Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1330

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00932 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч “АЭ...” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “АЭ...” ХХК-ийн санхүү, захиргаа эрхэлсэн захирлаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр томилогдсон. Компанийн дүрэмд заасанчлан компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй ба нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувийг нь Ай Эс Жи Холдингс Эй Пи Эй Си Компани, үлдсэн 50 хувийг “Ай Өү Ти Автомэйшн Монголиа” ХХК эзэмшдэг. Тиймээс эдгээр хувьцаа эзэмшигчид нь хувьцаа эзэмшигчдийн адил тэнцвэртэй эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангахын тулд компанийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагааг ил тод, шударга, байнгын тасралтгүй байлгах, хэн хэндээ харилцан хяналт тавьж байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор компанийн нэг хувьцаа эзэмшигчийг төлөөлж компанийн өдөр тутмын үйл ажиллагаа хариуцуулахаар гүйцэтгэх захирал Maiiiai Жон 0’Маллей-г санхүү, захиргааны асуудлыг нөгөө хувьцаа эзэмшигчийн төлөөлөгч буюу миний биед хариуцуулахаар тус тус томилсон. Миний бие өөрийн албан тушаалыг хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу аливаа зөрчил, дутагдал гаргалгүй гүйцэтгэж байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээг ямар ч үндэслэлгүйгээр цуцлах болсон тухай гүйцэтгэх захирлын 0719 дугаар тушаалтай 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр танилцсан. Уг тушаалд өөрийн хамаарал бүхий этгээдийн хүсэл зоригийг биелүүлэх үүднээс албан тушаалын байдлаа ашиглан тус компанийн зарим ажилтнуудын цалинг хуваарьт хугацаанд олгохоос татгалзсан гэх ноцтой зөрчлийн тухайд: Дээр дурдсанчлан компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй ба эдгээр хувьцаа эзэмшигчдийн дунд маргаан үүссэн. Мөн сүүлийн 4 сараас эхлэн зарим ажилтнууд буюу компанийн гүйцэтгэх захирал Майкл Жон 0 Маллей, түүний эхнэр оффис менежер Б.Тунамал, гүйцэтгэх захирлын хадам эх болох захиргаа, хүний нөөцийн менежер Н.Найгал нарын цалинг олгоогүй. Учир нь оффис менежер Б.Тунамал болон хүний нөөцийн менежер Н.Найгалыг гүйцэтгэх захирлын тушаалын дагуу ажилд авсан цагаас эхлэн одоо хүртэл тус тусын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэзээ ч гүйцэтгэж байгаагүй бөгөөд ажлын байрандаа хүртэл ирж байгаагүй. Тиймээс компанийн хувьцаа эзэмшигчийн төлөөлөгчийн хувиар бус, санхүү, захиргаа эрхэлсэн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж, эдгээр нэр бүхий ажилтнуудын ажил үүргийн биелэлтэд хяналт тавьсны үндсэн дээр цалин олгоогүй болно. Компанийн удирдлагатай удаа дараа зүй бусаар харьцаж, далайлган сүрдүүлсэн гэх зөрчлийн тухайд; компаниас өөрийн албан тушаал, цалин хөлсний тухай тодорхойлолтыг авах шаардлага үүсээд гүйцэтгэх захирал Майкл Жон 0 Маллей-г тус тодорхойлолтод гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж өгөхийг хүссэн. Харин гүйцэтгэх захирал Майкл Жон 0’Маллей нь эхнэр Б.Тунамал, мөн хадам эх Н.Найгал нарын цалинг олгоогүйн улмаас хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэсний төлөө Хөдөлмөрийн хуульд заасан тодорхойлолт гаргаж өгөх үүргээ гүйцэтгэхээс татгалзсан. Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлүүдийг нэрлэн дурдаагүй бөгөөд дээрх зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж гүйцэтгэх захирлын зүгээс тодорхойлж, ажлаас халах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд миний биеийг “АЭ...” ХХК-ийн үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр буруу халсан болохыг тогтоож, урьдах ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 1 сарын үндсэн цалин 7 350 000 /долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөг болно. Г.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.3.2-т Захиргааны зүгээс ноцтой гэж үзсэн бусад зөрчил ажилтан гаргасан бол ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд өөрийн хамаарал бүхий этгээдийн хүсэл зоригийг биелүүлэх үүднээс албан тушаалын байдлаа ашиглан компанийн зарим ажилтнуудын цалинг хуваарьт хугацаанд олгохоос татгалзсан, мөн компанийн удирдлагатай удаа дараа зүй бусаар харьцаж далайлган сүрдүүлсэн гэсэн тохиолдлуудыг ноцтой зөрчилд хамааруулахаар тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас халах болсон эдгээр үндэслэлүүдийг тухайлан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй тул хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохгүй юм. Үүнээс гадна ажлаас халах үндэслэл болсон дээрх 2 зөрчлийг Г.Б- гаргаагүй ба түүнийг дээрх зөрчлүүдийг гаргасан талаар ажил олгогч нотолж чадаагүй. Иймд дээрх үндэслэлээр Г.Б-ыг үндэслэлгүйгээр буруу халсан тул “АЭ...” ХХК-ийн санхүү, захиргаа хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. “АЭ...” ХХК-д санхүү, захиргаа эрхэлсэн албан тушаал эрхэлж байсан Г.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т болон Хөдөлмөрийн гэрээний 8.3.2-т заасан “Захиргааны зүгээс ноцтой гэж үзсэн бусад зөрчлийг ажилтан гаргасан” гэдэг буюу ноцой зөрчил гаргасан үндэслэлээр 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 719 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Өөрийн хамаарал бүхий этгээдийн хүсэл зоригийг биелүүлэх үүднээс албан тушаалын байдлаа ашиглан, тус компанийн зарим ажилтнуудын цалинг хуваарьт хугацаанд олгохоос татгалзсан. Г.Б- нь нэхэмжлэлдээ гүйцэтгэх захирал Майкл Жон 0 Маллей, оффис менежер Б.Тунамал, захиргаа, хүний нөөцийн менежер Н.Найгал нарын цалинг олгоогүй нь эдгээр ажилтнууд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэзээ ч биелүүлж байгаагүй тул компанийн 1 хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг илүүд үзсэний үндсэн дээр өөрт олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн дагуу цалин олгоогүй гэж дурдсан. Гэвч эдгээр ажилтнуудын ажил үүргийн гүйцэтгэл, биелэлтийг шалгаж, дүгнэж байгаагүй. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу сануулах, бусад арга хэмжээг авахаар шийдвэрлэж байгаагүй. Хэрэв хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах байсан. Харин Г.Б- нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаантай холбогдуулж, өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон. Тухайн үед компанийн гүйцэтгэх захирлын зүгээс ажилтнуудад гэрээнд заасан хугацаанд буюу cap бүрийн 20-ны өдөр болон дараа сарын 05-ны өдөр олгох ёстой байсан цалинг олгохыг хүсэж хандаж байсан. Гэвч Г.Б-ын зүгээс хувьцаа эзэмшигчид ажилтанд цалин олгох эсэх асуудлаар шийдвэрлэх болно гэдэг хариуг өгч, холбогдох ажилтнуудын 6 дугаар сарын сүүлчийн цалин болон 7 дугаар сарын зарим ажилтнуудын цалинг хуваарьт хугацаанд олгохоос татгалзах замаар нөгөө хувьцаа эзэмшигчийн хууль бус шаардлагыг биелүүлэхийг тулгасан зэрэг үйлдлүүдээс нь үзвэл Г.Б- нь компанийн санхүүгийн гүйлгээг хийх эрхээ урвуулан ашигласан нь ноцтой зөрчилд хамаарах тул ажлаас чөлөөлсөн. Иймд “АЭ...” ХХК-ийн зүгээс Г.Б-ыг ажлаас үндэслэлгүйгээр, буруу халаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-ыг “АЭ...” ХХК-ийн санхүү, захиргаа эрхэлсэн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “АЭ...” ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 65 815 050 төгрөгийг гаргуулж, Г.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, түүний дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “АЭ...” ХХК-аас 557 225 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2019/12941 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч компанийн эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд тодорхойлсон нэхэмжлэлийн үнийн дүн гэх 22 050 000 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсныг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Г.Б-ыг ноцтой зөрчил гаргасан эсэхээс үл хамааран “А“ ХХК-ийн санхүү, захиргаа эрхэлсэн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зааснаар зохигч талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох буюу цуцлах үндэслэл 8.3.1-т "Энэхүү гэрээний 7.5-д дурдсан сахилгын зөрчлийг ажилтан гаргасан”, 8.3.2-т "Захиргааны зүгээс ноцтой гэж үзсэн бусад зөрчлийг ажилтан гаргасан” гэсэн хоёр үндэслэлийг заасан боловч 8.3.2-т ноцтой зөрчилд ямар зүйлүүд хамаарахыг нэрлэн зааж, ажилтантай тохиролцоогүй байгаа нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Мөн тус компанийн хөдөлмөрийн дотоод журмыг ишилсэн байх боловч хэргийг шийдвэрлэхэд тухайлан ач холбогдолгүй заалтыг дурдаж, "Хөдөлмөрийн дотоод журмын заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан заалт гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсэн. Гэвч компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.8-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдлыг тодорхой тусгасан. Тодруулбал, Хөдөлмөрийн дотоод журмын 6.8.в-д “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 удаа гаргасан буюу ...хамтран ажиллагсад болон хамтран ажиллаж буй харилцагч байгууллагын төлөөлөлтэй харилцахдаа харилцааны доголдол гаргах" гэж хөдөлмөрийн гэрээг захиргааны зүгээс шууд цуцалж болох нөхцлийг тусгайлан заасан байхад шүүх огт үнэлээгүй байхаас гадна “Хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заагаагүй байна" гэж нотлох баримтыг буруу дүгнэсэн. Г.Б- нь 2 сахилгын ноцтой зөрчил гаргасан тул санхүү, захиргаа эрхэлсэн захирлын албан тушаалаас чөлөөлж. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 719 дугаар тушаал гаргасан. Уг тушаалд зааснаар Нэгдүгээрт, өөрийн хамаарал бүхий этгээдийн хүсэл зоригийг биелүүлэх үүднээс албан тушаалын байдлаа ашиглан, тус компанийн зарим ажилтнуудын цалинг хуваарьт хугацаанд олгохоос татгалзсан. Үүнийг Г.Б- тайлбарлахдаа гүйцэтгэх захирал Майкл Жон 0 Маллей, оффис менежер Б.Тунамал, захиргаа, хүний нөөцийн менежер Н.Найгал нарын цалинг олгоогүй нь эдгээр ажилтнууд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэзээ ч биелүүлж байгаагүй тул компанийн 1 хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг илүүд үзсэний үндсэн дээр өөрт олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн дагуу цалин олгоогүй гэж тайлбарласан. Гэвч Г.Б- нь эдгээр ажилтнуудын ажил үүргийн гүйцэтгэл, биелэлтийг огт шалгаж, дүгнээгүй. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу сануулах, бусад арга хэмжээг авахаар шийдвэрлэж байгаагүй. Хэрэв хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах байсан ба энэ тохиолдолд үндсэн цалинг гурван cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулж болдог. Харин Г.Б- дээрх 3 ажилтны цалинг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн дунд маргаан үүссэн хугацаанаас эхэлж олгоогүй нь ажил, үүргийн гүйцэтгэлд хяналт тавих үүднээс бус, хувьцаа эзэмшигчдийн маргаанаар барьцаалж, бусад ажилтнуудын цалинг олгох 2-р гарын үсэг зурахаас татгалзсан. Энэ үйл баримт нь Б.Тунамал болон Н.Найгал нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдоно. Б.Тунамал 2017 оны 3 дугаар сараас. Н.Найгал нь 2018 оны 01 дүгээр сараас тус компанид ажиллаж эхэлсэн ба ажиллаж эхэлсэн хугацаанаас хувьцаа эзэмшигчдийн дунд маргаан гарах хүртэлх хугацаанд буюу 2019 оны 7 дугаар cap хүртэл Г.Б- цалинг хэвийн олгож байсан. Гүйцэтгэх захирлын зүгээс ажилтнуудын цалинг хуваарьт хугацаанд төлөх шаардлагыг Г.Б-т удаа дараа тавьсан. Гэвч Г.Б- хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудын цалинг төлөх асуудлыг “Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрлэх асуудал” гэж мэдэгдсэн. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудын цалинг төлөх эсэх асуудал нь Компанийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэрлэх асуудал биш. Гэтэл үүнийг өөрөө илэрхий байдлаар хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаантай холбож, компанийн гүйлгээ хийхэд 2-р гарын үсэг зурах эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуульд заасны дагуу цалинг олгохоос татгалзсан. Гүйцэтгэх захирлын зүгээс ажилтнуудын цалинг төлөхийг дахин шаардахад Г.Б- нь өөрийн эзэмшлийн компанийн хувьцаа эзэмшигч болох Дейвид Робертсын онгоцны тийзийн төлбөр төлөхийг тулгасан. Эдгээр үйлдлүүд нь Г.Б-ыг өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлэхээс татгалзаж, хувийн ашиг сонирхлын үүднээс зарим ажилтнуудын цалинг олгохоос татгалзах байдлаар эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан. Г.Б- нь гүйцэтгэх захирлын биед халдахыг завдаж байсан тул энэ үйлдлээ даруй зогсоох шаардлагатайг гүйцэтгэх захирлаас анхааруулж, компанийн ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт зохицуулах журмыг сануулсан. Энэ сануулга нь эцсийн сануулга бөгөөд дахин ийм үйлдэл гаргавал сахилгын хатуу арга хэмжээ авах тухай тодорхой илэрхийлсэн байдаг. Энэ нь Г.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгож болох “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” болохыг хангалттай нотлогдоно. Мөн Г.Б- зөвхөн компанийн Гүйцэтгэх удирдлага бус бусад ажилтнуудад элдэв байдлаар дарамт учруулах үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Тухайлбал; тус компанийн ажилтнууд болох Б.Батбаяр, техникийн борлуулалтын ажилтан Л.Эрдэнэбилэг, оффис менежер Г.Цасцэцэг нараас өмнө нь компанийн удирдлагад удаа дараа бичгээр өргөдөл гаргаж байсан. Компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн гэрээнд тодорхойлсноор Г.Б- нь эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд түүнийг хувьцаа эзэмшигчдийн зүгээс томилсон этгээд биш юм. Мөн хавтаст хэрэгт түүнийг эрх бүхий албан тушаалтнаар томилсон нотлох баримт авагдаагүй, зөвхөн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байдаг.Ийнхүү дээр дурдсан сахилгын ноцтой зөрчлүүдийг нэхэмжлэгч бодитоор гаргаад зогсохгүй, сахилгын зөрчлийг 2 удаа давтан гаргасан тухай, улмаар ажил олгогчоос сахилгын зөрчлийг дахин гаргахгүй байхыг сануулж байсан талаар нотлох баримтуудыг шүүхэд гаргасан боловч “эдгээр үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй" гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй олгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх маргаж буй үйл баримттай холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “АЭ...” ХХК-д холбогдуулан “ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Ажил олгогч компанийн захирлын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0719 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 8.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн Г.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

            Хариуцагч татгалзлаа  Компанийн Санхүү, захиргаа хариуцсан захирал Г.Б- нь хамаарал бүхий этгээдийн хүсэл зоригийг биелүүлэх үүднээс албан тушаалын байдлаа ашиглан компанийн зарим ажилтнуудын цалинг хуваарьт хугацаанд олгохоос татгалзсан, компанийн удирдлагатай удаа дараа зүй бусаар харьцаж, далайлган сүрдүүлсэн зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, энэ нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор гэрээнд заасан  ноцтой зөрчил тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарласан.

 

            Нэхэмжлэгч Г.Б- нь тушаалд болон хариуцагчийн татгалзалд зөрчил гэж нэрлэн заасан асуудал нь ноцтой зөрчилд тооцон гэрээг дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй, Гүйцэтгэх захирал өөрийн үзэмжээр тушаал гаргаснаас хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

            Хариуцагч талаас нэхэмжлэгч Г.Б-ын Гүйцэтгэх захирал Майкл Жон О Маллейтай харилцсан 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны и-мэйл, гар утасны мессежийг шүүхэд гаргасан, уг цахим мэдээллүүдийн агуулгаас үзвэл  нэхэмжлэгч Г.Б- нь Гүйцэтгэх захиралтай зүй бусаар харьцаж, далайлган сүрдүүлсэн үг хэллэгүүд хэрэглэсэн нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу уг цахим баримтад үзлэг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдсэнийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн  баримт гэж үзэн нотлох баримтаар үнэлэх боломжтой.

 

Нэхэмжлэгчээс гаргасан дээрх үйлдэл нь Компанийн дотоод журмын 6 дугаар хэсгийн 6.8 дахь заалтаар хөдөлмөрийн гэрээг компанийн удирдлагын санаачилгаар цуцлах “в/... хамтран ажиллагсад болон хамтран ажиллаж буй харилцагч байгууллагын төлөөлөлтэй харилцахдаа харилцааны доголдол гаргах” үндэслэлд хамаарах ба ийнхүү дотоод журамд тусгайлан заасан тул Хөдөлмөрийн гэрээний 8.3.2 дахь “захиргааны зүгээс ноцтой гэж үзсэн бусад зөрчил”-д хамаарна.

 

Иймд Г.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасанд үндэслэсэн, тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцсэн, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин тушаалд заагдсан компанийн зарим ажилтнуудын цалинг хуваарьт хугацаанд олгохоос татгалзсаныг ноцтой зөрчилд тооцох үндэслэлгүй боловч энэ нь тушаалыг бүхэлд нь зөвтгөх үндэслэл болохгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг зөв үнэлээгүй, байгууллагын дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний маргаанд хамааралтай заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөх боломжтой байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.Б-ын “ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх” тухай “АЭ...” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 026 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ