Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 605

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Т.Оюунжаргал,

Хохирогч М.Жаргалсайхан,

Гэрч Б.Санчир,

Шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б т холбогдох эрүүгийн 1705000640046 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б .

 

Шүүгдэгч О.Б  нь иргэн М.Жаргалсайханы гарыг мушгиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б  мэдүүлэхдээ:

  Өөрийн гэм буруу дээр маргах зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Жаргалсайхан мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3 цагийн үед жолоочтойгоо хамт явж байхад хажуу талаас машин шахаад тэрнээс болж маргалдсан. Цаашид гарах зардлаа нэхэмжлэх болно. гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Санчир мэдүүлэхдээ: Шүүгдэгч О.Б  хохирогчид гэмтэл учруулсан өөр хүнтэй маргалдсан зүйлгүй. гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч М.Жаргалсайханы өгсөн:

 “... 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 30 минутын үед ... 82-38 УБС улсын дугаартай цагаан өнгийн Эстима маркийн гэр бүлийн машинд суугаад жолоочийн хамт зогсоол дээрээс хөдлөөд урд талын төв зам руу орох гээд туслах замаас уулзвар дээр ирээд 04-42 УБО улсын дугаартай саарал өнгийн тоёота аллион маркийн суудлын машины урдуур орох гээд шахтал нөгөө машины жолооч цонхоороо орилхоор нь би нөгөө машины жолоочийг урдуураа оруулчих гэтэл нөгөө машины жолооч бид 2 хоорондоо хэрэлдсэн. ... Машинаасаа бууж ирээд шууд л миний хоолойноос багалзуурдахаар нь гарыг  нь тавиулсан. Тэгээд бид 2 хоорондоо зууралдаж хэрэлдэж байгаад миний зүүн гарыг мушгиад байсан ...”  

“... Хэрэг болсон өдөр надтай маргалдсан залуу миний зүүн гарын хуруунуудыг мушгисан Тэгээд хуруунуудаа хартал зүүн гарын долоовор  хуруу нэгдүгээр үеээрээ арагшаа гэдийж мултарсан байдалтай байсан. Ман час хийгээд нилээн өвдсөн. Тэгэхээр нь би хурууныхаа үеийг урагшаа татаад хэвэнд оруулах гэж оролдсон боловч хэвийн байдалдаа бүрэн ороогүй. Мөн дахиад өвдсөн учраас тэр залуутай маргахаа болиод шууд гэмтлийн эмнэлэг рүү явж рентген зураг авахуулсан. Тэгэхэд долоовор хурууны 2 дугаар үений шивнүүр яс хугарсан байна гээд чиг тавьж боосон. Одоо миний зүүн долоовор хуруу нэгдүгээр үеээрээ арагшаа гэдгэр байдалтай эдгэрсэн. Би гомдолтой ... Цаашид хуруугаа хэвийн  ажиллагаатай болгох эмчилгээг хийлгэх зорилготой байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 13 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Санчирын өгсөн:

 “... 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр би захирал Жаргалсайхан хамт 82-38 УБС улсын дугаартай Эмтима маркийн машинтай компанийхаа оффисын зогсоолоос гараад 1-р эгнээг даваад 2-р эгнээ рүү орох үедээ алион маркийн автомашиныг жоохон шахаад орчихсон юм. Тэгтэл араас сигналдаад тэр машин гүйцэж ирээд жолооч нь цонхоо буулгаж байгаад захирал бид хоёрыг дохиогоо өгөхөд яадаг пизда вэ гээд хэл амаар доромжилсон. ... хэл амаар доромжилж байгаад хөдлөөд явахдаа жолооч нь манай машины зүүн талын толийг цохиод манай толь хугарчих шиг болсон. Тэгтэл захирал машинаасаа буух гэж хаалгаа онгойлгох үедээ тэр машины хаалга руу хаалгаараа цохисон.  ... Бид 2 харилцан хэл амаар доромжилж хэрэлдсэн. ... захирал зүүн гараа хараад гар эвгүй болчихлоо гээд байсан. Тэгээд бид 2 шууд гэмтлийн эмнэлэг ороод үзүүлсэн чинь хугарчихсан байсан. Тэр жолооч захирал руу дайраад захирал өөрөөсөө холдуулаад байсан ба тэр газраас хөдлөөгүй байхад захирал хуруу эвгүй болчихлоо гээд байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Түмэндэмбэрэлийн өгсөн:

“... 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ... нэлээн оройхон манай нөхөр зүүн гарын хуруундаа чиг тавиулсан орж ирсэн. Би юу болов гэхэд зам дээр хүнтэй муудалцаад хуруу машгичихсан чинь хугарчихлаа гэж гэсэн. Тэгээд тэр даруйд нь гэммтэлд үзүүлж чиг тавиулчихлаа, зургаа авахууллаа, эм бичиж өглөө гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн:

“... Зүүн гарын долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн ясны битүү хугарал гэмтлийн үед долоовор хуруу үеээрээ хөдлөх боломжтой. Харин гар утас оролдох зэрэг идвэхтэй хөдөлгөөн хийх боломжгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

 

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч эмчийн 8764 тоот:

1. М.Жаргалсайханы биед зүүн гарын 2-р хурууны 2-р шивнүүрийн битүү хугарал  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

2.3.4 Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

 

            - Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 40-42/,

            - Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 43/

            - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас /хх-н 44, 59/

 

шүүгдэгч О.Б ийн  хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч М.Уянгын өгсөн:

 “... Б  бид 2 гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, гэр бүл болоод 10 жил болж байгаа. Дундаасаа 9 настай хүүхэдтэй.  Манай нөхөр их зарчимч, аймхай, зүрх муутай, тууштай ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

- АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

            Шүүгдэгч О.Б  нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрчний соёлын төв ордны урд байрлах автомашины зам дээр иргэн М.Жаргалсайханы гарыг мушгиж эрүүл мэндэд нь  зүүн гарын 2-р хурууны 2-р шивнүүрийн битүү хугарал  бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч О.Б ийн “...Өөрийн гэм буруу дээр маргах зүйлгүй  ...”  гэх мэдүүлэг,

            хохирогч М.Жаргалсайханы “...2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3 цагийн үед жолоочтойгоо хамт явж байхад хажуу талаас машин шахаад тэрнээс болж маргалдсан. Цаашид гарах зардлаа нэхэмжлэх болно...” гэх,

            гэрч Б.Санчирын “...Шүүгдэгч О.Б  хохирогчид гэмтэл учруулсан өөр хүнтэй маргалдсан зүйлгүй...” гэх мэдүүлгүүд,

мөрдөн байцаалтад гэрч О.Түмэндэмбэрэлийн өгсөн “... 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ... нэлээн оройхон манай нөхөр зүүн гарын хуруундаа чиг тавиулсан орж ирсэн. Би юу болов гэхэд зам дээр хүнтэй муудалцаад хуруу машгичихсан чинь хугарчихлаа гэж гэсэн. Тэгээд тэр даруйд нь гэммтэлд үзүүлж чиг тавиулчихлаа, зургаа авахууллаа, эм бичиж өглөө гэж хэлсэн ...”  мэдүүлэг,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч эмчийн 8764 тоот дүгнэлт,  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Б т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Хохирогч М.Жаргалсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар гаргаж өгөх баримтгүй байх тул хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б ийг торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч М.Жаргалсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.Жаргалсайханд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ