Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2015 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/01001

 

“Жавхлант хонгор” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8847 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1158 дугаар магадлалтай,

“Жавхлант хонгор” ХХК-ний нэхэмжлэлтэй

Ж.Пүрэвдоржид холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42 759 000 гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

18 841 654 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Хүрэлтогоо, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 4 дүгээр сарын эхээр “Баярын мэдээ” христийн сүмийн менежер Үүрцайхын санал болгосноор Ж.Пүрэвдоржтой уулзаж түүний эзэмшлийн хашаан дахь хуучин байшинг зүрхэвчин бетон бүхий байшин болгон өргөтгөж өгөхөөр хятад инженерээр төсөв бодуулан тохирч, хуучин барилгын зураг нь буруу байсан тул ажлын явцад хийх ажлын дагуу зургийг болон геодезийн шинжилгээг зохих компаниар хийлгүүлэхээр тохиролцон гэрээ байгуулж ажлаа эхэлсэн. Хуучин барилгыг нурааж, үлдэх байшингийн дээвэр, тааз, бүс бетоныг нураан, модыг зөөж хурааж, талбайн хогийг цэвэрлэн ачуулж, газар шорооны ажил, хөлдүү газрыг гал түлэн гараар ухаж, хайрга шороо дүүргэн, бетон цутгах зэргээр ажилласан.

Манай компани геологийн компаниар хөрсний шинжилгээ хийлгэж, зургийн компанид зургийг захиалан урьдчилгаа мөнгийг төлсөн. Ажлын явцад зургийн компанийг 4 удаа ирүүлж, хэмжээ авч, ажлын байдалтай танилцан зургийн дагуу ажлын заавар зөвлөгөө авч байсан. 200-300 хүн цугларах байр гэсэн тул зургийн компани, зургийг өөрчлөхгүй бол болохгүй гээд бетонон карказ бүхий зургийг үнэ хөлс нэмэхгүйгээр хийж өгөхөөр болсон. Ингээд манайд энэ барилгын шинэ зураг хийлгэж, уг зургийн дагуу ажлаа гүйцэтгэх, зургийг гарсан хойно нь дахин төсөв бодох, одоо өгсөн мөнгөөр материалаа авч зургийн компанийн зааврын дагуу ажлаа үргэлжлүүлэхийг даалгасан тул шинэ зураг, заавар, хяналтын дор хийж, суурийн нүх ухаж, бетон цутгалт, бүс бетоныг цутгаад, багана дам нурууны карказын хэв хашмалыг бэлтгэх явцад сүмийн хөрөнгө оруулагчид барилгын ажилтай танилцан, төсөв шийдэх гадаадын олон хүн ирж үзээд явсан. 1 давхрын карказ, дээврийн цутгалтыг хийж дууссан. Энэ үед зураг гарч ирсэн тул төсөвчин Б.Норовсүрэнгээр зургийн дагуу хийсэн ажлаараа нэг төсөв барилгыг бүхэлд нь дуусгахад орох төсөв хийлгэж, албан бичгийн хамт пастер Ж.Пүрэвдоржид өгсөн. Хэд хоногийн дараа барилгыг дуусгахад төсвийг дахин тохирч, өөрчлөх талаар ярилцахад Ж.Пүрэвдорж “би зуны цугларалтаар гадаад явна, эндээс санхүүжилт шийдэгдэнэ, барилгын ажлын талаарх асуудлаар Г.Үүрцайхтай харьцаж байхыг зөвлөж, санхүүжилтэд санаа зоволтгүй, шийдэж өгнө” гэсэн. Бид дээврийн цутгалт бэхжихийг хүлээж хэв хашмал авах, барилгын талбайг цэвэрлэн материал татах зай гарган, прусс шургааг машинаар зөөж тээвэрлэсэн. Г.Үүрцайх түүний нөхөр болон нягтлан Отгоо нар ирээд пастер “ажлаа явуулж бай, хугацаа алдмааргүй байна, гадаадаас бүх төсөв мөнгө шийдвэрлэгдэнэ, санаа зоволтгүй гэхээр нь итгэж, өөрөөсөө мөнгө гаргаж, материал авахаар болсон.

Ингээд тоосго, блок, хөөсөнцөр, элс гэх мэт материал авч өрлөг эхлэх болоход Г.Үүрцайх, Отгоо, хяналтын ижненер Ж.Жүгдэрмаа нар ирээд хятад ажилчдаар хийлгэе, инженерийн таньдаг хүн байгаа гээд утсаар дуудаж ажлаа үзүүлж, 1 500 000 төгрөгийг өгсөн. Хятад захирал С.Чимид-Осор ирж, ажлын хөлсөө тохирч гэрээг Г.Үүрцайхтай хийх гэхэд тэрээр “манай гүйцэтгэгч компанитай хий” гэхэд нь би танайх өөрсдөө олж санал тавьж, үнээ тохирсон юм чинь өөрсдөө хий, би энэ ажлын мөнгийг аваагүй” гэхэд, барилгын гэрээг танайх хийсэн учраас та хийчих гэхээр нь гэрээг байгуулсан төдийгүй “мөнгө зээлдүүлэх хүн байна уу” гэж гуйхад нь дүү Ц.Хүрэлчулуунаас 5 000 000 төгрөг гарын үсэг зуруулж авсан. Манай дүү хүүний урьдчилгаанд 100 000 төгрөг авсан. Мөн материал авах мөнгөгүй боллоо, дүүгээсээ гуйгаад өгөөч гэхэд нь Г.Үүрцайхтай хамт гэрт нь очиж 3 000 000 төгрөг авсан. Би монгол ажилчдаар барилгын дотор өрөөний хананы суурийг ухаж бетон цутгаж бэлтгэх, шатны хэв хашмал бэлтгэх, зөөх, арматур зангидах, шатыг цутгах, тээвэрлэх бусад ажлуудыг хийж байсан. Монгол ажилчдын цалин өгөх болж ломбардаас зээл авсан, барилгын материалын газруудаас цемент, элс, өрлөгийн сетк гэх мэт бараа зээлж гадна, дотор өрлөг, шаврын ажлыг дуусгаж, 2 хоног цонх суулгасан. Шал цутгах, хаалга суулгах, дотор заслын ажил үлдсэн. 7 дугаар сарын 20-нд Ж.Пүрэвдорж ирж ажлыг үзээд маргааш нь Отгоо 2000 ам доллар буюу 2 700 000 төгрөг авчирч, өөрийн нэрээр авсан зээлийг төлж, үлдэгдлийг барьцаанд тавьсан гинжтэй өгөхдөө тэрээр захирал өөр хүнээр төсөв бодуулаад өгнө гэж хэлсэн. Үүний дараа дахин өөр хүнээр НӨАТ ороогүй төсөв хийлгээд ир гэсэн тул төсөвчин Р.Амгалангаар 1, 2 давхрыг дуусгахад орох мөнгөөр 2 янзын төсөв хийлгээд өгсөн.

Гэтэл захиалагч нь төсөвчин П.Ундрахаар төсөв хийлгэснийг би үзээд маш бага үнээр тооцсон байгааг хэлэхэд Г.Үүрцайх зөвшөөрч, “чиний өмнөөс зарим мэдэх зардлыг бичиж байна” гэж хэлсэн. Өрлөг шаврын ажил гүйцэтгэсэн С.Чимид-Осор мөнгө нэхээд байхаар нь түүнийг Ж.Пүрэвдоржтой уулзуулсан ч “та нар шүүхээр яв” гээд хөөж гаргасан. Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил 105 665 000 төгрөг, үүнээс авсан 72 601 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 33 064 000 төгрөг, хэв хашмал материалын зардал 2 560 000 төгрөг, төсөвчин Б.Норовсүрэнд 250 000 төгрөг, төсөвчин Р.Амгаланд 260 000 төгрөг, барилгын талбайд үлдсэн материал тоосго /6000 х 150/ 900 000 төгрөг, хөөсөнцөр 14 боодол- 406 000 төгрөг, 2 камаз элс 560 000 төгрөг, геологийн компанид 300 000 төгрөг, барилгын зургийн компанид 1 800 000 төгрөг, машинаа барьцаалж өр төлсөн хүүнд 2 029 000 төгрөг, дүү Ц.Хүрэлчулуунд хүүний 630 000 төгрөг нийт 42 759 000 төгрөгийг Ж.Пүрэвдоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “Жавхлант хонгор” ХХК-ийн захирал С.Өөдлөхтэй барилгын өргөтгөлийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр өөрийн өмчлөлийн газарт байдаг 6 х 11 м хэмжээтэй барилгын дээврийн хэсэг, 5м х 10м хэмжээтэй хуучны модон байшинг буулгаж, суурин дээр нь 17м х 21 м хэмжээтэй 2 давхар барилга болгон өргөтгөж барихаар тохиролцсон. Ажил эхэлж гэрээ байгуулахын өмнө бид олон удаа уулзаж барих болон буулгах барилга, талбайг үзэж, хөрөнгө мөнгөө тооцон ярилцаж, С.Өөдлөх нь хятад инженер Вен-тэй зөвлөж, миний барилгыг төсөвлөсөн үнэд багтааж, 2 сарын дотор гүйцэтгэх боломжтой гэсэн. Би түүнд нэмж өгөх мөнгө байхгүйг удаа дараа хэлсэн.

Ингээд 2010 оны 4 дүгээр сараас ажил эхэлж, эхний төлбөрийг хийгээд зураг төсөл гараад ирэхэд нь би “олон хүн цуглах газар шүү” гэж сануулсан. Тэр үед Хятад инженер ажлаа хаяад явсан. Зургийн компани манай барилгыг олон хүн цугларах заалтай учраас илүү бат бөх барих шаардлага тавьснаас материалын зардал, төсөв илүү их орох шаардлага тавигдсан. Гэвч бид барилгаа барих явцдаа үнэ хөлс өөрчлөгдөх талаар ярилцаж, тухайн үед нь тохирохоор болж, ажлыг үргэлжлүүлсэн. Энэ нь барилгыг гэрээний дагуу 2 биш, харин нэг давхар болж дуусахад нөлөөлсөн, амлаж байсан хятад ажилчид, монгол ажилчдаар солигдож, суурь болон баганы арматур чанарын шаардлага хангахгүй дутагдал илэрсэн. Арматурыг шалгуулж, чанаргүй гэдэг нь тогтоогдож нэмэлт хүчдэл хийх, бетон цутгах ажил хийгдсээр, хугацаа алдаж, нэмэлт материал их зарцуулсан. Энэ нь “Жавхлант хонгор” ХХК-ийн ажлын доголдлоос болсон.

Ийнхүү барилгын нэг давхрын хана, тааз, дээвэр, шат, цонх хийгдэж, ажил бүрмөсөн зогссон. Надад “мөнгө дууссан, цааш үргэлжлүүлэн ажиллах гэрээ байгуулах” гэсэн утгатай албан бичиг өгсөн. Би мөнгө байхгүй учраас хүлээн аваагүй. “Жавхлант хонгор” ХХК нь барилгыг бидэнд хүлээлгэн өгөлгүй алга болсон. 2010 оны 8 дугаар сараас барилга зогсож, өнөөг хүртэл би барилгаа ашиглаж чадалгүй, цуглаанаа өөр газар байр түрээслэн явуулж, маш их зардал чирэгдэл болсон. Бид барилгын зургаа бүрэн гаргаагүй ажлаа эхлүүлсэн, зураг гарахад анх төлөвлөснөөс илүү шаардлага тавигдахад гэрээнд нэмэлт оруулалгүй амаар тохиролцож, барилгаа дуусгана гэж итгэж явсан. Хоёр давхар барьж өгөхөөр гэрээ байгуулаад, нэг давхраа хагас дутуу барьчхаад тооцоолж байсан хоёр давхрын мөнгө бүгд дууссан гэснийг ойлгохгүй байна. Манайх барилгын ажил зогсож, өгсөн мөнгө дууслаа гэхэд нь хөндлөнгийн үнэлгээний компаниар барилгын материал ба ажлын гүйцэтгэлийн үнэлгээг гаргуулсан. Уг барилгыг анх гардан барьсан инженер А.Буянтогтох, хяналтын инженер Ж.Жүгдэрмаа нар барилгад орсон материал, ажлын гүйцэтгэлийн хөлс норм стандарт, зарцуулалтыг тооцож, дүгнэлт гаргуулахад 56 000 000 гаруй төгрөг зарцуулагдсан байсан. Харин хөндлөнгийн үнэлгээний компанийн дүгнэлтээр нийт 70 000 000 гаруй төгрөгийн өртөгтэй байсныг тогтоосон. С.Өөдлөх эхнэртэйгээ манай ажил дээр ирж, “бид мөнгө авах ёстой” гэж хэлэхэд нь “мөнгө байхгүй, бидэнд бүх тооцоо бий, гомдолтой бол хуулийн байгууллагаар явж үнэнийг шүүлгэе” гэсэн. Нэхэмжилж буй 42 000 000 гаруй төгрөг үндэслэлгүй. Үүнд: хэв хашмалын материалыг 2 560 000 төгрөгөөр аваагүй. Өөрсдийн хуучин ашигласан панер, шургааг авчирч буулгаад, хэв хашмал хийгээд буцаагаад ачаад явсан. Геологийн компанид шинжилгээний хөлс болон зургийн компанид ажлын хөлсийг манайх төлсөн. Харин бусад хүнээс хувиараа зээлсэн мөнгийг би мэдэхгүй, хариуцахгүй. Ц.Хүрэлтогоотой гэрээ байгуулаагүй. Түүнийг С.Өөдлөхийн эхнэр гэдгээр нь мэдэх тул түүнтэй 2-3 удаа харьцаж байснаа санаж байна гэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Гэрээний 2.1-т ажил гүйцэтгэх хугацааг тогтоосон ба 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дууссан, гүйцэтгэгч ажлаа дутуу гүйцэтгээд 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хаяж явснаа хүлээн зөвшөөрдөг тул гэрээний 4.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0.1 хувиар алданги тооцож, 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл 1395 өдрийн алданги /үлдэгдэл хөлс 20 250 ам.доллар буюу 29 070 275 төгрөгөөс бодож, 18 841 654 төгрөгийг,

2. Гэрээгээр тохирсон 75 000 ам.долларын ажлаас хийж гүйцэтгээгүй дутуу ажлууд болох: өргөтгөлийн суурь баганын доогуур бохирын шугам гаргуулах, 1-2 дугаар давхрын шалыг бетон зуурмагаар цутгаж өнгөлөн тэгшлэх, 1 дүгээр давхрын суурь бүсийг хийсэн тул эдгээр давхрын баганад суурь, дулаалгыг стандартын дагуу хийлгэх, 2 дугаар давхарт 3x5 м талбайтай 2 өрөө гаргах, түүнчлэн бүх өрөөний хана, таазыг шавардаж, замаск, эмульс хийлгэх, гадна хаалга, манаачийн хаалганд шат довжоо хийлгэх, 2 давхрын үндсэн хана, хуучин барилгатай хэсэгт 10-ын хөөс, 12-ын хана барих, 2 давхраас шууд гадагшаа гарах агаарын шат, хаалгыг стандартын дагуу хийлгэх зэрэг шаардлага гаргаж байна. Төсвөөр, одоогийн үнэлгээгээр бол гүйцэтгээгүй 100 000 000 гаруй төгрөгийн ажил байгаа гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэх явцад машин механизм техник орох боломжгүйн улмаас бэлтгэл бүх ажлыг гараар гүйцэтгэж, цаг хугацаа их алдсан. Мөн барилгын суурь хийх газруудын жорлонгийн нүхийг цэвэрлэж бетон зуурмагаар дүүргэсэн. Өөрийнх нь анх авсан зураг буруу байсан тул зургийн дагуу хийхээр хүмүүсийг нь байнга авчирч зөвлөгөө авч хүлээгдэж байсан. Эдгээр ажиллагааг хянаж байсан Г.Үүрцайх болон сүмийн багш гэх залуу тэмдэглэл хөтлөн Ж.Пүрэвдоржид дамжуулж байсан. Карказны ажил дууссаны дараа хийсэн ажил болон дуусгахад орох төсөв мөнгийг зургийн дагуу тооцон албан бичгийн хамт явуулж танилцуулсан. Сүмийн гадаадын хөрөнгө оруулагч нарт үзүүлээд зураг төсвийг батлуулахаар явсны дараа эхний 2 000 ам.доллар, дараа нь 20 000 ам.долларыг авсан. Үүгээр барилгын материал худалдан авч ажлыг гүйцэтгэсэн. Мөнгө нь хүрэлцэхгүй байсны улмаас өөрийн дүү болон бусдаас материал, мөнгө зээлж, барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөнгөө өгөөд хийлгэвэл одоо ч барилгыг дуусгаж чадна. Манайх барилгад хийсэн ажил, оруулсан материалын зардлаа нэхээд удаж байна. Хийсэн ажлыг тодорхойлох бүх зураг, тооцоо зөрөхгүй байхад ийнхүү сөрөг нэхэмжлэл гаргаж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8847 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 232 дугаар зүйлийн 232.6., 343 дугаар зүйлийн 343.1., 350 дугаар зүйлийн 350.1.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1., 352 дугаар зүйлийн 352.1.-д зааснаар хариуцагч Чингис овогт Жамсрангийн Пүрэвдоржоос 22 566 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Жавхлант хонгор” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “Жавхлант хонгор” ХХК-иас 10 470 297 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.Пүрэвдоржид олгож, сөрөг нэхэмжлэлээс 8 371 357 төгрөгийн болон дутуу ажлыг гүйцэтгүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-т зааснаар нэхэмжлэгч “Жавхлант хонгор” ХХК нь нэхэмжлэлийн 20 193 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., 73 дугаар зүйлийн 73.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 371 745 төгрөгийг болон хариуцагчийн 252 158 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 270 780 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жавхлант хонгор” ХХК-д, нэхэмжлэгчээс 182 475 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Пүрэвдоржид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1158 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8847 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.5.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Пүрэвдоржоос 22 566 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Жавхлант хонгор” ХХК-д олгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар нэхэмжлэгч “Жавхлант хонгор” ХХК-иас 18 841 654 төгрөгийн алданги гаргуулах, дутуу ажлыг гүйцэтгүүлэх тухай хариуцагч Ж.Пүрэвдоржийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 371 745 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 271 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт болон магадлалын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон өөрчилсөн хэсэгт хэргийн нөхцөл байдлыг үндэслэл бүхий бүрэн дүгнээгүй учир дутагдалтай гэж үзэж гомдол гаргаж байна.

1. Зохигчид 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дугаар 99 Барилгын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа ажлын хөлс  болон цар хүрээг тохиролцсон. Талууд  улсын стандартын дагуу үнэ хөлсөө тохироогүй юм. Байгаа мөнгөнд чинь тохируулан энэ ажлуудыг хийж өгнө, бид ашиг харахгүй, ажилгүй зогсож байгаа тул ажилчиддаа цалин өгөх хэмжээнд байхад болно гэж итгэл үнэмшил төрүүлэн  нэхэмжлэгч гэрээг байгуулсан. Нөгөө талаар НӨАТ шингэсэн үнээр барилгын ажлын үнийг тохироогүй. Барилгад ашигласан материалын үнэд НӨАТ шингэсэн тухай баримт байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх НӨАТ-тай үнээс тооцон шийдвэр гаргаж буй нь таамаглалын шинжтэй  бөгөөд  нотлох баримтад үндэслээгүй байна. Захиалагчийн байшинд огт шингээгүй, улсад татвар   хэлбэрээр хэзээ ч төлөгдөхгүй мөнгийг хариуцагчаас гаргуулах гэж буй нь шударга бус байна.

2. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтэнд дурдсан НӨАТ-гүй дүнгээр буюу 85 000 000 сая төгрөгөөр тооцон зөрүүг нэхэмжилж байна гэсэн. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт тусгагдсан байна. Нэхэмжлэгч эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн  шаардлага тодорхойлсон байхад анхан шатны шүүх НӨАТ шингэсэн дүн болон 94,019,802 төгрөгөөс тооцон зөрүү дүн гаргаж буй нь хууль бус байна. Хөрөнгийн үнэлгээний төвийн гүйцэтгэлийн үнэлгээ нь хоёр талыг байлцуулан хийсэн, аль аль тал нь үнэлгээнд гомдолгүй, 2010 оны буюу гэрээ хэрэгжих үеийн барилгын үнээр гүйцэтгэлийг тооцсон, шаардлага хангаагүй арматурыг хүчитгэсэн нэмэлт арматурыг үнэлгээнд оруулаагүй зэргээрээ хамгийн бодит үнэлгээ юм. Гэхдээ талууд улсын  стандарт үнэлгээний  дагуу бус захиалагчийн боломжинд тааруулан төлбөрөө харилцан тохиролцох хэлбэрээр гэрээ байгуулсан.

3. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 9 695 000 төгрөгийн хохирол зардал нь талуудын 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр дугаар 99 Барилгын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээний хавсралтанд заагдсан ажлуудыг гүйцэтгэхэд гарсан зардал юм. Үүнийг гүйцэтгэсэн ажлаас тусад нь тооцон хохирол зардал гэж үзэж болохгүй юм. Энд дурдагдсан төсөвчний хөлсийг ч захиалагч төлөх учиргүй. Учир нь гэрээний хавсралтанд онцгойлон гүйцэтгэхээр тохиролцсон ажлуудад хамгийн эхэнд энэ ажил багатсан бөгөөд тус хавсралтанд заасан бүх ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээний 3 дугаар зүйлд заасан төлбөрийг төлөхөөр тохиролцсон юм. Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтээр нийт гүйцэтгэлийн үнэ өртөгийг гаргаад байхад үүнээс тусад нь тооцон 9 695 000 төгрөгийн хохирол зардлын нэхэмжлэлийг хангаж буй нь үндэслэлгүй юм. Мөн хохиролд тооцоод байгаа зээл, түүний өр төлбөрийг яг энэ ажилд зарцуулсан гэж үзэх боломжгүй, үүнийг нотлох баримт байхгүй байгаа нь шалтгаант холбоо байхгүйг харуулж байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад эдгээр зээлүүдийг 2010 оны 11 дүгээр сарын 12-ноос эхлээд дараа нь 2011 оны 3 дугаар сараас 11 дүгээр сарын 19-ний хооронд нийтдээ 6 удаа зээл авсан гэх баримт байдаг. Зохигчдын шүүхэд өгсөн мэдүүлгээр гүйцэтгэгчийн барилгын талбайд ажилласан сүүлийн өдөр нь 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр юм. Үүнээс 3 сар болон жилийн дараа авсан зээлүүд захиалагчийн байшинд орсон байх боломжгүй юм.

4. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон хариуцагчийг улам хохироож буй нь хууль бус байна. Нэхэмжлэгч 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ажлыг орхин явснаас хойш даруй 1 жил 6 сарын дараа нэхэмжлэл гаргасныг анхаарч үзэх хэрэгтэй. Үүнийг хариуцагч 2014 онд гардан аваад адилхан гэрээнийх нь үүргийг шаардсан нь зүй ёсны юм. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1.-д ажил гүйцэтгэгч нь гэрээний нөхцөлийг зөрчсөн ...гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гомдлын шаардлага гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргана гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч нь ажлаа хүлээлгэн өгөх тал дээр ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч уг гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаантай, хэн аль нь гомдолтой байсан нь гэрээний дагуу шаардлага гаргах эрх байсан, гэрээний үйлчлэл дуусаагүй гэдгийг харуулна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д үлдэгдэл төлбөрийг ажил бүрэн дууссаны дараа 2011 оны 6 дугаар сард төлнө гэж заасан байна. Тэгэхээр гомдлын шаардлага гаргах эрх нь 2011 оны 6 дугаар сараас эхлэх бөгөөд барилга байшинтай холбоотой шаардлага гаргах эрх нь 3 жил байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3.-т энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах магадлал нь хууль бус байна.

Дээрх үндэслэлүүдийн улмаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 22 566 000 төгрөгийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах, анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийг хангасан 10 470 297 төгрөгийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн эрх зүйн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

“Жавхлант хонгор” ХХК нь хариуцагч Ж.Пүрэвдоржид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 33 064 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 9 695 000 төгрөг нийт 42 759 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх хуралдаан дээр 20 193 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан барилгын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээнд үндэслэжээ.

Хариуцагч Ж.Пүрэвдорж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, алданги 18 841 654 төгрөг гаргуулах, дутуу ажлыг гүйцэтгүүлэх 2 шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээнд зааснаар “Жавхлант хонгор” ХХК нь хариуцагч Ж.Пүрэвдоржийн захиалгын дагуу барилгын стандарт, норм нормативт нийцсэн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж, 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсөнд 75 000 ам.доллар төлөхөөр тохиролцсон боловч  барилгыг илүү бат бөх барих шаардлага үүссэний улмаас ажлын хөлс өөрчлөгдөж, энэ талаар талууд барилга барих явцдаа ярилцахаар тохирсон, гэрээний дагуу захиалагч 72 601 000 төгрөг шилжүүлсэн, 2010 оны 8 дугаар сард гэрээг цуцалсан үйл баримтыг зохигчид маргаагүй, харин гэрээг цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хөлсийг маргажээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авмагц тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл захиалагч гэрээгээр тохирсон хугацаанд санхүүжилт хийгээгүй, үе шаттай ажлын үр дүнг хүлээж аваагүйгээс 2010 оны 8 дугаар сард гэрээ цуцлагдсан тул ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлс, хохирол 22 566 000 төгрөгийг шаардах эрхтэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт, сөрөг нэхэмжлэлийн хувьд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй тул алданги 18 841 654 төгрөг гаргуулах шаардлагыг болон гэрээ цуцлагдсан учир дутуу ажлыг гүйцэтгүүлэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт тус тус Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., 232 дугаар зүйлийн 232.6., 343 дугаар зүйлийн 343.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д нийцсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг 94 019 802 төгрөг гэж тогтоосныг зохигчид үндсэндээ хүлээн зөвшөөрчээ. Хариуцагч Ж.Пүрэвдорж нь дээрх ажлын хэмжээг зөв гэж үзсэн боловч энэ хөлснөөс нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш  тул нэмэгдсэн өртгийн албан татвар, мөн нийгмийн даатгал, хүн амын орлогын татвар хасагдах ёстой, хохирол 9 695 000 төгрөгийн зардал дээрх шинжээчийн дүгнэлтэнд орсон байхад дахин гаргуулсан гэж маргажээ.

Зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ажлын хөлсөнд тооцогдсон эсэх талаар тохиролцоо байхгүйгээс гадна нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар нь ажлын хөлстэй холбоотой, зайлшгүй зардал  тул эдгээр зардлыг хасах үндэслэлгүй байна.

“Жавхлант хонгор” ХХК-ийн нэхэмжлэлээс материал болон төсөвчний зардал,  геологийн болон зургийн компанид төлсөн хөлс, санхүүжилт өгөөгүйгээс зээл авч хүү төлсөн гэх нийт 9 695 000 төгрөгийн хохирол нь захиалагчаас санхүүжилт хийх, ажлыг хүлээн авах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан агуулгатай, гэрээг цуцлахаас өмнө учирсан хохирол байх тул шүүх Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1.-д заасан зохицуулалтаар шаардах эрхийг тодорхойлсон нь зөв. Дээрх хохирол нь ажлын хөлстэй хамааралгүй тул Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтэнд давхар бодогдох үндэслэлгүй байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг багасган, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2., 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1158 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гаргахдаа урьдчилан төлсөн 324 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                   ТАНХИМЫН  ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

             ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА