Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1365

 

 

 

 

 

 

 

 

 

 

“БМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01103 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “БМ” ХХК-ийн хариуцагч “А” ХХК, Э.А- нарт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25 838 890 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 26 ны өдөр 1 мерт өрөмдлөгийг 4300 төгрөгөөр тооцон өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр манай компанид захиалга өгсөн. Уг ажлын захиалгын дагуу манай компани Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд байрлах “Таван толгой” ХК-ийн талбайд 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 4 290 метр, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны хооронд 1 223 метр, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 3 блок газар, нийт 6 393 метр өрөмдлөгийн ажил хийж захиалагч талд хүлээлгэн өгсөн. Нийт ажлын хөлс НӨАТ-гүйгээр 27 489 900 төгрөг болсноос 4 000 000 төгрөгийг “А” ХХК төлсөн боловч үлдэгдэл төлбөр болох 23 489 900 төгрөгийг одоог хүртэл манай талд шилжүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс анх гэрээ байгуулахдаа үнийн дүнг НӨАТ ороогүй дүнгээр тохиролцсон боловч одоо НӨАТ орсон дүнгээр буюу 25 838 890 төгрөгийг нэхэмжилж байна. “А” ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлсөө одоог болтол бүрэн төлөхгүй, үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа учраас тус компанийн захирал Э.А-гээс ажлын хөлсөө гаргуулан авах эрхтэй гэж үзэж байна. Иймд ажлын гүйцэтгэлийн хөлс болох 25 838 890 төгрөгийг “А” ХХК-ийн захирал Э.А- нараас тэнцүү гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т” ХК-ийн талбайд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны хооронд 1223 метр, мөн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний хооронд 3 блок газар ажил гүйцэтгэсэн гэж байна. Хэргийн материалаас харахад 7, 9 дүгээр талд захиалагч тал “Энгүүмэл Аргун” гэсэн байна. “Энгүүмэл Аргун” ХХК нь манай “А” ХХК-тай ямар ч хамаарал байхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд нотлох баримтын талаар тодорхой зааж өгсөн. Тиймээс хавтас хэргийн 7 дугаар талд байгаа баримт нь эх хувь биш, зураг дарсан учир энэ нь үнэлэх боломжгүй. Тиймээс 7, 9 дүгээр талд байгаа баримтыг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй. 8 дугаар талд байгаа актын хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Ажил хийлгэсэн нь үнэн. Тооцоо нийлсэн актын тухайд захирал нь эхнэртэйгээ ярилцаагүйгээр гарын үсэг зурсан. Бодит байдал дээр тооцоо нийлсэн зүйл огт байдаггүй, ярьж байгаад гарын үсэг зурсан байдаг. Тиймээс ярилцаад зурсан гэсэн нь үнийн дүнгээс хасагдах ёстой гэж харж байна. Тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэсэн учир компанид холбогдох хэсгийг бид хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч В.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.А-д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд гүйцэтгэх захирал гэж байгаа. Гүйцэтгэх захирал нь компанийг төлөөлж гарын үсэг зурж байгаа. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт төлөөлөгч төлөөлүүлэгчээс гаргасан бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэсэн. Тиймээс Э.А- гэх хүн компанийг төлөөлж гарын үсэг зурсан болохоос компанийг төлөөлж хариуцлагыг хүлээх үндэслэл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-аас 23 489 900 /хорин гурван сая дөрвөн зуун наян есөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “БМ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс иргэн Э.А-д холбогдох хэсэг болон 2 348 990 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “БМ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 144 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-аас 275 399 /хоёр зуун далан таван мянга гурван зуун ерөн есөн/ төгрөгийг гаргуулж “БМ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо:

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагч нараас хувь тэнцүүлж гаргуулж өгнө үү хэмээн шаардсан ба хариуцагч “А” ХХК нь өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг шүүх хуралдаан дээр хэлсэн боловч шүүхээс уг хүсэлтийг шийдвэрлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт “... иргэн Э.А- гэрээний нэг тал биш, зохигч маргаагүй” гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “А” ХХК болон иргэн Э.А- нараас хувь тэнцүүлж гаргаж өгнө үү хэмээн тодорхойлсон. Тэгэхээр зохигч талууд маргасан байхад маргаагүй хэмээн дүгнэж байгаа үндэслэлгүй байна.

Миний бие нь шүүх хуралд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан ба уг баримттай холбоотойгоор тооцооны үлдэгдлийн баталгаа хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлсэн боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж мэтгэлцэх боломжоор хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Баатрууд майнинг” ХХК нь хариуцагч “А” ХХК, Э.А- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25 838 890 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “А” ХХК нь холбогдох хэсгээ зөвшөөрч, хариуцагч Э.А- өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээгээр “БМ” ХХК нь Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд байрлах “Таван толгой” ХК-ийн талбайд 1 метр өрөмдлөгийг 4 300 төгрөгөөр гүйцэтгэх, “А” ХХК нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрийг хариуцагч “А” ХХК болон захирал Э.А- нараас хувь тэнцүүлэн тэнцүү хувааж гаргуулна гэжээ. Дээрхийг хамтран дундаа хүлээх үүрэг мэтээр шүүх тодорхойлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасныг өөрчлөн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна.

 

            Мөн хэрэгт маргааны үйл баримт болох гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлоход хамааралтай “Энгүүмэл Аргун” ХХК гэсэн 2 баримт авагдсаны 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагч “А” ХХК-ийн үүрэгт хамаарах эсэх нь эргэлзээтэй байна.

 

            Иймд хариуцагч компанийн нэр өөрөөр бичигдсэнийг тодруулах шаардлагатай.

 

            Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч гарын үсгээ зурж баталгаажуулсан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Өрөмдлөгийн ажил хүлээлцсэн акт” нь нотлох баримтын шаардлага хангасан боловч “Энгүүмэл Аргун” ХХК нь “А” ХХК-ийн өмнөөс “БМ” ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 275 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

А.ОТГОНЦЭЦЭГ