Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/67

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 02-ны өдөр                    2022/ДШМ/67                                  Хэрлэн сум

 

Ю.Э-, Б.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Нарангэрэл

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Ю.Э-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2239000000232 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Б-, Ю.Э- нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Д” гэх газарт байрлах Б.У-ын эзэмшлийн тариан талбайгаас түүний 12 ширхэг ногоон тэжээлийг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм буюу .........улсын дугаартай “T” маркийн тээврийн хэрэгсэл, ..........улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгсэл  тус тус ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 48.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс шүүгдэгч Ю.Э-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх:   Шүүгдэгч Ю.Э-, Б.Б- нарыг машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 48.000 төгрөгний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ю.Э, Б.Б- нарыг тус тус 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ю.Э-гийн өмчлөлийн 8.590.378 /найман сая таван зуун ерэн мянга гурван зуун далан найман/ төгрөгийн үнэлгээ бүхий ..........улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгсэл, мөн 10.206.728 /арван сая хоёр зуун зургаан мянга долоон зуун хорин найман/ төгрөгийн үнэлгээ бүхий .......... улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгслийг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Ю.Э-гийн өмчлөлийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах” тухай заалт байх ба тус заалт нь 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалттай зайлшгүй холбоотой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж болно” гэж заагаад 1.1-т “хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх”, 1.3-т “худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах” тухай шийдвэрийн аль нэгийг шүүх гаргаж болохоор заасан.

Харин Ю.Э-гийн өмчлөлийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл, .............улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогод тооцогдохгүй тул анхан шатны шүүхээс тус хуулийн заалтыг үндэс болгон тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдгийг мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тодорхой заасан байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 48000 төгрөг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгдөж, хохирогч “Гомдол санал байхгүй, хохиролд 3.000.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй” талаарх баримтаа ирүүлснийг үл харгалзан Ю.Э-гийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ю.Э-, Б.Б- нар нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байтал 2 тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлсэн нь бодит байдалтай нийцэхгүй байх тул шүүгдэгч Ю.Э-гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан “Toyota probox” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, үлдсэн 1 тээврийн хэрэгслийг буцаан олгоно уу. 

2. Миний үйлчлүүлэгч Ю.Э-, Б.Б- нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өмгөөлөгчийн зүгээс өөр байр суурьтай оролцдог. Хуулийн мэдлэггүй хүмүүст Б.Төгсбаяр өмгөөлөгч буруу ойлголт төрүүлж, зөвлөгөө өгснөөр Ю.Б.Б- гэмт хэрэгт хамтран оролцсон мэтээр гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг.

Тухайн үед Ю.Э-, Б.Б- нар нь бензин аваад явах замдаа өвс тааралдахаар нь авсан байдаг. Ю.Э- нь А дансандаа малтай, Б.Б- А дансандаа малгүй, тухайн үед Ю.Э-д өвс хэрэгтэй байсан учир авсан, Б.Б-д өвсний хэрэгцээ байгаагүй, хэргийн газар, хэрэг үйлдэгдэх үед Ю.Э-гийн хамт Б.Б- байсан хэдий ч хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж байгааг мэдээгүй, тухайн агшинд хамт явах нь таарсан байдаг.

Ю.Э-, Б.Б- нар нь хүргэн, хадам аавын харилцаатай, хөдөө мал дээр хамт амьдарцгаадаг хүмүүс бөгөөд Ю.Э-г хэргийн талаар гэрчээр байцаахдаа гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж, мэдүүлэг өгөх эсэх талаар тодруулж асуухгүйгээр мэдүүлэг авсан, мөн Ю.Э-, Б.Б- нарт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаагүй, мөрдөгч өөрөө өмгөөлөгчөө дуудан Ю.Э-гийн байцаалтад оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “Өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэх заалт, 5.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Өмгөөлөгчөө сонгох боломжоор хангахдаа шүүгч, прокурор, мөрдөгч тодорхой хүнийг зааж тулгаж болохгүй” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн.

Б.Б-гийн хувьд мөрдөгч түүнийг гэрчээр байцаах явцад “Та бичиг үсэг мэдэх тул өмгөөлөгч шаардлагагүй” гэсэн шалтгаанаар Б.Б-г өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаагүй байна.

 Ю.Э-, Б.Б- нар нь гэрчийн мэдүүлэгтээ бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсэн боловч яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ Ю.Э- тухайн хэргийг ганцаараа үйлдсэн талаар Ю.Э-, Б.Б- нар тодорхой мэдүүлсэн байна.

Хэргийн үйл баримт буюу тухайн гэмт хэргийг хэн, хэрхэн, яаж үйлдсэн талаар Ю.Э-, Б.Б- нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 өөр байдлаар мэдүүлэг өгсөн, Ю.Э-, Б.Б- нар нь тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт “тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” талаар, эсхүл “Ю.Э- ганцаараа үйлдсэн” гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Мөн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бол гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байх тул Ю.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ............. улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгсэл, .......... улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг хурааж улсын орлого болгосон нь үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ю.Э- хүргэн Б.Б-тэй хамт явсан гэж, Б.Б- гэрт байж байхад аав нэг юманд хамт яваад ирье гэж хэлээд аваад явсан гэж мэдүүлдэг. Уг мэдүүлгээр шууд өвсний хашаа руу явсан нь тогтоогддог.

Шүүгдэгч Ю.Э-, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь механизм ашиглаж үйлдсэн байдаг тул хохирлын хэмжээ шаардахгүй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.  

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан шүүгдэгч нарт 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар давж заалдах гомдол гаргасан байна” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Ю.Э-, Б.Б- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

 

Шүүгдэгч Ю.Э-, Б.Б- нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Д” гэх газарт байрлах Б.У-ын эзэмшлийн тариан талбайгаас түүний 12 ширхэг ногоон тэжээлийг учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм буюу ......... улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгсэл, ............ улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгсэл  тус тус ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 48.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 07 хуудас/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 09 хуудас/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-11 хуудас/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний орой 23 цаг өнгөрч байхад Д байрлах ажлын байран дээрээ иртэл манай хашааны зүүн урд талд 2 машины гэрэл байхаар нь очтол нөгөө 2 машин зугтсан. Тэгэхээр нь би нэг машиных нь араас хөөж явсаар байгаад Бэрхийн наад тал ороод буцсан. Тэгээд тэжээл байсан хашаан дээрээ ирээд үзтэл хашааны гадна 2 боодол тэжээл унасан хашаанаас 100 орчим метрийн зайд 3 боодол өвс унасан, тэрнээс цааш 4 км орчим зайд 2 боодол өвс унасан байсан. Тэгээд би маргааш ногоон тэжээлээ тоолж үзтэл 48 ширхэг тэжээл дутсан. Манай компани ногоон тэжээл, улаан буудай тарьдаг компани байгаа юм. Би тухайн машиныг хөөж байхдаа замын жалга руу машиныхаа хамраар ороод машиныхаа эд ангийг эвдсэн. Ю.Э-гаас 3.050.000 төгрөг авсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 25-26 хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ХҮ-23 дугаартай “...48 тооны ногоон тэжээлийн зах зээлийн үнэлгээ 192.000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШД-209 дугаартай “...улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 8.590.378 төгрөг байх боломжтой...” гэх  шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 52-54 хуудас/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Ф” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШД-210 дугаартай “... улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 10.206.728 төгрөг байх боломжтой...” гэх  шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-61 хуудас/,

 

- Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 71 дугаартай “... улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгсэл, ..........улсын дугаартай Toyota probox” маркийн тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч Ю.Э-...” гэх албан бичиг, хавсралтууд /хавтаст хэргийн 86-88 хуудас/,

 

- ........ улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгсэл, ....... улсын дугаартай Toyota probox” маркийн тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 89-90 хуудас/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ын “...ногоон тэжээл болон машины эвдрэлд 3.050.000 төгрөг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ХААН банкны ........... тоот дансаар Ю.Э-гаас авсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 197 хуудас/,

 

- Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн үед гэртээ байж байхад хадам аав Ю.Э- ирээд намайг нэг тийшээ хамт юманд явчхаад ирье, чи нэг машинаа уначих гэж хэлсэн. Тэгээд би .......... улсын дугаартай “Toyota probox” маркийн машинаа унаад, аав нөгөө ........... улсын дугаартай “Toyota probox” маркийн машинаа унаад түрүүлээд хөдөлсөн, би араас нь дагаад явахад аймгийн төвийн наад талд байдаг ногоон тэжээл зардаг хашааны зүүн урд ирж зогссон. ...өвсний хашаан дээр ирээд хадам аав Ю.Э- надад “өвснийх нь эзэн нь хэдэн боодол өвс аваарай гэсэн юм, хоёулаа эндээс хэдэн өвс ачиж авч явна” гэж хэлсэн. Би тухайн үед хулгайн өвс гэдгийг нь мэдээгүй хашааны завсраар шургаж ороод 4 боодол тэжээл аваад хадам аавын унаж явсан .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан. Дараа нь дахин 4 боодол өвс авч өөрийн унаж ирсэн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ ачсан, мөн дахиад 4 боодол өвс аваад машин дээрээ тавьж байхад зүүн талаас машины гэрэл гартал аав “хоёулаа явъя” гээд бид хоёр машиндаа суугаад хөдлөөд зам руугаа орсон. Би зүүн урагшаа явтал нөгөө машин аавын машины араас дагаад явсан. Тэгэхээр нь би шууд хөдөө гэр рүүгээ ирсэн. Намайг ирэхэд хадам аав ирээгүй байсан. Тэгээд гэртээ ирсний дараа хадам аавыг ирэхээр нь юу болсон талаар асуугаад нөхцөл байдлыг ойлгосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 хуудас/,

 

- Ю.Э-гийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний орой хүргэн Б.Б-г юманд явчхаад ирье, чи ............ улсын дугаартай машинаа унаад намайг дагаад хөдөлчих гэж хэлсэн. Би ч өөрийнхөө .......... улсын дугаартай “Toyota probox” маркийн тээврийн хэрэгслээ унаад хүргэнийгээ дагуулаад Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах өвсний хашааны зүүн талд ирж зогссон. Тэгээд хүргэнд “...хоёулаа эндээс хэдэн өвс ачиж явна, өвснийх нь эзэн нь хэдэн боодол өвс аваарай гэсэн юм, чи хашаа руу нь ороод хэдэн боодол өвс авчих” гэж хэлсэн. Манай хүргэн ч тухайн хашааны завсраар ороод хэдэн боодол өвс гаргаж ирээд бид хоёр машин дотроо болон дээрээ ачаад хөдлөх гэж байхад, хойд талаасаа машины гэрэл тусаад бид хоёр руу чигтэй ирж байхаар нь бид хоёр шууд замаараа ороод, би хүргэнээс салаад зүүн чигтэй явсан. Нөгөө машин миний араас тулж ирээд гэрлээрээ дохиод, сигналдаад байхаар нь би зугтаасан. Нөгөө машин намайг хэсэг хөөж байгаад болиод өөр замаар ороод явсан. Би тэндээсээ шууд гэртээ ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ю.Э-, Б.Б- нарыг тус тус 1 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн  байна. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан “шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Ю.Э-, Б.Б- нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, санаатай үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн  зөвшөөрсөн, хэргийн үйл баримт болон хэргийн зүйлчлэлд маргаагүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит бололцоо бий болсон шууд санаатай үйлдлээр илэрхийлэгдэнэ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж,  шүүгдэгч нарыг “ бүлэглэн машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг...үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан байна.

 Шүүгдэгч нар Ю.Э-гийн өмчлөлийн “Toyota probox” маркийн  .........., .............улсын дугаартай  2 тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдсон тул шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийг тус тус хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Б- Ю.Э-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй,  шүүгдэгч Ю.Э-гийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх үндэслэлээр “шүүгдэгч нарт холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан “шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Э-, Б.Б- нарын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                    

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

           

                           ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

 

                                                                                            Г.БОЛОРМАА