Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/71

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 11 сарын 02-н өдөр                    2022/ДШМ/71                               Хэрлэн сум

 

Д.З-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0071/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Ж.Батбаатар

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/308 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцлээр Д.З-д холбогдох эрүүгийн 223900000004 хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Яллагдагч Д.З- нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний орчим хонин сүрэгт нь нийлсэн хохирогч Д.Э-ийн эзэмшлийн алдуул мал болох 51 тооны бог мал буюу 41 хурга, 5 ямаа, 2 борлон, 3 ишгийг хүрэн зүсмийн шүдлэн адуугаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр завшиж, бусдад шилжүүлэн хохирогч Д.Э-т 2.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  яллагдагч Д.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: “Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/161 дугаартай шүүгчийн захирамж, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ДШМ/38 дугаартай магадлалд заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн хийгээгүй,  Д.З-гийн үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр 223900000004 дугаартай  хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газарт очтол Д.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн  шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазар давж заалтад шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх яллагдагч Д.З-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийн үндэслэл нь шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгээгүй, мөн алдуул мал завшсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай гэсэн 2 үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Тус хэргийн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/161 дугаартай захирамжаар 6 заалт бүхий мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба тухайн захирамжид хяналтын прокурор Батбаатар эсэргүүцэл бичиж Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-н өдрийн 38 дугаартай магадлалаар хэрэгт

1. Хохирогч Д.Э- анх гомдол мэдээлэл өгөхдөө болон мэдүүлэг өгөхдөө /хавтаст хэргийн 2, 4, 11 хуудас/ “100 орчим бог алдсан” талаар хэлж мэдүүлсэн байхад “51 бог завшсан” гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж... бусад 49 тооны малыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхойгүй.. шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн баримтад 100 толгой хонь, ямаа өгсөн /хавтаст хэргийн 128 хуудас/ нь ойлгомжгүй,

2. Яллах дүгнэлтэд Д.З-г алдуул мал завшсан гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байх тул хэргийн газрын үзлэг хийж хохирогчийн тухайн үед байрлаж байсан газар, малын бэлчээр, шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын гэр хоорондын зай, байршил, зэргийг тодруулах, 

3. Яллагдагчаар татсан тогтоолыг хөнгөрүүлэн өөрчилсөн хирнээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “...Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна...” гэж заасны дагуу хохирогчид энэ талаар танилцуулаагүй гэсэн 3 ажиллагааг хийх шаардлагатай бусад мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй хэрэгт хамааралгүй байна гэж дүгнэсэн болно.

Дээрх заалтын дагуу хохирогч Д.Э-ийн дутсан малын тоог тодорхой болгох, 51 тооны бог мал завшсан гэх үйлдэл дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаар мэдэгдсэн, мэдүүлэг авсан, хэргийн газрын үзлэг хийж гэрэл зургаар баталгаажуулан гэмт хэрэг үйлдэгдсэн газар, хохирогчийн хонин сүрэг байрлаж байсан газрын хоорондын зайг тодорхой болгож хэргийн материалыг оролцогч нарт танилцуулан мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс магадлалд заагдсан ажиллагаанаас гадна шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн хангаагүй гэж үзэж хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.З-гийн үйлдсэн гэмт хэргийн хувьд мал хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн үндэслэл нь Д.З- нь тухайн газарт нүүж ирээд удаагүй байсан, хохирогч Д.Э-ийн малчин тухайн хонь ямааг эрж суран ойр хавийн айлуудаар явсан, Д.З- хэний эзэмшлийн мал болохыг мэдээгүй зэрэг шинжүүдээр алдуул мал завших гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

Харин Д.З-гээс мал сураглахад “өдийд хулгайлсан бол борлуулчихсан байлгүй дээ” гэж хэлсэн нь гэмт хэрэг үйлдэгдэж дууссаны дараа буюу Д.З- нь 51 тооны малыг захиран зарцуулсны дараа болсон үйл баримт болохыг хэрэгт авагдсан гэрч Э, хохирогч Д.Э- нарын мэдүүлгүүд гэрчилдэг.

 Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Хэргийг нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэх нотлох баримтууд нь дангаараа бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжтой талаар Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан хохирогчийн дамжмал байдлаар хэлсэн мэдүүлгийг үндэслэн “мал хулгайлах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Д.З-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үү, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн үү гэдэг дээр шүүх, прокурорын байгууллага хоёр өөр дүгнэлтийг хийж ирсэн. Эхлээд Д.З-г “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.З- нь тухайн мал хэний мал болохыг мэдээгүй, өөрийн хонин сүрэгт нь ирж нийлсэн гэж мэдүүлдэг ба уг мэдүүлгийг өөрийнх нь мэдүүлгээс өөр нотлох баримт байгаагүй. Мөн хохирогч болон гэрч Э мал нь тасарч алга болсон талаар мэдүүлсэн. Д.З- нь тухайн газар нутаглаад удаагүй, бэлчээр хоорондын зай нь 10 гаруй километр байсныг хэргийг газрын үзлэг нөхөн хийж тогтоосон. Мөн хохирогчоос дахин мэдүүлэг авч 51 тооны бог мал алдсан гэдгээр Д.З-г алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 161 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан 6 заалтаас 3 ажиллагааг хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзсэн. Үүний дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг  хийсэн тул Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

 

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хулгайн гэмт хэрэг, мал завших гэмт хэргээс ялгаатай, Д.З-гийн малд хохирогчийн 51 тооны мал нийлэхэд нь завшсан нь тогтоогддог. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна, иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 308 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг прокурорын эсэргүүцлээр  хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас яллагдагч Д.З-г  хохирогч Д.Э-ийн алдуул мал болох 51 тооны бог малыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр завшсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Д.З-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах  ажиллагааг бүрэн хийгээгүй,  Д.З-гийн үйлдэл нь “мал хулгайлах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах  ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэлд нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тодорхой заасан ба нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой тул анхан шатны шүүхийн “...хэрэгт мөрдөн шалгах  ажиллагааг бүрэн хийгээгүй,  түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй  гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 2022/ЗШ/308 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА 

 

                           ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

           

                                                                                            Г.БОЛОРМАА