Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 125/ШШ2024/0012

 

 

 

 

 

2024      02          26                                         125/ШШ2024/0012

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн *******т холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******,  хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч *******, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд байрлалтай 1 га газрыг ойжуулах, нөхөн сэргээх зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

1.2. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дууссан тул Жаргалант сумын Засаг даргад хүсэлт гарган Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/342 дугаар захирамжаар маргаан бүхий газрын хэмжээг одоогийн бодит байгаа талбайн хэмжээ болох 4373 кв метр болгон өөрчилж, мод үржүүлгийн зориулалтаар 3 жилийн хугацаатай эзэмшжээ.

1.3. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд газар эзэмшиж буй нийт 36 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч ******* багтсан байна.

1.4. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг байрлах Ойн бүсийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн маргаан бүхий газар хамаарах Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

 

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжаар Ховд аймгийн Цамбагарав багийн нутаг, ойн бүсэд 1 га газрыг ойжуулах, жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, улмаар газар эзэмших эрхийн хугацаа дууссан тул Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/342 дугаар захирамжаар дээрх эзэмшлийн газрын хэмжээ талбайг одоогийн бодит байгаа талбайн хэмжээ болох 4373 кв метр болгон өөрчилж, 3 жилийн хугацаагаар сунгуулж мод үржүүлгийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Тус газрыг анх эзэмшихдээ одоогийн байгаа хэмжээгээр хашаалж авсан ба газар эзэмшсэн цагаасаа хашааг сунгаж хэмжээ талбайг өөрчлөөгүй.

Анх тус ойн бүс гэх газарт тэр орчмын айл өрх хог, үнсээ хаядаг, өмнө нь тарьсан байсан модын иргэд хөрөөдөн тайрч түлээ болгон хэрэглэдэг хараа хяналтгүй газар байсан. Тухайн үед аймгийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаж ойн бүсийн хараа хяналттай болгох, ойн бүсийг нөхөн сэргээх, ойжуулах, мод үржүүлэх болон жимс, жимсгэний зориулалтаар иргэдэд эзэмшүүлэхээр болж Жаргалант сумын Засаг даргад хүсэлт гаргасан иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан. Миний хувьд уг газрыг эзэмшсэн цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл мод сөөгөө тарь тарьж, худаг гаргаж, хашаалж хамгаалж ирсэн эзэмшсэн цагаас эхлэх зориулалтын дагуу ашиглан ирсэн. Энэ талаарх баримтаа хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа.

Газраа зориулалтын дагуу ашиглаж, хугацаандаа газрын төлбөрөө төлсөн хэдий ч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар миний эзэмшлийн ойн бүсийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13 дугаар хуралдаанаар 2023 оны 9 сарын 18-ны өдрийн 13/05 дугаар тогтоол гаргаж 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, миний эзэмшлийн гэх газрыг оруулан цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн, мөн уг тогтоолтой уялдуулан ИТХ-ын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/15 дугаар тогтоолоор миний эзэмшлийн гэх газрыг оруулан тус газар цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрын байршлыг тогтоосон нь миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

Өөрөөр хэлбэл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дээрх тогтоолуудаар маргаан бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэхдээ ойн бүсийн газартай холбоотой асуудлаар иргэд шүүхээр маргаж байгаа, ойн бүсэд газар эзэмшиж байсан иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон засаг даргын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа нөхцөл байдлыг үл харгалзан хүч түрэмгийлж, захиргааны байгууллагын шийдвэр гаргах давуу байдлыг ашиглаж шийдвэрлэсэн нь шүүхийг үл хүндэтгэсэн, хууль ёсоор газар эзэмшиж байсан иргэдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү.

 

2.2. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сум, 12-р баг, Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаягт байрлалтай, нэгж талбарын дугаар бүхий 1 га талбай газрыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай, мод үржүүлгийн газрын зориулалтаар эзэмших эрхтэй болж, эзэмших эрхийн хугацаа дууссан тул Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/342 дугаар захирамжаар 3 жилийн хугацаатай, мод үржүүлгийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор Жаргалант сумын газрын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2-р заалтаар шинэчлэн газрын төлбөр ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2022/00495 тоот гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

 1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 3 сарын 13-ны өдрийн А/65 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", 4.5-т “Газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан.Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2022/00495 тоот гэрээний 2.3-т Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно гэж тус тус заасан.

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага..." газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах ..."газарт" төлбөр ногдуулна" гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2022 оны 43730 төгрөгийг тухайн ондоо төлөөгүй, 2023 оны 174785 төгрөгийг маргаан бүхий захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй байна. Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүс хаяг байрлалтай, тоот нэгж талбарын дугаартай 4373 кв метр талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

2.3. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан “Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд Ховд аймгийн Цамбагарав багийн ойн бүсэд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байдаг.

Тус шийдвэрийг гаргах үед Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйл гэх мэт заалтуудаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаас “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай болон 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хэлэлцэн баталсан.

Дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн заалтуудыг хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээг багасгах, иргэдийн чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэх орчны нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх, ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэрүүд юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлээ “... 2022 онд 43,700 төгрөг, 2023 онд 174,000 төгрөгийг төлөөгүй…” гэж тайлбарладаг. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын хэмжээтэй холбоотой маргадаггүй.  Харин татварын төлөөгүй гэж маргадаг.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2021 онд Жаргалант сумын газрын төлбөрийн хэмжээг тогтоосон итгэлцүүр баталсан байдаг. Уг итгэлцүүрийн 11-д ойн бүсэд газар эзэмшиж байгаа иргэд 1 кв метр газрын төлбөрт 40 төгрөгийн татвар төлөхөөр заасан. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс 2022, 2023 оны газрын жилийн төлбөр 174400 төгрөг гэдэг дээр аль аль нь маргадаггүй. Татварын албанаас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 194,000 төгрөгийн нэхэмжлэл үүсгээд нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын эхээр газрын төлбөрийн зөрүүг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл ******* нь 2022 оны газрын төлбөрийг дутуу биш харин илүү 20,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоож байгаа. Өөрөөр хэлбэл 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 174000 төгрөгийн газрын төлбөр төлөхөөр нэхэмжлэл үүсгэсэн байдаг.

Татварын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд газрын төлбөр төлөлтийн талаар тодорхой заасан байдаг. Гэтэл хариуцагчаас 2023 оны бүтэн жилийн газрын төлбөрийн ногдуулалт үүсгэсэн хэрнээ 2023 он дуусаагүй, эхний хагас жил болж байхад бүтэн жилийн газрын төлбөр төлөөгүй гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм.

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт “газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэд хариуцагчаас 2023 оны газрын төлбөрийн нэхэмжлэлийг хэзээ үүсгэсэн нь тодорхойгүй. 

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж зааснаар газар эзэмших эрхийг сунгахдаа ямар баримт бүрдүүлсэн байх ёстойг, газрын даамал газар эзэмших эрхийг сунгахдаа ямар зүйлийг хянасан байх ёстой гэдгийг тусгайлан заасан байдаг.

Гэтэл нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлье гээд очтол Татварын хэлтсээс газрын албанаас газрын төлбөрийн ногдуулалтаа үүсгэж ирүүл гэх шаардлага тавьдаг ба  газрын алба дээр очих үед газрын төлбөрийн мэргэжилтэн М.Батсайхан нь чөлөө аваад явчихсан байсан тул мэргэжилтэн газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгүүлж газрын төлбөрөө төлж байсан талаар гэрч мэдүүлдэг.

Хэрэв ногдуулалт үүсгэсэн бол Татварын алба нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж зааснаар газрын татвараа төлөх талаар Татварын алба мэдэгдсэн юм уу, үгүй юм уу гэдгийг заавал шалгах үүрэгтэй. Гэтэл бодит байдал дээр газрын алба ногдуулалтаа үүсгээгүй, Татварын алба газрын төлбөр төлөх талаар мэдэгдээгүй.

Нэгэнт маргаан бүхий Жаргалант сумын Засаг даргын захирамж хүчингүй болсон тохиолдолд нэхэмжлэгч *******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бусад шийдвэрүүд мөн адил хүчингүй болох эрх зүйн үндэслэлтэй учраас Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын “*******т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

2.5. Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Захиргааны байгууллага нь нийтийн эрх ашгийн төлөө захирамж гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгч ******* нь анх Жаргалант сумын Засаг даргын 2007 оны захирамжаар маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших гэрээ байгуулсан байдаг. Маргаан бүхий акт болох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/283 дугаартай захирамжаар нийт 36 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба энэ нь нийтийн эрх ашгийн үүднээс, Ховд аймгийн иргэд нийтээрээ уг газрыг эзэмшиж, ашиглах ёстой гэдэг зарчмыг баримталж шийдвэрлэсэн гэж ойлгож байна.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл нь газрын нэг жилийн төлбөрт 176920 төгрөг, сардаа 14176 төгрөгийг тус тус төлөхөөр гэрээ байгуулсан байна. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 4 дүгээр улирлын газрын төлбөр 43730 төгрөг, 2023 оны газрын төлбөр 174920 төгрөг төлөөгүй баримт нь хэрэгт авагдсан бөгөөд төрийн байгууллагаас гарч байгаа эдгээр баримт нь хуулийн дагуу үнэн зөв баримт юм. 

Иймд Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.6.Хариуцагч, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.8, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасны дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэх асуудлаа нэгтгэсэн. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-д заасны дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийнхээ дагуу Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг ирүүлсэн.

Тус санал дотор Ховд аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах санал байсан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хурал хуралдаж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 35.1.17-д тус тус зааснаар, мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.3-д заасны дагуу тухайн ойн бүсийн газрыг нийтийн эзэмшилд авахаар хууль ёсны акт гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Мөн  Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 захирамжийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж дүгнэж байгаа.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүхээс Ховд аймгийн Татварын хэлтсийн татварын нэгсэн систем болон Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын төлбөрийн системд үзлэг хийж 2020, 2021 онуудын төлбөрийн нэхэмжлэл үүсгэсэн боловч нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогддог.

 Иймд маргаан бүхий актаар газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн  тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлэн хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар 25-ны өдөр шүүхэд гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Жаргалант сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байхад аймгийн Хурлын тогтоолоор маргаан бүхий газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн байх ба Хурлаас маргаан бүхий газрыг хэн нэгний эзэмшил бус гэж үзсэн учраас нэхэмжлэгчид тогтоолыг мэдэгдээгүй, гардуулаагүй байх тул  нэхэмжлэгчийг уг тогтоолтой маргаж шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй гэж үзэв.

4. Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1/565 дугаар албан бичгээр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын захиргаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн , Жаргалант сумын газрын даамал , нарт олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/952 дугаар албан бичгээр дээрх итгэмжлэлээ  хүчингүй болгож, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрхзүйг асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Ганчимэгт итгэмжлэл олгосон бол 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1/44 дүгээр албан бичгээр дахин , нарт итгэмжлэлийг олгосон ба Н.Ганчимэгт олгосон итгэмжлэлээсээ татгалзаагүй буюу хүчингүй болгоогүй байна.

Иймд шүүх хуралдаанд хариуцагч Жаргалант сумын Засаг даргыг төлөөлж хүчин төгөлдөр итгэмжлэлээр Н.Ганчимэг, , нар оролцох эрхтэй.

5. Шүүх хуралдаанд хариуцагч Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганчимэг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй, , нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохоор Улаанбаатар хот руу явсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн.

6. Харин Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганчимэгтэй 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 24/05 дугаар  өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд ирсэн бол хариуцагчийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1/552 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй.

7. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн нар болон хариуцагчийн өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.91.5.Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж заасныг  тус тус баримтлан хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэв. 

8. Нэхэмжлэгч  нь  Жаргалант сумын Засаг даргын 2007  оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар захирамжаар ойжуулах, нөхөн сэргээх зориулалтаар 1га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаад газар эзэмших хугацаа дууссанаар 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/342 дугаар захирамжаар 4373 м.кв газрыг 3 жилийн хугацаагаар мод үржүүлгийн зориулалтаар эзэмшиж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

 9. Газрын хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн тухайд нэхэмжлэгч “хашаалсан газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй, бодит байдалд 4373 м.кв байгаа ба анхнаасаа 1га газар эзэмшиж байгаагүй” гэж тайлбарласан ба талууд энэ талаар маргаагүй.

10. Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг  2022 оны газрын төлбөр 43730 /дөчин гурван мянга долоон зуун гучин/ төгрөгийг тухайн ондоо төлөөгүй, 2023 оны төлбөр 174785 /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун наян таван/ төгрөгийг захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй гэж буруутгажээ.

11. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана: 34.6.6. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг; гэж зааснаар газар эзэмшүүлэгчээс нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.  Үүнд:

2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дугаар гэрээний  Хоёр. Гэрээний нөхцөл гэсэн хэсгийн 2.2-т Газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн хуульд заасны дагуу газрын төлбөрийг тооцож ногдуулна. 2.3-т Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. гэж тус тус заасан байх тул газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй байна.   

12. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан.

13. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2022-2023 оны газрын төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.

14. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Батсайхан  гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор Жаргалант сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.” гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргаангүй.

15. Шүүхээс газрын кадастрын  мэдээллийн  системд хийсэн үзлэгээр  2022 оны 2-р улиралд 194931  /нэг зуун ерэн дөрвөн мянга есөн зуун гучин нэг/ төгрөг төлөгдсөн бол мөн оны 4-р улиралд 43730 /дөчин гурван мянга долоон зуун гучин//  төгрөг төлөгдөөгүй хүлээгдэж байгаа, 2023 оны 1-р улиралд 174920 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун хорин/ төгрөг, урьд оны үлдэгдэл 21865 /хорин нэгэн мянга найман зуун жаран тав/ төгрөг нийт 196785 /нэг зуун мянга ерэн зургаан мянга долоон зуун наян таван/ төгрөгийн нэхэмжлэл үүссэн төлөгдөөгүй төлөвтэй харагдана.

16. Харин татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэгээр 2022 оны газрын төлбөр 194931 төгрөгийг  2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр,  43730 төгрөг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлөгдсөн харагдах ба Татварын хэлтсийн  2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 397 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл үүсгэсэн 174920 төгрөг төлөөгүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

17. Нэхэмжлэгч өөрөө татварын удирдлагын нэгдсэн системээс гаргуулж ирсэн лавлагаагаар 2023 оны газрыг төлбөр 174920 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлжээ.

18. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.” гэж заасан ба газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн 2022, 2023 оны газрын төлбөрийн ногдуулалт тухайн ондоо хийгдсэн нь тогтоогдсон.

19. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан ба хуульд заасан хугацаа гэдэгт Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасныг ойлгоно. 

20. Иймд Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”, 4- д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны “хугацаанд нь бүрэн төлнө” гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө тухайн жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай байх тул нэхэмжлэгчийг 2022 оны газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй, 2023 оны 2-р улирлын байдлаар төлбөрөө төлөөгүй  гэж буруутгасан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

21. Хариуцагчаас ирүүлсэн баримтад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай   дүгнэлтийн хавсралтын 5-т “...зориулалтын дагуу ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, тоглоомын талбай , барилга объект барьсан  нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 401.6  дахь заалтыг зөрчсөн гэж..”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн  2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтэд “...2023 оны газрын  төлбөрөө төлөөгүй, газрын хашаа хамгаалалтыг сайжруулж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна...”гэж тус тус дүгнэсэн байх  ба дүгнэлттэй маргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. 

22. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын  Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, 32.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.

23. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.

24. Аймгийн Засаг дарга болон хурлын төлөөлөгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон иргэд, хуулийн этгээд шүүхэд хандан маргаан үүсгэсэн байгаа талаар мэдээлэлтэй байсан, хуралдаан дээр зарим иргэдийн төлөөлөгч нар асууж тодруулахад захирамж хүчин төгөлдөр болсон тул тогтоол гаргах боломжтой талаар тайлбарлаж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.      

25. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэл тогтоогдсон тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй гэж үзлээ.

26. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамж үндэслэлтэй болох нь тогтоогдсон тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамжийн өөрт холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв .

27. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн ”Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн *******т холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ