Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/01036

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/01036

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* багт байрлах, Х  банк ХК (**********)-ийн Хөвсгөл салбар,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.С-ийг  эрэн сурвалжлуулах тухай 155/2024/01068/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Ба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.С  нь “Х  Банк” ХК-тай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/50706999 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 7,575,432.03 төгрөгийн зээлийн үлдэгдэлд 1,162,267 төгрөгийг нэмж нийт 8,737,699.03 төгрөгийг, жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн телелтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл ганилцуулах маягттэй тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авсанаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул Х  банк ХК зээлдэгчээс зээлийн төлбөр гаргуулахаар гэрээнд дурдсан хаягийн дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч бүртгэлтэй хаягт оршин суудаггүй үндэслэлээр 2024 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 155/Ш32024/02127 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.С  /*************/-Г эрэн сурвалжилж өгнө үү.

Зээлдэгч Б  овогт М-ийн С  нь Хөвсгөл аймаг, Мөрөн сум, ******** баг, ******* дугаар гудамж, ******* тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй /бүртгэлтэй хаягт оршин суудаг боловч нэхэмжлэлийг гардан авдаггүй/, М.С  нь ***********, ээж-*********** утасны дугаартай болно гэв.

2.Нотлох баримтаар: Нэхэмжлэгчээс №000283102 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х  банк ХК-ийн Хууль, Эрхзүйн газрын захирлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 29/3532 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х  банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/3526 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х  банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5890/603 дугаартай итгэмжлэл, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШЗ2024/02127 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Х  банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5890/698 дугаартай итгэмжлэл, Х  банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5890/697 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 3-9, 31, 32 дахь тал

3.Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс оршин суух хаягийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14/93 дугаартай албан бичиг (хх-ийн 21, 22, 30 дахь талзэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

5.Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн Хөвсгөл салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.С-ийг  эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

6.Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн Хөвсгөл салбар нь М.С эс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ/50706999 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор М.С-ийн оршин суугаа хаягийг олж тогтоох шаардлага бий болсон болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШЗ2024/02127 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан...М.С  нь Х  банктай 2023 оны 3 дугаар  сарын 14-ний өдөр онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулаад 8,737,699 төгрөгийн зээлийг 18,6 хувийн хүүтэй авсан.Манай байгууллага нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор М.С-ийн хаягийг олж тогтоох шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан...гэх тайлбар зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 8, 9 дахь тал)

7.М.С  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** багийн ******** дугаар гудамжны ***********тоотод албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШЗ2024/02127 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14/93 дугаартай  М-ийн С  (*************) нь Дулаан ******** дүгээр багийн ****** дугаар гудамжны ********** тоотод үндсэн бүртгэлтэй боловч уг хаягт оршин суудаггүй нь үнэн болно. гэх бичилттэй албан бичиг зэргээр нотлогдож байна. (хх-ийн 8, 9, 30 дахь тал)

8.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************* регистрийн дугаартай,  Б  М-ийн С-ийг  эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй гэж үзэв.

8.1.М.С-ийг  эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг, М.С-ийн оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Х  банк ХК-ийн Хөвсгөл салбар (**************)-т нэн даруй мэдэгдэхийг тус тус Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгахаар тогтлоо.

8.2.М.С-ийн талаарх мэдээлэл:

 ************* регистрийн дугаартай,  Б  М-ийн Сүх-Эрдээ, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** дүгээр багийн ********* дугаар гудамжны ************ тоотод албан ёсны бүртгэлтэй гэх мэдээлэл хэрэгт авагдсан.

8.3.Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************* регистрийн дугаартай, Б  М-ийн С-ийг  эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар  М-ийн С-ийг  эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. М.С-ийн оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Х  банк ХК-ийн Хөвсгөл салбар (утасны дугаар **************)-т нэн даруй мэдэгдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х  банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.ДАВААХҮҮ