Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 125/ШШ2024/0009

 

 

 

 

 

 2024       02          16                                      125/ШШ2024/0009

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн “*******” НҮТББ-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “*******” НҮТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “*******” НҮТББ-ын тэргүүн *******,  хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч *******, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгч “*******” НҮТББ нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/278 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүсэд байрлалтай 4389 кв метр талбай бүхий газрыг амралт спортын цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

1.2. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдон...” гэх үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд газар эзэмшиж буй нийт 36 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч “*******” НҮТББ багтсан байна.

1.3. Улмаар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг байрлах Ойн бүсийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн 32.6 га газарт Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

 

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* НҮТББ-ын тэргүүн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “*******” НҮТББ нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/278 дугаар захирамжаар 4389 кв метр газрыг 5 жилийн хугацаатай цэнгэлдэх хүрээлэн, наадмын талбайн зориулалтаар эзэмших болсон. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжаар нийт 36 айлын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд тухайн захирамжийн хавсралт хэсгийн 13 дахь хэсэгт нэхэмжлэгч миний газрыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх Жаргалант сумын А/283 дугаар захирамжид дурдсанаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгал орчны хяналтын улсын байцаагч, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн...гэж үзэж хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээгээ удаа дараа, ноцтой зөрчиж, зориулалтын бусаар ашиглаж байсан зүйл огт байхгүй бөгөөд газрын төлбөр хураамжаа зохих журмын дагуу төлөөд явж байсан. Ямар ч байгаль орчны байцаагч болон байгаль орчны мэргэжилтний дүгнэлтийг өмнө надад гардуулж өгч байгаагүй. 2018 оноос хойш тухайн газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн чиглэлээр ажиллуулахын тулд өөрийн амьдарч байсан хашаа байшинг барьцаанд тавьж мод суулган тоглоомын талбай хийж, хашаа хайс хийж зүлэгжүүлэн манаач ажиллуулан цалинжуулж, худаг гаргаж зориулалтын дагуу зохих ажил хийж хамгаалсан байгаа. Дээрх ажлуудыг хийсний дараа мод нэмж тарих гэсэн боловч хавар намрын мод тарих үеэр буюу 2020 оноос хойш КОВИД-19 өвчний улмаас бүх нийтийн хорио цээрийн онцгой байдлын дэглэм үйлчилж байсан. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь бидний эрх ашгийг хөндсөн буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахаасаа өмнө ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.  

Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.", мөн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно." гэж тус тус заасны дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж нь “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт" байна. Засаг дарга сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа дараах байдлаар хууль зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 26 дугаар зүйлийн 26.1Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27.2Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ гэснийг тус тус зөрчсөн.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамж гаргахаасаа өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагааг хууль журмын дагуу хийх ёстой байсан. Сонсох ажиллагааг хийгээгүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасан "захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авч, архивын баримт болон газар эзэмшүүлэх тухай хувийн хэрэгтэй танилцаж, захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт гаргаж шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, үүнтэй холбогдуулан хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах зэрэг эрхээ хэрэгжүүлж чадаагүйдээ гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг заасан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.4 үр нөлөөтэй байх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх 4.2.6 бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэснийг Засаг дарга дээрх шийдвэр гаргах ажиллагаандаа баримтлаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч миний зүгээс нэг ч гэм буруутай, хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй байхад бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, их хэмжээний хөрөнгө, мөнгө, хөдөлмөр, цаг хугацааг үр дүнгүй болгож байгаад гомдолтой байна. Тухайн газрыг 2018 онд эзэмших эрхтэй болсноос хойш манай зүгээс зориулалтын бусаар ашигласан, газрын төлбөр хураамжаа төлөөгүй, бусад хууль зөрчсөн нэг ч үйлдэл хийгээгүй болно.

Гэтэл газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгосон сумын Засаг даргын захирамжтай шүүхээр маргаж байхад бидний төлөөллийн байгууллага болох Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарган миний эзэмшлийн газрыг өөрийн эрх мэдэл, сүр хүчээр далайлган хууль бусаар булаан авч нийтийн эзэмшил болгож байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

2.2. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “*******” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч “*******” НҮТББ нь Ховд аймгийн Жаргалант сум, 12-р баг, Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, нэгж талбарын 8414007599 дугаар бүхий 4389 кв метр талбай газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/278 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай, цэнгэлдэх хүрээлэн, наадмын талбайн зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2018 оны 10 сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор Жаргалант сумын газрын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2-р заалтаар шинэчлэн газрын төлбөр ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2021/0204 тоот гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

 1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 15-ны өдрийн А/278 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", 4.5-т “Газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан.Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2018/0204 тоот гэрээний 2.3-т Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно гэж тус тус заасан.

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага..." газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах ..."газарт" төлбөр ногдуулна" гэж зааснаар нэхэмжлэгч “*******” НҮТББ нь газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд энэ газрын төлбөрийг маргаан бүхий захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна.

2. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүрэг"-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.5-т "Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх", 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т "Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" үүргийг “Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно.

Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй.

Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд тусгайлан заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй болно.

Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “*******” НҮТББ-ын Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаяг байрлалтай, 8414007599 тоот нэгж талбарын дугаартай 4389 кв метр талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/278 дугаар захирамжаар “*******” НҮТББ-д 4389 кв метр газрыг цэнгэлдэх хүрээлэн, наадмын талбайн зориулалттай эзэмшүүлж, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасан үндэслэлүүдээр хүчингүй болгосон.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/278 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгчид үүрэг болгосон. Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний 2.3-д “газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж газрын төлбөр төлөх үүргийг заасан.

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж хуульчилсан.

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны газрын төлбөр төлөөгүй, 2020, 2021 онуудын газрын төлбөрийн хугацаанд нь бүрэн төлөөгүй нь учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгох нэг үндэслэл болсон.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт буюу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг жил бүр талууд дүгнэнэ гэж заасны дагуу иргэн хуулийн гэрээнд газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлд “газар эзэмшигчийн үүргийг” тусгайлан нэрлэн заасан бөгөөд 4.5-д “газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх”, гэрээний 4.14-д газар эзэмших гэрээ дүгнүүлэх, мөн гэрээний 7.2-т “газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүр дүгнүүлэх бөгөөд 6 дугаар сарын 25-ны дотор тайлагнах үүргийг газар эзэмшигчийн гэрээнд тусгайлан зааж үүрэг болгосон.

Гэтэл дээрх хугацаанд газар эзэмшигч гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ тайлагнаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул Газрын тухай хууль тогтоомж мөн гэрээний заалтыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар гэх байгууллага байхад тус газрын Геодези зураг зүйн асуудал хариуцсан хяналтын улсын байцаагч 2022 оны 10 сарын 19-ний өдөр Цамбагарав багийн  ойн бүсэд газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшлийн байдалд хяналт шалгалтыг хийсэн. Уг хяналт шалгалтын явцад тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуйн нэгж болон иргэдэд дүгнэлтээ танилцуулсан байх.

Миний хувьд би өөрөө 2022 оны 11 дүгээр сарын 17-нд өдөр таны дугаарын утсаар холбогдоход *******ын эхнэр утас авч таныг байхгүй гэж хэлсэн ба би ******* ТББ-ын эзэмшлийн газрын газар эзэмших эрхийг хүчингүй болж байгаа талаар танай эхнэрт хэлэхэд зөвшөөрөхгүй байгаа талаараа хэлж байсан. Энэ тухай би тэмдэглэл үйлдсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн н.Гантөмөр, Н.Цэнджав гэдэг хүмүүстэй хамт сууж байгаад *******ын эхнэртэй утсаар залгаж холбогдож ярьсан тараах баримт хэрэгт байгаа.

******* ТББ-ын хувьд эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, тоглоомын талбайд барилга объект барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэх улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.5. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга Э.Болормаагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд Ховд аймгийн Цамбагарав багийн ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байдаг.

Тус шийдвэрийг гаргах үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Цамбагарав багийн ойн бүсэд цэцэрлэгжилт ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсний дагуу болон аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тодорхой заалтууд, Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийн тодорхой заалтуудад үндэслээд “иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх ашгийг ашгийг хангах” үүднээс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 13 дугаар хуралдаанаас “цэцэрлэгт хүрээлэнг Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд 32,6 га газарт байгуулахаар тогтоож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын зураг төсөл, шаардлагатай санхүүжилтийн тооцоог орон нутгийн төсөвт тусгах ажлыг аймгийн Засаг дарга д үүрэг болгосон” аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай тогтоолуудыг тус тус хэлэлцэн баталсан ба мөн 14 дүгээр хуралдаанаар цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөв гаргахад хамаарах 80.000.000 төгрөгийн төсөв баталсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.6. Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “******* ТББ нь нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг талаар нэхэмжлэгч тайлбарлаж байна. Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар мөн адил тайлангаа гаргаж дүгнүүлэх талаар заасан. Түүнчлэн газар эзэмшигчтэй байгуулсан гэрээний  7.2 дахь заалт дээр “тайлан ирүүлэх, гэрээ дүгнүүлэх” гэсэн хоёр тусдаа заалт байгаа. Төрийн бус байгууллага нь субъектийн хувьд хуулинд зааснаар тайлангаа ирүүлж байхаар тусгайлан зааж өгсөн.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т нийтийн эрх ашгийн хамгаалан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага нь дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхаар заасан, уг шаардлагыг хангаагүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм.  Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг харгалзах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг тухайн жилдээ багтаан төлдөг гэж тайлбарлаж байна.

Газрын төлбөрийн тухай хууль анх 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан байдаг. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байдаг. Уг өөрчлөлтөд Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж дурдсан байгаа. Энэхүү өөрчлөлт орохоос өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шиг жилдээ багтааж газрын төлбөр төлөхөөр заасан байдаг.

Мөн уг хуулийн заалттай нийцүүлэн газар эзэмшигчтэй байгуулсан гэрээнд жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хувааж, улиралд ногдох төлбөрийн дараа сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тусгасан. Түүнээс биш 12 сарын 31-ний өдрийн дотор төлнө гэж ойлгож болохгүй.  Хэрвээ ингэж үзэх юм бол Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь заалтыг зөрчих юм. Газрын төлбөрийн тусгай хуулиар зохицуулсан учраас уг хуулийг дагаж мөрдөх ёстой. Энэ хуулиас өөрөөр хэрэгдэх боломжгүй. Хуульд нийцүүлж гэрээнд газрын төлбөрийн улиралд хувааж төлөх үүргийг газар эзэмшигчид үүрэг болгосон байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь 2021, 2022 оны газрын төлбөрийг хугацаа хожимдуулж төлсөн байгаа нь хэрэгт байгаа баримтаар тогтоож байна. Мөн 2023 оны эхний улирлын газрын төлбөрийг төлөөгүй байгаа нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх юм. Засаг дарга нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд тухайн газар эзэмшиж байгаа  иргэн, хуулийн этгээдээс Газрын тухай хуульд заасныг шаардах эрхтэй.

Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.7. Хариуцагч, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай”, мөн өдрийн  13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэдэг нь дараах хууль зүйн дүгнэлтээр тогтоогдож байна.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргаан бүхий тогтоолуудыг батлах үед нэхэмжлэгч ******* НҮТББ-ын эзэмшилд байсан газрын гэрчилгээг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын зүгээс хүчингүй болгосон байсан бөгөөд тухайн маргаан бүхий захиргааны акт түдгэлзсэн болон хүчингүй болсон зүйл болоогүй, хүчин төгөлдөр үйлчилж байсан.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх”-ийг, 20.1-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж тус тус заасан. Үүний дагуу аймгийн Засаг дарга гийн зүгээс Ховд аймгийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өргөн мэдүүлсний үндсэн дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас маргаан бүхий тогтоолуудыг гаргаж  баталсан.

Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хууль болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 13/05, 13/15 дугаар тогтоолуудыг гаргасан ба энэ тогтоолуудыг гаргахад процессын болон ямар нэгэн алдаа гараагүй.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын зүгээс ******* НҮТББ-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу буюу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх нэг үндэслэлээр хүчингүй болгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-т зааснаар “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох тогтоогдож байна.

Ховд аймгийн Татварын хэлтсээс 2023 оны 8 сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөлтийн талаарх лавлаагааг ирүүлсэн бөгөөд 2020, 2021, 2022 онуудад 107,877 төгрөг төлсөн нь харагдаж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны 2022 оны 02 сарын 15-ны өдрийн баримтаар 107,877 төгрөгийг 2 удаа төлсөн буюу нийт 215,754 төгрөг төлсөн болох нь мөн харагдаж байгаа юм.

Үүнээс харахад ******* ТББ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх барагдуулалт 0 төгрөг буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татвар төлөөгүй болох нь Татварын хэлтсээс ирсэн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын ******* НҮТББ-ыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон нь зөв буюу 2020, 2021 онуудын газрын төлбөрийг 2022 онд төлсөн болох нь тогтоогдож байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан буюу эрхийн гэрчилгээгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан актуудаар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлж хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******* НҮТББ-ын гүйцэтгэх захирал ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн өөрийн байгууллагад  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар 26-ны өдөр шүүхэд гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Жаргалант сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байхад аймгийн Хурлын тогтоолоор маргаан бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн байх ба Хурлаас маргаан бүхий газрыг хэн нэгний эзэмшил бус гэж үзсэн учраас нэхэмжлэгчид тогтоолыг мэдэгдээгүй, гардуулаагүй байх тул  нэхэмжлэгчийг уг тогтоолтой маргаж шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй гэж үзэв.

4. Нэхэмжлэгч  нь  Жаргалант сумын Засаг даргын 2018  оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/278 дугаар захирамжаар цэнгэлдэх хүрээлэн, наадмын талбайн  зориулалтаар 4389м.кв газрыг эзэмшиж, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

5. Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг  2023 оны газрын төлбөр 85115 /наян таван мянга нэг зуун арван таван/ төгрөгийг төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн буюу газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг тайлагнаагүй, гэж буруутгажээ.

6. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж зааснаар газар эзэмшүүлэгчээс нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.  Үүнд:

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр гэрээний  Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2 Газрын төлбөрийн хэмжээ: нэгжийн үнэ 50 төгрөг бүгд 219450 үүнээс улирал бүр 54863 төгрөг гэж, 2.3-т Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Ховд аймаг Төрийн сан банкин дахь 160000943 тоот дансанд шилжүүлсэн байна гэж, 

2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар гэрээний  Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2-т Газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн хуульд заасны дагуу газрын төлбөрийг тооцож ногдуулна. 2.3-т Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. гэж тус тус заасан байх тул газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.   

7. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан.

8. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2021-2023 оны газрын төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.

9. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн   гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор Жаргалант сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.” гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

10. Шүүхээс газрын кадастрын  мэдээллийн  системд хийсэн үзлэгээр  2022 онд урьд оны үлдэгдэл 215754 /хоёр зуун арван таван мянга долоон зуун тавин дөрвөн/, тухайн онд ногдуулсан төлбөр 107877 /нэг зуун долоон мянга найман зуун далан долоон/ төгрөг, 2023 онд 85115 /наян таван мянга нэг зуун арван таван/ төгрөгийн газрыг төлбөрийн ногдуулалт үүсч нэхэмжлэл үүссэн төлөвтэй харагдана.

11. Харин татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгээр 2022 оны газрын төлбөр бүрэн төлөгдсөн үлдэгдэлгүй, харин 2023 оны төлбөр 85115 төгрөг  үлдэгдэлтэй харагдах ба Татварын хэлтсийн  2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 377 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл үүсгэсэн 64726 /жаран дөрвөн мянга долоон зуун хорин зургаан/ төгрөг, 43151 /дөчин гурван мянга нэг зуун тавин нэгэн/ төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл үүсгэсэн 107877 /нэг зуун долоон мянга найман зуун далан долоон/ төгрөгийг тус тус 2022 онд төлсөн, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл үүсгэсэн 85115 /наян таван мянга нэг зуун арван таван/ төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

12. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.” гэж заасан ба газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн 2022, 2023 оны газрын төлбөрийн ногдуулалт тухайн ондоо хийгдсэн нь тогтоогдсон.

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг 2021, 2022 оны газрын төлбөрийг тухайн ондоо төлөөгүй гэж маргасан тул татварын нэгдсэн системд төлөлт бүртгэгдсэн огноог лавлагаа  гаргуулахад 2022 онд нийт 6 удаагийн төлөлт бүртгэгдсэн байна.

14. Үүнээс газрын төлбөр ногдуулалт хийгдэж үүсгэсэн нэхэмжлэлийн дугаараар тулгаж үзэхэд 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 64726 төгрөгөөр 2 удаа, 43151 төгрөгөөр 2 удаа нийт 4 удаа хийсэн гүйлгээний нийлбэр дүн нь газрын кадастрын мэдээллийн санд 2022 оноос урьд оны төлбөр гэж бүртгэгдсэн 215754 төгрөг, харин 2022 оны 12 дугаар сарын 20 -ны өдөр төлсөн 50000 төгрөг мөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр хийсэн 57877 төгрөгийн 2 гүйлгээний дүн 107877 нь нэхэмжлэлийн дугаараар 2022 оны газрын төлбөр болох нь нотлогдон тогтоогдож байна.    

15. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан ба хуульд заасан хугацаа гэдэгт Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасныг ойлгоно. 

16. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны “хугацаанд нь бүрэн төлнө” гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө тухайн жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай.

17. Иймд нэхэмжлэгчийг 2021, 2022 оны газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй байх бөгөөд 2023 оны газрын төлбөрийн тухайд он дуусахаас өмнө төлөх боломжтой гэж тайлбарласан ч газрын кадастрын мэдээллийн сангийн системд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл үүсгэсэн байх тул улирлаар төлбөрөө төлөх боломжтой байсан гэж дүгнэв.

18. Газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн, гэрээний  үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Гэрээг  2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  бичгээр, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр цахимаар тус тус  байгуулжээ. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тусгайлан зохицуулсан. .

19. Нэхэмжлэгч нь 2021, 2022 онд гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа хүргүүлсэн талаар барим байхгүй ч газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдэхгүйгээр гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.  

20. Учир нь гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх асуудал зөвхөн нэг талын бус 2 талын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хамааралтай бөгөөд аль нэг тал дангаараа шийдвэрлэх боломжгүй.    

21. Мөн нэхэмжлэгчийг 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэдэгт хамаарахгүй гэж үзлээ.

22. Хариуцагчаас ирүүлсэн баримтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай   дүгнэлтийн хавсралтын 19-т “...зориулалтын дагуу ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, тоглоомын талбай , барилга объект барьсан  нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 401.6  дахь заалтыг зөрчсөн гэж..”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн  2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02-32-04/102/19 дугаартай дүгнэлтэд “...2020-2023 оны газрын  төлбөрөө төлөөгүй, газрын хашаа хамгаалалтыг сайжруулж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна...”гэж тус тус дүгнэсэн байх  ба дүгнэлттэй маргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. 

23. Нэхэмжлэгчээс орон нутгийн удирдлагын зүгээс цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор тус төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж газар эзэмшүүлсэн,багийн Иргэдийн нийтийн хурлаас дэмжсэнээр 2018 онд орон нутгийн хөгжлийн сангаас 40 сая төгрөг, 2019 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хүүхэд залуучуудын цогцолбор байгуулах 50 сая төгрөгийн тус тус санхүүжилт, дэмжлэг авч үйл ажиллагаа явуулж байсан гэж тайлбарласан ч шүүхээс маргаан бүхий газарт хийсэг үзлэгээр хашаалсан газарт 1 байшин барьсан бүрэн дуусаагүй, сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоом суулгаж байгаа байдалтай, хашаагаа тойруулан 48ш голт бор мод суулгасан гэх зэрэг тохижилтын ажил дуусаагүй бөгөөд үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсныг дурдах нь зүйтэй.

24. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын  Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.

25. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.

26. Аймгийн Засаг дарга болон хурлын төлөөлөгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон иргэд, хуулийн этгээд шүүхэд хандан маргаан үүсгэсэн байгаа талаар мэдээлэлтэй байсан, хуралдаан дээр зарим иргэдийн төлөөлөгч нар асууж тодруулахад захирамж хүчин төгөлдөр болсон тул тогтоол гаргах боломжтой талаар тайлбарлаж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.      

27. Нэхэмжлэгчийн маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2 үндэслэлээс газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэл нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

28. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамж үндэслэлтэй болох нь тогтоогдсон тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч ******* НҮТББ-ын  “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамжийн ******* НҮТББ-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв .

29. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* НҮТББ-ын ”Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн ******* НҮТББ-ын   холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ