| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00549/И |
| Дугаар | 145/ШЗ2024/01990 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 145/ШЗ2024/01990
| 2024 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 145/ШЗ2024/01990 | Арвайхээр сум |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын .................... дүүргийн .................. дугаар хороо, .............. “.............” ХХК-ийн төв байрны ............. давхарт байрлах, “.................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ................ дүгээр баг, Өлзийт ............... тоотод оршин суух, Г.Л...........д холбогдох
“34,123,152.04 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “................” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Л нь тус компанид анх 2020 оны 7 дугаар сарын 22-нд ажилд орж, МД-123 салбар дэлгүүрт бараа тоологч албан тушаалаар ажиллаж эхлээд үүнээс хойш албан тушаал ахин явсаар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр байрлах Миний дэлгүүрийн 307 дугаар салбарын дэлгүүрийн дарга буюу менежерийн албан тушаалд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн салбарын туслах менежерээр томилогдон ажилласан. Г.Л нь дэлгүүрийг мэргэжлийн удирдлагаар хангаж, дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан, дэлгүүрийн алдагдлыг хэвийн хэмжээнд байлгахыг хариуцан ажиллах ёстой байсан ч салбар дэлгүүрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж чадаагүйгээс гадна дөч гаруй сая төгрөгний хулгай хийж ажпаа хаяж явсан. Тус эрүүгийн хэргийн талаар нэхэмжлэгч талаас цагдаагийн байгууллагад мэдээлж Г.Л нь хулгай хийсэн төлбөрөө төлж барагдуулснаар хэргийг хялбаршуулсан журмаар хаасан байдаг. Энэхүү нөхцөлийн цааш удаан даамжруулахгүйн тулд удирдлагын хорооны сурлаар МД-307 салбарын дэлгүүрийн дарга Г.Л нь дэлгүүрийн менежерийн албан тушаалын чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй, үүрэгт зжилдаа алдаа дутагдал гаргасан тул, үүрэгт ажпаас нь чөлөөлөх санал шийдвэр гарсантай холбогдуулан бараа материал үлдэгдэл баталгаажуулах болон хөрөнгийн хяналтын тооллогын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 02/Т-161 тоот тушаалын дагуу 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр санхүү албаны хяналтын баг болон миний дэлгүүрийн нягтлан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн тооллогоор тус салбар дэлгүүрт 41,341,025 төгрөгийн бараа материал дутагдалтай гарч ажил хүлээлцүүлсэн. Г.Лхагвадорж нь МД-307 салбар дэлгүүрийн даргаар ажиллаж байх хугацаандаа хулгай хийхээс гадна ажлаа хаяж явсанаас үүдэж тус салбар дэлгүүрт 41,341,025 төгрөгийг бараа материал тооллогоор дутсан. Байгууллага эрсдэл тооцох журмын дагуу байгууллагаас тодорхой хэмжээний эрсдэл өгсөн хэдий ч хариуцлага алдсаны улмаас нийт 27,384,715.12 төгрөг журмын дагуух хуваалтад 6,946,178.78 төгрөг үүсэж нийт 34,123,152.04 төгрөгний авлага үүссэн. Иймд манай байгууллагад үүссэн өр дутагдал болох 34,123,152.04 төгрөгийг Г.Л....................оос гаргуулж компаныг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх “................” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Г.Л...................д нэхэмжлэлийн хувь гардуулахаар “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ............ дүгээр баг, Өлзий............ тоот хаягаар буюу нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч Г.Л тус багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .............дүгээр багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 202 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан “..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Л.............д холбогдох “34,123,152.04 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан баримтлан “................” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Л..............д холбогдох “34,123,152.04 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “...............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,600 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулж, “.................” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА