Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 604

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч И.М , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  М д холбогдох эрүүгийн 1705014010227 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  тракторын жолооч мэргэжилтэй, Нарны сайхан хороолол СӨХ-нд талбайн үйлчлэгч ажилтай,  оршин суух бүртгэлтэй, арам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, М .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.М  нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны сайхан хороолол” СӨХ-ны байранд С.Туяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.М  мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Өөрийн гэм бурууг ойлгож байгаа гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч И.М гийн өгсөн:

“... үйлчлэгч Туяад 2 оршин суугч мөс цэвэрлээд өг гэж байна гэснийг дамжуулж хэлтэл чи яахаараа миний ажлыг шаарддаг юм чиний хийсэн ажил хаана байгаа юм гэхээр нь чи өөрөө тэрийгээ цэвэрлэ оршин суугчид гомдол гаргаж байна гээд бид 2 хоорондоо маргалдсан. ... Туяа миний юм чамд ямар хамаатай юм чи юу хийдэг юм гээд дахиад маргалдаад Туяа над руу чамайг бодвол би ажлаа хийсэн гэж 2 гараа сарвайгаад дайрахаар нь би 2 гараас нь бариад арагшаа нь түлхсэн чинь гагнуурын аппарат дээр суучихсан. Туяагийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

 

 Мөрдөн байцаалтад хохирогч С.Туяагийн өгсөн:

“... 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байтал хамт ажилладаг М  гэх хүн над руу дайраад чи цас цэвэрлэ гээд байхаар нь би өөрийн ажлаа хийж байна, яагаад над руу дайраад байгаа юм, миний ажлыг дүгнэдэг хүмүүс тусдаа байдаг гэсэн. Тэгсэн чинь М  намайг дагуулаад СӨХ-ны байр руу дагуулаад ортол намайг зүгээр зогсож байтал шууд л над руу дайраад арагшаа түлхтэл би арагшаа ухрахдаа гагнуурын аппарат дээр ахар сүүл хэсгээрээ унасан юм. ... Зүүн хөл хөдлөхгүй сонин болсон, духны зүүн хэсэгт хөхөрсөн байсан, ар нуруу болон ахар сүүл хэсэг өвдөөд байсан. ... Би одоогийн байдлаар бариа, эм тарианд 300,000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэг 8,000 төгрөг, толгой бариулсан 5,000 төгрөг,  нийт 312,000 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 13 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Лхагвасүрэнгийн өгсөн:

“... 2017 оны 11 дүгээр сарын07-ны өдөр ... талбайн үйлчлэгч М , орцны үйлчлэгч Туяа хоёр хоорондоо гаднах цас ороод орцны үүдэн дэх цас арилгаж цэвэрлээгүй байна гээд хэрэлдэж орж ирсэн. Тэгэхээр нь би та хоёр юунаас болоод хэрэлдээд байгаа юм гэтэл гэнэт өрөөний үүдэнд пид пад хйисэн чимээ гартал Туяа эгч арагшаагаа унаж байсан. Тэгтэл хаалганы хажууд байрлах гагнуурын аппарат дээр суух шиг болсон. Тэгтэл Хонгорзул М  ахыг түлхэж яаж байгаа юм гээд өрөөнөөс гаргасан. Би Туяаг газар унасан байхаар нь босгох гэтэл Туяа эгч босож чадахгүй байна гэхээр нь Хонгорзулын хамт босготол нуруу эвгүй болчихсон, бэртсэн юм шиг байна гээд байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Лхагвасүрэнгийн өгсөн:

“... 2017 оны 11 дүгээр сарын07-ны өдөр ... талбайн үйлчлэгч М , орцны үйлчлэгч Туяа хоёр хоорондоо гаднах цас ороод орцны үүдэн дэх цас арилгаж цэвэрлээгүй байна гээд хэрэлдэж орж ирсэн. ... гэнэт үүдэнд чимээ гарахаар нь хартал Туяа эгч арагшаагаа саваад унаж байхаар нь босоод М  ахыг түлхээд өрөөнөөс гаргасан. Лхагва эгч Туяа эгчийг босгох гэтэл босгож чадахгүй байхаар нь би хамжаад Туяа эгчийг босгох гэтэл босож чадахгүй бэртчихлээ гээд байсан  ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

 

- Хохирогч С.Туяагийн хохирлын баримт /хх-н 36, 40/

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 13981 тоот: 

1. С.Туяагийн биед тархи доргилт, дух, нуруу, ууцны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

 

Шүүгдэгч И.М гийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Б.Говьхүүгийн өгсөн:

“... М  нь 11 настай охины хамт амьдардаг. Архи тамхи хэрэглэдэггүй, хүмүүст тусархаг, амьдралын боломж нь тааруу ...” гэх мэдүүлэг /хх-н 30/

- Нарны сайхан хороолол СӨХ-ны тодорхойлолт /хх-н 51, 61/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

-  Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар  /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

- Хөдөлмөрийн гэрээ /хх-н 54-58/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

            Шүүгдэгч И.М  нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны сайхан хороолол” СӨХ-ны байранд С.Туяатай маргалдан түлхэж унаган эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, нуруу, ууцны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, гуянд цус хуралт бүхий  хөнгөн хохирол учруулсан болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч И.М гийн мэдүүлсэн “... Өөрийн гэм бурууг ойлгож байгаа. ... Туяа над руу чамайг бодвол би ажлаа хийсэн гэж 2 гараа сарвайгаад дайрахаар нь би 2 гараас нь бариад арагшаа нь түлхсэн чинь гагнуурын аппарат дээр суучихсан. Туяагийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

 мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч С.Туяагийн “... 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байтал хамт ажилладаг М  гэх хүн над руу дайраад чи цас цэвэрлэ гээд байхаар нь би өөрийн ажлаа хийж байна, яагаад над руу дайраад байгаа юм, миний ажлыг дүгнэдэг хүмүүс тусдаа байдаг гэсэн. Тэгсэн чинь М  намайг дагуулаад СӨХ-ны байр руу дагуулаад ортол намайг зүгээр зогсож байтал шууд л над руу дайраад арагшаа түлхтэл би арагшаа ухрахдаа гагнуурын аппарат дээр ахар сүүл хэсгээрээ унасан юм. ... Зүүн хөл хөдлөхгүй сонин болсон, духны зүүн хэсэгт хөхөрсөн байсан, ар нуруу болон ахар сүүл хэсэг өвдөөд байсан ...” гэх,

гэрч М.Лхагвасүрэнгийн “... 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ... талбайн үйлчлэгч М , орцны үйлчлэгч Туяа хоёр хоорондоо гаднах цас ороод орцны үүдэн дэх цас арилгаж цэвэрлээгүй байна гээд хэрэлдэж орж ирсэн. ... гэтэл гэнэт өрөөний үүдэнд пид пад хйисэн чимээ гартал Туяа эгч арагшаагаа унаж байсан. Тэгтэл хаалганы хажууд байрлах гагнуурын аппарат дээр суух шиг болсон. Тэгтэл Хонгорзул М  ахыг түлхэж яаж байгаа юм гээд өрөөнөөс гаргасан. Би Туяаг газар унасан байхаар нь босгох гэтэл Туяа эгч босож чадахгүй байна гэхээр нь Хонгорзулын хамт босготол нуруу эвгүй болчихсон, бэртсэн юм шиг байна гээд байсан ...” гэх, 

гэрч М.Лхагвасүрэнгийн “... 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  ... гэнэт үүдэнд чимээ гарахаар нь хартал Туяа эгч арагшаагаа саваад унаж байхаар нь босоод М  ахыг түлхээд өрөөнөөс гаргасан. Лхагва эгч Туяа эгчийг босгох гэтэл босгож чадахгүй байхаар нь би хамжаад Туяа эгчийг босгох гэтэл босож чадахгүй бэртчихлээ гээд байсан  ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн 13981 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас И.М д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч И.М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Туяа нь бариа, эм тарианд 300,000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэг 8,000 төгрөг, толгой бариулсан 5,000 төгрөг,  нийт 312,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бариа заслын төлбөр 300,000 төгрөг /хх-н 40/ гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

Харин шүүх эмнэлэгийн үзлэгийн төлбөр 8,000 төгрөг, толгойн бариа заслын төлбөр 5,000 төгрөг, нийт 13,000 төгрөгийг шүүгдэгч И.М гөөс гаргуулж хохирогч С.Туяад олгох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч И.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын  шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч И.М  нь 11 настай охины хамт амьдардаг зэрэг түүний хувийн байдлыг харгалзан торгох ял шийтгэл оногдууллаа.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.М г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.М г торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И.М гөөс 13,000 /арван гурван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч С.Туяад олгож,

түүний нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.М д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ