Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0224/З |
Дугаар | 519 |
Огноо | 2016-07-08 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 519
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М*******” ХХК
Хариуцагч: Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
Гуравдагч этгээд: “Х*******” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь 2008 онд Хан-Уул дүүргийн Арцатын задгай буюу Яармагийн нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалттай 1 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглахаар гэрээ хийж ашиглаж байсан. Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Монгол Улсын дэд бүтэц орон сууц төслийг хэрэгжүүлэх хүрээнд шинэ яармаг хорооллыг барихаар зааж өгсөн байдаг. Энэ тогтоолын 4.4.3.7-д Улаанбаатар хотын “Шинэ яармаг, “Буянт-Ухаа”, “Ирээдүй хороолол”, “Ургах наран” хороолол гэх мэт хүн амын суурьшлын бүсэд 20000 мянган айлын орон сууц барих тухай гэж зааж өгсөн байдаг. Тухайн үед манай зүгээс аялал жуулчлалын зориулалтаар үл хөдлөх хөрөнгө барих гэсэн юм гэхэд танай газрын доод хэсгээр инженерийн шугам сүлжээ явж байгаа учраас үл хөдлөх эд хөрөнгө барих боломжгүй гэсэн. Тийм учраас тухайн газар дээр манайх хашаа татаж байгаль орчны үнэлгээ хийлгэсэн. Шинэ яармаг хороолол барихтай холбоотойгоор яг аялал жуулчлалын зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө барьж үйл ажиллагаа явуулж чадаагүй байгаа.
Улмаар 2013 оны 08 дугаар сард Богд Хан Уулын дархан цаазат газрын захиргаанд манай газрыг сунгуулах хүсэлт өгсөн. Дараагаар нь 2014 онд Тусгай хамгаалалттай газар болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн Богд хан уулын дархан цаазат газрын захиргааны 2014 оны 12 дугаар сарын 8 ны өдрийн 460 тоот албан бичигт Богд хан уулын дархан цаазат газрын арцатын амны хязгаарлалтын бүсэд 1 га газар ашиглах гэрчилгээтэй М******* ХХК нь Шинэ яармаг хорооллын төлөвлөлттэй холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлээгүй талаар бичсэн байдаг. Мөн Байгаль хамгаалах төлөвлөгөө болон газар ашиглах гэрээний хэрэгжилтийг жил болгон дүгнүүлж байгаль хамгаалах нөхөн сэргээх талаар хамтран ажилласан тул гэрчилгээний хугацааг сунгахыг дэмжиж байна гэсэн байдаг. Улмаар энэ асуудал шийдвэрлэгдэхгүй явсаар 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр манай компанийн газар ашиглах гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон сайдын тушаал гарсан байна.
Сайдын тушаал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг баримталсан байсан. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан байх боловч манайд компанид ямар нэгэн мэдэгдэл, албан тоот хүргүүлээгүй байгаа юм. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй”, 40.4-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасан. Манайд яаралтай мэдэгдсэн бол манайх шүүхэд гомдлоо гаргах байсан. Манай газар ашиглах эрхийг 2015 оны 6 сард хүчингүй болгосон байхад манайх өөрсдөө 10 дугаар сард хүчингүй болсон гэдгийг мэдсэн. Манайд мэдэгдээгүйн улмаас манай газрыг гуравдагч этгээдэд олгоод гуравдагч этгээд тухайн газрыг ашиглаад явж байгаа юм.
Газар ашиглах эрх цуцлах тухай тушаал нь н.О******* сайдын тушаал байна. Сайд ийм тушаал гаргах эрхгүй бөгөөд уг тушаал нь хүчингүй гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж буюу зөвхөн аймаг нийслэл сум дүүргийн Засаг даргад эрх олгосон хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Сайд газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тийм учраас энэ тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
Мөн Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийн 27 дугаар зүйлд сайдад газар ашиглах эрхийг цуцлах эрх олгосон зүйл байхгүй. Ерөнхийдөө Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай төрийн бодлогын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай төрийн бодлогын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэдэгт газар ашиглах эрхийг цуцлах гэсэн ойлголт байхгүй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх асуудлыг эрхэлнэ” гэж заасан бөгөөд 20.5.3-т Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлыг тусгаж өгсөн байдаг. Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд уг тушаалыг гаргах эрхгүй этгээд бөгөөд үүнийг зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй тул маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын өөрт холбогдох хэсэг болон А-266 дугаар Х******* ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн компанийн Арцатын задгайд байрлах 1 га газар ашиглах эрхийг сайд А-236 дугаар тушаалаар цуцалсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.1 дэх заалтыг үндэслэж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т Газрын тухай хуулийг баримтлах зохицуулалт байдаг бөгөөд Газрын тухай хуульд заасны дагуу газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол газар ашиглах эрхийг цуцлахаар заасан байгаа. М******* ХХК-ийн газар ашиглах эрх 2013 онд дууссан бөгөөд энэ хугацаанд газраа 2 жил ашиглаагүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учир цуцалж Хаард Сервис ХХК-д 1,4 га газрыг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчээс Сайд газрын эрхийг цуцлах эрх бүхий субъект биш гэж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийг Байгаль орчны яам захирч сайд тушаал гаргаж газар олгох асуудлыг шийдвэрлэдэг. Засаг даргад энэ талаар ямар нэгэн эрх хэмжээ байдаггүй” гэжээ.
Гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 07 дугаар сард 1.4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд уг газар дотор М******* ХХК-ийн 2008-2013 онд сайдын тушаалаар ашиглаж байсан газар хамаарч байгаа. 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр М******* ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа гэрээнд зааснаар дууссан. Хугацаа сунгуулах тухай хүсэлтээ байгаа мэтээр баримт бүрдүүлж ирээд байна. Хэрэгт авагдсан М******* ХХК-ийн хувийн хэрэгт хугацаа сунгуулах талаар гаргасан хүсэлт байхгүй бөгөөд үүгээр сүүлд гаргаж өгсөн баримт нь үгүйсгэгдэж байна. Өмнө нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М******* ХХК 2014 оны 12 дугаар сард хүсэлтээ гаргасан байдаг. Үүнээс үзвэл хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргана гэснийг зөрчсөн байна.
Мөн сайдын тушаал гарах болсон нэг үндэслэл нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэж байгаа. Нэхэмжлэгч хугацаандаа төлсөн талаар баримтыг өгсөн байдаг. Тооцоо нийлсэн актаас үзвэл 2014 оны 12 дугаар сард тооцоо нийлсэн байх бөгөөд 2008 оны гурвалсан гэрээнд нийт төлбөрийн хэмжээ улиралд 2 сая 640 мянган төгрөг төлөхөөр байна. Үүнээс тооцвол энэ бүх хугацаанд нэхэмжлэгч тал газрыг 5 жил ашиглахдаа 52 сая төгрөг төлсөн байх ёстой байдаг. Тооцоо нийлсэн акт дээр 38 сая төгрөг л төлсөн байгаагаа газрын төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарлаад байгаа.
Хэрэгт М******* ХХК 230 сая гаруй төгрөгийн зардал гаргаж худаг хийсэн гэсэн зурагт тайлбар өгсөн байгаа. Гэвч газар дээр ямар ч худаг байхгүй бөгөөд цахилгаан татсан зүйл байгаагүй. Мөн газраа хашаалсан гэж байгаа боловч хэмжилт хийж үзэхэд 2 га-аас их газрыг хашаалсан, хэзээ хашаалсан зэрэг нь тодорхойгүй. Ийм байдлаар анх олгогдсон газрын хэмжээнээсээ том газрыг зөвшөөрөлгүй ашиглах үйл ажиллагаа явуулсан.
Мөн манаачийн зардлын асуудлыг тусгаж нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг өгсөн байх боловч энэ нь Бишрэлт трейд ХХК-ийн сахиулын нийгмийн даатгалын дэвтэр байна. Хөдөлмөрийн гэрээ зэрэг баримт байхгүй буюу М******* ХХК-ийн ажилтан гэж үзэх баримт байхгүй байна. Зориулалтын дагуу аялал жуулчлалын зориулалтаар нэг ч зүйл хийгээгүй байна.
Энэ бүх байдлаас 2008 оноос хойш буюу газрыг авснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар ашиглах эрхийн хугацаа дууссан, газрын төлбөрт 52 сая төгрөг төлөхөөс 38 сая төгрөг л төлсөн буюу 5 жилийн хугацааны төлбөрөө бүрэн төлөөгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. Мөн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр газар ашиглах эрхийн хугацаа дуусаж байхад 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр газар сунгуулах хүсэлт дээр н.А******* гэж хүн гарын үсэг зурсан байх бөгөөд тухайн үед н.А******* захирал төлөөлөх эрхгүй байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед М******* ХХК-ийн захирал нь н.Ч******* байсан. Иймд Х******* ХХК-д газар ашиглах эрх олгосон А-266 дугаар тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дарахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар бүхий Газар ашиглах эрх цуцлах тухай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “М*******” ХХК-ийн Хан-уул дүүргийн Арцатын задгайд байрлах 1 га газрыг зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн “М*******” ХХК-ийн ашиглаж байсан Хан-Уул дүүргийн Арцатын залгайд байрлах 1 газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А-266 дугаар тушаалаар “Х*******” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...Шинэ Яармаг төсөлтэй холбогдуулан манай төслийн үндсэн үйл ажиллагаа эхлээгүй...тооцоо нийлсэн актаар өр төлбөргүй болохыг тодорхойлсон...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн зөвхөн Засаг дарга л газар эзэмших эрхийг цуцлах эрхтэй” гэж, хариуцагчаас “...гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж, гуравдагч этгээдээс “...газар ашиглах эрх дууссанаас хойш хүсэлтээ гаргасан...төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй” гэж тус тус тодорхойлон маргав.
Хэрэгт авагдсан 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2/76 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан байх бөгөөд гэрээний 1.6-д нийт төлбөрийн 70 хувийг Хан-Уул дүүрэгт, 30 хувийг Хамгаалалтын захиргаанд, гэрээний 1.7-д заасны дагуу улирал бүр төлөхөөр тохиролцсон байна. “М*******” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаар бүхий Газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн байх боловч Хан-Уул дүүргийн Өмч газрын харилцааны албаны дансанд 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1100000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 31453000 төгрөгийг тус тус газрын төлбөрт төлсөн байгаагаас үзвэл газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу улирал бүр хугацаандаа төлөөгүй, газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш 1 жилийн дараа төлбөр төлсөн болох нь тогтоогдож байна.
Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болно” гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол гэж тус тус заажээ.
“М*******” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 14/61 тоот албан бичгээр Богдхан уулын хамгаалалтын захиргаанд, 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаар албан бичгээр Богдхан уулын Дархан заацат газрын захиргаанд, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн албан бичгүүдээр газар ашиглах эрхийн гэрээний хугацааг сунгуулах талаар хүсэлтээ гаргаж байсан байх боловч энэ нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүсэлтээ гаргасан, улмаар тус шүүхийн албан бичгээр “М*******” ХХК нь газар ашиглах эрхийн гэрээний хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргаж байсан эсэх талаарх баримтыг шаардсаны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 453 дугаар албан бичгээр “...М******* ХХК нь хугацаа сунгах тухай хүсэлт өгч байсан мэдээлэл байхгүй” гэснээс үзвэл гэрээний хугацаа дуусахаас өмнө сунгуулах талаарх хүсэлтээ гаргасан болох нь хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль,Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, бусад хууль тогтоомжийн актаас бүрдэх бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь Газрын тухай хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байх тул нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах эрхгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт гүний худаг гаргасан талаарх фото зургийг нотлох баримтаар өгсөн боловч шүүхээс үзлэг хийх явцад тус газарт гүний худаг байхгүй нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд “М*******” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй, газраа 2 жил ашиглаагүй байх тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-236 дугаар тушаалаар “М*******” ХХк-ийн газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлтэй бөгөөд “Х*******” ХХК-д “М*******” ХХК-ийн ашиглаж байсан газрыг олгосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр “М*******” ХХК-аас гаргасан “Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-266 дугаар тушаалын “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН