 391,200 төгрөгийг авсан гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаас энэ дүнг хасаж, 1,608,800 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулсан.

5.2.Үүнийг нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөөгүй, харин шаардлагаа  багасгасан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх хариуцагчид гардуулах ажиллагааг хийгээгүйг дурдлаа.  

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж  хэн болох талаар тодорхойлсон.

Хуулийн дээрх заалтаас үзвэл эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн, тэдгээрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээд нэхэмжлэгч болох ба нэхэмжлэгч хэзээ, хэнээс юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг.

6.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.С ”…эх үүсвэрээсээ хөөж үзвэл  Ш.О , Ж.Б  нар хамтран нэхэмжлэгч, болохгүй зүйл байхгүй байх гэж ойлгож байгаа. Бид мөнгөө шилжүүлсэн. Энэ мөнгө өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй учир мөнгөө гаргуулъя гэж байгаа. 391,200 төгрөгийг нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгөөс хасна. Хариуцагч койн авахаар 800,000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаас харагдаж байсан. Харин 1,200,000 төгрөгт нь өөрийнхөө цахим хэтэвчнээс шилжүүлсэн нь харагдахгүй байгаа...” гэж,

     6.2.Нэхэмжлэгч Ш.О “…Би өөрөө койн сайн мэдэхгүй учир хадам дүү болох Ж.Мгийн найз залуу н.Мөгээр дамжууулан О.Г-тай  уулзахад тэрээр койн ашигтай, мөнгөө өсгөх боломжтой, өсөхгүй бол хийсэн мөнгө нь эргээд гарна гэсэн тул нөхөр Ж.Б той ярилцаад түүний данснаас О.Г-ын дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн, О.Г нь надад бүртгэлд нэвтрэх нууц үг өгөөгүй. Түүнээс хойш миний Голомт банкны дансанд 391,200 төгрөгийг койны хүү гэх утгаар Ж.М шилжүүлсэн. Би тухайн үед ашиг нь  орж ирж байна гэж бодсон. 391,200 төгрөг надад орж ирсэн нь үнэн тул 2,000,000 төгрөгнөөс хасаж байгаа. Мөн түүнээс хойш койноос ямар ч ашиг орж ирээгүй, хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаас үзвэл О.Г нь миний шилжүүлсэн мөнгөнөөс 800,000 төгрөгөөр л койн худалдан авч, бусад мөнгийн өөр зүйлд зарцуулсан байгаа тул миний ***************gmail.com хаягаар үүсгэсэн бүртгэлд байгаа Платинкойн компаний 0,005 РLCU койн нь 2,000,000 төгрөгт авсан койн гэж үзэхэд эргэлзэж байна. Учир нь хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаас үзэхэд 800,000 төгрөгөөр л койн авсан харагдаж байна. Койны хүү гэх утгаар  миний дансанд 391,200 төгрөг орсон нь үнэн тул нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгнөөс хасч, үлдэгдэл 1,608,800 төгрөгийг нэхэмжилнэ…” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

6.3.Хариуцагч О.Г “…Ш.О , Ж.Б  нарт койны талаар огт ярьж санал тавьж байгаагүй. Ш.О гийн өөрийнх нь хүсэлтийн дагуу Платинкойн компаний РLCU койнд ***************gmail.com и-мэйлаар бүртгэл үүсгэж, цахим данс нээж, гар утсанд нь 2 аппликэйшнийг суулгаж, тухайн өдрийн ханшаар хөрвүүлэн шилжүүлсэн мөнгөнөөс Платинкойн компаниас 800,000 төгрөгт РLCU койн худалдан авч, 1,200,000 төгрөгт  Платинкойн компаний өөрийн цахим дансанд байсан койныг шилжүүлэн, дансыг нь цэнэглэж өгсөн болохоос өөртөө авч ашиглаагүй, ***************gmail.com хаягаар үүсгэсэн бүртгэлд байгаа Платинкойн компаний 0,005 РLCU койн нь 2,000,000 төгрөгт авсан койн...” гэж үгүйсгэсэн.  

7.Шүүх зохигчдын эрх зүйн байдал, тэдгээрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны үндсэн дээр зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэх учиртай.

7.1.2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ш.О  нь койны данс нээж, РLCU койн худалдан авах зорилгоор нөхөр болох нэхэмжлэгч Ж.Б ийн Хаан банкны 5905028999 тоот данснаас хариуцагч О.Г-ын  Хаан банкны 5890020548 тоот дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын маргаагүй тайлбар, мөнгө шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдлоо.

7.2.Мөн О.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ш.О , Ж.Б  нараас шилжүүлсэн 2,000,000 төгрөгний 800,000 төгрөгийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч “Дижитал Эксчэйнж Монголиа”-ны  Хаан банкны 5041468747 тоот данс руу шилжүүлсэн нь хэргийн 196-197 дугаар талд авагдсан О.Г-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож, үүнд хэргийг зохигч маргаагүй.

8.1.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ш.О гийн Платинкойн компаний www.platinworld.com сайт дахь ***************gmail.com e-майл бүртгэлд 0,005 РLCU койн байгаа гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

Харин шилжүүлсэн 2,000,000 төгрөгөөр бүхэлд нь койн аваагүй. Харин 800,000 төгрөгөөр койн авсан, ***************gmail.com e-майл бүртгэлд байгаа 0,005 РLCU койн нь 2,000,000 төгрөгний койн биш  хэмээн  мэтгэлцсэн.

Ингэснээр нэхэмжлэгч нараас шилжүүлсэн мөнгөөр хариуцагч О.Г үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх нь маргааны зүйл болж байна.

8.2.Зохигчид хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх нь иргэний эрх зүйн зарчим бөгөөд ийнхүү мэтгэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

Хариуцагч нь “нэхэмжлэгч нараас шилжүүлсэн 2,000,000 төгрөгний 800,000 төгрөгөөр койн авч ***************gmail.com хаягаар үүсгэсэн дансанд хийсэн.

Үлдэгдэл 1,200,000 төгрөгт нь өөрийн цахим дансанд байсан койноос Ш.О гын e-майл хаягаар үүсгэсэн цахим дансанд шилжүүлсэн,  ***************gmail.com хаягаар үүсгэсэн дансанд одоо байгаа 0,005 РLCU койн нь 2,000,000 төгрөгний койн. Нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөг нь Платинкойн компанид орсон болохоос би авч ашиглаагүй” гэж тайлбарласан.

Гэхдээ дээрх тайлбараа баримтаар нотлож чадаагүй. 

Тодруулбал хариуцагч нь өөрийн цахим данснаас 1,200,000 төгрөгт тохирсон койныг Ш.О гын цахим дансанд шилжүүлсэн, мөн нэхэмжлэгч Ш.О гийн Платинкойн компаний www.platinworld.com сайт дахь ***************gmail.com e-майл бүртгэлд байгаа 0,005 РLCU койн нь 2,000,000 төгрөгний койн  гэх боловч үүнийгээ нотолсон баримт хэрэгт гаргаж өгөөгүй, мөн 2,000,000 төгрөгийг Платинкойн компаний дансанд шилжүүлсэн болох нь тодорхой бус байна.

8.3.Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч нар нь Платинкойн компаний РLCU койнд бүртгэл үүсгэж, цахим данс нээж, нэмэгдүүлэх зорилгоор 2,000,000 төгрөгийг хариуцагч О.Г-ын дансанд шилжүүлж, нэхэмжлэгч Ш.О  нь Платинкойн компанитай эрх зүйн харилцаанд орсон гэж үзэх үндэслэлтэй.

Нөгөө талаар нэхэмжлэгч нараас шилжүүлсэн мөнгөний 800,000 төгрөгт О.Г  койн авсан, Ш.О  нь Голомт банкны 4905118136 тоот дансаар 2022 оны 5 дугаар сарын 16-н өдөр койны хүү гэх утгаар 391,200 төгрөг хүлээн авсан үйл баримтанд зохигч нар маргаагүй.

8.4.Иймээс нэхэмжлэгчийн шилжүүлсэн 2,000,000 төгрөгнөөс койн авсан гэх 800,000 төгрөг, койны хүү гэх утгатай нэхэмжлэгч Ш.О гийн Голомт банкны 4905118136 тоот дансанд орсон 391,200 төгрөгийг хасахад үлдэгдэл мөнгө болох 808,800 төгрөгөөр хариуцагч О.Г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.  

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.С  нь шүүх хуралдаанд…талуудын хооронд хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн, О.Г нь тухайн үйл ажиллагааг эрхлэх эрхгүй атлаа хуулиар хориглосон үйлдэл хийж нэхэмжлэгч Ж.Б , Ш.О  нарын хөрөнгийг эзэмшсэн нь тодорхой байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох учиртай.Мөн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нар нь хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч О.Г нь нэхэмжлэгч нарын мөнгийг үндэслэлгүйгээр эзэмшилдээ авсан…гэх тайлбарыг гаргасан. 

Гэтэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь бүр анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй алдаа мадаг бүхий хэлцлийг ойлгоно. Харин Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл нь сонирхогч этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гараагүй тохиолдолд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй хэлцлийг ойлгоно.

Дээрх зохицуулалтууд нь хоорондоо ялгамжтай, гарах үр дагаврын хувьд өөр өөр байдаг болохыг дурдах нь зүйтэй.  

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар заасан.

Иймд 808,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г-аас  808,800 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 23,961 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Мөн хариуцагч талаас гаргаж хэрэгт өгсөн Платинкойн компаний РLCU койнд Ganbat Oyuntseren багт Mungunkhuu Baatar, Molormaa Jambaldorl, Oyuntuya Sharav нарын бүртгэл үүсгэсэн тухай баримт, дүүргэлтийн 0,005 РLCU койноо тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож худалдан авах багц гэх бичиглэл бүхий баримт, Bibox татан авалт амжилттай болсон тухай мэдэгдэл гэх бичиглэл бүхий баримт нь хуульд заасан журмын дагуу авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байгааг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч О.Г-аас  808,800 (найман зуун найман мянга найман зуу) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б , Ш.О  нарт  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800,000 (найман зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г-аас  23,961 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ