Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 254

 

Г.Х, Э.Т  нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Г.Х, Э.Т  нарт холбогдох 1919000270015 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй,  Б овогт Г.Х,

2. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Э.Т нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Т , Г.Х  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Г.Х г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т , Г.Х  нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Э.Т т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Г.Х д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжил гаргасан гомдолдоо “... Г.Х, Э.Т нар нь бүлэглэн 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сум, 5 дугаар багийн 315 тоот хашаанаас иргэн Д.Гүрсэдийн автомашины 2 ширхэг аккумляторыг хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 600,000 төгрөгийн үнэ бүхий аккумляторыг биетээр нь буцаан өгч хохирлыг бүрэн төлсөн. /хх-39/ Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, зөрчилд холбогдохгүй байж чадахаа анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсгийн 4.3-т заасан “бага” хэмжээний хохирол учруулсан, хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3, 5, дахь хэсэгт хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарыг ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэх боломжтой байна. Энэ үндэслэл нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “21 насанд хүрээгүй өсвөр насны хүмүүс” болох нь тогтоогдсон зэргийг харгалзан анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар магадлалыг бүхэлд нь хянуулж, шүүгдэгч Г.Х, Э.Т  нарт ногдуулсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт тус тус зааснаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авахуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.Х, Э.Т  нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй.  Шүүгдэгч нарыг өсвөр насны хүмүүс биш гэдгийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоосон” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын гаргасан гомдлыг үндэслэн Г.Х, Э.Т  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Х, Э.Т  нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумын .... баг, ....гудамжны ......тоот хашаанаас иргэн Л.Г-ийн “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүхүүд Г.Х, Э.Т  нарыг бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэсэн шүүхийн дүгнэлт, түүний үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Мөн шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилсан бөгөөд Г.Х, Э.Т  нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байжээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасны 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, сэтгэхүй, оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн адил сэтгэж, үйлдэл хийж байгаа 18-аас 21 хүртэлх насны хүнийг энэхүү ойлголтод хамруулан ойлговол зохих бөгөөд шүүгдэгч Г.Х, Э.Т  нарыг өсвөр насны хүнтэй адилтган үзэх агуулга, үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт байхгүй болно.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжилын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН