Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0623/З |
Дугаар | 221/МА2017/0789 |
Огноо | 2017-11-08 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2017/0789
2017 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2017/0789 | Улаанбаатар хот |
“М ц х” ХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Гангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, Ж.А, З.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М ц х” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ц х” ХК-ийн “Татварын ерөнхий газрын Төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Д, Х.Н нарын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210020504 дугаар актаар тогтоосон 991,382,866.70 төгрөгийн төлбөрөөс, актын 4.1, 4.2-т заасан 805,274,274.27 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах, Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж алданги, торгууль, хүүний төлбөрөөс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ …Улсын татварын орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.Д, Х.Н нар нь “М ц х” ХК-ийн 2010-2014 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210020504 тоот актаар 658 990 083.20 төгрөгийн нөхөн татвар, 254 797 898.1 төгрөгийн торгууль, 76 276 000.3 мянган төгрөгийн алданги, 1 318 885.1 төгрөгийн хүү, нийт 991 382 866.70 төгрөгийн төлбөр ногдуулсан. Энэхүү татварын улсын байцаагчийн актаар тавьсан 991 382 866.70 төгрөгийн төлбөрөөс 186 108 592.29 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 805 274 274.27 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 183 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Япон улсын КОО1. Америкийн нэгдсэн улсын АТ&Т компаниудад төлөх ёстой 2010-2014 оны 490 523 927.56 төгрөгийн төлбөрт суутгал хийгээгүй зөрчлийн хувьд:
•Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч Монгол улсад олсон дараах орлогод 20 хувиар; 17.2.9г Монгол улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахаар зохицуулалттай байсан. 2011 оны 11 дүгээр сарын 25-нд дээрх заалтад өөрчлөлт орж Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар татвар ногдохоор болсон. Энэхүү хуулийн өөрчлөлтийг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэх байтал анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр болоогүй хуулийг баримталж, шийдвэр гаргасан байна.
• Олон улсын яриаг дамжуулж буй хиймэл дагуулын байрлах орон зай Монгол улсын нутаг дэвсгэрт хамаарахгүй боловч дээрх хоёр компани нь “М ц х” ХК-ийн ажил, үйлчилгээгээр олж байгаа учир Монгол улсаас эх үүсвэртэй гэж үзэхээр байна гэж дүгнэсэн мөртлөө нутаг дэвсгэрийн болон эс үүсвэрийн зарчмыг баримталж буй хуулийн өөрчлөлтөд ялгаагүй нэг ойлголт мэтээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
• Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсээс авсан олон улсын яриа (роуминг) үйлчилгээ нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн ажил гүйлгээ мөн эсэхийг тодорхойлсон нотлох баримтыг шинжилж үзээгүй байна.
Хоёр.Оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) суутган авч төсөвт төлөөгүй зөрчлийн хувьд:
• НӨАТ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 хуулийн үйлчлэх хүрээ. Иргэн хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд НӨАТ ногдуулахад энэ хууль оршино. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын хууль нь нутаг дэвсгэрийн зарчимд тулгуурлан буюу зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногддог. Анхан шатны шүүхээс олон улсын яриа нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдээгүй ч Монгол улсаас эх үүсвэртэй орлого гэж дүгнэсэн хэрнээ ААНОАТ-ын хуультай адилтгаж, нутаг дэвсгэрийн зарчимтай НӨАТ-ын хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж хэрэглэсэн байна.
• Олон улсын яриаг хийхдээ “М ц х” ХК нь харилцагчийн ярианы дохиог сансрын хиймэл дагуу луу илгээх бөгөөд Японы КХЮ1 нь сансрын хиймэл дагуулаас тухайн дохиог хүлээн авч холболт хийснээр бид гадаад яриа хийх эрхтэй болдог. Энд “М ц х” ХК харилцагчаас НӨАТ ногдуулсан үйлчилгээний хөлс авч төсөвт төлдөг. Харин ЮЛ51, “М ц х” ХК нь хиймэл дагуулын төлбөрийг 50/50 хувиар хариуцаж төлдөг. КОО1 зөвхөн сансар огторгуйд байрлах хиймэл дагуулаас авсан дохиог авсныг мөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн ажил гүйлгээ гэж үзэж буй нь нотлох баримтын дутуу шинжилсэн, гаргасан дүгнэлт, шийдвэр нь хоорондоо зөрчилтэйг харуулж байна.
• НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Монгол улсад байрладаггүй гадаадын хуулийн этгээд, түүнчлэн оршин суугч бус хувь хүний Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүн 10.0 сая төгрөг ба түүнээс дээш байвал мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт нэгэн адил хамаарна. Гадагш шилжүүлэх тооцоонд 10.0 сая төгрөг хүрэхгүй ажил, үйлчилгээний дүн нилээд хувийг эзэлж байгаа боловч эдгээр нотлох баримтуудыг авч үзээгүй байна.
Гурав. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3,10 дугаар зүйлийн 10.2-т заасан шаардлага: Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна. гэсэн үндэслэлээр Татварын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 210020504 тоот актаар 658 990 083.20 төгрөгийн нөхөн татвар, 254 797 898.1 төгрөгийн торгууль, 76 276 000.3 мянган төгрөгийн алданги, 1 318 885.1 төгрөгийн хүү, нийт 991 382 866.70 төгрөгийн төлбөрөөс 332 392 783.50 төгрөгийн алданги торгуулийг өршөөлд хамруулах нэхэмжлэлийн хувьд:
• Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хүү, торгууль, алданги зэргийг захиргааны хариуцлага гэж үзэж өршөөлд хамруулах боломжгүй хэмээн үзсэн нь Үндсэн хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн зарчимтай зөрчилдсөн шийдвэр гаргасан байна. Татварын ерөнхий газар. захиргааны хэргийн шүүхээс энэхүү өршөөлийн хуулийн 4.3.10-д заасан шаардлагыг хангасан бүх татварын улсын байцаагчийн актаар тавигдсан хүү, торгууль, алдангийг чөлөөлсөн шийдвэрүүд байтал ганц “М ц х” ХК-ний хувьд өршөөлд хамруулаагүй байна.
Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 183 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, 106 дугаар зүйлийн 106.5-д “хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн, мөн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн зарим тайлбарт дүгнэлт хийгээгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалаа.
Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нар “М ц х” ХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 210020504 тоот акт гаргажээ.
Нэхэмжлэгч нь уг актын зарим хэсгийг эс зөвшөөрч, актаар тогтоосон төлбөрөөс багасгуулахаар маргасан байх бөгөөд маргаан бүхий акт бүхэлдээ хэрэгт авагдаагүйгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 2010, 2011 оны орлогод 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2.9 дэх заалтыг буюу тухайн үед “Монгол улсаас эх үүсвэртэй орлогод” гэж байгаагүй байхад уг хуулийг хэрэглэж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг зөвшөөрөхгүй ...” гэж давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд тус шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалын 1 дүгээр хавсралтаар “Үндэсний Татварын Албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 2.3.6.е-д “Хяналт шалгалтын дүнтэй холбогдсон судалгаа, тооцоонуудын үнэн зөв, эсэхийг утга агуулга, тооцооллын хувьд нягтлан тохируулж, зохих маягт, үзүүлэлтээр гарган, Татварын улсын байцаагчийн акт, ... хяналт шалгалтын материалд хавсаргана”, “... хавсралт нь актын салшгүй хэсэг болно” гэж тус тус заасны дагуу гаргасан зөрчил тус бүрт ногдуулсан нөхөн татвар, алдангийн тооцоолол хийсэн хавсралтууд гарсан нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх боловч хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт Татварын ерөнхий газрын 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8/1862 дугаар албан бичгээр “... роуминг үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдээгүй байх тул нэмэгдсэн өртгийн болон ... аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулахааргүй байна” гэсэн хариуг “М т т” ХХК-д өгч байсан бөгөөд үүнтэй холбоотой Татварын ерөнхий газраас тодруулж, татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, хариуцлага ногдуулах үндэслэл байсан эсэх, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуульд “татварын эх үүсвэрийн зарчим үйлчилж байгаагүй, нутаг дэвсгэрийн зарчимтай байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй эсэх зэрэгт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
Мөн “... өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу татварын улсын байцаагчийн актаар тогтоосон хариуцлагаас чөлөөлүүлэх ...” нэхэмжлэлийн үндэслэлд хариуцагч татварын улсын байцаагч нар нь өршөөлийн хуулийг хэрэглэхгүй гэж маргаагүй, харин 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тайлбартаа “... өршөөлийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө актаар тогтоосон 83 607 479.3 төгрөгийн хүү, алданги, торгуулийг нэгэнт төлчихсөн учраас өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулах боломжгүй ...” гэсэн тайлбар гаргасан байхад энэ хүрээнд дүгнэлт хийлгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудал буюу торгууль, алдангийг “нэмэлт үүрэг” гэх мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд дээр дурдсан маргаан бүхий актын хавсралтууд болон хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй асуудалд холбогдуулан үнэлэн хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ