Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 125/ШШ2024/0011

 

 

 

 

 

 

2024     02          19                                           125/ШШ2024/0011

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн *******д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч *******, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь анх Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 61 дүгээр захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүсэд байрлалтай 0.3 га талбай бүхий газрыг нөхөн сэргээх, ойжуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус бүр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

1.2. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/367 дугаар захирамжаар тус газрын газар эзэмших эрхийг *******д шилжүүлж, мод үржүүлгийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.  

1.3. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдон...” гэх үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд газар эзэмшиж буй нийт 36 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч ******* багтсан байна.

1.4. Улмаар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг байрлах Ойн бүсийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн 32.6 га газарт Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

 

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ээж ******* нь анх 2011 онд тус газрыг торлон авч 15 жилийн хугацаатай ойжуулах зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Дараа нь 2020 онд миний бие тус газрын газар эзэмших эрхийг шилжүүлэн авч 9 жилийн хугацаатай эзэмших болж, зориулалтын дагуу газраа ашиглаж ирсэн.

Анх тус газар нь бүх модыг нь тайрч түлээ болгосон, хүн боож үхдэг, айлууд хогоо авч ирж хаясан хогийн цэг болсон газар байсан. Тус газрын хогийг цэвэрлэж, тор худалдан авч торлон хамгаалж, өдөр бүр ус татаж газар дээрээ 300 гаруй чацарганы, 100 гаруй бургас, 150 гаруй хайлаас, 2 ширхэг сливийн мод авч суулган одоо ургаж байгаа. Энэ зун хашаандаа худаг гаргаж усны асуудлаа шийдвэрлэсэн.  Холбогдох ажлын хэсэг ирж үзээд зориулалтын дагуу ашиглаж байна гэсэн дүгнэлт гаргасан байхад Жаргалант сумын Засаг дарга захирамж гарган газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Гэтэл шүүхээс уг маргааныг шийдвэрлээгүй байхад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2023 оны 9 сарын 18-ны өдөр хуралдаж миний эзэмшлийн 3287 кв метр газрыг нийтийн эзэмшилд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, миний газар эзэмших эрхэд халдаж байна.

Газрын төлбөрөө жил бүр төлж байгаа, газраа зориулалтын дагуу ашиглаж мод үржүүлж байгаа, Газрын хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээ зөрчөөгүй, энэ талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр байхгүй байхад миний газар эзэмших эрхэд халдаж байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд 2011 онд тус газрыг 15 жилийн хугацаатай эзэмших болсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл арчилж хамгаалж ирсэн. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Хүүхдээ агаар устай газар байлгах гэж тус газарт 5 жилийн хугацаанд 45 хүн ахалж мод тарьж эхэлсэн. Уг газарт 300 чацаргана, 250 бургас, 100 улиас мод зэргийг тарьсан. Эдгээрийг тарьж ургуулахад маш их цаг зав хөдөлмөр шаарддаг.  Жишээ нь модоо услахын тулд наадмын талбайн араас ус авч услах зэрэг ажлуудыг хийдэг.

Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй охин маань ямар ч найдваргүй оноштой учраас би охиныхоо төлөө мод тарьж, цэцэг тарьж охиндоо аз жаргал өгөх сэтгэлээр уг газрыг өнөөдрийг хүртэл хайрлаж хамгаалж ирсэн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2020, 2021 онд тайлангаа өгч байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

2.3. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сум, 12-р баг, Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, нэгж талбарын дугаар бүхий 3287 м2 талбай газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 9-р сарын 10-ны өдрийн А/367 дугаар захирамжаар 9 жилийн хугацаатай, мод үржүүлгийн газрын зориулалтаар эзэмших эрхтэй болж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор Жаргалант сумын газрын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2-р заалтаар шинэчлэн газрын төлбөр ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2022/0398 тоот гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон.

Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2011 оны 11-р сарын 07-ны өдрийн А/180 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан 2017 оны 11 сарын 10-ны өдрийн болон 2019 оны 7 сарын 22-ны өдрийн гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", 4.5-т “Газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2022/0398 тоот гэрээний 2.3-т Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно гэж тус тус заасан.

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага..." газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах ..."газарт" төлбөр ногдуулна" гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2011 оны 11-р сарын 07-ны өдрийн А/180 дугаар захирамжаар газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 600.000 төгрөгийн газрын төлбөрийг тухайн ондоо хугацаанд нь төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч эдгээр газрын төлбөрөө маргаан бүхий захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна. Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүрэг"-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.5-т "Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх", 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т "Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" үүргийг “Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно.

Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд тусгайлан заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй болно.

УДШ-ийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаартай тайлбарын 1.9-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ". удаа дараа ..." гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан "... ноцтой зөрчил..."-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино" гэж хууль хэрэглээний УДШ-ийн албан ёсны тайлбар байдаг. Тиймээс гэрээнд заасан гэрээгээ жил бүр дүгнүүлэх үүргээ нэхэмжлэгч 2021, 2022 онд биелүүлээгүй, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах үүргээ 2021, 2022 онд огт тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж уг хуулийг хэрэглэж, газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон болно.

Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзсэн бөгөөд уг үндэслэлд хамаарах Газрын тухай хууль тогтоомж, гэрээний заалтыг 2 буюу түүнээс дээш удаа нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж энэ үндэслэлээр хүчингүй болгосон болно.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаяг байрлалтай, 8414007082 тоот нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ******* хувьд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд байрлалтай нэгж талбарын дугаартай 3287 кв метр талбай бүхий газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 367 дүгээр захирамжаар *******гээс эрх шилжүүлэн авч, 9 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаартай тогтоолоор Жаргалант сумын газрын бүсчлэн  үнэлгээ  тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2 дугаар заалтаар газрын төлбөр шинэчлэн тогтоож ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгосон.

Нэхэмжлэгч ******* газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтуудаар хүчингүй болгосон байдаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг улирал бүрийн эхний 25-ны өдрийн дотор Газар эзэмшүүлэгчийн дансанд төлнө”, 2.4-д Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөс газрын төлбөр хийх хугацааг тогтооно”, 2.5-д Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна, 4.5-т Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан байгаа.

Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2022/00398 тоот гэрээний 2.3-т “газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ буюу хуулинд заасан үүргээ биелүүлээгүй, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар газрын төлбөр 600,000 төгрөгийг төлөөгүй байсан.

Иймд газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 зааснаар газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 зааснаар эрхийг гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлд Газар эзэмшигчийн үүргийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.14-т Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх, 7.2-т газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 6 дугаар сарын 25-ны дотор тайлагнах үүргийг газар эзэмшигчийн үүрэг байх”-аар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь эзэмшиж буй газрынхаа газар эзэмших гэрээг 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй. Гэрээнд заасан үүргээгээр нэхэмжлэгч нь 2021, 2022 онд биелүүлээгүй, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах үүргээ 2021, 2022 онд тайлагнаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.5. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан “Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд Ховд аймгийн Цамбагарав багийн ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байдаг.

Тус шийдвэрийг гаргах үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйл гэх мэт заалтуудаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаас “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай болон 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хэлэлцэн баталсан.

Дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн заалтуудыг хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээг багасгах, иргэдийн чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэх орчны нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх, ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэрүүд юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ******* зүгээс Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч талаар маргаан бүхий Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын цахим сайтанд байршуулсан гэх боловч түүнийг 35 хүн үзсэн болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон.

 Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон гэж хариуцагчаар тайлбарлаж байна.

Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар баталсан ажлын хэсэг ******* эзэмшлийн газарт хяналт шалгалт хийж, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр “...3287м2 газрыг мод үржүүлгийн зориулалтаар эрх шилжүүлэн авсан. Уг газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасны дагуу газрын төлбөрөө хугацаандаа төлсөн, өөрийн эзэмшлийн 3287м2 газрыг зориулалт зориулалтын дагуу ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1-д зааснаар тухайн хашаа хамгаалалтыг, сайжруулсан жимс болон улиас бургаснууд тарьж байгаа...” гэсэн дүгнэлт гаргасан. Мөн шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* эзэмшлийн газарт үзлэг хийсэн байдаг. Уг үзлэгээр нэхэмжлэгч нь эзэмшлийн газартаа мод үржүүлэхээр модны харандаа суулгац суулгасан, хашааны зүүн талд 41 ширхэг бургас суулгасан, хашааны гол хэсэгт чацарганы мод тарьсан, хашааны зүүн хэсэгт хайлаас мод суулгасан зэрэг нөхцөл байдлууд тогтоогддог

Гэтэл яагаад зөрчил гаргасан гэж үзээд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй гэж тайлбарлаж байна. ******* хувьд уг газрыг эзэмшсэн цагаас эхлэн жил бүр газрын төлбөрийг хугацаанд нь төлдөг байсан. 2023 оны газрын төлбөрийн тухайд 131480 төгрөг төлсөн гэдэг нь харагдаж байгаа.

Хариуцагч захиргааны байгууллагын хувьд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо  тодорхой нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй байдаг гэтэл уг ажиллагааг хийгээгүй нөхцөл байдлууд хэрэгт баримтаар тогтоогдсон байгаа.

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 зааснаар газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж заасан. Энэ заалтаас харахад Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ******* тухай жилийн газрын татварын ногдуулалтыг хийснээр нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх эрх үүсэх ёстой.  Гэтэл шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдээллийн санд үзлэг хийсэн ба уг үзлэгээр *******д холбогдох 2020, 2021, 2022 онуудын газрын төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй байгаа нь тогтоогддог. Энэ нь ******* буруу биш, харин тухайн захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаа гэж ойлгож байна.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 заасан үндэслэлээр ******* газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолууд нь үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар ******* шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь өгнө үү гэв.

 

2.7. Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талаас сая сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...танай газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэсэн тул би тайлбараа өгсөн...” гэж хэлж байна. Үүнээс үзэхэд сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Сонсох ажиллагаа хийгдэж байсан гэж ойлгож байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын цахим сайт болон Фейсбүүк цахим хуудсаар нийтэд мэдээлсэн талаар сайт болон цахим хуудаст үзлэг хийж тогтоосон. Иймд нэхэмжлэгчийн ярьж байгаа сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тухайн газрыг зориулалтыг дагуу ашигласан эсэх талаар хариуцагчийн зүгээс маргаагүй. Тийм учраас өмгөөлөгчийн тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт хамааралгүй байна гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт дээр жилийн ногдуулалт 131,000 төгрөг гэж байгаа. Хариуцагчийн тайлбар дээр 600,000 төгрөгийн газрын төлбөр төлөөгүй гэдэг нь 2020 оноос хойш үүссэн газрын төлбөрөө нэхэмжлэгч төлөөгүй, тус онуудын газрын төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт байхгүй, мөн татварын албаны лавлагаагаар төлбөр төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь 2023 оны газрын төлбөрийг 2023 оны  04 дүгээр сарын 16-нд төлсөн. 2020, 2021, 2022 оны газрын төлбөрийг төлөөгүй. Мөн нэхэмжлэгчээс “...газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгээгүй байсан...” гэж тайлбарлаж байгаач газар эзэмшүүлэх шийдвэр гарсан өдрөөс эхлээд шууд газрын төлбөр төлөх үүрэг үүсдэг. Нэхэмжлэгч ******* нь газар эзэмшүүлэх гэрээний үүргийг биелүүлээгүй учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Уг тайлбарт гэрээнд ямар, ямар зүйлийг хэрэгжүүлэхээр урьдчилж тохирсон байх гэж тайлбарладаг. Гэрээнд заасан үүргээ биелүүл, биелүүлээгүй бол газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн хүчингүй болгоно гэж заасан. Уг үүргээ нэхэмжлэгч өөрөө биелүүлээгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг баримтлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.7. Хариуцагч, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай”, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэдэг нь дараах хууль зүйн дүгнэлтээр тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх”-ийг зааж өгсөн ба 20.1-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж тус тус заасан. Үүний дагуу аймгийн Засаг дарга зүгээс тухайн төлөвлөгөө болон саналаа өргөн мэдүүлсний үндсэн дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн маргаан бүхий актуудыг баталсан.

Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хууль болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу дээрх 13/05, 13/15 дугаар тогтоолуудыг гаргасан ба энэ тогтоолуудыг гаргахад процессын болон бусад ямар нэгэн алдаа гараагүй, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар баталж, эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх тогтоолуудыг гаргасан.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд хэн нэгэн хүн, аливаа нэг байгууллага хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй. Үүнийг хуулиараа хориглосон байгаа.

Үүний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 13/05, 13/15 дугаар тогтоолуудыг гаргахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 35 дугаар зүйлийн 35.1.17, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтуудыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд батлан гаргасан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж  хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар 24-ний өдөр шүүхэд гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2023 оны 10 дугаар сарын 05-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Жаргалант сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байхад аймгийн Хурлын тогтоолоор маргаан бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн байх ба Хурлаас маргаан бүхий газрыг хэн нэгний эзэмшил бус гэж үзсэн учраас нэхэмжлэгчид тогтоолыг мэдэгдээгүй, гардуулаагүй байх тул  нэхэмжлэгчийг уг тогтоолтой маргаж шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй гэж дүгнэлээ.

4. Нэхэмжлэгч  нь  Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/367 дугаар захирамжаар төрсөн эх *******гээс ойжуулалт, нөхөн сэргээх газрын зориулалтаар 3270 м.кв газрыг эрх шилжүүлэн авч дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий газрыг эзэмшсэн байна.

5. Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг  2023 оны газрын төлбөр 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнаагүй гэж буруутгажээ.

6. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн тухайд: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж зааснаар газар эзэмшүүлэгчээс нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.  Үүнд:

2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн , 2023 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн   дугаартай гэрээний  Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2-т Газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн хуульд заасны дагуу газрын төлбөрийг тооцож ногдуулна. 2.3-т Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. гэж тус тус заасан байх тул газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.   

 7. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан.

8. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2021-2023 оны газрын төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.

9. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн   гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор Жаргалант сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.”гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

10. Газрын кадастрын  мэдээллийн  системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн маргаан бүхий газрын 2023 оны жилийн тайлант үе 2 ногдуулалт 131480 /нэг зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун наян/ / төгрөг төлөгдсөн төлөвтэй харагдана.

11. Татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгээр дээрх төлбөрийг 2023 оны 4 дүгээр сарын 19 -ний төлсөн болох нь тогтоогдсон.

12. Хариуцагчаас нэхэмжлэгчийг зөвхөн 2023 оны төлбөр төлөөгүй гэж буруутгасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг 2023 оноос өмнө буюу 2020-2022 онуудад газрын төлбөрөө хугацаандаа төлсөн эсэх нь эргэлзээтэй гэж маргасан. Гэвч маргаанд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

13. Учир нь нэхэмжлэгчээс маргаан бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлж авахаас өмнө буюу 2016 оноос 2019 онд газрын төлбөр төлж байсан баримтуудыг гаргаж өгсөн, шүүхээс кадастрын  мэдээллийн  системд хийсэн үзлэгээр 2020, 2021, 2022 онуудад газрын төлбөрийн ногдуулалт хийгдээгүй, зөвхөн 2023 онд ногдуулалт хийгдсэн болох нь тогтоогдсон ба 2023 оноос өмнө нэхэмжлэл үүсээгүй болох нь Татварын хэлтсийн  2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 377 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.

14. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”,10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”, 4-д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж тус тус заасан ба газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системээс гаргасан лавлагаагаар нэхэмжлэгчийн 2021, 2022, газрын төлбөрийн ногдуулалт хийгдээгүй, 2023 онд хийгдсэн ногдуулалтыг нэхэмжлэгч төлсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

15. Мөн хариуцагчаас ирүүлсэн баримтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай   дүгнэлтийн хавсралтын 13-т “...зориулалтын дагуу ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 401.6  дахь заалтыг зөрчсөн гэж..”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн  2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтийн тодорхойлох хэсэгт “... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалтын дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлсөн гэж, дүгнэх хэсэгт  “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1 дэх  заалтын дагуу ашиглаж байна...”гэж тус тус дүгнэсэн байх ба дүгнэлт хүчин төгөлдөр болжээ. 

16. Эндээс үзвэл 2022 онд хийгдсэн хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөлтийн талаар дүгнэлт гаргаагүй, 2023 онд газрын төлбөрөө хугацаанд нь төлсөн гэж дүгнэсэн байна. 

17. Иймд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасныг зөрчиж газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгаж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж дүгнэв.

18. Газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж гэрээний үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Гэрээг  2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр  бичгээр байгуулжээ. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тусгайлан зохицуулсан.

19.Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа хүргүүлсэн талаар баримт байхгүй ч, холбогдох захиргааны албан тушаалтантай очин уулздаг байсныг үгүйсгээгүй бөгөөд  газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдэхгүйгээр зөвхөн тайлан ирүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.   

20. Учир нь гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх асуудал зөвхөн нэг талын бус 2 талын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хамааралтай бөгөөд аль нэг тал дангаараа шийдвэрлэх боломжгүй.    

21 . Мөн нэхэмжлэгчийг 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэдэгт хамаарахгүй гэж үзлээ.

22. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:  2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын  Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж,  цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га газрыг тусгахаар санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.

23. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.

24. Аймгийн Засаг дарга болон хурлын төлөөлөгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон иргэд, хуулийн тэгээд шүүхэд хандан маргаан үүсгэсэн байгаа талаар мэдээлэлтэй байсан энэ талаар хуралдаан дээр зарим төлөөлөгч нар тодруулж асуусан талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ч захирамж хүчин төгөлдөр болсон гэж тайлбарлан шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

25. Уг газарт нэхэмжлэгчийн маргаан бүхий газар хамаарч байх ба газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус болох нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулах үндэслэлгүй.

26. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамж хууль бус болох нь тогтоогдсон, маргаан бүхий тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бүрэн сэргэх боломжтой байх тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй  байна.

27. Маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч ******* ХХК-нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

28. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргаж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3  дахь хэсгийн 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн  40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ