Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/1040

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Азжаргал,

шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1444 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Азжаргалын бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр Э.Э-д холбогдох 2211007791263 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн Э.Э, ......... оны .... дугаар сарын ....-ны өдөр ......................... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ........................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Шүүгдэгч Э.Э нь Т.М-г 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, 2022 оны 4 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, 2022 оны 4 дүгээр сарын 07-ноос 11-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2022 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Э.Эг 2022 оны 3 сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Т.М-тай 13 нас 10 сартай байхад, 2022 оны 4 сарын 05-наас 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 13 нас 11 сартай байхад, 2022 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 нас 11 сартай байхад тус тус бэлгийн харьцаанд орсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял сонгож шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байхад яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл болжээ. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар мөн хянан шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор А.Азжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Т.М-н /хх 18-24, 140-141/, яллагдагч Э.Эгийн хэргээ хүлээж мэдүүлсэн /хх 28, 79-81/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6348 дугаартай /хх 50-51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10249 дугаартай /хх 145-146/, Шүүх сэтгэц эмгэг судлалын /хх 62-63, 66-67/ дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар Э.Э нь Т.М-г 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, 2022 оны 4 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, 2022 оны 4 дүгээр сарын 07-ноос 11-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2022 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус бэлгийн харьцаанд орсон гэмт үйлдсэн болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч Э.Э нь хохирогчийг 14 настай гэж эндүүрэн 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 07-ноос 11-ний өдрийн хооронд, 2022 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр тус тус бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Хохирогч Т.М нь хэрэг үйлдэгдсэн 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 13 нас 10 сартай, 2022 оны 4 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 07-ноос 11-ний өдрийн хооронд 13 нас 11 сартай, 2022 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр 13 нас 11 сартай байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар  тогтоогдсон.

Анх хэрэг үйлдэгдсэн 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Т.Мг яллагдагч Э.Э нь 14 настай гэж эндүүрсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Т.М-гийн “...Би өөрийгөө 14 настай, удахгүй 15 хүрнэ гэж түүнд хэлсэн болохоор 14 настай гэж бодож байсан байх. Би насаа 1 насаар нэмээд хэлчихсэн юм...” /хх 18-24/, яллагдагч Э.Эгийн “...Т.М нь 14 настай, удахгүй 15 нас хүрнэ гэж хэлсэн...” /хх 28, 79-81/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10249 дугаартай дүгнэлт /хх 145-146/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Э.Эг 14 насанд хүрээгүй буюу бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй.

Иймд дээрх хэргийг Э.Э нь Т.М-г 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолд дүгнэлт хийж яллагдагч Э.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч Э.Э нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар бичгээр хүсэлтээ гаргасан. Яллагдагч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байхгүй, мөн шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу хэрэгт нотолбол зохих бүхий л байдлуудыг нотлон тогтоох ажиллагаа хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар нотлохоос гадна шүүх хуралдааны явцад мөн нотлох талаар заасан тул Э.Эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие энэ хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцсон. Харамсалтай нь шүүгчийн захирамжид “шүүгдэгч Н.Ичинхорлоо” гэж бичсэн байсан. Миний бие шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргаж оролцсон. Анхан шатны шүүхээс “шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байхад яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл болжээ” хэмээн хэргийг буцааж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс дээрх үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж хууль зүйн хүрээнд үндэслэлтэй яллах дүгнэлт үйлдсэн. Учир нь, хохирогч 14 настай гэсний дагуу миний үйлчлүүлэгч хохирогчтой үерхэж нөхөрлөж байсан. Мөн хохирогч өөрөө бэлгийн харьцаанд орохыг эсэргүүцээгүй, Э.Э хүч хэрэглээгүй, заналхийлээгүй, дарамт шахалт үзүүлээгүй. Энэ нь насанд хүрээгүй хохирогч Т.Мгийн “Энхтүвшин надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Т.М энэ үйлдлийг ойлгож, мэдсэний үндсэн дээр сайн дураараа бэлгийн харьцаанд орсон гэж үзэж болохоор байна. Учир нь, хүүхдүүд үерхэж нөхөрлөж байхдаа 4 удаа бэлгийн харьцаанд орсон байдаг. Мөн хохирогч биеийн хувьд өсгөлүүн, шинжээчийн дүгнэлтээр 14 насанд хүрсэн байх боломжтой гэдэг нь тогтоогдсон бөгөөд хүүхдүүд 2 талын эцэг, эхчүүдтэй уулздаг байсан төдийгүй “миний хүүгийн үе тэнгийн охин байна гэж боддог байсан” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Хүүхдүүд сайн дураараа бэлгийн харьцаанд орсон. Миний үйлчлүүлэгч хохирогчийг 16 насанд хүрээгүй байсныг мэдээгүй, эндүүрсэн байдаг. Дээрх байдлуудаас дүгнэхэд энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Э.Э нь Т.М-г 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, 2022 оны 4 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, 2022 оны 4 дүгээр сарын 07-ноос 11-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2022 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байхад яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл болжээ. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар мөн хянан шийдвэрлэх боломжгүй байна..” гэсэн үндэслэл зааж, Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэж Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хариуцлага хүлээлгэхээр заахдаа аутентик тайлбар хийжээ.

Уг тайлбарт, бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй гэж заасан бөгөөд биеийн өсөлт хөгжил нь гүйцээгүй, оюун ухаан нь төлөвшөөгүй, бэлгийн харилцааны учир холбогдлыг ойлгож ухаараагүй, бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчиндэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар онц хүндрүүлэн зүйлчлэхэд хүчиндэх гэмт хэргийн аргад хамаарах объектив талын шинж тогтоогдсон эсэхийг заавал шаардахгүй гэсэн агуулга тусгагджээ.

Хохирогч Т.М нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 07-ноос 11-ний өдрийн хооронд, 2022 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөр тус тус бэлгийн харьцаанд орох үед биеийн өсөлт хөгжил, оюун ухааны төлөвшил, бэлгийн харилцааны учир холбогдлыг ойлгож ухаарсан байдал зэрэг нь 15 насанд хүрсэн гэж бусдад ойлгогдохуйц байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгджээ.

Тухайлбал, яллагдагч Э.Э нь хохирогч Т.М-г сургууль дээрээс очиж авдаг байсан, ингэхдээ хэддүгээр ангийн сурагч болохыг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан эсэх, ангийнхаа болон нас чацуу хүүхдүүдээс биеэрхүү эсэх зэргийг болон бусад нөхцөл байдлыг ангийн багш, эцэг, эхээс нь тодруулсны эцэст хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Харин шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “шүүгдэгч Э.Э, Н.Ичинхорлоо” гэж өмгөөлөгчийн нэрийг шүүгдэгчийн нэрийн араас шууд залгуулан бичиж оролцогчийг буруу бичснийг цаашид анхаарвал зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/1444 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Азжаргалын бичсэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР