Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 464

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Л.Баярмаа,

улсын яллагч Т.Оюунжаргал,

хохирогч С.Нармандах, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,

шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Э.Ганбат,

шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч Я.Ганхүү, Б.Ерөөлт, О.Баатаржав, Э.Дэжидмаа нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626022925 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл ганцаараа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Б   2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 7 дугаар байрны 26 тоотод иргэн Д.Жаандоржийг олон удаагийн үйлдлээр хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2016 оны 11 дүгээр сарын 21-нд гэрийнхээ таазны гэрлийн патроныг солиулах гээд Жаанжордийг утсаар нь дуудсан юм. Түүнийг би  сайн цахилгаанчин гэж бодож гэртээ дуудсан. Жаандорж манай гэрт 22 цагийн үед ирсэн. Цаг орой болсон болохоор тэр өдрөө гэрлээ засахаа болиод хойшлуулсан. Жаандорж бид хоёр манайд зурагт үзэж байгаад унтсан.  Би маргааш өглөө нь түүнд  цай унд бэлдэж өгөөд 10 цаг 30 минутын үед “чи одоо явна уу даа” гэж хэлээд такси дуудчихаад таксины мөнгө чамд байгаа юу гэж асуухад 5000-6000 төгрөг байсан. Би Жаандоржид 20000 төгрөг нэмж өгөөд одоо чи явах уу гэж асуухад би чадахгүй юм шиг байна гэж надад хэлсэн. Би такси дуудчихаад хүлээж байсан. Би тухайн үед хөөрөг, дайлин, мөнгө зэргээ ширээн доошоо хийх гэтэл миний зүүн нүд рүү Жаандорж цохиод авсан. Би нүд рүүгээ цохиулаад газар унах үед Жаандорж миний дээр суугаад миний хоолойг боосон. Би гарыг нь хөшиж мултлаад боссон. Жаандорж махны хажууд байсан хутгыг шүүрч авсан түүнээс цааш юу болсныг би санахгүй байна. Би 11 цагийн үед ухаан орсон. Тухайн үед хохирогч газар хэвтсэн байдалтай харин би ширээний хажууд сууж байсан. Хутга хохирогчийн хажууд байсан. Удалгүй гаднаас цагдаа орж ирээд намайг Баянгол дүүргийн цагдаагийн газар руу авч явсан. Тухайн үед миний даралт ихсээд би гэртээ харьсан. Би 3 дугаар эмнэлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлсний дараа 14 хоног шар хадны эмнэлэгт хэвтсэн. Миний эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэг худлаа гэж үзэж байна.  Шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд миний хэргийн бодит байдалтай нь холбон авч үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хохирогч С.Нармандах шүүхийн хэлэлцүүлэгт: Талийгаач Жаандорж бид хоёр гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд салаад тус тус амьдарч байсан. Талийгаач нас барахаасаа гурав хоногийн өмнө над дээр ирж миний гарын хоолыг идээд явсан. Манай охин Ж.Сэлэнгэ энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон боловч гадаад явсан учир би хохирогчоор тогтоогдоод явж байна. Талийгаачийн үр хүүхэд, ах дүү нар нь байдаг. Б ийн гэр бүлийн хүн над дээр ирж хоёр удаа уулзсан.Би гомдолгүй гэж үнэхээр хэлж чадахгүй. Б  манай талийгаачийг 16 удаа хутгалсан, маш олон хутгалагдсан шарх байгаа. Талийгаачийн оршуулгын зардал болон тэтгэврийн 3.506.116 төгрөгийн зээлийн үлдэгдэл гэх мэт  нийт 14.429.000 төгрөгийг Б аас нэхэмжилсэн. Б  үүнээс 9.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Одоо үлдэх 4.929.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна гэв.

 

Шинжээч эмч О.Баатаржав шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 6 дугаар сард шүүгдэгч Б  гэмтэл авч цус харавсан байсан. Томографийн шинжилгээн дээр гэмтэл нь маш тодорхой харагддаг. Гэмтлийн дараах цус харвалттай байсан. Гэмтлийн дараах тархины хам шинж өвчтэй байсан. 

 

Шинжээч эмч Я.Ганхүү шүүхийн хэлэлцүүлэгт: Дүгнэлтийг 3 шинжээч эмчийн саналаар гаргасан. Шүүгдэгч нь архи нь уусан гэж өгүүлэмжтэй байсан. Хэргийн материалтай танилцаж байхад цагдаагийн өгсөн мэдүүлэг болон өөрийнх анхны мэдүүлэг зэрэгт үнэлэлт дүгнэлт өгсөн. Шинжээчид Б ийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаагүй гэсэн дүгнэлтийг тухайн үеийн баримтыг үндэслэж  гаргасан гэв. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах нь сэтгэцийн хувьд эрүүл хүнд үүсэх магадлал маш өндөр байдаг гэв.

 

Шинжээч эмч Б.Ерөөлт шүүхийн хэлэлцүүлэгт: Өнгөрсөн цаг хугацаанд очих боломжгүй учраас тухайн үед авагдсан хавтаст хэргийн материалыг үзэж дүгнэлт гаргадаг. Онолын хувьд яаж нотлох вэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон 1 сарын дараа өгч байгаа мэдүүлгийг нэг талаасаа үнэлэх боломжтой гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа цочрон давчидна гэдэг нь тухайн үед өөрийгөө бүрэн хянах чадваргүй байдлаар илэрдэг. Б ийн өөрийн өгсөн анхны мэдүүлэгт тодорхой болсон үйл явдлын талаар ярьж байгаа нь сэтгэл санаа цочрон давчдаагүй байсныг нь баталж байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч С.Нармандах мөрдөн байцаалтанд” Миний төрсөн охин Ж.Сэлэнгэ  нь энэ хэрэгт хохирогчоор оролцож байсан боловч 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Солонгос Улс руу 1 жилээр явахаар болоод намайг энэ хэрэгт хохирогчийг төлөөлөх итгэмжлэлийг албан ёсоор надад олгосон юм. Энэ хэргийн улмаас бид сэтгэл санаа эд материалын хохирол амссан бөгөөд бидний зүгээс талийгаачийг эмнэлэгт 2 орчим хоног эмчлүүлэхэд гарсан зардал, оршуулгын зардалтай холбоотой нийтдээ 14.429.592 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Үүнд талийгаачийг эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд гаднаас эм тариа болон уураг авахад 892.900 төгрөг, талийгаачийг өнгөрсний дараа буяны ажлаар гэрт ирсэн хүмүүст хоол хүнсний зардалд 935.506 төгрөг, ресторанд буяны гашуудал тайлах цагаалгын ажилд 2.400.000  төгрөг, хойдын буянд нь зориулж Баянзүрх дүүргийн Баянбулаг хийдэд 2 өдрийн хурах номыг даахад 450.000 төгрөгийн зардлууд тус тус гарсан. Талийгаачийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл эргэн төлөлтөнд 3.506.110 төгрөгийг төлсөн, эмнэлэгт байхад нь ломбарданд эд зүйлээ 522.650 төгрөгөөр тавьж талийгаачид хэрэгцээтэй эм тариаг нь авсан. Мөн талийгаачийн эзэмшлийн ломбарданд түр барьцаанд тавигдсан байсан автомашиныг барьцаанаас нь чөлөөлөхөд 317.200 төгрөг төлсөн. Оршуулгын ажил явдлын туршид нийт 233.300 төгрөгийн бензин зарцуулсан, талийгаачийн 21 хоногийг хураахад 136.820 төгрөгөөр цэцэрлэгийн хүүхдүүд хооллосон. Ломбарданд 353.100 төгрөгөөр эд зүйлээ  тавьж хоног хураах ажилд нь тус тус зарцуулсан бөгөөд холбогдох бүх баримтуудыг хүлээлгэн өгч хэрэгт хавсаргуулсан байгаа. ...2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 600.000 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг тус тус буюу хохиролд нийт 2.100.000 төгрөгийг хүлээж авсан. Одоо хохирол нэхэмжлэлтэй холбоотой үлдэгдэл 12.329.592 төгрөгийг гаргуулж авахыг хүсэж байна. Маш гомдолтой байна. /1хх-ийн 135/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Цогтгэрэл мөрдөн байцаалтанд” Би тэр өдөр Тайшир 67 дэд хэсэг дээр ахлах ахлагч Хэнчбишийн хамт жижүүрийн үүргийг гүйцэтгэж байхад 11 цагийн үед  Тайшир 10-аас хутгатай хүн намайг хутгалах гээд байна гэсэн дуудлагыг аваад 5 минутын дотор шуурхай Баянгол дүүргийн 12 дугаар хороо 7-3 дугаар байранд очиход лифтгүй шатаар дээш гараад 26 тоотод очиход гэрийн хаалга нь онгорхой байсан дотогш ороход Б  гэх хүн ширээнийхээ хажууд сууж байсан. Хутгалуулсан гэх Жаандорж нь хивсэн дээр цусаа гоожуулсан байдалтай нэрийг нь асуухад хариулт хэлж чадахгүй янцагласан  авиа гаргаад байсан тэгэхээр нь Б ийг ширээн дээр байсан хутганаас холдуулаад хаалганы хажууд гавлаад суулгасан. Тэгээд Хэнчбишийн утаснаас 103-руу дуудлага өгчихөөд Тайшир 10-руу залгаж жижүүрийн бүрэлдэхүүнийг явуул гэж хэлсэн. Хүний биеийн байдал хүнд байсан тэгээд түргэний эмч 30 гаруй минутын дараа жижүүрийн бүрэлдэхүүний дараа ирээд нөгөө хутгалуулсан хүнийг үзээд анхны тусламж үзүүлээд гудсан дээр хэвтүүлж насиликтэнд биеийг нь дарж боогоод түргэний эмч Бум-Эрдэнэ, жолооч нарын хамт аваад гарсан...Хутгалсан гэх Б  нь согтуу бид хоёр мөнгөнөөс болж  маргалдаад намайг багалзуурдахаар нь би 3 удаа л дүрсэн гэж байсан. Яг хаашаа гэдгийг нь хэлэхгүй байсан. Яадаг юм би ял аваад шоронд орно биз гэж байсан. Тэр хутгалуулсан хүн цусандаа хутгалдсан өмд нь шувтарсан бөгс нь гарчихсан баруун бөгснөөс нь хутганы шархтай хөдлөх тоолонд нь цус их хэмжээгээр гарч байсан гуталгүй оймстойгоо, дээгүүрээ хагас савхин куртиктэй, доошоогоо харсан байдалтай хэвтэж байсан ороход ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй нэрийг нь асуух гэж дээш харуулахад юм хэлж чадахгүй янцаглаад байсан тэгээд юу ч хэлээгүй. Тэр хэвтэж байсан хивс, паркетан шалан дээр гоожсон цус нь нилээн их харагдаж байсан юм. Хутгалсан Б  гэж хүн өөрөө би энэ хутгаар хутгалсан гэж заагаад хэлж байсан юм... тэр хоёр хоорондоо нилээн ноцолдсон байдалтай эд зүйлс нь эмх цэгцгүй байсан”. /1хх-ийн 138/ гэх мэдүүлэг

 

Гэрч Б.Отгондалай мөрдөн байцаалтанд: Тэр өдөр би жижүүрийн бүрэлдэхүүнд криминалистикийн шинжээчээр ажиллаж байсан БГД-ийн 12-р хороо, 7-3-р байрны гадаа очиход ахлах ахлагч Хэнчбиш нарыг тосон авч уулзаад хэргийн байдлын талаар хэлсэн би байрны ерөнхий байдлын зургыг аваад орцны хаалгаар дотогш ороод шатаар дээш гарах явцад шат, хана, бариул зэрэг нь ямар нэгэн цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон байдал харагдаагүй бусад ямар нэгэн өөрчлөлт үүсээгүй учир орцны байдлын зургийг бэхжүүлэлгүйгээр 6-н давхарт гарч 26 тоотын үүдний хэсгийн ерөнхий байдлын зургыг бэхжүүлэн авч дотогш ороход дэслэгч Цогтгэрэл холбогдогч Б ийг ард нь гарыг нь гавалсан байдалтай байсан болох хүн ширээний хойд талд доошоогоо хараад хэвтчихсэн өмдөө гуяа хүртэл доошлуулсан байдалтай хэвтэж байсан. 103 дуудсан гэж байсан удалгүй түргэний эмч ирээд нөгөө хутгалуулсан хүнийг үзээд гудсан дээр хэвтүүлээд насилектай нь  биеийг нь дарж боогоод түргэний эмч, жолооч, дэслэгч Цогтгэрэл нар аваад гарсан юм. Тэгээд мөрдөн байцаагчийн хамт хэргийн газрын үзлэгээ хийгээд эд мөрийн баримт, хураан авсан эд зүйлсээ аваад ширээн дээр байсан цэнхэр өнгийн корпустай утсан дээрээс холбогдогчийн эхнэр рүү ярьж ирэхлээр нь гэрийг нь хүлээлгэж өгсөн. Тухайн хүн нас бараагүй биеийн зарим хэсэг ил гарсан үед тухайн хүний зөвшөөрөлгүйгээр зураг авах нь хүний эрхэд халдсан асуудал болохоор аваагүй юм.  Хутгалсан хүн нь согтуу ямар нэгэн зүйл ярихгүй байсан мөрдөн байцаагч та энэ хүнийг  таних уу хэн гэдэг хүн бэ гэж асуухад би өмгөөлөгчтэй юм ярина өмгөөлөгчгүйгээр юм ярихгүй гээд нилээн их согтуу байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 140-141/   

 

Гэрч Т.Гантөгс мөрдөн байцаалтанд ”Энэ 99179454 дугаартай хэрэглэгч тухайн цаг хугацаанд надтай холбогдож 39 секунд орчим ярьсан байна. би 1900-1950 лавлахын дэргэдэх “Билэгт дөлгөөн” такси компанид жолоочоор ажилладаг болохоор тухайн цаг хугацаанд би 14-52 УНК дугаартай таксинд үйлчилгээнд явж байхад манай 02-66 УБЛ дугаартай такси над руу дуудлагаа шилжүүлсэн, тэр үед 99179454 дугаар эзэмшдэг үйлчлүүлэгчид такси шаардлагатай болоод...тэгээд би энэ дуудлагын дагуу очих гэж явсан боловч  хаягийг нь олохгүй байсан учраас тэр үйлчлүүлэгчийн дугаар руу залган холбогдож хаягийг нь тодруулж асуухад тэр хүн 6 дугаар бичил хорооллын 13 дугаар байрны ард 28 дугаар сургуулиар тойрч  ордог шүү гэж хаягаа тодорхой зааж өгсөн. Тухайн үед надтай утсаар ярьж байгаа хүний дуу хоолойны өнгө нь халамцуу бололтой байсан. Би зааж өгсөн хаягаар нь очихоор явж байтал 9917-9454 дугаартай үйлчлүүлэгч надруу нэлээн бухимдалтай залгаад энэ түргэний дугаар мөн үү гэхээр нь би бишээ, такси байна гэж хэлэхэд тэр хүн надад хүнд хутгалуулчихлаа гэлүү, хүн хутгалчихлаа гэсэн. Тэгээд одоо такси хэрэггүй болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 148/

 

Гэрч Б.Отгондалай мөрдөн байцаалтанд” тус хэрэг дээр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний хамт очиж хэргийн газарт ажилласан...хутгалуулсан хүн ширээний хойд талд өмдөө гуя хүртэл доошлуулсан байдалтай хэвтэж  байсан ба дээгүүрээ хар өнгийн савхин гэмээр куртик өмссөн байсан. Мөн үүдний өлгүүрт нь 1 куртик өлгөөстэй байсан болохоор тухайн үед тэр куртикыг хутгалуулсан хүнийх байж гэж бодоод анх мэдүүлэг өгөхдөө хутгалуулсан хүн гадуур хувцасгүй куртик нь өлгүүрт өлгөөстэй байсан гэж ташаа мэдүүлсэн байна лээ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 204/

 

Сэжигтнээр Б.Б  мөрдөн байцаалтанд”...2016 оны 11 дүгээр сарын 21-ний үдээс хойш 15-16 цагийн орчимд би гэртээ ганцаараа байхдаа өөрийн урьд танилцсан Жаандоржоор гэрийнхээ цахилгааныг үзүүлэх санаатай түүний гар утас руу залгасан. Тэр үед Жаандорж манайд ирэхээр болоод харанхуй дөнгөж болж байхад манайд ирсэн. Тэр үед манайд талаас доогуурхан Алтан түрүү нэртэй 0,75 граммтай ойролцоогоор 200 орчим грамм үлдсэн архи байхаар нь бид хоёр хувааж уусан. Тэр үед би Жаандоржийг чамд буцаж гэррүүгээ явах таксины мөнгө байгаа юу гэхэд Жаандорж надад байгаа нь энэ байна гээд өөрийнхөө хэтэвчийг харуулсан. Тэр үед түүний хэтэвчинд 5000-тын дэвсгэрт 1 ширхэг, 1000-тын дэвсгэрт 2 ширхэг, задгай ганц 2 ширхэг 100, 50-тын дэвсгэрт харагдаж байсан. Тэгэхээр нь би түүнд гэр рүүгээ таксидаж хариарай гээд 20.000 төгрөг өгөөд түүний хэтэвчинд хийж өгсөн. Тэгээд би гэрийнхээ доод дэлгүүр рүү ороод 0,5 грамтай Тайга нэртэй архи 1 шил, Алтан түрүү нэртэй 0,75 грамын архи 1 шил, 3 ширхэг бэлэн гоймон, кола ундаа 2 ширхэг, 1 уут нарийн боов, 1 ширхэг талх зэргийг аваад гэр рүүгээ орсон. Тэр үед Жаандорж манай гэрийн цахилгааны массыг олох боломжгүй бололтой сууж байхаар нь Жаандоржоор цахилгаанаа үзүүлэхээ болиод бид хоёр  нэг савтай бэлэн гоймонг нь халаагаад хувааж идээд, архинуудаа задлаад хувааж ууж байгаад би буйдангийнхаа дээр даавуу дэвсээд хөнжлөө нөмрөөд  унтсан. Жаандорж бас буйдан дээр миний эсрэг талд хэвтээд унтсан. Өглөө босоод такси дуудаад явуулах гээд дуудахад намайг нүдний шилтэй хамт нүүр рүү цохисон. Тэгээд хоолой боож дээр гараад суусан  тэгэхээр нь доороос нь ноцолдож байж арай гэж мултраад зугтаасан. Тэгэхээр нь би ойртоод хартал том өрөөний ширээний хөл орчим цус болчихсон хивс норсон байдалтай харлаж харагдсан. Тэгэхээр нь би Жаандоржийг шээсэн юм болов уу гэж бодоод уг нойтон хивс дээр гараа хүргээд гараа үнэртэх гэтэл миний гар цус болчихсон байсан. Тэгэхээр нь би 102 руу та нар хүрээд ирээч шархтай хүн байна гэж хэлсэн...хэдэн удаа хутгалсанаа санахгүй байна...” гэх мэдүүлэг  /1хх-ийн 177-178/

 

Гэрч Ш.Адьяа мөрдөн байцаалтанд” Б.Б  бол миний нөхөр юмаа.  2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би хүү Төвшинбатын гэрт байж байхад Б  өөрийнхөө утсаар хүн хоолой боогоод намайг алах гэж байна гэж ярьсан тэгээд би юун хүн юм бэ гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгээд би очьё доо гээд утсаа таслаад очих гээд явж байхад цагдаагийн ажилтан хүн над руу яриад та хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би гэрт хулгай орсон юм байхдаа гэж бодоод яваад очиход цагдаа нар ирчихсэн гэрт үзлэг хийгээд дуусчихсан явах гэж байсан. Б  байхгүй байхаар нь яасан бэ гэхэд цагдаа руу аваад явсан гэсэн. Тэгээд гэр эмх замбараагүй буйдангийн хажуу талд хивсэн дээр цус болчихсон паркетан шалан дээр цус болчихсон паркетан шалан дээр цус болчихсон байсан.  Хоолны ширээн дээр мах гаргаад тавьчихсан гэсчихсэн байсан тэгээд би гэр орноо цусыг нь цэвэрлэсэн юм. Манай хутга юмаа, хөлдүү мах хөшиглөдөг байсан хутга юм. Б  хүнтэй нийцэрхүү хүнд их тусархаг юм гуйхлаар нь үгүй гэж хэлж чаддаггүй хүн юмаа. Томоотой дөлгөөн тайван амгалан хүн. Баянгол дүүргийн 12-р хороо, 7-3-р байрны 26 тоот байранд Б  ганцаараа амьдардаг юм. 4-5 жил тэнд ганцаараа амьдарч байгаа юм. Би өвчтэй болохоор хэвтрийн дэглэм бариад хүүгийндээ байдаг юм...” /1хх-ийн 144/ гэх мэдүүлэг

         

Гэрч С.Нармандах мөрдөн байцаалтанд” 1980 онд Дагийраазын Жаандоржтой гэр бүл болж Баянхонгор аймагт амьдарч дундаасаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд төрүүлсэн тэгээд 1998 онд Улаанбаатар хотод шилжин ирж амьдрах болсон. Талийгаач цахилгаанчин мэргэжилтэй бөгөөд Баянхонгор аймагтаа барилгын материалын үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан. Улаанбаатар хотод ирээд Цахилгаан шугам сүлжээнд цахилгаанчнаар ээлжээр под станц дээр ажилладаг байсан юм. 2002 оноос хойш талийгаач надаас тусдаа амьдрах болсон. Баянзүрх дүүргийн 2-р хороо Дарь-Эхэд охин Сэлэнгийн хамт амьдарч байгаад 2014 онд охин Сэлэнгийн хамт Швейцарь  улс руу явж амьдарч байгаад 2015 оны 8 сард буцаж ирсэн 2013 онд тэтгэвэртээ гараад хувиараа барилгын цахилгааны ажил болон таксинд явдаг байсан юм. Би талийгаач Д.Жаандоржтой гэр бүлээ албан ёсоор 1980 онд батлуулсан. Гэр бүлээ цуцлуулаагүй байгаа. Талийгаач хүнтэй их нийтэч амархан танилцдаг, амархан найз нөхөд болдог их наргианч дуулдаг дуу хууранд дуртай найз нөхөд олонтой хааяа архи уудаг байсан юмаа.  Талийгаач архи уухаараа их уйлдаг тэгж байгаад унтчихдаг хүн байсан. Талийгаач хамгийн сүүлд 2016 оны 11 сарын 19-нд хамгийн сүүлд манай гэрт ирээд хоол унд идэж уучихаад ойр зуурын юм яриад явсан...Хүү маань Япон улсад амьдарч байгаад ирээд зүрх нь өвдөөд 3 жилийн өмнө нас барсан. Талийгаач охиндоо ханьтай сайн аав байсан.  Талийгаачийн оршуулгын зардал болон тэтгэврийн зээлийн үлдэгдэл 3.506.000 төгрөг, машинаа ломбарданд тавьсан байсан үлдэгдэл 317.200 төгрөг нийт 14.429.592 төгрөгний зардал одоогийн байдлаар баримттай нь энэ байна. Цаашид ч зардал гарах юм байна.  Яарч сандраад 2 хоногийн дотор ажил явдлыг нь дуусгасан. Туйлын их гомдолтой байна асар их гарз хохирол учирч төлөвлөсөн өчнөөн ажил нураад байна. Хэрэг гараад 21 хонолоо одоо болтол тэр хүнийг барьж хорихгүй байгаад гомдолтой байна. Одоо энэ хэрэгт хохирогчоор явж байгаа охин Сэлэнгэ гэр бүлийн хамт БНСУ руу ажиллаж амьдрахаар 2016 оны 12 сарын сүүлээр явах гээд виз нь гарчихсан байгаа учир энэ асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг  /1хх-ийн 147-149/

 

Гэрчээр Т.Энх-Отгон мөрдөн байцаалтанд” Тус байр 5 давхар бөгөөд нэг орцтой юм.  Би 2016 оны 11 дүгээр сарын 21-ний 19 цагийн үед гаднаас ирээд орц руугаа ороход манай байрны 1-3 давхар хүртэл шатныхаа голоор болон хананы хэсэгт цус нялагдсан мэт болчихсон мөн 3 давхараас дээшээ 5 давхар хүртэл шатан дээр, 4 давхрын шат руу эргэдгийн тэнд ханан дээр тус тус цус нялагдсан мэт байдалтай болчихсон байхаар нь би тухайн үед айлуудын аль нэг нь гаднаас мах оруулсан юм болов уу гэж бодсон...манай байрны 26 тоот айлын хүүхэд нь гэх 1 залуу надтай уулзаад тэр цусны талаар асуусан. Би тэр залууг дагаж байрны цэвэрлэгчтэй уулзаад өчигдөр энд цус байсан тэгэхэд тэр цэвэрлэгч толгой дохисон. Та цэвэрлэсэн үү гэж би утсан дээрээ мессеж бичээд харуулахад мөн толгой дохьсон. Тэгэхээр миний харсан  гээд байгаа цус энэ хэрэгт хамааралгүй байх гэж бодож байна. урд өдөр нь манай байрны 5 давхрын айлуудын нэг нь гаднаас мах үүрч зөөхдөө хананд нялагдах болон мах зөөх үед шат цус болсон байж магадгүй...би өглөө гарч хүүхдээ хүргэчихээд 10 цаг дөхүүлээд гэртээ ирсэн, намайг гэртээ байхад 10-11 цагийн орчим 26 тоотод хүн орилж хашгирах чимээ шуугиан сонсогдоогүй.”  гэх мэдүүлэг /2хх-ийн 155/

         

Гэрч Ч. Янжмаагийн мөрдөн байцаалтанд”...тэр цус хутгалуулсан гэх хүнтэй холбоогүй өөр цус. Анх хэзээ юунаас болж үүссэнийг би мэдэхгүй. ...2 давхараас 5 давхар хүртэл шалан дээр цус тогтсон байсан 5 давхраас дээш байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 157/  

 

Гэрч А.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд ”2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1 дэх өдөр хичээлийн өдөр байсан тул би орой 19-20 цагийн хооронд ирсэн. Намайг гэртээ орохоор шатаар өгсөхөд орцны шат цусаар бохирлогдсон зүйл байгаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ амарч байх үед надад ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Хэрэв орцонд хүмүүс маргалдаж муудалцсан бол сонсогдох бүрэн боломжтой. Учир нь би орой 3-4 цаг хүртэл хичээлээ давтаж байж амардаг юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 163/

Гэрч А.Азжаргал мөрдөн байцаалтанд”...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 7 цаг 50 минутын орчим ажилдаа явахаар гэрээсээ гарахад орцны шатнууд гишгүүр болон  хана, бариулнууд цус болон ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байсан. /1хх-ийн 168/

 

Гэрч М.Уранбилэг мөрдөн байцаалтанд“...Б  сүүлийн үед утсаар ярихгүй байж байгаад 2016 оны 9 сарын 23-ны өдөр үдээс хойш хэд хэдэн удаа утсаар залгаад хүрээд ир гээд байхлаар нь манай сувилагчаар ажиллаж байсан Оюунбилэг, Жаандорж бид гурав бичил хорооллын байранд нь очсон юм.  Жаандорж цахилгааны мэргэжилтэй хүн цахилгаан янзлуулж байгаад танилцсан.  Манай сувилал гал тогооны шит унадаг байсан тэгээд дуудахаар хүрээд ирдэг олон таван үггүй дуулгавартай хүрч ирээд юм янзлаад өгдөг байсан юм. Би бичил хороололд нэг ажлын байр нээх гээд Жаандоржийг дуудаж уулзаад байж  байтал Б  нь үдээс хойш нь зөндөө яриад байхаар нь Оюунбилэг, Жаандорж нарын хамтаар очоод тэндээ жаахан юм ууж байгаад унтаж амарцгаагаад өглөө хоол унд хийж идэж уугаад гараад явсан юм. Би энэ хоёрыг ингэж уулзаж учраад ийм зузаараад нэгнийхээ аминд хүрнэ гэж огт санасангүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 5-6/    

 

Гэрч М.Юмчин мөрдөн байцаалтанд” Би Дөт супермаркет дэлгүүрт худалдагчаар ажилладаг. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний 19 цагийн орчимд манайд байнга орж ирж үйлчлүүлдэг 7-3-р байрны өвөө ганцаараа орж ирээд кола ундаа, тайга архи, алтан түрүү архи, атар талх, боорцог, бэлэн гоймон 2 ширхэг, солонгос бэлэн гоймон 1 ширхэг, нийт 3 ширхэг бэлэн гоймон аваад гарсан...халамцуу байсан, энэ ах ер нь байнга л халамцуу явж байдаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 142-144/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн 01/791 дугаартай: Хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гэх 1,2,3,4,5,6 гэж дугаарласан тунгалаг наалдамхай хальсан дахь 6 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг нэгдсэн АДИС-ПАПИЛОН санд оруулж автомат харьцуулалтыг хийлгэхэд тохирох сэжигтний гарын хээний дардаж болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт  / 1хх-ийн 55/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2166 дугаартай: Талийгаачийн цогцост  хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр баруун өгзөгний булчин, хураагуур, тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, баруун, зүүн бугалга, зүүн алга, баруун, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуянд шарх, цээж, зүүн чихний дэлбэн, баруун зүүн бугалга, зүүн тохойн хонхор, баруун зүүн шуу, зүүн алга, хэвлий, зүүн ташаа, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй боловч үхэлд хүргээгүй байна.

Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь баруун өгзөгний хураагуур, тараагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус  алдаж нас баржээ. Талийгаач О/I/ бүлгийн цустай байна гэсэн дүгнэлт/ 1хх-ийн 57-60/  ,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16008 дугаартай: Б.Б ийн биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /1хх-ийн 112/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн 3542 дугаартай: хэргийн газраас хөвөн амбараар бэхжүүлж авсан цус болон 2016 оны №10184, 2017 оны №3115 дугаартай архивд хадгалагдаж байсан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоож, шинжилгээний дүгнэлт 3542-ийн хүснэгт 1-ийн 2,3,4 дүгээр баганад үзүүлэв. Хэргийн газраас хөвөн амбараар бэхжүүлж авсан цусны ДНХ-ийн тогтоц хохирогч Д.Жаандоржийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа бөгөөд нэгэнт ДНХ-ийн тогтцоор харьцуулсан учраас бүлгийн харьяалалаар нь харьцуулах шаардлагагүй болно гэсэн дүгнэлт /2хх-ийн 206/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3599 дугаартай: хэргийн газраас хөвөн амбараар бэхжүүлж авсан 01 дугаартай цус болон 2016 оны №10184, 2017 оны №3115 дугаартай архивд хадгалагдаж байсан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоож, шинжилгээний дүгнэлт 3542-ийн хүснэгт 1-ийн 2,3,4 дүгээр баганад үзүүлэв. Хэргийн газраас хөвөн амбараар бэхжүүлж авсан 01 дугаартай цусны ДНХ-ийн тогтоц хохирогч Д.Жаандорж, иргэн Б.Б  нарын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байгаа бөгөөд харьцуулах шинжилгээг ДНХ-ээр хийсэн учраас бүлгийн харьяалалаар нь харьцуулах шаардлагагүй болно. /2хх-ийн 208/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9246 дугаартай: Б.Б ийн биед дагз ясны хугарал, тархины хатуу бүрхүүл доорхи  цусан хураа, тархины эдийн няцрал, цусан хурааг авах мэс ажилбарын дараахь байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална гэсэн дүгнэлт /3хх-ийн 92/,

 

Шинжээч эмч Г.Ханхүүгийн:..”үзлэг хийх явцад Б.Б ийн хүзүү хоолойд боолгосон болон багалзуурдуулснаас үүссэн байж болох ул мөр, үүнтэй холбоотой гэмтэл байгаагүй...Б ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэх мэдүүлэг /1хх-ийн 113/

 

Шинжээч эмч Б.Долгормаагийн:..”бүх гэмтлүүд нь дан дангаараа шүүх эмнэлэгийн  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шарх нь хураагуур тараагуур судсыг гэмтээж уг судаснаас цус алдаж нас барсан байна. Талийгаачийн биед учирсан гэмтлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр авсан байх боломжтой. Өмнөх өдөр буюу 11 дүгээр сарын 21-ний орой уг гэмтлийг авсан байх боломжгүй. Учир нь талийгаачийн биед учирсан хатгагдаж зүсэгдсэн шархнуудаас  их хэмжээний цус гарна. Мөн өгзөгний артер гэмтсэн тохиолдолд  маш их хэмжээний цус олгойдож гарна. Иймээс цус алдсаны улмаас тухайн хүн цус алдалтын шоконд орж  өөрийн ухамсарт хөдөлгөөн хийх  боломжгүй болж хамгийн удаандаа 1 цаг минутаас 2 цаг орчим хугацаанд эмнэлгийн яаралтай тусламж авахгүй бол шууд үхэлд хүрнэ. Талийгаач гэмтэл анх авснаас хойш хугацаа алдалгүй эмнэлэгт хүргэгдсэн тохиолдолд тэр дороо  нас барахгүй 1-2 орчим хоног амьд байсан байж болно. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг тарчлаан зовоосон шинжтэйг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь биед үүссэн шарх гэмтлүүдээс үхэлд хүргэсэн буюу өгзөгний шарх гэмтлийг авснаас хойш талийгаач удаан амьд явах боломжгүй. Харин бусад хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүдийг өгзөгний шарх авахаас өмнө эсвэл дараа нь хатгагдаж зүсэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг гэмтлүүд нь тухайн ойролцоо цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх мэдүүлэг /1хх-ийн 68-69/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1220 дугаартай: Б.Б  гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийнхөө үйлдлийг жолоодох чадвартай байсан байна. Хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинжгүй байна. Сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. Б.Б  сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэсэн дүгнэлт. /1хх-ийн 121-122/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 456 дугаартай: Б.Б  нь F07.2 “Тархи доргилтын дараах хам шинж” өвчтэй байна. Б.Б  нь 2017 оны 5 дугаар сарын 10-нд унаж гэмтсэний улмаас F07.2 “Тархи доргилтын дараах хам шинж” өвчтэй байна. Цаашид сөргөөр нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна. Б.Б  нь гавал тархины гэмтлийн улмаас тархи доргилтын дараах хам шинж өвчтэй болсон байна. Б.Б  нь одоогийн байдлаар тавьсан асуултыг ойлгох, асуусан асуултанд хариулт өгөх чадвартай байна. Б  нь зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт /3хх-ийн 94-96/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Хэрэг болсон газар нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 давхар шар өнгийн 7-3 дугаар байрны ...орцны шатаар 6 давхар руу гарахад орцны шат, давхар, хана зэрэгт бохирлогдсон зүйлгүй, ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан бор өнгийн төмөр хаалга гадагш чиглэлд хагас онгойсон байдалтай ...хаалганы баруун хананд улаан өнгөөр 26 гэсэн дугаар байлаа. Цагаан өнгийн модон ширээн дээр 0,75 гр Алтантүрүү, Тайга нэртэй хоосон архины шил, архины шилний гадаргуунаас 6 ширхэг  гарын мөр бэхжүүлэв. Ширээний тавцангийн гол хэсэгт хар өнгийн төмөр ажлын хэсэг 17 см бариул 13 см нийт 30 см хэмжээтэй хутга байх ба хутганы ажлын хэсгийн баруун, зүүн хэсэгт хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг эд мөрийн баримтаар хураан авч бэхжүүлэв. Ширээний хойд талд газар шалан дээр улаан өнгийн хивс дэвссэн ба түүний зүүн хойд булангаас чанх доош 4  см түүнээс 28 см зайд 26*34 см хэмжээний бүлэгнэсэн өтгөрсөн хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээс ...хөвөнд шингээж дээж болгон авав. уг хивсний зах хэсэгт хар бараан өнгийн өвлийн курткатай 55-60 орчим насны эрэгтэй хүн өмд нь доош өвдөг хүртэл шувталсан, цээж хэсгээрээ доош харсан, зүүн өгзөг хэсэгт зүсэгдсэн шархтай, түүнээс цус гарч байлаа. Гаднаас 103-н эмч Бум-Эрдэнэ ирэхэд хүлээлгэн өгч эмнэлэг рүү ногоон өнгийн гудсанд ороож дамнуурга дээр хэвтүүлэн авч явсан. /1хх-ийн 11-15/ гэсэн тэмдэглэл,

хэргийн газрын схем зураг /1хх-ийн 16/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-19, 37-40/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 41 / хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 35/,

 

ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 26 б/444 дугаартай албан тоот, мэдээллийн хуудас, хоногийн бодит дуудлагын мэдээлэл: Б , 99179457, 2016.11.22-ны өдөр цаг:11:01:39 гэжээ. /1хх-ийн 73/,  99179454 дугаараас 102 дугаарт ярьсан ярианы бичлэг бүхий СД /1хх-ийн 70-73/, Бичлэгийг тэмдэглэсэн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1хх-ийн 76/, яаралтай түргэн тусламжийн төвийн 12д-з /395 дугаартай албан тоот, эргүүлийн цагдаа а/а Б.Хэнчбишийн илтгэх хуудас /1хх-ийн 77-78/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 80, 100-101, 103-106/,  30 см урттай хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, СД-2 ширхэг,  хохиролтой холбогдох баримтууд /1хх-ийн 222-226/, 600.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /1хх-ийн 232/, 1500.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /1хх-ийн 234/, амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /2хх-ийн 169-197/, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс болон Б.Б ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 212/, ял шалгах хуудас /2хх-ийн 13/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 12/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 7-3 дугаар байрны 26 тоотод буюу өөрийн гэртээ иргэн Д.Жаандоржийг олон тооны шарх үүсгэн хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

цагдаагийн ажилтан Б.Цогтгэрэлийн гэрчээр мэдүүлсэн“...хутгалсан гэх Б  нь согтуу бид хоёр мөнгөнөөс болж  маргалдаад намайг багалзуурдахаар нь би 3 удаа л дүрсэн гэж байсан...хутгалсан Б  гэж хүн өөрөө би энэ хутгаар хутгалсан гэж заагаад хэлж байсан юм...” гэх мэдүүлэг 1хх-ийн 138/,

гэрч Б.Отгондалайн”...түргэний эмч ирээд нөгөө хутгалуулсан хүнийг үзээд гудсан дээр хэвтүүлээд насилектай нь  биеийг нь дарж боогоод түргэний эмч, жолооч, дэслэгч Цогтгэрэл нар аваад гарсан юм...хутгалсан хүн нь согтуу ямар нэгэн зүйл ярихгүй байсан мөрдөн байцаагч та энэ хүнийг  таних уу хэн гэдэг хүн бэ гэж асуухад би өмгөөлөгчтэй юм ярина өмгөөлөгчгүйгээр юм ярихгүй гээд нилээн их согтуу байсан...”гэх мэдүүлэг /1хх-ийн 140-141/,  

гэрч Т.Гантөгсийн ”...9917-9454 дугаартай үйлчлүүлэгч надруу нэлээн бухимдалтай залгаад энэ түргэний дугаар мөн үү гэхээр нь би бишээ, такси байна гэж хэлэхэд тэр хүн надад хүнд хутгалуулчихлаа гэлүү, хүн хутгалчихлаа гэсэн. Тэгээд одоо такси хэрэггүй болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 148/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2166 дугаартай дүгнэлт/ 1хх-ийн 57-60/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн 3542 дугаартай дүгнэлт /2хх-ийн 206/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /1хх-ийн 11-15/, хэргийн газрын схем зураг /1хх-ийн 16/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-19, 37-40/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 41 / хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 35/, ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 26 б/444 дугаартай албан тоот, мэдээллийн хуудас, хоногийн бодит дуудлагын мэдээлэл /1хх-ийн 73/,  99179454 дугаараас 102 дугаарт ярьсан ярианы бичлэг бүхий СД /1хх-ийн 70-73/, бичлэгийг тэмдэглэсэн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1хх-ийн 76/, яаралтай түргэн тусламжийн төвийн 12д-з /395 дугаартай албан тоот, эргүүлийн цагдаа а/а Б.Хэнчбишийн илтгэх хуудас /1хх-ийн 77-78/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 80, 100-101, 103-106/,  30 см урттай хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, СД-2 ширхэг,  хохиролтой холбогдох баримтууд /1хх-ийн 222-226/, хохирол хүлээлгэн өгсөн баримт /1хх-ийн 232, 234/, амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /2хх-ийн 169-197/, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.  

 

Шүүгдэгч Б.Б  2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Д.Жаанжоржийн бие махбодид  олон тооны шарх үүсгэж хутгалсны улмаас хохирогч нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нас баржээ.

 

Дээрхи үйл баримтууд нь хэрэгт авагдсан, энэ хэрэгт огт хамааралгүй хөндлөнгийн гэрчүүд болон шинжээчдийн дүгнэлтүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б ийг хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн гэм буруугийн хуралдааны явцад

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт,

иргэдийн төлөөлөгчөөс “ Б.Б ийг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргаж,

шүүгдэгч Б.Б ийн өмгөөлөгч Э.Ганбатаас “Б.Б ийг  холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэл эргэлзээтэй байх тул Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлт,

мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс “гэм буруугийн сэдэлт нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргалаа.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.Б , амь хохирогч Д.Жаандорж нараас өөр хүн байгаагүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16008 дугаартай дүгнэлтээр  Б.Б ийн биед  зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь  тогтоогдсон. /1хх-ийн 112/  

 

Шүүгдэгч Б.Б  нь “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” хуулиар хамгаалагдсан эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “түрийвчнээс мөнгө гаргаж өгөх үед Жаандорж намайг багалзуурдсан” гэж мэдүүлсэн нь  шинжээч эмч Г.Ханхүүгийн “...үзлэг хийх явцад Б.Б ийн хүзүү хоолойд боолгосон болон багалзуурдуулснаас үүссэн байж болох ул мөр, үүнтэй холбоотой гэмтэл байгаагүй...гэх мэдүүлгээр няцаагдаж байна. /1хх-ийн 113/

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас  “Б.Б  санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан” гэх тайлбар нь шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 1220 дугаартай дүгнэлтээр “Б.Б  гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийнхөө үйлдлийг жолоодох чадвартай байсан байна. Хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинжгүй байна гэсэн /1хх-ийн 121-122/ дүгнэлтээр няцаагдлаа.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт Б.Б  гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидаж гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэг эргэлзээгүйгээр дүгнэж, гаргасан дүгнэлтээ шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж мэдүүлсэн тэдгээрийн  мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох  баримтуудаар шүүгдэгч Б.Б  гэм буруугийн санаатай хэлбэрээр Хүнийг  онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон тул өмгөөлөгч Д.Энхцэцэгээс “гэм буруугийн сэдэлт нь тогтоогдоогүй тул ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.   

 

Б.Б  2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дээрхи гэмт хэргийг үйлдсэн байх ба түүнд  холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад Монгол Улсын Их хурлаас батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ -ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Прокуророос шүүгдэгч Б.Б ийн үйлдсэн гэмт хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт зүйлчилж ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шүүх дүгнээд Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдлыг /өндөр насны буюу 68 настай/ харгалзан ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хохирол хор уршгийн тухайд

Шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч   Талийгаачийн оршуулгын зардал болон тэтгэврийн 3.506.116 төгрөгийн зээлийн үлдэгдэл гэх мэт нийт 14.429.000 төгрөгийг Б.Б аас нэхэмжилсэн. Б.Б  үүнээс 9.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Одоо үлдэх 4.929.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэдүүллээ.

1 дүгээр хавтаст хэргийн 222-230 дугаар талуудад хохирол, хор уршигтай  холбогдох  баримтууд авагдсан байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд үнэлэх боломжтой 9.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б  төлсөн, энэ  талаар хохирогч маргаагүй тул Б.Б ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх амь хохирогчийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл 3.506.116 төгрөг буюу бусад 1.422.884 төгрөгийн гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй ( 2хх-ийн 230, 224 дүгээр талд авагдсан зарим баримтууд) байх тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.    

    

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч  Б ийг хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б ийг 12 /арван хоёр жил хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ид оногдуулсан 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Б.Б ийн цагдан хоригдсон 107 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн савхин куркта, шилний хагархай хэсэг, хар савхин бээлий, шаргал өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, хар саарал ноосон өмд, ногоон өнгийн хилэн өмд, бор эрээн өнгийн ноосон оймс, эрээн өнгийн хамрын алчуур ногоон эрээн өнгийн гудас, шаргал өнгийн металл рамтай нүдний шил 1 ширхэг, бор өнгийн рамтай шил нь байхгүй рам 1 ширхэг, дэлгүүрийн билл 1 ширхэг,  бор шаргал өнгийн өвлийн гутал 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэгийг тус тус устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

 

  1. Б.Б ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч С.Нармандах хохирол, хор уршигтай  холбогдох нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б ид урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ

 

                       ШҮҮГЧИД                                      А.АЛТАНХУЯГ

 

                                                                              Л.ОЮУН