Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 125/ШШ2024/0010

 

 

 

 

                                                                                                                 

2024       02          19                                          125/ШШ2024/0010

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-нийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн 2023 оны 7 сарын 21-ны өдрийн А/410 тоот захирамжийн хавсралтын 2 болон 3 дахь заалт буюу “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал З.Болдбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар “...Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад тус тус газар эзэмшүүлэх...”-ээр шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “*******” ХХК нь Бугат баг, шинэ суурьшлын бүсэд байрлах нийт 1.2 га /тус бүр 0.6 га хэмжээтэй 2 талбай/ газрыг хаус хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, газар эзэмших гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

1.2. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр дурдсан 13 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон...”-ны дотор “*******” ХХК-нийн эзэмшлийн гэх нийт 1.2 га газрын газар эзэмших эрх  багтсан байна.

1.3. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 367 дугаар албан бичгээр “*******” ХХК-нийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг нэхэмжлэгчид мэдэгдсэнээр 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2020 оны 3 сард Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зарласан Ховд аймгийн Жаргалант сумын Бугат баг, шинэ суурьшлын бүсэд амины орон сууцны хотхон байгуулах, ингэхдээ нэгдүгээр утаа бууруулах,  хоёрдугаар өдөр тутам үнэ нь өсөж буй орон сууцны метр квадратын үнийг бууруулах буюу 1 мкв талбайг 720000 мянган төгрөгөөс дээш үнээр зарахгүй байх, залуу гэр бүлийг дэмжихэд зориулсан төсөл сонгон шалгаруулалт зарлагдаж,  уг төсөл сонгон шалгаруулалтад манай компани “Шинэ суурьшлын бүсэд хаус хороолол барих төсөл Талбай-173”, мөн “Шинэ суурьшлын бүсэд хаус хороолол барих төсөл Талбай-14” нэртэй, нэг төсөлдөө 35 айл, нийт 70 айлын хаус хороолол барихаар хоёр төслөөр оролцож, уг төсөл сонгон шалгаруулалтад манай компанийн хоёр төсөл шалгарсан юм. Улмаар Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 3 сарын 31-ний өдрийн А/189 тоот захирамжийн 2 болон 3 дахь заалтаар Ховд аймгийн Жаргалант сумын Бугат баг, шинэ суурьшлын бүсэд тус тусад нь 0.6 га, нийт 1.2 га газрыг хаус хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

            Энэ хугацаанд манай компани эзэмшлийн газрын төлбөрөө жил бүр хугацаанд нь бүрэн төлж байсан. Улирал бүр газрын төлбөрийн нэхэмжлэхийн дагуу газрын төлбөрөө төлдөг. Хэрвээ газрын төлбөр төлөөгүй өртэй байвал ямар нэгэн тендер шалгаруулалтанд оролцох эрхгүй ба тендерт шалгарах боломжгүй. Гэтэл манай компани 2020 оноос хойш олон тендерт оролцож ялалт байгуулан ажлаа гүйцэтгэж ирсэн.

Мөн манай компанийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 612 дугаар албан бичгээр тухай барилгынхаа ерөнхий тойм зураг төслийн хамт, дулаан цахилгаанаа хаанаас авахаа тодруулахаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлж байсан. 2020 онд дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахалын улмаас хатуу хөл хорио тогтоосон, Хятад улс хилээ бүрэн хаасан тул барилгын ажил эхлэх боломж бүрдээгүй. 2022 оны 01 сарын 16-ны өдөр эзэмшлийн 1.2 га газартаа 4 талтай банзан хашаа татаж, барилгын ажлыг эхлүүлэхээр фундаметийн суурь ухсан. Энэ ажилд 28.0 сая төгрөг зарцуулсан.

            Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажил эхлүүлэхээс өмнө барилга байгууламжийн эскиз зураг, иж бүрэн ажлын зураг буюу БА-барилга архитектур, ББ- барилга бүтээцийн, ЦАХ-барилгын дотор цахилгаан хүчит төхөөрөмж, ЦБУ- цэвэр бохир усны зураг, ХАС- халаалт, агаар сэлгэлтийн зураг зэргийг гарган, эрх бүхий байгууллага албан тушаалтнаар хянуулж баталгаажуулсны дараа барилгын ажил эхлэх ёстой. Дээрх барилга байгууламжийн эскиз зураг, иж бүрэн ажлын зургийг тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийлгэх ёстой ба энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-тай 2022 оны 01 сарын 7-ны өдөр “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ” ББЗТ-01/2022 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний үнэ 50.0 сая төгрөгийг 2022 оны 1 сард шилжүүлсэн. Тэрнээс хойш барилгын ажлын зураг гаргаж өгөхгүй удаж, удаа дараа “*******” ХХК-тай холбогдсон боловч тухай бүр шалтаг тоочсоор 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр манай компанид ирүүлсэн.     

            Энэхүү барилга байгууламжийн эскиз зураг, иж бүрэн ажлын зургийг батлуулахаар 2023 оны 5 сарын 30-ны өдрөөс эхлэн хөөцөлдсөн ба Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Дараа нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга уг зургаа батлуулахаар уулзсан боловч аймгийн Ерөнхий архитектур батлуулж ирсний дараа гарын үсгээ зурж баталгаажуулна гэсэн тул аймгийн Ерөнхий архитектур барилгын зургаа батлуулахаар өгсөн. Гэтэл гарын үсэг зурж баталгаажуулахгүй байсаар улсын наадам болсон.

            Улсын наадам өнгөрсний дараа уулзахад барилгын зурагт Б.Түмэндэмбэрэл гарын үсэг зурж баталгаажуулах боломжгүй гэсэн ба шалтгааныг нь асуухад Засаг дарга Э.Болормаа ямар ч барилгын зураг дээр гарын үсэг зурж болохгүй гэсэн учраас зурах боломжгүй гэсэн хариу өгсөн.

            Эцэс нь Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 7 сарын 21-ны өдрийн А/410 тоот захирамжаар манай компанийн эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ба 2023 оны 8 сарын 10-ны өдрийн 367 тоот албан бичгээр надад мэдэгдсэн. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон ба яг аль үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна.    

Газраа зориулалтын дагуу буюу хаус хороолол барихад уг барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл шаардлагатай ба барилгын ажил эхлүүлэхэд барилга байгууламжийн эскиз зураг, иж бүрэн зургийг баталгаажуулах шаардлагатай байдаг. Барилгын ажлын зураг гарган ирүүлээгүй нь манай компанийн буруутай үйлдэл биш, бид газраа хашаалж, барилгын ажил эхлүүлэхээр шаваа тавьж, барилгын ажлын зураг ирэх хугацаанд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтээ план зургийн хамт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар удаа дараа гаргаж байсан болно. Дээрх газар нь одоо 70.0 сая төгрөгийн барьцаанд байгаа, барилгын ажил эхлүүлэхээр 90 гаруй сая төгрөг зарцуулсан зэрэг нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлд хамаарахгүй юм.

            Иймд Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн 2023 оны 7 сарын 21-ны өдрийн А/410 тоот захирамжийн хавсралтын 2 болон 3 дахь заалт буюу “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.2. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч констракшн” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сум, Шинэ суурьшлын бүсэд байрлалтай, нэгж талбарын , дугаар бүхий 12000 кв метр талбай бүхий газрыг Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 189 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай, амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй болж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж зааснаас үзэхэд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.

Гэтэл 2022 оны газрын жилийн төлбөр 210000 төгрөг төлөх ёстой байснаас 180000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 30,000 төгрөг төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон.

Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч констракшн” ХХК нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу буюу амины орон сууцны зориулалтаар ашиглаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт, түүнтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 3.1, 4.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болно.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8. "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан.

Үүний дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл дээрхи хугацаанд буюу 2020, 2021, 2022 онуудад тухайн эзэмшил газрын гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ тайлагнаагүй, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, гэрээгээ дүгнүүлээгүй, 2022 оны газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй болно.

Мөн газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг 2023 оны 5 дугаар сарын 4-ны өдөр нэхэмжлэгчийг дуудан гэрээний биелэлтийг тооцоход газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь актаар тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дах хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж уг хуулийг хэрэглэж, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон болно.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох", 26 дугаар зүйлийн 26.1 "Захиргааны акт гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгоно" гэсэн заалтыг хариуцагч бүрэн хэрэгжүүлсэн болно.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч констракшн” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг, шинэ суурьшлын бүст байрлалтай, нэгж талбарын , дугаартай 12000 кв метр талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах заалтуудыг үндэслэн констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй. 2017 оноос хойш бүх газрын төлбөр болон мэдээлэл нь цахим системд шилжсэн. Мөн 2020 оноос хойш газрын төлбөр нь тухайн эзэмшлийн газрын хэмжээ, зориулалтаар хамааран төлбөр нь автоматаар бодогддог болсон. Үүнийг дагуу констракшн” ХХК нь 2022 оны газрын төлбөр 210000 төгрөг төлөх ёстой байснаас 180000 төгрөг дутуу төлсөн нь газрын төлбөрийн мэдээллийн сангаас харагддаг. Энэ нь газрын төлбөрөө төлөөгүй гэж үзэх нэг үндэслэл юм.

Мөн нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй. Учир нь тус компани нь 2020 оны 3 дугаар сард маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон. Тэрнээс хойш буюу 2021, 2022 онуудад  гэрээнд заасан зориулалтаар газраа ашиглаагүй, газар эзэмших гэрээгээ дүгнүүлж тайлангаа ирүүлээгүй. Манай Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас  2023 оны 05 дугаар сард З.Болдбаярыг дуудан уулзаж маргаан бүхий газарт ямар ямар үйл ажиллагаа явуулсан талаарх тайлан ирүүлэх, мөн газар эзэмших гэрээ дүгнүүлэх талаар хэлсэн ба хэрвээ гэрээгээ дүгнүүлээгүй, тайлангаа ирүүлээгүй бол эзэмшлийн газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар хэлж сонсох ажиллагаа явуулсан.

            Нэхэмжлэгч нь анх газар эзэмших эрхтэй болсноос эхлэн барилгын ажлын зураг төслөө бэлтгэх, батлуулах зэрэг ажиллагаануудыг хийх боломжтой байсан хэдий ч газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа зураг төслөө ирүүлэн барилгын ажлаа эхлүүлэх талаар хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэгч констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/410 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д газрын төлбөрөө төлөөгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох зохицуулалттай.

Нэхэмжлэгчийн хувьд өөрийн эзэмшлийн газрын төлбөрөө тухай бүр төлж ирсэн нь хэрэгт авагдсан баримт болох 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхээс татварын нэгдсэн системд хийсэн үзлэг болон 2024 оны 2 сарын 19-ний өдрийн газрын мэдээллийн санд хийсэн үзлэгээр газрын төлбөргүй болох нь тогтоогдсон ба газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн “ констракшн” ХХК нь анх 2020 оны 03 дугаар сард амны орон сууц барих зориулалтай маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Нэхэмжлэгч нь 2020 онд Хаус хороолол барих төслөө боловсруулсан, 2022 онд “*******” ХХК-тай гэрээ байгуулан барилгын иж бүрэн зураг төсөл боловсруулж барилгын ажлаа эхлэхэд бэлэн болж холбогдох эрх бүхий албан тушаалтнуудаар батлуулан ажлаа эхлэхэд бэлэн болсон.  Түүнчлэн маргаан бүхий газарт барилгын ажлаа эхлүүлэхээр банзаар хашаа татсан болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Дээрх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнээс үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшлийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо холбогдох нотлох баримтуудыг цуглуулаагүй нь тогтоогдож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “” ХХК-наас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан  Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн хавсралтын 2, 3 дахь хэсэг буюу тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

2. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 367 дугаар албан бичгээр маргаан бүхий акт гарсныг  нэхэмжлэгчид мэдэгдэж, нэхэмжлэгч мөн өдөр шүүхэд хандсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж  хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4. Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/189  дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагч болсон үндэслэлээр нэхэмжлэгч компанид Ховд аймгийн Жаргалант сумын Бугат баг, шинэ суурьшлын бүсэд амины орон сууц хороолол  барих зориулалтаар тус бүр 0.6 га нийт 1.2 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж , тоот гэрчилгээг олгожээ.

5. Улмаар 2020 оны оны 4 дүгээр сарын 15-ны өдөр , тоот газар эзэмшүүлэх гэрээг бичгээр байгуулж, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2 гэрээг цахимаар шинэчилж байгуулсан байна.

6. Хариуцагчаас нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 2022 оны газрын төлбөрөө дутуу төлсөн гэж буруутгаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

7. Гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгчээс тайлбарлахдаа “...Газар эзэмшсэнээс хойш 2020-2021 оны хугацаанд дэлхийн дахинд тархсан Ковид-19 цар тахлыг улмаас хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор барилгын ажил эхлүүлэх боломжгүй байсан. Барилгын ажил эхлэхээс өмнө барилгын эскиз зураг, иж бүрэн ажлын зураг гаргаж эрх бүхий  захиргааны байгууллага, албан тушаалтнаар хянуулж зөвшөөрөл авах зэрэг бэлтгэл ажил ихтэй бөгөөд үүнд хугацаа шаардагддаг. 2022 оны 1 сарын 07-ны өдөр барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж, улмаар эзэмшил газраа хашаалж, барилгын суурь цутгах бэлтгэл ажлыг хангасан ...” гэж тайлбарлана.

 8. Барилгын тухай хуулийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ.” гэж заасан ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.15."барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг; 4.1.20-д барилгын үйл ажиллагаа гэж  барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэх” гэж тус тус тодорхойлжээ.

9. Эндээс үзвэл барилга барих зориулалтаар газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлэхийн тулд Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангуулж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж зохих зөвшөөрлийг авсны  дараагаар  үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой байна.

10. Нэхэмжлэгч компани нь  ХХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаартай “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулж, гэрээний төлбөр 50.000.000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн ч ажлын зургийг гаргаж өгөхгүй байсаар 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн гэж тайлбарласан.

11. ХХК яагаад гэрээнд заасан хугацаанд барилгын зураг, төсөл боловсруулж ирүүлээгүй талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралгүй гэж үзлээ.

12. Харин барилгын ажлын зургийн төсөл дээр захиалагч болон гүйцэтгэгч нарын гарын үсэг, тамга дарж баталгаажуулсан байх бөгөөд зураг үйлдсэн газар, огноо нь Улаанбаатар 2023 он гэж бичигдсэн байхыг дурдах нь зүйтэй ба энэ талаар талууд маргаагүй.

13. Нэхэмжлэгчээс барилгын ажлаа эхлүүлэхийн тулд ажлын зураг боловсруулахаас өмнө захиргааны байгууллагаас холбогдох зөвшөөрөл авч бэлтгэл ажил хангуулах шаардлагатай байдаг талаар мөн барилгын ажлын зургаа батлуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа хандаж байсан зөвхөн Онцгой  байдлын хэлтсийн дарга  зөвшөөрч гарын үсэг зурсан, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Төгөлдөр аймгийн ерөнхий архитектороор батлуулсны дараа гарын үсэг зурна гэж хэлсэн талаар тайлбарласан.

14. Нэхэмжлэгч компанийн шүүхэд ирүүлсэн баримтаас үзвэл 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 612 тоот албан бичгээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт цэвэр, бохир усны шугам татах цэгийн зөвшөөрөл, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 177 тоот албан бичгээр аймгийн ерөнхий архитектор 24 айлын хаус хорооллын орон сууцны барилгын архитектурын даалгавар гаргаж өгөх хүсэлтийг тус тус хүргүүлж байсан байна.   

15. Мөн аймгийн ерөнхий архитектор Б.Түмэндэмбэрэл гэрчийн мэдүүлэгтээ “...Аймгийн ерөнхий архитектор эхэлж зураг төслийг хянаж баталгаажуулах ёстой. ХХК-нийн захирал У.Болдбаяр удаа дараа ирж уулзаж байсан. Газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгосон нь хууль зөрчсөн учир газар эзэмшлийг хүчингүй болгох талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр яригдаж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт чиглэл өгсөн. Тийм учраас би энэ талаар хэлж, газрыг чинь хүчингүй болгох юм шиг байна гээд гарын үсэг зурахаас татгалзсан.” гэжээ.

16. Хавтаст хэрэгт авагдсан “ ХХК-нийн амины орон сууцны хотхоны барилга”-ын загвар зураг гэсэн баримтын нүүр хэсгээс үзвэл “батлав” гэсэн хэсэгт аймгийн ерөнхий архитектор гарын үсэг зурахаар “зөвшөөрөлцсөн” гэх хэсэгт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, Онцгой  байдлын хэлтсийн дарга , Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч гарын үсэг зурахаар байх ч Онцгой  байдлын хэлтсийн даргаас өөр гарын үсэг зурагдаагүй болох нь тогтоогдож байна.      

17. Газрын тухай хуулийн 40.1-д “Аймаг, ...-ийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  гэж заасан нь гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил  дараалан ашиглаагүй нь  хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг ойлгоно.

18. Иймд хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчийн хувьд 2 жилийн хугацаанд амины орон сууцаа бариагүй, барьж эхлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулсан байх ёстой.

19. Улсын дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн  Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.гэж тайлбарласан.

20. Газар эзэмшүүлэх гэрээг 2020 оны оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ба  2020 оны 11 дүгээр сараас эхлэн тогтоосон Ковид-19 цар тахлын үеийн хөл хорио тогтоосон хугацаа, 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ******* дугаартай “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай гэрээ” байгуулж, гэрээний төлбөр 50.000.000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн, 2022 оны 1 сарын 16-ны өдөр банзан хашаа татаж, 2022 оны 2 сарын 16-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандсан  зэрэг үйл баримт болон зураг төслийг боловсруулж ирүүлснээс хойш батлуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад хандсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч өөрөөс хамаарах шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй.

21. Учир нь Газрын тухай хуульд заасан газар зориулалтын дагуу ашиглахын тулд Барилгын тухай  хууль тогтоомжид заасан зохицуулалтын дагуу ажиллагаа явуулахыг шаардахаар байх тул 2 жилийн хугацаанд орон сууц барилгын ажлыг эхлүүлээгүй нь цар тахлын үеийн нөхцөл байдал болон эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас хамааралтай байна.

22. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, , 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус зааснаар хариуцагчийг маргаан бүхий акт гаргах үндэслэлийг нягтлан шалгаж тогтоох, нэхэмжлэгчийн тайлбар сонсож шалтгааныг тодруулах, холбогдох баримтыг гаргуулах зэрэг ажиллагаа хийх үүргээ бүрэн  хэрэгжүүлээгүй гэж үзлээ. 

23.  2022 оны газрын төлбөрөө дутуу төлсөн  гэх үндэслэлийн тухайд:  Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж зааснаар газар эзэмшүүлэгчээс нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.  Үүнд:

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2  гэрээ тус бүрийн   Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2 Газрын төлбөрийн хэмжээ: нэгжийн үнэ 30 төгрөг бүгд 180000 үүнээс улирал бүр 45000 төгрөг гэж, 2.3-т Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Ховд аймаг Төрийн сан банкин дахь тоот дансанд шилжүүлсэн байна гэж, 

2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2 гэрээ тус бүрийн  Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2-т Газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн хуульд заасны дагуу газрын төлбөрийг тооцож ногдуулна. 2.3-т Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. гэж тус тус заасан байх тул газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.   

24. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж тус тус заасан.

25. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2022 оны газрын төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.

26. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Батсайхан  гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор Жаргалант сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.”гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

27. Газрын кадастрын  мэдээллийн  системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн маргаан бүхий 2 газрын төлбөр ногдуулалт 2022 онд нэгж талбарын хувьд 180.000, 210.000 төгрөгөөр 2 удаа нэгж талбарын хувьд мөн 180.000, 210.000 төгрөгөөр тус тус ногдуулалт хийгдэж тухайн ондоо бүрэн төлөгдсөн төлөвтэй харагдана.   

28. Татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгээр  2022 оны газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь нотлогдон тогтоогдож байх тул хариуцагчийн 2022 оны төлбөр дутуу төлсөн гэх  гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

29. Хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгчийг газар эзэмшүүлэх гэрээгээ дүгнүүлээгүй гэж буруутгасан ч маргаан бүхий актын үндэслэлд хамаарахгүй байх тул дүгнэлт хийхээс татгалзсан болно.

30. Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “” ХХК-нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн  Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 2,3 дахь хэсэгт заасан “” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

31. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн  Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 2,3 дахь хэсэгт заасан “” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ